Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03289 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.О д холбогдох  

 

Гэм хорын хохиролд 6 157 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мядагбадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдсан болох нь М ХХК-ийн  Андууд ломбардын камерын бичлэгээр нотлогдож байна. “Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдаж, түргэн хоолны газрын шал тэр чигтээ усанд автан доор нь байрлах Андууд ломбардны тавиур дээр байсан эд зүйл норж, шал усаар дүүрч норсны улмаас тус ломбарданд 6 175 500 төгрөгийн хохирол учирсан, 7ш notebоок норсон, үүнд LG15. асег i5, sопу133 гэх мэт 7 ширхэг нөтбүүк усанд автсаны улмаас мэргэжлийн засварын газар өгч засуулсан. Рапаsоnic8 sony, Samsung 3 LD телевизор усанд автсан, засвар авахгүй эвдэрсэн тул телевизорын өрийг засварын зардалтай нэхэж байгаа, мөн лобардын барьцаа хөрөнгө болох Рапton-3 дроны эх бие, зай хураагуурын хамт усанд норсон учир ашиглах боломжгүй болсон. Sопу мэргэжлийн камер усанд норсон, үнэлгээний газраар үнэлүүлсэн, түрээсийн байрны зардалд хамгийн бага зардал буюу 346 500 төгрөгийн засвар хийсэн. Энэ зардалд ажилчдын хоол болон бусад зардал орсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолтонд Жаргалант кафены усыг өөрийнх нь аваарын хаалтаар хааж, эвдэрсэн холигчийг солихыг зөвлөж босоо шугамаар хааж, айл өрхийн усыг залгаж өгсөн гэсэн байдаг. Ус холигч нь эвдэрсэн байхад өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг учраас засах үүрэгтэй. Түүнээс болж бусдад хохирол учирсан. Хот суурины усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1.8, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу “Жаргалан” кафены эзэн хариуцах үүрэгтэй. Гэрээний 5.3-т заасан ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлийн элэгдэл хорогдлыг өөрийн зардлаар засварлаж байх нь түрээслүүлэгчийн үүрэг бус түрээслэгч болох П.О ийн үүрэгт хамаарах заалт гэдгийг албан ёсоор залруулж байна, мөн түрээслэгч түрээслүүлэгч хоёрын хооронд хольж бичсэн зүйл гэрээнд байгаа ба орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ биш орон сууц хөлслөх эсхүл түрээсийн гэрээ байгуулж эд хөрөнгиин бүртгэлийн газар бүртгүүлэх байсан. П.О  тус гэрээг байгуулснаас хойш түрээсийн гэрээний сарын 1 500 000 төгрөгийг өндөр байна, ашиг орлого муу гэх шалтгаанаар гэрээг 2016 оны дундаас цуцлан сарын түрээсийг 1 000 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүнийг нотлох зорилгоор шүүхэд Хаан банкны дансны хуулгыг З баримт гаргаж байна. Бусдад учирсан хохирлыг түрээслэгч П.О  бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй, П.О  нь Иргэний хуулийн 298.1.4, 289.1.6, 289.2.2, 289.5, 290.1, 290.7, 290.8-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс гэм хорын хохиролд 6 175 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч П.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36-И байрны 4 тоотод Жаргалант түргэн хоолны газрыг түрээслэн ажиллуулж амьдрал ахуйгаа авч явдаг хүүтэйгээ хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Ц.Цолмон гэдэг хүний нэр дээр энэ байр болон подваль байдаг ба бидэнд түрээслэдэг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 23 цаг 30 минутад түргэн хоолны газраа хаагаад, хаахын өмнө бүх цахилгаанаа салгаад усаа хаагад гарсан. Энэ шөнө ус тасарсан ба ус буцаж ирэхдээ даралттай ирсэний улмаас холигч задарч ус алдсан байсан. Өглөөний 06 цаг 50 минутад дуудлага өгсөн байсан. Подвалиас усыг хаасан байсан. Энэ ус алдалтанд миний буруу байхгүй. Шөнө ажлын бус цагаар гэнэтийн зүйл болсон байсан. Үүнээс болж би ч бас хохирсон. Миний хувьд крантаа онгорхой орхисон зүйл байхгүй. Энэ ломбард чийгтэй газар, подвальд үйл ажиллагаа явуулж байсан. Хүмүүсээс авсан үнэт, цахилгаан барааг вакуумжуулсан орчинд хадгалаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, гэнэтийн эрсдлийн даатгалд хамрагдаагүй, гал усын дохиолол хамгаалалт байхгүй, зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө эрсдлээс хамгаалсан арга хэмжээ аваагүйн улмаас гэнэтийн осолд өртсөн байна. Мөн түрээслүүлэгч Ц.Цолмон, С.Болдбаатар нар орон сууцны даатгал хийлгээгүй байна. Хариуцагчаа зөв тодорхойлж гаргаж чадаагүй. Хавтаст хэргийн 5-6 хуудсанд түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С.Болдбаатартай хийсэн байдаг.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч С.Болдбаатарыг хариуцагчаар татах ёстой байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байна. Техникийн комиссын тодорхойлолтонд түргэн хоолны газрыг буруутай гэсэн тодорхойлолт гараагүй байна. Түрээслүүлэгчээс нэхэмжилсэн зүйлээ шаардах эрхтэй байхад намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түргэн хоолны газрын буруугаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцаат зээлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад байгаа компьютер бусад зүйлсийг гаргав гэсэн баримтууд байдаг, он сарын хувьд ломбардаас гаргасан өөрөөр хэлбэл хүнд нь хүлээлгээд өгсөн зүйлийг би хариуцах үндэслэл алга байна. Мөн ломбард өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас эрсдэлд орсон байна. Иймд би хариуцах үндэслэл байхгүй. Мөн О.Урантуяа 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02233 дугаартай шийдвэр гарч Жаргалант түргэн хоолны газраас ус алдсны улмаас нэхэмжлэгч О.Урантуяад 6 650 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх буюу нийслэлийн шүүхэд гомдол гаргаагүй. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 6 сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед түргэн хоолны газар ажлаа дуусаад гэрэл, бүх зүйлээ шалгаад хаагаад явсан. Өглөөний 6 цаг 50 миутанд ус алдсан, шалтгаан нь эхлээд ус тасраад гэнэт ус ирэхдээ даралттай ус ирснээс болж ус алдсан, 3 өрөө орон сууц гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийсэн байдаг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 өрөө орон сууцыг Цолмон гэдэг хүн 36 сарын хүгацаатай түрээсийн гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөг гэж тохирсон. Түрээсийн гэрээний 4-т түрээслэгчийн эрх, үүргийг заасан байдаг. Түрээслэгч тал түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглана, түрээсийн хугацаа дуусмагц орон сууцыг авсан байдлаар хүлээлгэн өгөх, түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулах, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор заасан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн эрх, үүргийг тусгасан байна. Орон сууцны цэвэр, бохир усны хоолой, угаалтуур, крант, хаалт, цахилгаан шугам сүлжээ зэргийг зохих хэмжээнд хүлээлгэн өгөх, ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засварлаж байх, орон сууцны зохистой ашиглалтыг хангуулах, хэрэглээний зардал төлөөгүй тохиолдолд түүнийг шаардах, түрээсийн хугацаанд тухайн орон сууц нь түрээслэгч талын ашиглалтад бүрэн шилжих тул түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй гэж заасан байхад үүргээ сольсон гэж ярьж байна. Зөвшөөрөл аваагүй, чийгтэй подвалд тавцан тавиад хүний эд хөрөнгийг тавихдаа аюулгүй байдлыг хангаагүй, гал, усны дохиолол байхгүй, даатгалд хамрагдаагүй, зориулалтын бус газар ломбард ажиллуулсан байдаг. Шүүхэд өгсөн баримтууд нь засвартай, хугацаа нь дуусаад гарсан гэх баримтууд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.О ээс 6 157 500 төгрөг гаргуулахыг хүссэн М ХХК-ийн   нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа давж заалдах гомдолдоо: “...Шүүх барьцаат зээлийн гэрээ буюу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүй, огт үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Аль баримтын аль огноог засвартай гэж үзсэн, засвар мөн эсэх, гаргав гэсэн үг, тэмдэглэл нь ямар учиртай болох, огнооны талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбар зэргийг огт харгалзан үзээгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" гэж заасан байдаг. Хариуцагч өөрөө хаалтаа хаалгүй явсны улмаас ус алдсан, бусдад гэм хор учруулсан гэдгээ үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотлож чадаагүй байхад шүүх ямар хуулийн ямар заалтыг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь эдгээр барьцаат зээлийн гэрээнүүдийг сунгагдсан байгаа гэж тайлбарлаж байх боловч сунгагдсан гэх хэсэгт тухайн эд хөрөнгийг барьцаанд тавьсан хүний гарын үсэг зурагдаагүй байхад энэхүү гэрээнүүдийг сунгагдсан байна гэж үзэх боломжгүй байна гэжээ. Барьцаалан зээлдэх газарт ирж эд хөрөнгөө барьцаалан зээл авч буй үйлчлүүлэгч анх зээл авахдаа барьцаалан зээлдүүлэх газрын дотоод журам, гэрээ зэрэгтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эд хөрөнгөө барьцаалан зээл авч зээлийн гэрээнд гарын үсгээ зурдаг. Журмын дагуу барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаа дуусахаас 2-3 хоногийн өмнө үйлчлүүлэгч рүү утасдаж хугацаандаа эд хөрөнгөө авахыг сануулдаг. Гэрээний хугацаа сунгагдаагүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа миний бие нэхэмжлэлдээ зөвхөн засвар оношлогооны төлбөрт, 7 ширхэг зөөврийн комьпютерийн засварт 460 000 төгрөг, 3 ширхэг телевизорын засварт 440 000 төгрөг, огт ажиллагаагүй болсон Samsung Led Smart телевизорын үнэ 800 000 төгрөг, Phantom-З дрон болон Sony-XDCAMEX мэргэжлийн видео камерын оношлогоонд 25 000 төгрөг, түрээсийн байрны засварт 346 000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилсэн. Эдгээр эд хөрөнгийг оношлуулж засварлахад гарсан нийт 2 071 000 төгрөгийн зардлыг М ХХК  хариуцан барагдуулсан. Энэ 2 071 000 төгрөгийн зардал М ХХК-д учирсан хохирол гэж үзэж байна.

М ХХК  нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг үндэслэн бусдад гэм хор учруулсны хариуцлагыг хүлээсэн. Учир нь үйлчлүүлэгчидтэй харилцаж эд хөрөнгийг нь барьцаалан гэрээ байгуулан зээл олгодог ажилтан нь гэрээний үндсэн дээр М ХХК-д ажилладаг. МөнМ ХХК  нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд бусдаас эрх олгосон баримт шаардахгүй, өөрийн эд хөрөнгөөрөө хариуцлагаа хүлээдэг байгууллага юм. Дээрх 12 нэр төрлийн эд хөрөнгийн дийлэнх хэсгийг буюу 8 нэр төрлийн эд хөрөнгийгМ ХХК  нь өөрийн зардлаар оношлуулж засварлуулан хэвийн хэмжээнд нь болгож эзэмшигчдэд нь хүлээлгэн өгсөн.

Түрээсийн байрны өмчлөгч болох Ц.Цолмонгоос түрээсийн байранд ямар засвар үйлчилгээ хийгдсэн талаарх тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч шүүгч тус тодорхойлолтыг хүлээж аваагүй бөгөөд гомдол гаргах эрхгүйгээр татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

 

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч П.О д холбогдуулан гэм хорын хохиролд 6 157 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ус алдсан явдалд буруугүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан техникийн комиссын тодорхойлолт, зохигчдын тайлбараар 2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хорооллын 36И байрны 4 тоотод байрлах М ХХК-ийн  барьцаалан зээлдүүлэх газарт “Жаргалант” хоолны газрын тосгуурын холигч мултарч ус алдсаны улмаас  тус барьцаалан зээлдүүлэх газарт бусдаас тавьсан эд зүйл болон барьцаалан зээлдүүлэх газрын таазны хөөсөн хавтан, цементэн чигжээс, хананы будаг усанд норсны улмаас эвдэрч гэмтсэн, холигчийг шинээр сольж ус алдалтыг зогсоосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх 51, 52, 131-133/

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дээрх хоолны газраас ус алдаж барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгөд хохирол учруулахад хариуцагчийн буруутай ажиллагаа, шалтгаант холбоо байгаа эсэхэд бодитой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ... үнэн зөв ... талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй.

 

            Хариуцагч П.О  нь иргэн Ц.Цолмонтой байгуулсан гэрээний дагуу ажлын байр түрээслэн уг хоолны газрыг ажиллуулж байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагчийн “...орон сууцны цэвэр, бохир усны хоолой, угаалтуур, крант, хаалт зэргийн бүрэн бүтэн байдлыг түрээслүүлэгч хариуцах ёстой” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

            Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч П.О  нь хэрэглэгчийн хувьд уг үүргээ биелүүлээгүй буруутай эс үйлдлийн улмаас ус алдаж, тус барьцаалан зээлдүүлэх газарт бусдаас барьцаанд тавьсан 7 ширхэг зөөврийн компьютер, 3 ширхэг телевизор, 1 ширхэг дрон, 1 ширхэг мэргэжлийн видео камер зэрэг 12 нэр төрлийн эд зүйл болон барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт ирүүлсэн 0003601, 0003555 дугаартай барьцааны гэрээний огноо засвартай, 0003442, 0003541 дугаартай барьцааны гэрээнд гаргав гэсэн тэмдэглэл хийгдсэн байгаа боловч ус алдах үед дээр дурдсан эд зүйлс гэмтсэнээс Samsung UE40EH5300, Sony KLV40R3500, Panasonic TH40A400X маркийн телевизоруудыг засварласны хөлс 400 000 төгрөг, Phantom 3 Advenced нисдэг дрон нь усанд норж чийг авсаны улмаас удирдлага, их бие, зай хураагуур, цэнэглэгч зэрэг нь гэмтэж ашиглах боломжгүй болсон тул гэмтэл аваагүй байх нөхцөлийн зах зээлийн үнэлгээ 1 736 000 төгрөг, Sony-XDCAM EX 1 про камер нь усанд норж чийг авсаны улмаас дотор эд ангиуд бүхэлдээ зэврэлт үүсч гэмтэн ашиглах боломжгүй болсон тул гэмтэл аваагүй байх нөхцөлийн зах зээлийн үнэлгээ 1 800 000 төгрөг, уг камерийг задаргаа хийж оношлосны төлбөр 25 000 төгрөг, нийт 4 001 000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кассинитрон” ХХК-ийн засвар үйлчилгээ хийсэн тухай акт, гэрэл зургууд, “RGBT” ХХК-ийн үйлчилгээний тасалбар, “Хобби зоон” ХХК-ийн дүгнэлт, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Өлзий ТV засварын баталгааны хуудас зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 25, 27, 30, 45, 63-73, 99-101, 103/

 

            Хариуцагч тал дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд маргаж дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж, үгүйсгээгүй байна.

 

            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт “Барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч П.О ийн буруутай эс үйлдлийн улмаас өөрийн барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй юм.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03289 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.О ээс 4 001 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч П.О ээс 78 966 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН