Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2021/0058

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Б, А.А, Х.Ш, Б.С, М.ф, Е.Н, нарын  нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч С.Е, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал,  Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт холбогдох,

“Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон анхдугаар хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг (1), хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг (2), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аийг сонгосон (3), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон (4), сумын Засаг даргад А.Нийн нэрийг дэвшүүлсэн тогтоолуудыг (5), мөн тус сумын Засаг даргаар А.Нийг томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай захирамжийг (6) тус тус хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Х.Ш, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч А.Бы өмгөөлөгч С.Н,  хариуцагч Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч С.Е, Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А,  хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, хариуцагч Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд А.Н болон гуравдагч этгээд Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын Засаг даргын газрын хуралдааны танхимд 14 цагт өнгөрч байхад эхэлж, анхдугаар хуралдаан даргалагчаар хамгийн ахмад настай төлөөлөгч А.Быг сонгосон. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сумын сонгуулийн хорооны дарга А.Мы сонсголыг сонсож, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 27 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан тогтоолууд гарч үүнийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан.

Дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байхад  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга А.Ж завсарлага хүссэнийг хуралдаан даргалагч А.Б зөвшөөрч завсарлага өгсөн юм. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахь Монгол ардын намын бүлэг 15 цагийн үед сумын Засаг даргын өрөөнд хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарт нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Уг хуралдаан цаг гаруй хугацаанд үргэлжилсэн боловч төлөөлөгчид нэгдсэн байр сууринд хүрээгүйгээс Монгол ардын намын бүлгийн дарга А.Ж нь анхдугаар хуралдааныг даргалагч А.Бд  болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажлын 5 хоногийн  завсарлага авах тухай хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16:44 цагт хүргүүлсэн. Гэтэл хуралдааны танхимд үлдсэн 14 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас төлөөлөгчөөр сонгогдсон 13 төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аийг сонгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, сумын Засаг даргад А.Нийн нэрийг дэвшүүлэх ажиллагааг нууцаар явуулсан байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ...сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй, 25 дугаар зүйлийн 25.2-т ...Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна, 26 дугаар зүйлийн 26.2-т ...баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хуралд ахь нам, эвслийн бүлэн, эсхүл Хурлын  төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд  оролцсон иргэд төлөөлөгчийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж хуулиар тусгайлан тогтоосон журмыг зөрчиж, сумын Засаг даргын Тамгын газрын  хуралдааны танхимд үлдсэн 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн явуулж тогтоол, шийдвэр гаргасан явдлыг зөвшөөрөхгүй байна.

Нөгөө талаас сумын Засаг даргын Тамгын газрын танхимд үлдсэн 14 төлөөлөгчөөс тус сумын Монгол ардын намын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахь бүлэгт хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай бичгээр  мэдэгдээгүй бөгөөд  бүр утсаар ч залгаж хэлээгүй, мэдэгдэлгүй хуралдаан явуулсанд нь гомдолтой байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд 14 төлөөлөгчийн хийсэн хуралдаан нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 13 төлөөлөгчийн бүрэн эрхэд халдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь хамгийн олон суудал авсан Монгол ардын намын бүлгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг эрхүүдийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус хуралдаан гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн санаачилгаар байгуулагдсан хуралдаан нь аль болохоор зөвшилцлийн журмаар ажлаа явуулах ёстой юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон, “М.Аийг Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон”, Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг баталсан, Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон, Д сумын Засаг даргад А.Нийн нэрийг дэвшүүлсэн тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.  

Нэхэмжлэгч А.Аээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 13 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа буюу захиргааны хэргийн шүүхээс уг маргааны талаар ямар нэгэн шийдвэр одоогоор гаргаагүй байгаа.

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилегений гарын үсэгтэй 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №3-07/799 дугаартай албан бичигт “Гэтэл Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулж өгөх талаар зарим төлөөлөгчдөөс гомдол гаргаж аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэж шалгаж байгаа тул аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно” гэсэн. Д сумын Засаг даргад нэр дэвшсэн А.Н нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-1-д зааснаар дээд боловсролтой байх ёстой гэсэн хуульд тусгайлан заасан болзол шаардлагыг хангахгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “А.Нийг Д сумын Засаг даргаар томилох тухай” 40 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 2020 оны 11 дүгээр  сарын 06-ны өдөр надад 11 хүн итгэмжлэл өгсөн. Үүнээс 9 хүн нэхэмжлэлээсээ татгалзсан. Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Ш, С хоёрын итгэмжлэлээр оролцож байна.  А.А, А.Б хоёр итгэмжлэл өгөөгүй.

 Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон анхдугаар хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг, хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аийг сонгосон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон, сумын Засаг даргад А.Нийн нэрийг дэвшүүлсэн тогтоолуудыг, мөн тус сумын Засаг даргаар А.Нийг томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан. Хурлын даргад нэр дэвших асуудлыг хэлэлцэх үед бүлгийн дарга А.Ж “завсарлага авъя” гэснээр хуралдаан даргалагч А.Б зөвшөөрч хуралдаан завсарласан байсан. Гэтэл Монгол Ардын намын бүлийн хүмүүс завсарлага авч явсан байхад 2, 3 цагийн дараа хуралдааныг С.Еаар удирдуулан маргаан бүхий тогтоолуудыг гаргасанд гомдолтой байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан. Монгол Ардын нам 18 суудал авсан байсан. Гэхдээ нэр дэвших боломж өгөөгүй. 9 суудал авсан Ардчилсан намаас ганцхан хүн нэр дэвшээд явсан. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан. Хуралд оролцоогүй төлөөлөгчдийн  Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлэх эрх нь боогдсон. Мөн Тэргүүлэгчдэд бас нэр дэвшүүлэх эрхтэй байсан.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч С.Наас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бы өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах саналаа гаргаж байна.

Нэгдүгээрт, тухайн анхдугаар хуралдаан хууль журмын дагуу эхэлсэн боловч сүүлд нь хуралдаанаас гаргасан эрх зүйн актууд нь хууль ёсны байж чадаагүй. Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, чуулганы явцад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасны дагуу тухайн сонгуулийн дүнгээр хамгийн олон санал авсан нам улс төрийн хүчин Хурлын даргад эхлээд нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасны дагуу хамгийн олон суудал авсан Монгол Ардын намын бүлгээс Хурлын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдэг асуудалд завсарлага авсан байгаа. Монгол Ардын намын бүлгээс завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан удирдаж байгаа А.Б завсарлагаа өгч, хуралдааныг дуусгаж, бүгд хуралдааны танхимаас гараад явсан байсан. Энэ нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Завсарлага авч явсны дараа бусад 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлье гэсэн саналаа гаргаж байсан.

 Гэхдээ завсарлага аваад явсан төлөөлөгчид завсарлагааг хугацаагүйгээр аваад явсан. Завсарлага авсан Монгол Ардын намын бүлгээс тодруулга авахад, “...бид нар хуралдаж байна, өөрсдөө хэлнэ” гэж хоорондоо харилцаж байсан асуудал тогтоогдож байна. Нэгэнт хугацааны хувьд тодорхой бус байсан. Ямар хугацаагаар завсарлага авсан бэ гэхээр 5 хоногийн хугацаагаар завсарлага авахын хүссэн асуудал байгаа. Монгол Ардын намын бүлэг өөрөө хуралдааны товоо зарлан хуралдуулж, Хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ Монгол Ардын намын бүлэг хоорондоо тохиролцож шийдвэрээ гаргах ёстой.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан эрхээ эдлэх ёстой. Гэтэл хариуцагч нарын тайлбараас харахад, Монгол Ардын намын бүлгийн 13 төлөөлөгч хуралдаанд оролцохоос татгалзсан, хуралдаанд саад учруулсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Яагаад гэвэл, төлөөлөгч нарын бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсний дараа 27 төлөөлөгч сууж байхад завсарлага авах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч хуралдааныг завсарлуулсан. Хариуцагч М.Аийн тайлбараас харахад, Монгол Ардын намын бүлгийн 13 төлөөлөгч нарыг 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь 2016-2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын дэгийн дагуу хуралдуулсан гэсэн. Тухайн байнгын дэг нь шинээр сонгогдсон 2020-2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хамаарахгүй. Хурал дэгээ өөрсдөө тогтооно гэж хуульд заагаад өгсөн. 2016-2020 оны хурлын дэгийг “байнгын дэг” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.

 Тухайн байнгын дэг нь бүх нийтээрээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн захиргааны хэм хэмжээний акт мөн гэж үзвэл, үүнийг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ёстой. Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь бүх нийт биш. Бүх нийтээр дагаж мөрдөх ёстой, байнгын шинжтэй хэм хэмжээний акт юм шиг ярьж байгаа нь буруу. Энэ Хурал өөрсдийн дэгээ өөрсдөө тогтоох асуудал байгаа. 2020-2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрсдийн дэгээ өөрсдөө тогтоох ёстой. Харин хуралдаан эхэлж, төлөөлөгчид бүрэн эрхээ зөвшөөрүүлсний дараа дэгийн асуудал хэлэлцэгдээгүй байсан. Хурлын дэгийг хэлэлцээгүй байхад тодорхой бус хугацаагаар завсарлага аваад явсан. Хуралдааныг завсарлуулахдаа дараагийн хуралдаан хэзээ болох талаар хэлэлцээгүй. Санал хураалт явуулж байгаад завсарлага авна гэсэн зүйл байхгүй. Хуралдаан даргалагч бүрэн эрхээ эдэлж, завсарлага өгсөн. Хуралдаан даргалагч А.Б тухайн үед даргалагчийн хувьд бүрэн эрхээ эдэлж байсан. А.Б хуралдааныг завсарлуулаад явсны дараа өөр нэг хүн орж ирээд, хуралдаан даргалагч байна гэж хуралдааныг үргэлжлүүлээд явуулж болох юм уу. Хуралдаан даргалагчийн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д тодорхой заасан байгаа. Нотлох баримтаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн маргаан бүхий дэгийг шинжлэн судлуулсан. Тухайн дэгийг баримталж хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй байсан. Тухайн дэг нь өөрөө маргаан бүхий акт. Дэгийг батлах ёсгүй байсан, хуралдааны ирц бүрдээгүй байсан, хуралдаан хууль бус гэж үзэж байгаа. Нэгэнт хуралдаан даргалагч байхгүй учраас хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Хуралдааныг санаатайгаар орхиж гарсан юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй.

Яагаад гэвэл, хуралдаан даргалагч завсарлага авахыг зөвшөөрснөөр 13 төлөөлөгч гараад явсан учраас хуралдааныг санаатайгаар орхиж явсан гэж үзэх боломжгүй. 13 төлөөлөгчийн 9 нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан ч А.А, А.Б болон бусад 2 төлөөлөгчийн асуудал яригдах ёстой. 13 төлөөлөгчийн эрхийг зөрчөөд хуралдаан хийсэн. Завсарлага авна гэхэд бусад төлөөлөгч нар ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байсан. Дараа нь өөрсдөө дур мэдэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулах ёсгүй байсан. Нэгэнт завсарлага авсан бол тухайн завсарлагаа дуусаагүй байхад хуралдааныг хийх ёсгүй. Хуралдааныг завсарлуулсан хуралдаан даргалагч хуралдааныг үргэлжлүүлэх талаар саналаа хэлэх ёстой. Монгол Ардын намын бүлгийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Бүлэг нь хуралдаж, шийдвэрээ гаргаагүй байхад хуралдааныг хийж, Хурлын даргад нэр дэвшүүлж сонгочихсон нь хуулийг зөрчиж байна. Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ч төлөөлөгч нарын бүгдийг оролцуулж байгаад шийдвэрлэх ёстой байсан. Тухайн Засаг дарга хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хуралдаанаас дүгнэлт хийх  ёстой байсан. Дээд боловсролын дипломтой юм байна. Гэхдээ хоёрдугаар хавтаст хэрэгт шүүхээс гарсан шийдвэр байна. А.Н гэдэг хүний нэр дээр өр төлбөртэй гэж гарсан шийдвэр байгаа учраас тухайн хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан.

А.Нийг Д сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамж байгаа. Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа А.Нийг шаардлага хангаж байгаа юу, үгүй юу гэдэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулга авч дүгнэлт хийх ёстой байсан. Тухайн А.Нийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол шүүхэд маргаантай явж байхад тухайн тогтоолыг баталгаажуулж, захирамж гаргасан нь үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөх саналтай байна гэв.

Хариуцагч Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч С.Еаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагт хуралдахаар тов зарлагдсан боловч дээрх нэхэмжлэл гаргаж байгаа 13 төлөөлөгч хуралдаанд орж ирээгүй 4 цаг хүлээлгэн удаа дараа шаардуулж байж өдрийн 14 цагт орж ирснээр хуралдаан эхэлсэн боловч хуралдааныг насаар нь ахмад төлөөлөгч А.Б даргалан хэлэлцэх асуудлыг танилцуулан батлуулж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сонгуулийн хорооны тайланг сонсож төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан.

Үүний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэхэд төлөөлөгч А.Ж “М-ын бүлэг завсарлага авъя” гэсэн ба хуралдаан даргалагч А.Б “завсарлага өгье” гэж хэлээд шууд суудлаасаа босоод 13 төлөөлөгчийн хамт гарч яваад эргэж орж ирээгүй. Төлөөлөгч Ж.Е завсарлага авах санал гаргасан  А.Жтэй утсаар холбогдож, ямар хугацаагаар завсарлагаа авч байгааг  асуухад тэрээр тодорхой хугацаа хэлээгүй бөгөөд эргээд хариу өгье гээд 1 цаг хүлээгээд дахин залгахад утсаа аваагүй юм.

Дараа нь төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэж төлөөлөгч А.Азира надаар хуралдаан даргалуулах  санал гаргасныг төлөөлөгчид дэмжсэнээр би хуралдаан даргалж хэлэлцэх асуудлын дарааллын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэхийг санал болгоход төлөөлөгч Ж.Е М.Аийн нэрийг дэвшүүлсэн. Өөр санал гаргах нэрээ дэвшүүлэх төлөөлөгч байна уу гэж өөр санал гаргах төлөөлөгч гараагүй.

Дараа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигч М.А төлөөлөгчдөд хандан үг хэлж дэмжиж өгөхийг хүссэн ба нэг нэр дэвшигч байсан учир илээр санал хураахад оролцсон 14 төлөөлөгч дэмжсэнээр олонхын саналаар М.Аийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, тогтоолын төслийг танилцуулан шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг суудалд нь урьж суулгаж, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга гардуулж өгснөөр цаашид хуралдааныг шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А даргалан явуулсан.

Анхны хуралдааныг даргалахаар сонгогдсон хуралдаан даргалагч А.Б өөрөө хуралдааныг орхиж яваад эргээд орж ирээгүйгээс үүдэлтэй хуралдаан даргалагчаар миний нэрийг дэвшүүлэн олонхын саналаар дэмжиж сонгосноор би хуралдааныг даргалсан ба үүнийг хууль зөрчсөн үйлдэж гэж үзэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон Хурлын даргаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020.11.05-ны өдрийн 10 цагт хуралдахаар тов зарлагдсан боловч дээрх 13 төлөөлөгч хуралдаанд орж ирэлгүй 4 цаг хүлээлгэн удаа дараа шаардуулж байж өдрийн 14 цагт орж ирснээр хуралдаан эхэлсэн.

