| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0542/Э/220/2022/0034 |
| Дугаар | 2022/ШЦТ/689 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Б.**********,
шүүгдэгч Г.**********, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.**********,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.********** нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
**************
******************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Г.**********тай бүлэглэн зөрчиж 2021 оны 08 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ********** байрны гадна бусдыг үл тоомсорлон, хохирогч А.**********ийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч А.**********ийн нүүрэн тус газар нь цохиж биед нь зүүн талын хоншоор хөндийн гадна болон урд хана дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн гадна доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цусан хураа, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Б.**********тай бүлэглэн зөрчиж 2021 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ********** байрны гадна бусдыг үл тоомсорлон, хохирогч А.**********ийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Мөн 2021 оны 8 дугаар сарын 09-19 шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ********** байрны гадна иргэн Ж.**********ыг гар утсаараа бичлэг хийлээ гэж маргалдан Самсунг А-51 маркийн гар утсыг нь хугалж, бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2021 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө болсон. Тухайн үед ковидын нөхцөл байдал бүрэн арилаагүй байсан үе. Би 3 найзтайгаа хамт ярьж сууя гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед хамт байсан ********** гэх найз маань ******* хотхоны ******* тоотод өмнө нь үйлчлүүлж байсан тул энд идэж, уугаад дараа нь над руу залгахаар тооцоогоо хуваагаад хийж болдог гэж байсан. Иймд бид тухайн 101 тоотод орой 19 цагийн үед очоод ууж идээд бүгдээрээ согтсон, найзууд маань нэг нэгээрээ яваад би сүүлд нь ганцаараа үлдсэн байсан. Би тухайн газраас орой 23 цаг 50 минут орчимд гарах гэтэл хохирогч ********** гэх эмэгтэй тооцоогоо хий гэж орилж, хараалын үгс хэлсэн. Би ********** гэх залуу танайхыг таньдаг тул маргааш тооцоогоо хуваагаад хийе гэтэд шууд утсаа гаргаж ирээд тооцоогоо хийхгүй бол фейсбүүкт зургийг чинь тавина гэж орилж байсан. Би Ж.**********д “мөнгийг тань өгнө” гэхэд “манайх камертай, бичлэгийг фейсбүүкт тавина” гэж өндөр дуугаар маргалдаж эхэлсэн. Сагсан бөмбөгийн талбай дээр байсан гэх хүүхдүүд байрны хойд хэсгээс ирсэн нь камерын бичлэг дээрээс харагддаг. 4-5 дүү нар байсан ба тэднийг Ж.********** дуудахад хурдан хүрээд ирсэн. Надаас насаар бага хүүхдүүд байсан. Тэд нарыг ирэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд нэг хүүхэд нь шууд над руу хараалын үгээр дайрсан. Би өөрийгөө зөвтгөхгүй ч надаас хамаагүй бага хүүхдүүд надтай хараалын үгээр харьцаж байгаа нь таалагдаагүй учраас маргалдаж эхэлсэн. Би гарсан тооцоо болох 900.000 гаруй төгрөгийг Ж.**********ы Хаан банкны данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн. Тооцоогоо хийчхээд дүү нарт “яаж хүн хараадаг гэнээ” гэж хэлсэн. Тэд нар 5-уулаа намайг тойрч зогсоод маргалдаж байсан. Энэ үед Ж.********** бичлэг хийж элдвээр хэлээд яваад байсан. Хүүхдүүд намайг түлхэж унагаасан, ноцолдсон, элдвээр хэлж би ч тэдгээр хүүхдүүдийг элдвээр хэлсэн. Тэгээд би энэ 5 хүүхдэд зодуулах юм байна гэж бодоод айсан. Найзууд руугаа залгасан боловч ганцхан Г.********** утсаа авсан. Г.********** руу залгаж тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр “4 бацаан намайг зодох юм гэнэ, чи хаана байна, хүрээд ирээч” гэж дуудсан. Г.********** намайг зодуулж байна гэсэн ойлголттой ирсэн. Г.**********ыг ирэх хүртэл маргалдсан хэвээр, мөн бичлэг ч хийгдэж байсан. Тэдгээр хүүхдүүд надтай муудалцаж байна гэж Г.********** бодоод нэг хүүхэдтэй нь барьцалдаж ноцолдоод газар унасан. Би баруун гараараа А.**********ийн зүүн талын хацар руу 3 удаа цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.********** бид хоёр одоо болъё гээд явах гэтэл Ж.********** урд хойно гараад бичлэг хийгээд байсан. Тэнд байсан 5 хүүхдээс 2 нь “ахаа та одоо явсан дээр, бичлэг хийгээд байна” гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл Ж.********** бичлэгээ фейсбүүкт тавина гэж нэлээн хараалын үгс хэлж байсан. Бид өөрсдийн гэсэн гэр бүлтэй, сошиал орчин ямар аюултай гэдгийг мэдэж байгаа учраас гар утсыг нь авч бичлэгээ устгах хэрэгтэй гэж бодсон. Бидэнд хүн дээрэмдэх, үймээн дэгдээх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Энэ хэрэг анх тооцооны маргаанаас болж үүссэн. Дараа нь хүүхдүүд ирж надтай ёс бус харьцаж байсан. Бид гар утсыг хугалж цэнгэлдэхийн хойд хэсэг рүү шидээд явсан гэв.
Шүүгдэгч Г.********** шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдрийн 00 цагийн үед найз Б.********** над руу нэлээн сандарсан байдалтай залгаад “хүмүүст зодуулах гээд байна, ******* хотхоны энд хүрээд ирээч” гэж дуудсан. Би тухайн үед гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ амарч байсан. Би найзыгаа дуудаад хамт машинтай очиход 5, 6 залуучууд болон 1 эмэгтэй гар утсаараа бичлэг хийж байгаа байдалтай байсан. Би зодоон үүссэн байна гэж бодоод нэг залууг түлхэж унагасан. Гэхдээ тэр залууг газар унагаад дээрээс нь цохиж зодсон зүйл байхгүй. Гэтэл Ж.********** гэх эмэгтэй тасралтгүй бичлэг хийгээд байсан. Бид нар өөрсдийн гэсэн ажил төрөлтэй, гэр бүлтэй хүмүүс тул гар утсыг авч бичлэгийг устгах хэрэгтэй гэж бодсон. Гар утсыг авсан боловч кодтой байсан учраас хамгийн түрүүнд толгой орж ирсэн санаа нь гар утсыг хугалах байсан. Ингээд гар утсыг хугалаад явсан гэв.
Эрүүгийн ************ дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Ж.**********ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Хохирогч А.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Хохирогч Ж.**********аас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 36-45 дахь тал/,/
Гэрч Э.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
Гэрч Э.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 215-218 дахь тал/
Гэрч Э.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 219-222 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн ********* дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung А51 маркийн гар утас 759.200 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
Яллагдагч Б.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
Яллагдагч Г.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал /,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.**********, Г.********** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.**********д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч Б.**********, Ж.********** нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ********** байрны гадна “байрны түлхүүр өгсөнгүй, төлбөр тооцоо хийгээгүй” гэх шалтгаанаар маргаан үүссэн байх ба хохирогч Ж.********** нь тус байрны гадаа байсан А.********** болон түүний найзууд болох Э.**********, Э.********** нараас тусламж гуйснаар маргаанд оролцуулсан байна. Шүүгдэгч Б.********** нь Ж.********** болон А.********** нартай маргалдах явцдаа өөрийн найз Г.**********ыг дуудан ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.********** нь ийнхүү Ж.********** болон А.**********, Э.**********, Э.********** нартай маргалдах явцдаа хохирогч А.**********ийн нүүрэн тус газарт цохиж “зүүн талын хоншоор хөндийн гадна болон урд хана дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн гадна доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цусан хураа, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.********** нь Б.**********ын дуудсанаар уг хэргийн газарт ирж хохирогч Ж.**********, А.********** болон түүний найзууд болох Э.**********, Э.********** нартай маргалдаж, улмаар Ж.**********ыг “гар утсаараа бичлэг хийлээ” гэх шалтгаанаар “Самсунг А-51” маркийн гар утсыг нь булаан авч хугалж устгасны улмаас 759.200 төгрөгийн хохирол учруулж, шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:
Хохирогч Ж.**********ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би ********* байрыг худалдаж авсан байсан юм. Тэгээд манай дүү Дөлгөөн “ажил хэргийн шугамаар эсвэл найзуудтайгаа таны байранд очиж болох уу? гэх мэтээр тэр байранд очдог юм. Өнөөдрийн хувьд 17 цагийн үед над руу залгаад “та байрныхаа түлхүүрээ өгөөч найзуудтайгаа жаахан ууж суух хэрэгтэй байна” гэхээр би байраа онгойлгож өгөөд 19:15 минутад дүү болон найзуудыг нь оруулж өгсөн. Тэгээд би буцаж гараад 21 цагийн үед манай дүү над руу утасдаад “та 22 цагийн үед хүрээд ирээч, энэ хүмүүс арай чанга шуугилдаад байна, 4,5 эмэгтэй хүмүүс нэмээд ирсэн байна. Энд арай өөр юм болоод байна. Та хүрч ирэх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь 21 цаг 45 минутад ирсэн. Намайг ороход өөдөөс дүүгийн найз Ууганаа, Ууганаагийн найз гэх залуу хаалга онгойлгож өгсөн. Би тэр хэдийг гарцгаа гэхэд Ууганаагийн найз нь “23 цаг дөнгөж өнгөрөөгөөд гарна. Та гараад байж бай” гэсэн. Би гараад хүлээж байгаад 23:30 цагийн үед ороход Ууганаа өөдөөс гарч ирсэн. Би “20 минутын дараа явцгаана шүү, хажуу хөрш айлынхан дургүйцнэ” гэж хэлсэн. Тэгээд 00:15 цаг болж байхад гадаа нь би машиндаа сууж байхад нэг залуу нь 2-3 эмэгтэй хүнтэй гараад явж байхаар нь за одоо явсан байх гэж бодоод гэрээ түгжих гээд ортол Ууганаагийн найз нь ганцаараа дотор сууж байхаар нь би түлхүүрээ нэхтэл юу ч хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгээд би орцноос гартлаа түлхүүрээ авах гээд ноцолдсон. Орцноос гарангуутаа намайг “Чи одоо ядаргаатай юм бэ” гээд түлхчхээд цаашаа яваад өгсөн. Тэгээд яг хажуу байрны сандал дээр 5 залуучууд сууж байсан. Тэр Ууганаагийн найз нь намайг харааж болох бүх муухай үгээр хараагаад байхаар нь нөгөө 5 залуу “Та одоо яагаад эгч шиг хүнийг ингэж дээрэлхээд байгаа юм” гээд байтал гэнэт Ууганаагийн найз тэр 5 залуугийн нэгийг нь байрны булан руу аваачиж нэг удаа мөргөөд үсдэж дараад чирсэн. Би энэ үеийн бичлэгийг нь хийсэн байгаа. Тэгээд “за эгч нь өөрөө шийдье, та хэд явцгаа” гэхэд намайг өмөөрсөн 5 залуу “яаж таныг ийм боронктой хүнтэй хамт байлгадаг юм, танд дуудах хүн байхгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу хүмүүсийг доромжилж байснаа утсаараа яриад зогсож байсан. Тэгтэл ***********УНИ улсын дугаартай хар өнгийн Камри автомашин хүрч ирснээ 2 хүн бууж ирээд тэр 5 залууг шууд зодож эхэлсэн. Нэгийг нь цохиж унагаагаад, нэгийг үсдэж зодоод байсан. Тэр залуугийн үс нь атга дүүрэн унасан байхаар нь би сүүлд өөрт нь өгсөн. Дараа нь тэр 5 залуу зугтаагаад байрны үүд рүү гүйсэн. Тэгсэн зодоод байсан залуучууд араас нь