| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 125/2022/0582/З |
| Дугаар | 221/МА2024/0685 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0685
|
|
|
“Нс” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Г,
Гомдол гаргагч: “Нс” ХХК
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам
Гуравдагч этгээд: Э.Э
Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 508 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Буянхишиг,
Хэргийн индекс: 125/2022/0582/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.8, 1.11-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Нс” ХХК-аас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “...“Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” **** дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль 2.4-р зүйлээр зөрчил үйлдсэн хугацааг тооцох заалтаар 2020 оны 06 сарын 04-ний өдөр Э.Э гэгч этгээдийн “Нс” ХХК-аас худалдан авсан гэх хүрмэн чулуу блокоос үүссэн маргааныг хянан шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь энэ үед мөрдөгдөж байсан Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Корона вирус халдвар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2020.04.29/ хуулийг зөрчин, хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа 2 жил гаруй өнгөрчихсөн байхад зөрчил оногдуулсан.
2.2.Улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн 2024 оны 04 сарын 07 өдөр хэргийг шалгаж эхлэхэд 2024 оны 06 сарын 11 өдөр “Нс” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Нд зөрчлийн хавтаст хэрэг танилцуулж шийтгэвэр олгосон баримт хавтаст хэрэгт байхад 2024 оны 06 сарын 03-нд Зөрчлийн хэргийг хугацаандаа хянаж, шийтгэл оногдуулсан мэт шийтгэх хуудас гаргажээ. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8-р зүйлийн 1-дэх заалт 2-дах заалтыг зөрчин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9-р бүлэг Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх журам 9.1-р зүйл 6-дах заалтыг хэрэглэн Прокурор нэг удаа 30 хоногоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа сунгах эрхтэй байхад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа заалтын өөр харьяалал буюу Цагдаа харьяалалтай хэргийг хянан Прокурор 3 удаа сунгах заалтыг хэрэгжүүлж зөрчил хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн шалгаж шийтгэвэр оногдуулсан баримт байхад Анхан шатны шүүх үүн дээр зөв дүгнэлт гаргасангүй.
2.3.“Нс” ХХК-ний 2012 оноос эхлэн барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан болон 2017 онд тусгай зөвшөөрөл тохирлын гэрчилгээг авсан байх бөгөөд 2019-2021 онуудад улс орон даяар цар тахал Ковид-19 болж тусгай зөвшөөрлөө сунгаагүй талаар нотлох баримтыг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р зүйл 32-р зүйлд зааснаар цуглуулах үүргээ Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрөө бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хамгаалагдаж чадаагүй огт тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан мэт дүгнэлт гарсан буруу байна.
2.4.Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч асуулгах, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох хүсэлтийг ханган шийдвэрлэсэн захирамж гаргасан боловч түүнийгээ хэрэгжүүлэлгүй зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасангүй. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нотлох баримтыг хуулийн дагуу бүрэн цуглуулж дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1. Гомдол гаргагч “Нс” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргажээ.
2. Гомдол гаргагч хуулийн этгээдээс “...Бидний зүгээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр лабораторын туршилтад орж тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээнүүдээ авсан. 3 жилийн хугацаатай блокоо зах зээлд нийлүүлж байсан. 2020 онд цар тахлын улмаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сэлбэггүйгээс шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй хуучин бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байсан. 2020 оны 08 дугаар сарын 01-ээс ирэх онд үйлдвэрлэх бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авахаар хандсан боловч энэ ажиллагааг Э.Э гэгч этгээд дарамтлан зогсоосон” гэж маргадаг.
3. Хариуцагчаас “...”Нс” ХХК нь бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан эсэхийг магадалж тогтоохоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад “Нс” ХХК нь өөрийн үйлдвэрлэж буй керамзит хайргыг тохирлын баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авсан боловч керамзит бетон гулдмай бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ аваагүй болох нь эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, “Нс” ХХК-ийн захирал Ү.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар нь барилгын тухай хуулийн 43.1.4 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалгаж холбогдох бичиг баримт зөвшөөрөл, бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг үзүүлэхийг шаардахад бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг шалгуулаагүй болно.” гэж тайлбарласан.
4. Анх гомдол гаргагч “Нс” ХХК нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д заасны дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[1] Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар авчээ.
5. Иргэн Э.Эийн “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Нс” ХХК-ийн дансанд 12,718,500 төгрөгийг шилжүүлэн керамзитан блок худалдан авч зуслангийн байшин бариулсан боловч чанаргүй блок нийлүүлж 70,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гомдлын дагуу “Нс” ХХК-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророос 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж[2], Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасаг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
6. “Нс” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 21/10-09 дугаар албан бичгээр[3] “...2021 оны 5-р сараас эхлэн туршилтын журмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн QT*** маркын хагас автомат тоног төхөөрөмж дээр керамзитан гулдмайнууд үйлдвэрлэж эхлээд байна. Иймд үйлдвэрлэж үзэж буй керамзитан гулдмайд тохирлын гэрчилгээ олгоно уу” гэх хүсэлтийг Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв бүтээгдэхүүн баталгаажуулалтын албанд гаргасан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр[4] “...цаг агаарын байдал бусад шалтгааны улмаас манай үйлдвэрийн үйл ажиллагаа ирэх оны зун хүртэл зогссон болно. Иймд тохирлын гэрчилгээ авах хүсэлтээ цуцлуулах хүсэлтэй” гэсэн агуулгаар өмнө гаргасан тохирлын гэрчилгээ авах хүсэлтээ цуцлах хүсэлт гаргажээ.
7. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26к1-2/5447 дугаар захирамжийн дагуу Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтэд[5] “...тус керамзитан бетон гулдмай нь “Ханын бетон гулдмай” МNS 6054:2009 стандартын байвал зохих үзүүлэлтэд тэнцэхгүй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах “Тохирлын гэрчилгээ” авах чанарын шаардлагыг хангаагүй, хяналтын дээж авахад үүрч бутарч унасан, хагарал цуурал өгсөн” гэж дурдсан байна.
8. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор[6] “...иргэд хоорондын иргэний эрх зүйн шинжтэй маргаан буюу блок худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой, үүнтэй холбоотойгоор худалдсан эд хөрөнгийн доголдлын талаарх маргаан” гэсэн үндэслэлээр хэргийг хаасан.
9. Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2200 дугаар албан бичгээр[7] “нс” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлүүлэхээр мэдээлэл хүргүүлж, Мэргэжлийн хяналтын газраас “...дэд бүтцийн хяналтын хэлтэст барилгын материал хариуцсан улсын байцаагч байхгүй тул уг хүсэлтийг Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэв” [8] гэж зөрчлийн хэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.
10. Тус зөрчлийн хэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Г хүлээн авч “Нс” ХХК-д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай зөрчлийн хэрэг[9] нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан маргаан бүхий бүхий **** дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан.
11. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[10] “Нс” ХХК-г Барилгын материалын түүхий эд бүтээгдэхүүнийг /керамзит бетон гулдмайг/ итгэмжлэгдсэн лабораторын сорилт туршилтад хамруулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1-р зүйлийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч “Нс” ХХК нь үйлдвэрлэж байсан “керамзит бетон гулдмайн”-г лабораторын сорилт туршилтад хамруулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй болох нь шинжээчийн дүгнэлт[11], Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/902 дугаар албан бичиг[12], Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/13 дугаар албан бичиг[13], “Нс” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Тохирлын гэрчилгээ авах хүсэлт цуцлах тухай” албан бичиг[14], Барилга, архитектур корпорацийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаар албан бичиг[15] зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
13. Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйл “Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг”, 43.1-т “Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах чиг үүрэгтэй”, 43.1.4-т “Барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабраторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах” гэж заасан.
14. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”,
Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэг “барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэж тус тус заасан.
15. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, барилгын материал үйлдвэрлэгч буюу барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан, технологийн заавар, тохирлын гэрчилгээ авах үүрэгтэй бөгөөд тус үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчил үйлдсэнд тооцохоор байна.
16. Маргааны тохиолдлын хувьд, гомдол гаргагч “Нс” ХХК нь барилгын материал болох керамзит бетон гулдмайнд итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасныг зөрчсөн бөгөөд Зөрчлийн тухай хуульд зааснаар барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан тул гомдол гаргагч “Нс” ХХК-ийн “барилгын материалын түүхий эд болох керамзит бетон гулдмайнд итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан, тохирлын гэрчилгээ авах үүргээ хэрэгжүүлээгүй байгааг” зөрчил гэж үзэхээр байна.
17. Үүний учир нэхэмжлэгч компанийг “барилгын материалын түүхий эд болох керамзит бетон гулдмайнд итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар, тохирлын гэрчилгээ аваагүй” зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, торгууль ногдуулж шийдвэрлэсэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
18. Мөн анхан шатны шүүхийн “хэрэгт авагдсан албан бичгүүдээс үзвэл гомдол гаргагч “Нс” ХХК нь тохирлын гэрчилгээ авалгүйгээр керамзит бетон гулдмайг үйлдвэрлэсэн гэх зөрчлийг гаргасан байна” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
19. Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, тус өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 423 тоот өрөөнд 09 цаг 30 минутаас 10 цаг 25 минутын хооронд холбогдогч Б.Нд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “...гарын үсэг зурахаас татгалзсан болно” гэх гараар бичсэн өргөдөл[17] хэрэгт авагдсан байх тул гомдол гаргагчийн “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Нс” ХХК-ийн хуулийн зөвлөх Б. Нд зөрчлийн хавтаст хэрэг танилцуулж, 2024 оны 06 дугаар сарын 03-нд Зөрчлийн хэргийг хугацаандаа хянаж, шийтгэл оногдуулсан мэт шийтгэх хуудас гаргасан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
21. “Нс” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээснээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор, Хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 15 хоногоор, мөн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор мөн 15 хоногоор тус тус сунгасан[18] байна.
Иймээс гомдол гаргагчаас гаргасан “...хуульд зааснаар прокурор нэг удаа 30 хоногоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа сунгах эрхтэй байхад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа заалтын өөр харьяалал буюу Цагдаа харьяалалтай хэргийг хянан Прокурор 3 удаа сунгах заалтыг хэрэгжүүлж зөрчил хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн шалгаж шийтгэвэр оногдуулсан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
22. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шинжээч Д.У-ыг анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд[19], шинжээч Ж.Яг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд[20] гэрчээр тус тус асууж, харин нэхэмжлэгчээс гаргасан Д.У- шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8689 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд гомдол гаргагчийн “...нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч асуулгах, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох хүсэлтийг ханган шийдвэрлэсэн захирамж гаргасан боловч түүнийгээ хэрэгжүүлэлгүй зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасангүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 66 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 36-37 дахь талд дурдсан.
[3] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 42-44 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 36-37 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 34 дэх тал
[9] Хэргийн 1-р хавтас 29-30 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал
[11] Хэргийн 1-р хавтас 42-44 дэх тал
[12] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 54 дэх тал
[14] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал
[15] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал
[16] Хэргийн 1-р хавтас 80 дахь тал
[17] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал
[18] Хэргийн 1-р хавтас 31-33 дахь тал
[19] Хэргийн 2-р хавтас 32-35 дахь тал
[20] Хэргийн 1-р хавтас 193-201 дэх тал