Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1495

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208032841752 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “** ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, авга эгчийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бн Б (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны ** тоотод “архиа боль гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамт амьдардаг төрсөн эгч хохирогч Б.Тн нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, дух, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлсөн зүйлгүй, архи дарс уухгүй” гэв.

Эрүүгийн 2208032841752 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Тн: “Миний бие өөрийн гэртээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр унтах гээд байж байтал Б дахин дахин орж гараад унтуулахгүй байхаар нь би уурлаж “архи дарсаа боль, унтаж амраахгүй юм” гэх зэргээр үглэсэн. Бид хоёрын дунд маргаан болж “Чам шиг юмаар унтаж хэвтэхээ заалгахгүй” гэж хэлээд Батдорж миний баруун нүдний орчим гараараа 2-3 удаа цохисон. “Дахиад зодсон ч яадаг юм” гээд толгой руу цохиод байхаар нь “амь авраарай” гэж орилсон чинь хажуу айлын хүн маань цагдаа дуудсан байсан ч хаалгаа түгжсэн учир цагдаа нарт хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд бид 2 эвлэрээд унтацгаасан. Хэд хоногийн дараа манай хамаатны хүмүүс ирээд цагдаад өг гэсний дагуу миний бие 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. ...Өмнө нь нэг удаа 9 дүгээр сарын эхээр надад гар хүрсэн, хөл хөхөрсөн байж байгаад эдгэсэн. Тэр үед цагдаад хандаагүй. Манай дүү надаас уучлалт гуйсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.30-ны өдрийн 13376 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Тн биед баруун нүдний алим, дух, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ бага зэрэг архи уучихсан ороход манай эгч “унтуулахгүй байна, архи уулаа, архиа боль” гэж үглээд байхаар нь уурандаа 2-3 удаа нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан. Би эгчээсээ уучлалт гуйж ахиж ийм үйлдэл гаргахгүй талаар баталгаа өгсөн. Миний бие аав Бн төрсөн дүү Ттэй 2010 оноос хойш хамт амьдарч байгаа. Гэм буруугаа ухаарч хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-55-57), Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-60-61), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-62-68),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-33), ***” ХХК-ийн “Тус компанид Б.Б нь цахилгаачны туслахаар ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (хх-36-37), Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын “Б.Б нь тус хорооны *** тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-38), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-40), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа (хх-41), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-42), дансны хуулга (хх-43-47), АСАП сангийн лавлагаа (хх-52-53), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-71, 72), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-74-75), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-76-77) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Залуус хороолол,*** дугаар байр, ** тоотод “архиа боль гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамт амьдардаг төрсөн эгч хохирогч Б.Тн нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, дух, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Тн “...Батдорж дахин дахин орж гараад унтуулахгүй байхаар нь би уурлаж “архи дарсаа боль, унтаж амраахгүй юм” гэх зэргээр үглэсэн. ...“Чам шиг юмаар унтаж хэвтэхээ заалгахгүй” гээд Батдорж миний баруун нүдний орчим гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд “дахиад зодсон ч яадаг юм” гээд толгой руу цохиод байхаар нь...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 13376 дугаар “1. Б.Тн биед баруун нүдний алим, дух, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-21-22), шүүгдэгч Б.Бн “...гэртээ бага зэрэг архи уучихсан ороход эгч “унтуулахгүй байна, архи уулаа, архиа боль” гэж үглээд байхаар нь уурандаа 2-3 удаа нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хх-30) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бн согтуурсан үедээ нэг гэрт хамт амьдардаг эгч хохирогч Б.Тг “архиа боль гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан толгой, нүүрэнд нь 2-3 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-72)-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Залуус хороолол ** дугаар байр, **тоотод “архиа боль гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамт амьдардаг төрсөн эгч хохирогч Б.Тн нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, дух, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ...” гэж,

шүүгдэгч “Байхгүй. Архи дарс уухгүй. Эгчдээ гар хүрэхгүй, сайхан амьдраад явна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Б нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “архиа боль гэж хэллээ” гэх шалтгаанаар эгч буюу хохирогчийг толгой, нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын төрөл болох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцнэ гэдгийг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид торгох ял оногдуулсан атлаа “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэхээр байгаа болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Бн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР