Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1496

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108027181604 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хязгаарлалт тогтоогдсон,   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдож ял эдэлж байсан,** ** овогт Хн Э (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Э согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ** тоотод байрлах хохирогч А.Нн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 7 лангийн мөнгөн аяга 1 ширхэг, 6 лангийн мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, нийт 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээж байгаа болохоор одоо шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй” гэв.

Эрүүгийн 2108027181604 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Нн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...16 цагийн үед манай нөхөр над руу залгаж байшингийн урд байрлах тахилын гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Гэртээ иртэл 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Нэг нь 7 лангийнх, нөгөөх нь 6 лангийн мөнгөн аяга байсан. Өөр эд зүйл алга болоогүй. Би алдсан зүйлээ эргүүлж олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.10.26-ны өдрийн 21/089 дүгээр тайланд: “7 лангийн мөнгөн аяга 1 ширхэг 700,000 төгрөг, 6 лангийн мөнгөн аяга 1 ширхэг 600,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Гэрч Ч.Цн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...гэртээ байхад 15 цагийн орчим манай хашаанд үл таних 2 эрэгтэй орж ирсэн. Өндөр биетэй нь надаас ус гуйсан бөгөөд би ус өгөөгүй. Жижиг биетэй улаан цамцтай эрэгтэй манай хашаанд байрлах тахилын гэр лүү шууд яваад орчихсон. Удалгүй гарч ирээд тэр хоёр гараад явсан. Орой хүүхдүүд гэртээ ирэхэд болсон явдлыг ярьсан бөгөөд охин гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алга болсон талаар мэдээд цагдаад хандсан. ...Цагдаа нар удалгүй тухайн 2 хүнийг бариад ирсэн, тухайн хулгай хийсэн хүмүүсийн хувцас мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Гэрч Г.Бн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед М гэх найзтайгаа 2 шил архи уусан. Тэгээд Бтай тааралдсан, тэнд байсан хүмүүстэй 3 шил архи хувааж уусан. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд амьдардаг байсан Т гэх найзынхаа гэрт ортол өөр айл байсан. Найзынхаа хашаанд ортол өөдөөс настай эмэгтэй гараад ирсэн. Би эмэгтэйтэй Т хаашаа нүүсэн талаар ярилцаж байхад Б хойно байрлах гэрээс мөнгөн аяга аваад гараад ирсэн. Тэгээд бид 2 тухайн айлаас гарсан. Б “мөнгөн аяга авчихсан. энийг зарья” гэж хэлсэн. Тухайн үед архи уумаар санагдаад байсан тул Хархорин зах ороод 80,000 төгрөгөөр худалдсан.  

...Э гэх залуу надад анх өөрийгөө ** овогтой Б гэж танилцуулсан. Тэрнээс хойш С гэж дууддаг байсан. Сүүлд гэрт нь очиход эхнэр нь Э гэж дуудахад гайхаад асуутал ** овогтой Э гэдгийг мэддэг болсон. Ч.Б гэж бусдад хэлдэг шалтгааныг асуутал цагдаагийн байгууллагад эрэн сурвалжилж байсан учир өөрийнхөө овог нэрийг хэлдэггүй талаар хэлсэн. Би ямар нэг байдлаар хамтарч оролцоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 38 дахь тал)

Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан “...Г.Б нь дээрх 8 хүний фото зургийг харж сууж байснаа 2 дугаарын харалдаа байгаа Хөхөө овогтой Э байна. Би урьд нь харж байсан хүн гэж хэлэн гараараа заалаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-25 дахь тал),

Шүүгдэгч Х.Эн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 сарын 22-ны өглөө автобусны буудал дээр Бтой таараад архи уухаар болж гудамжинд архи уусан. Б ** тоотод манай найз Тнх байгаа, тэднийд очъё гээд бид 2 уг хаяг дээр очсон. Хашаа руу ортол настай эмэгтэй урдаас гарч ирээд “юун хүмүүс вэ” гэсэн чинь Б эгчээс ус гуйхад буцаад байшин луу орсон. Б монгол гэрт “Т гэх хүн байна уу, хараадах” гэхээр нь би яваад ортол уг гэр бөөгийн шашны гэр байсан. Авдар дээр байсан 2 мөнгөн аягийг хулгай хийж аваад гарсан. Гараад Бт “гэрт хүн байхгүй, 2 мөнгөн аяга байхаар нь авчихлаа” гээд бид 2 уг хашаанаас гараад Хархорин зах дээр танихгүй хүнд 80,000 төгрөгөөр зарсан. Би хийсэн хэргээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт Б ямар нэг хамааралгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дэх тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-77), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-98), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-72), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл байхгүй (хх-73), Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн “нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авдаггүй” гэх албан бичиг (хх-74), хувь хүний орлогын албан татвар төлдөггүй мэдээлэл (хх-75), эд хөрөнгө бүртгэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-76), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.07-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-115-121), Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017.07.03-ны өдрийн 02 дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” захирамж (хх-122), Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019.03.07-ны өдрийн 19 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамж (хх-123-124), тодорхойлолт (хх-125), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 2022/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-127-129) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ** тоотод хохирогч А.Нн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 лангийн мөнгөн аяга 1 ширхэг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 лангийн мөнгөн аяга 1 ширхэг, нийт 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохиролд 1,300,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирлын хувьд ямар нэг маргаан байхгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Э согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ** тоотод байрлах хохирогч А.Нн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 7 лангийн мөнгөн аяга 1 ширхэг, 6 лангийн мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, нийт 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Нн “...манай нөхөр тахилын гэрт хулгай орсон юм шиг байна гэж надад хэлсэн. Гэртээ иртэл 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-29), “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “7 лангийн мөнгөн аяга 700,000 төгрөг, 6 лангийн мөнгөн аяга 600,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг” гэх тайлан (хх-53-54), гэрч Ч.Цн “...манай хашаанд үл таних 2 эрэгтэй орж ирсэн. Жижиг биетэй улаан цамцтай эрэгтэй манай хойд гэр лүү ороод гараад ирсэн. Хүүхдүүд ажлаасаа ирээд 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-33-34),  гэрч Г.Бн “...Бид хоёр архи уусан. ...Б хойно байрлах гэрээс мөнгөн аяга аваад гараад ирсэн. Тэгээд бид 2 тухайн айлаас гарсан. ...Э гэх залуу надад анх өөрийгөө ** овогтой Б гэж танилцуулж байсан. Эхнэр нь Э гэж дуудахад нь гайхаад асуутал Х.Э гэдгийг нь мэддэг болсон...” гэх мэдүүлэг (хх-36, 38), шүүгдэгч Х.Эн “...монгол гэрт би яваад ортол бөөгийн шашны гэр бололтой байсан. Авдар дээр байсан 2 мөнгөн аягийг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-139-140) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Эн хохирогч А.Нн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлж, 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Н 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөхөөр завсарлага авсан хэдий ч хохирол төлөгдөөгүй, хохирогчийн “Хулгайд алдсан зүйлээ авмаар байна” гэх мэдүүлэг (хх-29)-ийг үндэслэн шүүгдэгч Х.Эс 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч А.Н (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Эг 3 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 02 хоногийг хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 2 хоногийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэм буруугийн асуудлаар маргаагүй тул 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хууль бусаар монгол гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид нийт 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Хулгайд алдсан зүйлээ авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ял эдэлж дуусаагүй байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 (гурав) жилийн хорих ял шийтгэлээ.

Шүүгдэгч Х.Э урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар уг ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 22 хоногоор тогтоожээ.  

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд шүүгдэгч Х.Э нь энэ өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдэлсэн байх тул хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 4 сар 02 хоногийн ялыг эдлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Эд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 4 сар 2 хоногоор тогтоож, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ** овогт Хн Энг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Эг 3 (гурав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Эд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 4 (дөрөв) сар 2 (хоёр) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Эс 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч А.Н (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР