Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/42

 

2019 оны 06 сарын 03 өдөр                        

  2019/ДШМ/42                                                   Зуунмод

В.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогч Б.Баярмагнай,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой В.Бт холбогдох  дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэг, Булган аймгийн Хутаг Өндөр суманд 1974 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Хар чулуут 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд өмнө ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ГН.

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ниссан Эдвэн” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 215 дахь тэмдэгт шонгийн орчимд эсрэг урсгалд зорчиж явсан “Хонда эйч ар ви” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч П.Ганчимэгийн эрүүл мэндэд хүнд, Т.Санжайжамцын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Баярмагнай, Т.Болорцэцэг, О.Наранхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгт шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэг нь шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол,

мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч В.Бийн жолоочийн 1175144 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

“Nissan Advan” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01773146 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч “Капитал континент Инвестмент” ББСБ-д олгохыг тус тус дурдаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхийн агнийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгт 1 /нэг жилийн хугацаагаар оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

Хохирогч Б.Баярмагнайгийн нэхэмжилсэн 20.300.000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас байрны лизингийн төлөх ёстой байсан 2 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, машины зөрүү 5.020.000 /таван сая хорин мянга/ төгрөг, “Магна профит инвестмент” ББСБ-ын зээлийн 2 сарын эргэн төлөлтийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хүүхдээ зөөлгөсний хөлс 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, нийт 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, хохирогч О.Наранхүү нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа,

хохирогч Б.Баярмагнай нь олох ёстой байсан орлого 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, машин ачуулсаны 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардлын 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үүний зөрүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай нотлох баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэл байна. Үүнд:

1. Хохирогч Б.Баярмагнай нь гэмт хэргийн улмаас тодорхой бодит хохирлуудыг амсаж, үүнээс үүссэн хор уршигийг арилгуулах талаар шүүхэд нэхэмжилсэн боловч шүүх хуулийн заалтыг зөв хэрэглээгүйн улмаас хохирогчийн эрхийг хязгаарлаж, хор уршигийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнг шүүх тогтоогоогүй байна.

2. Мөн олох ёстой байсан орлого, 10.400.000, машин ачуулсан 300.000, эмчилгээний зардал 1.300.000 нийт 11.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр   шийдвэрлээгүй   орхигдуулсан   байна.   Мөрдөн   шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хохирогчийг өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаагүй бөгөөд анхан шатны шүүхэд хохирогч хохирлын талаарх нотлох баримтууд гаргаж өгсөн боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй байна.

3. Шүүх хохирогчид учирсан хохирол 2.968.000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 200.000 /хоёр зуун мянган төгрөг/ төлсөн байхад хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Хохирогч Б.Баярмагнайд учирсан хохирол бүрэн барагдаагүй, хор уршиг арилаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дэх заалтыг хэрэглэж Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор М.Гансувд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хэргийн бүрдэл хангагдсан. Хохирогч Б.Баярмагнайд хөнгөн гэмтэл учирсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэстэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас хохирсон. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөх эрхээр хангагдаагүй. Хохирол барагдаагүй байхад тэнссэн байгаа. Шүүгдэгчийн зүгээс энэ хүний гар дээр 200.000 төгрөг л ирсэн. Бусад хохирлын баримтууд нь байгаа юм билээ. Иргэний нэхэмжлэл гаргах эрхээ хохирогч мэдээгүй байсан. Ийм учраас хохирол нэхэмжилж чадаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж нэхэмжлэл гаргах эрхийг нь эдлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Эмнэлэгт хэвтсэн баримтууд байгаа. Хууль зүйн мэдлэггүйн улмаас анхан шатны шүүх хуралдаан дээр баримтаа дутуу авч ирсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал гаргасан тайлбартаа: Хохирогч Б.Баярмагнайг мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах эрхээр хангасан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг нь шүүх хангаж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг нь харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэстэй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа гаргасан тайлбартаа: Хохирогчийн зүгээс өмгөөлөх эрхээр хангаагүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Шүүх өмгөөлөгч авах уу гэж дахин дахин асуусан байдаг. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.Бт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 215 дахь тэмдэгт шонгийн орчимд “Ниссан Эдвэн” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Хонда эйч ар ви” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч П.Ганчимэгийн эрүүл мэндэд хүнд, Т.Санжайжамцын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Баярмагнай, Т.Болорцэцэг, О.Наранхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан баримтуудаас гадна шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Б.Баярмагнай, хохирогч П.Ганчимэг, хохирогч О.Наранхүү, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Наранхүү, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туул, гэрч Б.Баярмагнай, О.Наранхүү, яллагдагч В.Бийн мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12885, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12757, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12900 , 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12880 , 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12758, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12722 дугаартай дүгнэлт,

замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай ...Хонда Эйч Ар Ви маркийн 3230 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй...,  

...Ниссан Адван маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Б нь ...Жолооч В.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн... талаарх  дүгнэлт,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.685.000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1814 дугаартай “Honda HR-V” маркийн 3230 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.988.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Наранхүүгийн, хохирогч П.Ганчимэгийн цахим иргэний үнэмлэхийн үнэмлэх, “Nissan Advan” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1175144 дугаар жолоочийн үнэмлэх, итгэмжлэл, “Honda HR-V” маркийн 32-30 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирогч Б.Баярмагнайгийн жолоочийн үнэмлэх, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Туулын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

В.Бт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч В.Бт шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Бийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүх хохирогч Б.Баярмагнайгийн олох ёстой байсан орлого гэх 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, машин ачуулсаны 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардлын 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үүний зөрүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай нотлох баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх Б.Баярмагнайгийн нэхэмжилсэн хохирлоос нийт 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч Б.Баярмагнайгийн нэхэмжилсэн байрны лизингийн төлөх ёстой байсан 2 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, “Магна профит инвестмент” ББСБ-ын зээлийн 2 сарын эргэн төлөлтийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг  зэрэг нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй байна. Учир нь дээрх зээлүүдийн төлөлтийг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар гэж  үзэх, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар гэж тооцох боломжгүй байна. Гэмт хэрэг гарсан эсэхээс үл хамаарч гэрээний дагуу зээлээ төлөх нь зээлдэгчийн хувьд зайлшгүй юм.  Түүнчлэн хэрэгт хавсаргасан “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, “Нэмэлт зээлийн” гэрээ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. “Honda HR-V” маркийн 32-30 APX улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2.968.000 төгрөг албан журмын даатгалаар төлөгдсөн байхад хохирогч Б.Баярмагнай нь машины зөрүү 5.020.000 /таван сая хорин мянга/ төгрөг буюу уг автомашины үнийг бүрэн төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хүүхдээ 2 сарын турш хүн хөлсөлж хичээлд нь зөөлгөх зайлшгүй шаардлагатай байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул хүүхдээ зөөлгөсний хөлс 880.000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хутаг Өндөр овгийн Ванчинсүрэнгийн Батчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

  ШҮҮГЧИД                                    Т.ЭНХМАА

         Р.МӨНХ-ЭРДЭНЭ