Хуулийн дагуу хуралдааныг насаар ахмад нь болох төлөөлөгч А.Б даргалан хэлэлцэх асуудлыг танилцуулан батлуулж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сонгуулийн хорооны тайланг сонсож, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх болоход төлөөлөгч А.Ж “М-ын бүлэг завсарлагаа авъя” гэсэн ба хуралдаан  даргалагч А.Б “завсарлагаа өгье” гэж хэлээд шууд суудлаасаа босож дээрх 13 төлөөлөгч хамт гараад явснаас хойш эргэж орж ирээгүй. Бид завсарлагаа авах санал гаргасан А.Жтэй утсаар холбогдож ямар хугацаагаар завсарлага авч байгааг асуухад тэрээр тодорхой хугацаа хэлээгүй бөгөөд “эргээд хариу өгье” гэхэд бид 1 цаг хүлээж энэ хугацаанд ирэхгүй бол хуралдааныг цааш үргэлжлүүлэх болно гэж сануулсан.

Дээрх 13 төлөөлөгчийн болон хуралдаан даргалагчийн хуралдааныг орхиж гарсан  үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-т ...хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, мөн хуулийн 23.9-д ...хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тодорхой заасан ба дээрх төлөөлөгчид хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх 13 төлөөлөгч өөрсдийгөө М-ын бүлэг гэж нэрлэж байгаа боловч бүлэг байгуулах тухай болон байгуулсан тухай хуралдаанд танилцуулаагүй, сумын М-ын хорооны дарга, төлөөлөгч А.Н болон М-аас сонгогдсон 4 төлөөлөгч тэдний завсарлагаа авахыг мэдээгүй, тэднийг дагаж гараагүй нь дээрх 13 төлөөлөгч намын бүлэг бус эрх ашиг, албан тушаалын төлөө нэгдсэн бүлэглэл болохыг нотолж байна.

Хуралдаан даргалагч А.Б төлөөлөгчдийг үл хүндэтгэн хууль зөрчиж хуралдааныг орхиж гарсны дээр аливаа гарсан саналыг төлөөлөгчдөд танилцуулан олонхын саналаар шийдвэрлэх ёстой байтал “завсарлага өгье” гэж өөрөө шийдвэрлэн тэдэнтэй хамт гарч явсан нь хуралдаанаас гаргах аливаа шийдвэр нь олонхын саналаар шийдвэрлэгддэг зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хуралдаанд үг хэлэх, санал гаргах, завсарлагаа авах хугацааг хуульд нарийвчлан заагаагүйгээр хуралдааны дэгийн дагуу зохицуулах ба түүний төслийг боловсруулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан ч төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулаагүй байхад завсарлагаа өгч хамт гараад явсан нь хуралдаан даргалагч А.Бы хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хуралдааны танхимд үлдсэн М-ын 5, АН-ын 9 төлөөлөгчид тэднийг 2 цаг гаруй хүлээж эцэст төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу асуудлуудыг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлд дурдсан 5 хоногийн завсарлагаа авах тухай хүсэлтийг хуралдаан даргалагч А.Бд хаяглан хүргүүлсэн гэсэн нь төлөөлөгчдийн олонх буюу 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсаныг мэдсэний дараагаар өөрсдийнхөө хууль зөрчсөн үйлдлээ хаацайлж, хуулийн дагуу хуралдсан хуралдааны шийдвэрүүдийг үгүйсгэх гэсэн оролдлого юм. Яагаад гэвэл, хуралдаан даргалагч А.Б тэдний дунд байсан бөгөөд хэрэв 5 хоногийн завсарлага авах тухай бичгийг авсан бол хуралдааны танхимд орж ирж төлөөлөгчдөд танилцуулах ёстой байсан.

Мөн нэхэмжлэлд “хуралдааны танхимд үлдсэн 14 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд М-аас сонгогдсон 13 төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар  М.Аийг сонгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, сумын Засаг даргад А.Нийг нэр дэвшүүлэх ажиллагааг нууцаар явуулсан байна” гэжээ. Хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан 14 төлөөлөгч тухайн өдрийн 10 цагаас эхлэн дээрх бүлэглэлийг хуралдаанд орж ирэхийг шаардаж, завсарлага авах нэрийдлээр явахад ч хэзээ ирэхийг нь асууж утсаар ярьж хэрэв орж ирэхгүй бол хуралдааныг үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгдээд эцэст нь тухайн хуралдааны танхимд үргэлжлүүлэн хуралдсан ба ямар нэгэн нууцалсан асуудал биш юм.

Хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын шийдвэр байсан бөгөөд 13 төлөөлөгчийн эрхэд халдсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, Тэргүүлэгчдэд, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх эрхүүдийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл биш, харин ч тэдний дээрх хууль зөрчсөн үйлдлийг залруулахын тулд олон цагаар хүлээж эцэст нь хуулийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн үйл явц гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, тэдний хуралдаанд оролцох, нэр дэвшүүлэх боломж нээлттэй байсан ч тэд зориуд орж ирээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар тогтоолоор Ахаан овогтой Нурбекийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн юм. Нэр дэвшигч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасан дээд боловсролтой байх гэсэн шалгуурын дагуу Казахстан улсын Ахмола хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгссөн тухай дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдээс өгсөн нэхэмжлэлийн дагуу шүүхэд хянагдаж байгаа Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсэн талаар шийдвэр гараагүй тул тухайн нэр дэвшигчийг томилох шийдвэр гарсан гэжээ.

Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч А.А аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. А.А нь Д сумын Засаг даргаар томилсон А.Н нь хуурамч дипломтой, Бүгд Найрамдах Казахстан улсаас сургууль төгсөөгүй гэж маргасан.

 Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар тогтоолоор Ахаан овогтой Нурбекийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч А.Н Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасан дээд боловсролтой байх гэсэн шалгуурын дагуу Казахстан улсын Ахмола хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг Зоо инженер мэргэжлээр төгссөн тухай дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Үүний дагуу Засаг дарга А.Нийг Д сумын Засаг даргаар томилсон.

Иймээс нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. А.Нийн дипломын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэсэн. Одоогоор шалгаж дууссан эсэхийг бид мэдэхгүй гэв.

Гуравдагч этгээд А.Нээс шүүхэд гаргасан тайлбартаа:

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Май нам буюу М 18 суудал авч олонх болсон бөгөөд 2020.10.26-ны өдөр бид төлөөлөгчдөө цуглуулан тодорхой асуудлуудаар санал солилцсон юм. Энэ үеэр бүлгийн даргаар А.Жийг сонгох санал гарч олонхоороо дэмжсэн. Дараа нь сумын удирдлагуудад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэх үеэр бидний дунд маргаан гарч ямар нэгэн шийдэлд хүрээгүй таарч дахин бүлэг хуралдаагүй юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагт хуралдахаар тов зарлагдсан ба энэ сонгууль явагдсанаас хойш 20 хоногийн дотор анхны хуралдааныг хуралдуулахаар хуульчлан заасантай холбоотой байсан. Хуралдаан 10 цагаас хуралдах ёстой байсан боловч дээрх нэхэмжлэл гаргаж буй 13 төлөөлөгч хуралдаанд орж ирэлгүй 4 цаг хүлээлгэн удаа дараа шаардуулж байж өдрийн 14 цагт  орж ирснээр хуралдаан эхэлсэн.

Хуралдааныг  насаар нь ахмад төлөөлөгч А.Б  даргалан хэлэлцэх асуудлыг танилцуулан батлуулж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сонгуулийн хорооны тайланг сонсож төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх болоход төлөөлөгч А.Ж “М-ын бүлэг завсарлага авъя” гэсэн ба хуралдаан даргалагч А.Б “завсарлага өгье” гэж хэлээд шууд суудлаасаа босож дээрх 13 төлөөлөгчийн хамт гараад явснаас хойш эргэж орж ирээгүй. Бид завсарлагаа авах санал гаргасан А.Жтэй утсаар холбогдох ямар хугацаагаар завсарлага авч байгааг нь асуухад тэрээр тодорхой хугацаа хэлээгүй бөгөөд эргээд хариу өгье гэхэд бид 1 цаг хүлээж энэ хугацаанд ирэхгүй бол хуралдааныг цааш үргэлжлүүлэх болно гэж сануулсан ч тэд орж ирээгүй, ямар хугацаагаар завсарлага авч байгаа талаар ч мэдэгдээгүй.

Тэднийг 2 цаг гаруй хүлээж энэ хооронд ямар нэгэн хариу өгөөгүй учир хуралдааны танхимд үлдсэн 14 төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдааныг үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрүүдээ гаргасан.

Дээрх 13 төлөөлөгчийн болон хуралдаан даргалагчийн хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүнд,

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-т” ...хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, мөн хуулийн 23.9-д “...хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тодорхой заасан ба дээрх төлөөлөгчид хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх 13 төлөөлөгч өөрсдийгөө  М-ын бүлэг гэж нэрлэж байгаа боловч сумын М-ын хорооны дарга, төлөөлөгч миний бие, мөн М-аас сонгогдсон төлөөлөгч А.Азира, Б.А, А.Сайфолла, Т.Е нар тэдний завсарлага авахыг мэдээгүй нь дээрх 13 төлөөлөгч намын бүлэг бус эрх ашиг албан тушаалын төлөө нэгдсэн болохыг нотолж байна.

Хуралдаанд үг хэлэх, санал гаргах, завсарлагаа авах хугацааг хуульд нарийвчлан заагаагүйгээр хуралдааны дэгийн дагуу зохицуулах ба түүний төслийг боловсруулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан ч төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулаагүй байхад завсарлагаа өгч хамт гараад явсан нь хуралдаан даргалагч А.Бы хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан 5 хоногийн завсарлагаа авах тухай хүсэлтийг хуралдаан даргалагч А.Бд хаяглан хүргүүлсэн гэсэн нь төлөөлөгчдийн олонх буюу 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсаныг мэдсэний дараагаар өөрсдийнхөө хууль зөрчсөн үйлдлээ хаацайлж хуулийн дагуу хуралдсан хуралдааны шийдвэрүүдийг үгүйсгэх гэсэн оролдлого юм.

Мөн нэхэмжлэлд “хуралдааны танхимд үлдсэн 14 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд М-аас сонгогдсон 13 төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар  М.Аийг сонгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, сумын Засаг даргад А.Нийг нэр дэвшүүлэх ажиллагааг нууцаар явуулсан байна” гэжээ.

Хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын шийдвэр байсан бөгөөд 13 төлөөлөгчийн эрхэд халдсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, Тэргүүлэгчдэд, Засаг даргад нэр дэвшүүлэх эрхүүдийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл биш, харин ч тэдний дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг залруулахын тулд олон цагаар хүлээж эцэст нь хуулийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн үйл явц гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, тэдний хуралдаанд оролцох, нэр дэвшүүлэх боломж нээлттэй байсан ч тэд зориуд орж ирээгүй.

Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай захирамжаар Д сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа. Аймгийн Засаг даргын ажлын алба болон бусад мэргэжлийн байгууллагууд холбогдох хуулийн хүрээнд шалгаж шийдвэр гаргасан байгаа тул 40 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Би 1993 онд Д сумын бүрэн дунд сургуулийг төгсөж Казахстан улсын А хотын Х-ийг зоотехникч мэргэжлээр 1998 онд, 2014 онд Улс төр менежментийн академийг “Төрийн удирдлага” чиглэлээр төгсөж ирсэн юм.

Иймд иргэн А.А нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай гаргасан нэхэмжлэлдээ намайг дээд боловсролгүй, хууль тусгайлан заасан болзол шаардлагыг хангахгүй гэж өгүүлсэн байгаа нь үндэслэлгүй гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие А.А нарын нэхэмжлэлтэй хэрэгтэй танилцаж үзсэн. Хуульч хүний хувьд миний бие энэ хэрэг биш гэж ойлгосон. Эхнээсээ буруу нэхэмжлэл гаргаад явсан. Энэ хэргийн нэхэмжлэгч харин ч М.А баймаар юм. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр солигдсон юм шиг санагдсан. Яагаад гэвэл, тухайн өдөр Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хамгийн ахмадаар нь А.Баар хуралдааныг нээж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дараагаар нь Ардын намын зарим төлөөлөгч нар гэнэт хуралдааныг орхин гараад явсан байна. Тухайн үед яах гэж гараад явсан гэдгийг тогтоогоогүй.  Монгол Ардын намын дарга нь сууж байсан. Намын даргадаа захирагддаг баймаар юм. Монгол Ардын намаас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон бол намын даргадаа харьяалагдаад явах ёстой.

А.Ж нар сүүлд өөрсдөө ирээд “...бид нар хуулиа зөрчсөн юм байна. Гарын үсэг зур гэхээр нь гарын үсэг зураад өгсөн. Та нар шүүх дээр очихгүй” гэхээр нь зураад өгсөн гэж хэлж байгаа. Тухайн үед юмны учир байдлыг ойлгоогүй, гарын үсэг зураад өгсөн байсан. Хууль зөрчиж, хуралдааныг орхин гараад явсан бидний буруу болсон байна гэсэн. Тухайн үед нэхэмжлэл гаргасан 13 төлөөлөгчийн 10 хүн нь нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа. А.Н хуурамч дипломтой гэх маягаар дандаа хувь хүн руу чиглээд явсан. А.Н сургууль төгсөөгүй хуурамч дипломтой, бензин колонкид өглөгтэй, зээлтэй юм байна гэж явсан. А.Н Казахстан улсаас төгсөөгүй биш төгссөн. Цагдаагийн байгууллагаас А.Нийн дипломыг шалгаж тогтоогоод диплом нь хуурамч биш гэдгийг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй тайлбар, нотлох баримтууд авчраад шалгуулсан. Энэ хэргийг шалгаад бараг жил гаруй хугацаа болсон. Өөрсдөө нэхэмжлэл гаргачхаад сүүлд нь нэхэмжлэгч нар өөрсдөө ирэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А.Азира, Б.А, Т.Е, Ж.Е, М.Мейрамбек нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Бид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцохоор цугларсан ба дээрх 13 төлөөлөгч хуралдаанд орж ирэлгүй 4 цаг хүлээлгэн өдрийн 14 цагт орж ирснээр хуралдаан эхэлж хуралдааныг насаар ахмад нь болох төлөөлөгч А.Б даргалан явуулсан .Эхний асуудал сонгуулийн хорооны тайланг сонсож төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн.

Дараагийн асуудал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарагд нэр дэвшүүлэх болоход төлөөлөгч А.Ж “М-ын бүлэг завсарлага авъя” гэсэн ба хуралдаан даргалагч А.Б “завсарлага өгье” гэж хэлэхэд дээрх 13 төлөөлөгчийн хамт гараад явснаас хойш эргэж орж ирээгүй ба бид 2 цаг гаруй хүлээж дараа нь төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдааныг үргэлжлүүлэхээр санал гарч олонхоороо дэмжээд үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрүүдээ олонхын саналаар гаргасан юм.

Энэхүү хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгоход хуулийн дагуу 5-7 Тэргүүлэгчтэй байна гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга танилцуулж, та бүхэн саналаа хэлнэ үү гэж асуухад төлөөлөгч  А.Сайфолла “7 Тэргүүлэгчтэй болох нь зүйтэй” гэж санал хэлэхэд  бусад төлөөлөгчид уг саналыг дэмжсэн юм. Төлөөлөгч Б.Сауле, М.Мейрамбек нар өөрсдийн нэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  дэвшүүлсэн ба төлөөлөгч А.Н нь А.Азира, Б.А, Т.Е, А.Ж нарыг, төлөөлөгч С.Е нь Ж.Еын нэрийг тус тус дэвшүүлэх санал гаргав. Ингээд санал хураалт явуулъя гэхэд Б.Сауле төлөөлөгч нэрээ татаж үлдсэн 7 төлөөлөгчийг олонхоороо дэмжсэнээр бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон юм.

Уг хуралдаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон 27 төлөөлөгч оролцсон ба 13 төлөөлөгч хуралдааныг орхиж гараад эргэж ирээгүйгээс олонх буюу 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрүүдээ гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.

Хуралдааныг орхиж гарсан дээрх 13 төлөөлөгч хуралдааны танхимаас гараад 2 цаг гаруй цаг хүлээхэд ямар ч хариу өгөөгүйгээс бид олонхын саналаар хуралдааныг үргэлжлүүлсэн ба хуралдаан дуусах үеэр тэд 5 хоногийн завсарлагаа авах тухай бичиг ирүүлсэн байсан. Дээрх байдлаас харахад нэхэмжлэл гаргаж байгаа 13 төлөөлөгч өөрсдөө хуралдааныг орхин гарч, хууль зөрчсөн нь тодорхой байгаа тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч  А.Б, А.А, М.Ф, Е.Н, Х.Ш, Б.С нараас  анх тус шүүхэд Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагч болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон  хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг[1] (1), хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг[2] (2), Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар[3] (3), “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 04 дүгээр[4] (4), “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар[5] (5) тогтоолуудыг  хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.А нь   Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “А.Нийг Д сумын Засаг даргаар томилох тухай” 40 дүгээр захирамжийг[6](6)  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

 Хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө төлөөлөгч   М.Ф, Е.Н нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа  2021 оны 04 дүгээр сарын 23, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд  шүүхэд бичгээр[7]  илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М.Ф, Е.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах тухайд:

  А.Б, А.А, Х.Ш, Б.С нарын  4 төлөөлөгчөөс  Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон анхдугаар хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг (1), хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг (2) тус тус хүчингүй болгуулахаар гаргасан  шаардлагыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д  заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 Д  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчийн насаар хамгийн ахмад нь  С.Еаар хуралдааныг удирдуулсан үйл ажиллагаа, мөн тус хуралдаанаар баталсан  хуралдааны дэг нь тус тус Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй болно.

Тодруулбал, С.Еаар хуралдааныг удирдуулсан үйл ажиллагаа, хуралдаанаар баталсан  хуралдааны дэг нь  дангаараа “гадагшаа чиглэсэн”,“тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” буюу  тодорхой этгээдэд, тухайлбал нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд  үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй  байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:

Нэхэмжлэгч  А.Б, А.А, Х.Ш, Б.С нарын төлөөлөгчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...биднийг оролцуулахгүйгээр хуралдааныг хийж, төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг болон Тэргүүлэгчдийг  сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг үйл ажиллагааг  нууцаар явуулж, Хурлын даргаар болон Тэргүүлэгчээр сонгогдох, хамгийн олон суудал авсан Монгол Ардын намын бүлгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг зөрчсөн” гэж маргажээ.

Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн анхдугаар хуралдаан тухайн өдрийн 13 цаг 45 минутад эхэлсэн,  оролцсон нийт 27  төлөөлөгчийн насаар хамгийн ахмад төлөөлөгч  А.Баар хуралдааныг удирдуулахаар шийдвэрлэсэн, А.Б нь даргалагчийн хувьд анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, төлөөлөгчид   баталсан, төлөвлөгөөний дагуу сонгуулийн үр дүнгийн талаарх танилцуулгыг сонгуулийн хорооны дарга А.М танилцуулсны дараа шинээр сонгогдсон 27 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж 01 тоот тогтоолыг баталжээ.

Уг хуралдаанд  дараагийн асуудал болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээс өмнө төлөөлөгч А.Жээс М бүлэг завсарлага авах хүсэлтийг гаргасан, хуралдаан даргалагчаас  завсарлага олгосныг   мэдэгдээд 14 цаг 12 минутад хуралдаан даргалагч А.Б болон 12 төлөөлөгч танхимаас гарч явсан, үлдсэн төлөөлөгчид 14 цаг 44 минутад төлөөлөгч А.Жийн утас руу холбогдож хуралдаанд оролцох эсэхийг асуухад “эргэж холбогдоно” гэж мэдэгдсэн, 15 цаг 30 минут хүртэл хуралдаанд орж ирээгүй, утсаар холбогдоход утсаа аваагүй тул төлөөлөгч Ж.Еоос хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргаснаар төлөөлөгчид дэмжсэн, оролцсон 14 төлөөлөгчөөс  насаар хамгийн ахмад төлөөлөгч С.Еаар хуралдааныг удирдуулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, хуралдааны дэг батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх  зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтууд нь  хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл[8], уг үйл баримтыг бэхжүүлсэн CD бичлэгт  хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр[9] тус тус батлагдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”,  23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтад заасан хуралдааны үйл баримтаас дүгнэхэд хуралдаанаас гарч явсан 13 төлөөлөгч нь хуралдааныг орхин гарсан үед завсарлага авах хугацаагаа тодорхой  заагаагүй, завсарлага авч буй  үндэслэлээ  болон хуралдааныг орхин гарч буй хүндэтгэн үзэх шалтгаанаа  тайлбарлаж мэдэгдээгүй учир  хуралдааныг  27 төлөөлөгчөөс  үлдсэн 14 төлөөлөгчийн ирцтэйгээр үргэлжлүүлэн явуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, олонх буюу 50-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдах  хуулийн дээрх  шаардлагад нийцсэн  анхдугаар хуралдааныг  хүчинтэйд тооцох  үндэслэлтэй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дах  Монгол Ардын намын бүлгийн дарга А.Ж нь  6 хоногийн завсарлага  авах тухай албан бичгийг  хуралдаан даргалагч А.Бд хүргүүлсэн гэж тайлбарлан холбогдох  нотлох баримтуудыг[10] нэхэмжлэгч талаас  шүүхэд гаргаж өгсөн боловч хуралдаан даргалагчаар сонгогдсон А.Б нь өөрөө хуралдааныг орхин гарсан, түүнчлэн хамтын зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг Хурлыг  төлөөлж завсарлага олгох  эрх бүхий этгээд биш тул хуралдаанаас албан ёсоор завсарлага авсан, хуралдаанд мэдэгдсэн  гэж үзэх боломжгүйгээс гадна   хуралдаанд оролцож буй төлөөлөгчид нь дээрх албан тоотуудыг  16 цаг 44 минут, 16 цаг 35 минутад хүлээж авсан,  энэ хугацаанд хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг болон  Тэргүүлэгчдийг сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаануудыг хэлэлцэж  дууссан болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

Нэгэнт нэхэмжлэгчид  анхдугаар хуралдааныг орхиж гарч тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцоогүй нь  дээрх байдлаар тогтоогдож байх тул тэдний саналыг эсрэг санал өгсөнд тооцсон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчдийн сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, Тэргүүлэгчдэд сонгогдох, сумын Засаг даргад нэр дэвших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, өөрсдөөс нь хамаарах шалтгаанаар дээрх  сонгох, сонгогдох эрхээ эдлээгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1  б/-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх “, 18.1.1. г/ -д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”,  25 дугаар зүйлийн  25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж заасны дагуу Д сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчийн олонхоор баталсан маргаан бүхий захиргааны актууд нь хуульд нийцсэн байна.

Мөн Д сумын Засаг даргад Монгол Ардын намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон А.Нийг дэвшүүлсэн анхдугаар хуралдааны тогтоолыг үндэслэн сумын Засаг даргаар томилсон  Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “А.Нийг Д сумын Засаг даргаар томилох тухай” 40 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд...” гэснийг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1,106.3.3-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөх нь илтэд тодорхой, эсхүл онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд хүчингүй болгох, хууль бус байсан болохыг тогтоохоор зохицуулсан ба  дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч  А.А, А.Б, Х.Ш, Б.С нарын маргаж буй захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна маргаан бүхий захиргааны актуудын улмаас, өөрөөр хэлбэл хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас   нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ф, Е.Н нараас гаргасан  “Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон  хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг, хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг, Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар , “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 04 дүгээр, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар  тогтоолуудыг  хүчингүй болгуулах” шаардлага шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,  М.Ф, Е.Н нарын нэхэмжлэлтэй, Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагч болон Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад   холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан А.А, А.Б, Х.Ш, Б.С нараас гаргасан  “Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагчаар С.Еыг сонгосон  хуралдааны тэмдэглэлийн  холбогдох хэсгийг , хуралдаанаар баталсан  хуралдааны дэгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд  холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, уг  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б/, 18.1.1 г/,  23 дугаар зүйлийн  23.8, 23.9, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг  тус тус баримтлан Д  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.А, А.Б, Х.Ш, Б.С  нараас  Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагч болон Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан    “Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны  “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 04 дүгээр, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолуудыг  хүчингүй болгуулах”, төлөөлөгч А.Аээс Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан   “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “А.Нийг Д сумын Засаг даргаар томилох тухай” 40 дүгээр захирамжийг  хүчингүй болгуулах”   шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                      

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 65 дугаар хуудас /1 хавтас/

[2] Хэргийн 53-57 дугаар хуудас /1 хавтас/

[3] Хэргийн 51 дүгээр хуудас /хавтас 1/

[4] Хэргийн 58 дугаар хуудас  /1 хавтас/

[5] Хэргийн 59 дүгээр хуудас /1 хавтас/

[6] Хэргийн 166 дугаар хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 138,139 дүгээр хуудас /2 хавтас/

[8] Хэргийн 63-69 дүгээр хуудас /1 хавтас/

[9] Хэргийн 160-163 дугаар хуудас /1 хавтас/

[10] Хэргийн 61-62 дугаар хуудас /1 хавтас/