хөөгөөд хашаанаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад явсан. Тэр хамгийн их аймар зодоод байсан залууг ********** гэж дуудаад байх шиг байсан. Тэд нарын нэг нь арай гайгүй хүн байхаар нь итгээд цагдаа дуудсан байгаа биз бас энэ хүүхдүүдээс уучлалт гуй гэхэд “За битгий хуцаад бай” гээд тэгсэн цаанаас нь явж байсан хүмүүс нь “явъя наадхаа хаячих” гэсэн. Тэгээд хойноос нь ирсэн залуу нь гарыг нь татаж байснаа миний элэг рүү цохисон. Тэгэхээр нь миний утсыг авах байх гэж бодоод хашаа руу нөгөө хэд рүүгээ утсаа шидсэн. Тэгээд хамгаалагч авах гээд очтол тэр хамгаалагчийг түлхчээд миний утсыг аваад зугтаагаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Хохирогч А.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ********** байрны гадаа 4 найзын хамт уулзаж байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад **********ийн байрны эгч дуудсан. Бид нарыг яваад очтол нэг согтуу залуутай байрын түлхүүр, тооцооноос болоод маргалдаад байсан. Тэр эгч “хажууд байж байгаарай. Энэ залуу яачих ч юм билээ” гэж хэлсэн. Бид 5 яваад очтол тэр залуу “та хэд яах гэж байгаа юм, зодох гэж байгаа юм уу” гэсэн. Бид хэд бол тэр залуутай юм яриагүй. Тэр залуу явах гээд байсан бид хэд явуулахгүйн тулд тойроод зогссон. Манай найз Э.**********ийг заамдаж авсан хариу үйлдэл хийгээд бөгсөөр зөөлөн газар хөл тавиад унагаасан. Б.********** босож ирээд манай найзыг үсдээд авсан. Би манаач дуудахаар явсан. Манаач ахад хэлтэл тоогоогүй “өөрсдөө учраа ол” гэсэн. Манай бас нэг найз ирээд бид 2 гүйгээд очтол “та хоёр бас яахын” гээд манай ********** найзтай заамдаад авсан. Би тэр үед “одоо болиорой, хивс шиг гөвчхөөгүй дээр зайлаарай” гэж хэлсэн. Тэр үед нэг найзтайгаа яриад дуудсан. 5 минутын дараа байх машинтай 2 залуу ирсэн. Жолооч нь эрүүл, нөгөө залуу нь согтуу байсан. Согтуу залууг ********** гэж дуудаад байсан. Нөгөө залуу нь Б.********** гэх найзыгаа “больё явъя” гэж байтал найзуудаа хараад Б.********** нь над руу дайрсан. Тэгж байтал ********** нь над руу пивоны шилээр далайхад манай найз ********** пивоны шилийг цохиж унагаасан. Тэр залуу миний хүзүү хавьд цохисон. Б.********** гэх залуу намайг үсдээд нүүрний зүүн хэсэгт 3 удаа цохисон. Тэр үед Ж.********** эгч цагдаа дуудсан байгаа гээд бичлэг хийсэн. Тэгээд манай найз намайг татаад би хашааны гарц хэсэгт сууж байтал нөгөө 3 залуу, Ж.********** эгч манай 2 найз хашааны гадаа явж байсан.Тэр 3 залуу зугтах гээд байсан манай хоёр найз цагдаа иртэл хоргоогоод байж байсан. Ж.********** эгч бичлэг хийгээд байж байтал ********** гүйж ирээд эгчийг боогоод утсыг нь аваад зугтаасан. Тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. А.**********ийн биед зүүн талын хоншоорын хөндийн гадна болон урд хана дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн гадна доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цусан хураа, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт бичлэгийг шинжлэн судлахад: “...Б.**********ыг хохирогч А.********** унагаах гэж оролдох бөгөөд Б.********** нь А.**********ийг үсдээд доош дарж буй бичлэг... Г.********** нэг залууг цохих хооронд Б.********** хохирогч А.**********ийг үсдэж байгаад нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохиж буй... Хашааны гадна хэсэгт Б.**********, Г.********** нар нь цааш явах гэтэл хохирогч Ж.********** гар утсаараа бичлэг хийж буй... Г.********** буцаж ирээд хохирогч Ж.**********ы биед халдаж гар утсыг булааж авч байгаа ...” /хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 36-45 дахь тал/,
Гэрч Э.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* хотхоны гадаа **********, Э.**********, А.********** нарын хамт байсан. Гэтэл Э.**********ийн таньдаг эгч байрны гадаа нэг согтуу залуутай төлбөр тооцооноос болж маргалдаж байсан. Тэр эгч “төлбөр төлөхгүй явах гээд байна. Та нар хүрээд ирээч” гэх утгатай зүйл хэлж дуудсан. Бид нар яваад очиход тэр хоёр төлбөр тооцооны талаар маргалдаж байсан. Тэр залуу ганцаараа байсан болохоор “та нар яах гээд байгаа юм, та нарт хамаагүй цааш явцгаа. Та нар дээрэлхэх гээд байгаа юм уу” гэсэн. Тэгээд хэн хэн “үзэх үү” гээд байж байтал машинтай 2 залуу бууж ирээд шилтэй пиво хаглаад өөдөөс дайраад нөгөө залуу нь А.**********ийг цохисон. Би сүүлд ирсэн нэг залуутай маргалдсан. Тэр залуу /Г.**********/ намайг нэг хавирч унагаасан, гэхдээ гэмтэл учрахаар бол унгаагаагүй. Ж.********** эгч бид нарт туслах гээд бичлэг хийсэн. Тэр үед утсыг нь нэг залуу булааж аваад буцаагаад өгсөн. Нөгөө залуус явах гэж байсан болохоор Ж.********** эгч дахин бичлэг хийхэд нэг залуу нь хүрч ирээд гар утсыг нь аваад цааш явж байснаа газар саваад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 215-218 дахь тал/
Гэрч Э.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн шөнө миний төрсөн өдөр болж байсан. ******* хотхоны гадна машин дотор А.**********, Э.**********, ********** бид хэд уулзсан. Манай байрны эгч /Ж.**********/ нэг залуутай төлбөр тооцооны асуудлаар маргалдаад байсан. Б.********** гэх залуу Ж.********** эгчийг доромжлоод явах гээд байсан. Ж.********** эгч бид хэдийг дуудсан. Тэгсэн Б.********** “та нар бацаанууд яах гээд байгаа юм гээд агсраад байсан. Тэгээд намайг харанхуй газар луу дагуулж явах гээд байсан. Тэгсэн намайг үсэдсэн тэгээд би унагаах гэж оролдсон боловч унаагүй, нэг гараараа намайг заамдаад утсаар яриад найзаа дуудаад байсан. Машин дотроос хоёр хүн гарч ирсэн. Тухайн үед би цагдаа дуудах гээд харуул руу орсон тэр үед бол би байгаагүй, ********** бол байсан зодоон болохыг хараагүй. Эгч гар утсаараа бичлэг хийж байсан. Эгчийн гар утсыг булааж авахыг харсан. Тэгээд эгчийг цохисон уу яасан тэрийг бол анзаараагүй, одоо бол санахгүй байна. Үсдүүлсэн болохоор толгойны хуйх өвдөж байсан. **********ийн үс нь бөөр тус тусгаараа унасан байсан. Миний биед бол гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 219-222 дахь тал/
Гэрч Э.**********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...********* гэх залууг таньдаг. ******* хотхоны 214-102 тоотод очиж ууж идэж байсан болохоор найзуудын хамт тус өдөр 19 цагийн үед очсон. **************** “өөрөө амжихгүй эгчээ явуулъя” гээд Ж.********** гэх эмэгтэй ирээд хаалга онгойлгоод бид нарыг оруулж үйлчилгээ үзүүлсэн. “Дараагийн хүмүүс ирэх гээд байна, 12 цаг гэхэд суллаач” гэж хэлсэн. Би 23 цаг 30 минутын үед такси бариад явсан... Маргааш өглөө байрны түлхүүр “чамд байгаа юм байна. Очоод түгжчих” гэж хэлсэн... Гадуур хувцсанд байсан бичиг баримт байхгүй Ж.********** гэх эмэгтэй авсан байсан. Хаалгыг нь түгжээд бичиг баримт өгөөд түлхүүрээ ав гэж хэлсэн. Асуудал болох үед би байгаагүй. Юу болсныг хараагүй өөр зүйл мэдэхгүй. Б.**********аас асуухад тооцоогоо хийчхээд байхад та нарыг идэж уусныг Фейсбүүкт тавина гээд бичлэг хийгээд байхаар нь гар утсыг Г.********** аргагүй эрхэнд аваад утсыг хугалаад шидсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Samsung А51 маркийн гар утас 759.200 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
Яллагдагч Б.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 2 найзын хамт ********** байрны 102 тоотод очиж уухаар болсон. Орой 19 цагаас 23 цагийн хооронд ууж идсэн. Биднийг анх очих үед нэг эмэгтэй ирж уух юм бусад зүйлээр үйлчилсэн. Хэрэг гарвал хэлээрэй гээд нөгөө эмэгтэй яваад өгсөн.Шөнө 23 цаг 30 минутын үед гараад ороод ирэхэд найзууд явсан би ганцаараа үлдсэн байсан. Нөгөө эмэгтэй цэвэрлэгээ хийгээд байж байсан. Бид нар явах болоогүй гэхэд “юу яриад байгаа юм, дараагийн хүмүүс орох болсон яаралтай байрыг сулла” гэж хэлсэн. Би за гээд гарах гэтэл тооцоогоо нэхсэн. Би “ямар тооцоо билээ, найзын дүүд хэлсэн байгаа. Маргааш холбогдоод тооцоогоо хийнэ” гэхэд нөгөө эмэгтэй утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Манайх дотроо камертай та нарыг фейсбүүкт тавина гэж хэлсэн. Гэтэл цаанаас 5-6 залуу дуудсан. Тэр дүү нар хүрч ирээд би уусан байсан болохоор уурласан өнгөтэй “та нар яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Дүү нар дундаас 2 нь намайг өдөөд байсан. Би 00 цаг 36 минутад 1,350,000 төгрөгийн тооцоог нь Ж.**********ы данс руу шилжүүлсэн. Тооцоогоо хийчхээд учраа ольё гэж хэлээд би найз Г.********** руу залгаад байгаа газраа хэлээд “6 залуу тойрч зогсчхоод байна. Хүрээд ир” гэж дуудсан. Тэр эмэгтэй бичлэг хийгээд байсан, би “бичлэгээ болчих” гэж хэлсэн. Тэр үед найз Г.********** ирсэн. Би надтай маргалдаад янз янзаар хэлсэн залуутай харилцсан цохилцсон, тэгээд салаад явсан. Нөгөө эмэгтэй дахин бичлэг хийгээд байсан болохоор “бичлэгээ болчих” гэж хэлсэн. Манай найз бичлэгийг устгах гэж гар утсыг нь булааж авсан. Тэгээд бичлэгийг устгах гэтэл гар утас нь кодтой байсан болохоор гар утсыг хугалаад хашаа давуулаад шидсэн. Тэгээд бид хэд яваад өгсөн. Зодоон болох үед Г.**********, Цэнгэл хоёр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
Яллагдагч Г.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед найз Б.********** залгаад “хэдэн залуус явуулахгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Түүний дагуу очоод хэдэн залуучуудтай маргалдсан юм. Гар утсыг нь авч эвдэлсэн шалтгаан нь бичлэг хийгээд олон нийтэд тавина гэхээр нь булааж аваад эвдэлсэн нь үнэн. Тэр хүн бичлэг хийгээгүй бол тийм зүйл болохгүй байсан. Гар утасны үнэлгээтэй танилцсан тул хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал /шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амар: Б.**********, Г.********** нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Б.********** нь хохирогч Ж.**********тай төлбөр тооцооны асуудлаас маргаан үүссэн. Улмаар Ж.********** нь гар утсаараа бичлэг хийж интернэтэд тавина гэсэн тул гар утсыг нь авсан. Шүүгдэгч нар нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хувийн сэдэлттэй. Шүүгдэгч Б.********** нь хохирогч А.**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээ, шүүгдэгч Г.********** нь хохирогч Ж.**********ы гар утсыг хугалж устгасан үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрнө ” гэж мэтгэлцэж оролцов.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэргээр илрэн гардаг билээ. Гэмт хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхон буюу орон сууцны хороололд шөнийн 00-01 цагийн орчимд буюу оршин суугчдын амрах цагаар шүүгдэгч Б.********** нь Ж.**********тай хэрүүл маргаан үүсгэж, уг үйлдлийг таслан зогсоохоор ирсэн А.**********ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан төдийгүй шүүгдэгч Г.**********ыг дуудан ирүүлж уг маргаанд оролцуулсан байна. Шүүгдэгч Г.********** нь Б.**********тай бүлэглэн гудамж талбай, нийтийн эзэмшлийн орон сууцны хороололд Ж.**********тай хэрүүл маргаан хийх, Э.**********г хавирч унагаах, Ж.**********ыг “гар утсаар бичлэг хийлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн гарыг утсыг нь булааж авч хугалж, устгасан хэргийн үйл баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогч нарт хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул улсын яллагчаас шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.********** нь Г.**********тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Г.**********ыг Б.**********тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.**********ы биед халдаж гар утсыг нь булаан авч хугалж устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргээр давхар зүйлчилж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн зэрэг шинжээр илэрдэг. Шүүгдэгч Г.**********ын хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ж.**********ы Самсунг А51 маркийн гар утсыг хугалж устгасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Б.********** нь хохирогч А.**********ийн биед “...зүүн талын хоншоорын хөндийн гадна болон урд хана дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн гадна доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн цусан хураа, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Б.********** нь хохирогч А.**********т эмчилгээний зардалд нийт 8.320.600 төгрөг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч Г.********** нь хохирогч Ж.**********ы Самсунг А51 маркийн гар утасыг хугалж устгасан ба эд хөрөнгийн үнэлгээгээр 759.200 төгрөгөөр үнэлэгджээ.
Шүүгдэгч Г.********** нь хохирогч Ж.**********д 10.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.**********, Г.********** нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.**********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, биечлэн эдлэх ялыг нийт 3 жил хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч Г.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утсыг устгах, 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй тул шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амараас: Б.**********, Г.********** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хэн аль нь эрхэлсэн ажилтай, гэр бүлтэй хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 123-124 дэх тал/
Шүүхээс шүүгдэгч Б.**********, Г.********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан тэдэнд хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, бизнес эрхэлдэг хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.********** нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********т мэдэгдэв.
Шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн голоороо хугарсан хар өнгийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.**********д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. ******************* ****** овогт **** **********, ******* овогт ****** ********** нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.**********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********т мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********, Г.********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********, Г.********** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** нь хохирогч А.**********т эмчилгээний зардалд 8.320.600 төгрөгийг нөхөн төлсөн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********** нь хохирогч Ж.**********д 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн голоороо хугарсан хар өнгийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.**********, Г.********** нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР