Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1474

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Зг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001718 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бн З (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед “хөршийн хаалгаа түгжлээ” гэж хохирогч М.Стай маргалдаж зүүн гарыг мушгин газар унагаснаас эрүүл мэндэд “зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед их согтуу байсан. Болсон үйл явдлыг санаж байгаа. Хохиролд 800,000 төгрөг бэлнээр өгсөн. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2208000001718 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Сн: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед унтаж байхад гэнэт манай хаалгыг маш хүчтэй цохисон. Хаалга онгойлгоход танихгүй согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн “гадна давхар хаалгаа яг одоо нураа, манайханд орж гарахад хэцүү байна” гэж хэлсэн. “Танай хажуу айлд нүүж ирсэн хүн байна, орж гарахад хэцүү байна” гээд ууртай хэлсэн бөгөөд нүүр рүү нэг удаа цохисон. Миний бие зөрүүлээд түлхээд тухайн залууг гэр лүү нь оруулсан. Буцаж гарч ирээд манай эхнэртэй маргалдахад салгаад тэр залууг холдуулсан. Тухайн залуутай ноцолдож унах үедээ намайг дороо оруулж унасан. Миний зүүн мөр эвгүй болоод зүүн гар унжсан. Миний биед гэмтэл учирсан тул гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.03-ны өдрийн 13490 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Сн биед зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч Ц.Дн: “...2022 оны 09 сарын 29-ний шөнө 23 цагийн үед манай нөхөр З согтуу гадна талын хаалга нүдсэн. Охин онгойлгож өгсөн. Тэгтэл шууд хөрш айлын хаалгыг нүдэж эхэлсэн. Тухайн айлын хүмүүс гарч ирээд маргалдаад байх шиг байсан. З нь “гадна хаалгаа онгорхой байлгаж болохгүй юм уу, хүүхдүүд орж ирж чадахгүй байна” гээд маргалдсан. Хөрш айлын залуу манай нөхөрт “Эрүүлдээ энэ асуудлаа ярьж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “согтуудаа ч гэсэн хэлье” гээд байсан. Манай нөхрийг түлхэхэд маргалдаад гэртээ орж ирсэн. З босоод хөршийн залуутай зууралдаад орц руу гарсан. Тэндээ ноцолдож унаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Гэрч Я.Ды: “2022 оны 09 сарын 29-ний шөнө амарцгааж байтал 23 цаг 40 минутын үед манай гэрийн хаалгыг гэнэт хүчтэй олон удаа нүдсэн. Нөхөр хаалгаа онгойлгоод нэг хүнтэй юм ярьчихаад удаагүй хаалгаа хаагаад жижиг өрөө рүү орж хувцсаа өмсөөд буцаад гарсан. Үүдэнд нэг өндөр согтуу залуу манай нөхөртэй хэрүүл хийгээд маргалдсан. Тэр залуу гадна талын үүдний “давхар хаалгаа буулгаж хая, яахаараа айл хоёр хаалгатай байдаг юм” гээд орилоод байсан. Уг залууг манай нөхөр гэр лүү нь түлхэж оруулах гэсэн боловч тэр улам агсраад нөхрийн нүүр хэсэг рүү цохих гээд дайраад байсан. Мөн надтай маргалдаж цохих гээд дайрсан. Тэр залуу орц руу гараад манай нөхрийг тэвэрч аваад газар унасан. Нөхөр босож ирэхдээ “гар эвгүй болчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-47), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-50), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-51), дансны хуулга (53-56), хохирлын баримтууд (62-63), шүүгдэгч, хохирогч нарын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-76, 77), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-78), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-79-80) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.З согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед “хөршийн хаалгаа түгжлээ” гэж хохирогч М.Стай маргалдаж зүүн гарыг мушгин газар унагаснаас эрүүл мэндэд “зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Сн “...Согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр залуутай ноцолдож байгаад унах үедээ намайг дороо оруулж унасан. Тухайн үед миний зүүн мөр эвгүй болоод гар унжсан...” гэх мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 13490 дүгээр “1. М.Сн биед зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), гэрч Ц.Дн “...З шууд хөрш айлын хаалгыг нүдэж эхэлсэн, тэгээд маргалдаад байсан. Орцонд ноцолдож унаад байсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), гэрч Я.Ды “...нэг өндөр согтуу залуу манай нөхөртэй хэрүүл хийгээд маргалдсан. Мөн надтай маргалдаж цохих гээд дайрсан. Тэр залуу орц руу гараад манай нөхрийг тэвэрч аваад газар унасан...” гэх мэдүүлэг (хх-17) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Зн согтуурсан үедээ хохирогч М.Стай “Хөршийн хаалга түгжлээ” гэх шалтгаанаар маргалдан зүүн гарыг мушгин газар унагаж хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Сн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 800,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн (хх-62-63), хохирогчийн “Хохирлоо бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-76)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.З согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед “хөршийн хаалгаа түгжлээ” гэх шалтгаанаар хохирогч М.Стай маргалдаж зүүн гарыг мушгин газар унагаснаас эрүүл мэндэд “зүүн далны тогооны шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэсвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, ажилгүй, дансанд гүйлгээ хийгдсэн байгаа боловч эхнэрээс ахуйн хэрэглээний мөнгө шилжүүлсэн байдаг, 2 хүүхэд зөөдөг тул торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байсан...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байгаа. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.З нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэсвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “хөршийн хаалгаа түгжлээ” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж зүүн гарыг нь мушгин газар унагаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 800,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ шүүгдэгчтэй тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын төрөл болох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцнэ гэдгийг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэхээр байгаа болно.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Бн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 3 (гурав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР