| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1288/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1480 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1480
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Я.Т, өмгөөлөгч Ш.Чанцал,
шүүгдэгч Г.А, өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Д.А, өмгөөлөгч М.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001042 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны 3 дугаар сарын 08-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 645 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 сарын баривчлах ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 15 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 1 сар 25 хоногийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ** овогт Ян Т (РД:**),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тавилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Гн А(РД:**),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Дн А (РД:**).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай “Приус-30” маркын тээврийн хэрэгслийг ашиглаж Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ** тоотод байрлах хохирогч Х.Дн монгол гэрт нэвтэрч “ТСЛ” маркын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг хулгайлан авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр ** тоотод байрлах хохирогч Д.Мн байшинд нэвтрэн орж “Монел” маркын 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр ** тоотод байрлах хохирогч С.Ан монгол гэрт нэвтэрч “Тошиба” маркын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтын төхөөрөмж, хуримын бөгж, плитка хулгайлан авч 1,325,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Я.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бичгээр мэдүүлгээ гаргаж хавсаргуулъя. Тэр өдөр А машинтай ирсэн. А хүргээд өгөөч гэсэн. Анх Ад очсон. Хулгай хийх зорилго, санаатай байсныг нь би мэдээгүй. 3,4-р хороолол орж А 100,000 төгрөгөөр тавьсан. А зурагтыг барьцаалан зээлдүүлэх газар луу тэврээд орсон. Тэгээд хашаандаа хадтай айл руу орсон. А журмын хашаанаас машинаа авна, мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Би хэрэг хийгээгүй. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх боломж байсан, мэдүүлэг аваагүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ 2 машинтай ирээд суучих гэсэн. Т “чамд өнөөдөр юм зааж өгнө” гээд 1 айл руу Т ороод зурагт тэврээд гараад ирсэн. Дараа нь байшинтай айл руу орсон. Хашаагүй гэрийн хаалгыг лоомоор хөшиж онгойлгоод орсон. Зурагт, хөөрөг авсан. Т бид 2 айл руу орсон. “Намайг буугаад ир” гэсэн. Цоожийг нь эвдлээд орохоор хулгай хийж байгааг нь мэдсэн. Ломбардны 300,000 төгрөгийг өгсөн. Үлдэх хохирлыг төлнө. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад 4 удаа мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээж байгаа тул одоо шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Т над руу залгаад Хөтөл дээр уулзсан. Хулгай хийхээр ярилцсан зүйлгүй. Аы ах дүү нарынхаар ороодохъё гээд явсан. Уул давж яваад “энд зогс” гээд л энэ 2 буугаад орсон. Би машиндаа хүлээж байсан. А зурагт тэврээд Т шанагатай ус бариад гарч ирсэн. Би хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй. А эхний айл руу орж гарч ирэхдээ “ах зурагтаа асаалттай явчихаж” гээд гарч ирсэн. “Машинаа журмаас авна, мөнгө хэрэгтэй байна” гээд яриа болж байсан. Хохирлоос өөрт оногдох 275,000 төгрөгийг төлж өгсөн. Үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйя, гэм буруутайдаа гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй” гэв.
Эрүүгийн 2208000001042 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. Шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай Приус-30 маркын тээврийн хэрэгсэл ашиглаж ** тоотод байрлах хохирогч Х.Дн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч “ТСЛ” маркын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг хулгайлан авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Х.Дн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим ...тоот гэрээсээ гарч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гадуур ажил амжуулж байгаад 17 цагийн орчим гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Гэр дотроо ороод хартал 32 инчийн хар өнгөтэй хавтгай зурагт, авдар дотор байсан халтар манан хөөрөг алдагдсан байсан. Алдагдсан “ТСЛ” фирмийн 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг, даалингийн хамт бүрэн хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21, 23 дахь тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.20-ны өдрийн 22/051 дүгээр тайланд: “ТСЛ маркын, 32 инч, хуучин зурагт 350,000 төгрөг, халтар манан хөөрөг 1,000,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “Монгол гэрийн хаалганы цүү эвдэрсэн байх ба цүүний суурь хэсгээс эвдэгч багажны мөр, цоожин дээрээс 1 ширхэг эвдэгч багажны мөр илрүүлсэн...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 3-6 дахь тал), эд мөрийн баримт “ТСЛ маркын 32 инчийн зурагт” хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал), сэжигтэн Д.Ас хөөрөг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал), эд зүйлс хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал), “**” зээлийн гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал),
2. Шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай “Приус-30” маркын тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** тоотод байрлах хохирогч Д.Мн байшинд нэвтрэн орж 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Д.Мн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчим манай охин эмээгийндээ очоод орох гэтэл хаалга нь онгорхой байна гэж над руу утсаар хэлэхээр нь би гэрээсээ гараад очоод үзэхэд ээжийн үүдний амбаартаа үлдээсэн байсан түлхүүрээр онгойлгоод хулгайч орж ханын шүүгээ дээр байсан 42 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Би өөрийн 42 инчийн “Монел” лед маркын хар өнгийн зурагтыг бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114-115, 118 дахь тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.20-ны өдрийн 22/042 дугаар тайланд: “Монел фирмийн 42 инчийн зурагт 1 ширхэг 450,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 98-101 дэх тал), эд мөрийн баримт “Монел маркын 42 инчийн ЛЕД зурагт” хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал), эд зүйлсийг хүлээлгэсэн өгсөн “Монел маркын 42 инчийн ЛЕД зурагт 1 ширхэгийг хохирогч Д.Мд хүлээлгэсэн өгсөн” тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал),
3. Шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай “Приус-30” маркын тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** тоотод байрлах хохирогч С.Ан монгол гэрт нэвтэрч Панасоник маркын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны төхөөрөмж, хуримын бөгж, плитка зэргийг хулгайлан авч 1.325.500 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч С.Ан: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 6 цагийн үед ажилдаа явсан. 14 цагийн үед ирэхэд гэрийн цоож эвдэрсэн, хаалга онгорхой байсан. Гэрт ороод харахад “Панасоник” маркын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны төхөөрөмж, нөхөр бид хоёрын хуримын бөгж, плитка алдагдсан байсан. ...Зурагтаа бүрэн бүтэн буцааж авсан, одоо үлдэгдэл 825,500 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 190-191, 193 дахь тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.06.10-ны өдрийн Ц-970 дугаар тайланд: “Тошиба 42 инч зурагт 1 ширхэг 500,000 төгрөг, зурагтны төхөөрөмж үнэлэхгүй, монетон бөгж эр 3,6 грамм, эм 2,1 грамм 2 ширхэг 825,000 төгрөг, плитка үнэлэхгүй, нийт 1,325,500 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 216-218 дахь тал),
Гэрч Ц.Ун: “Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дн А гэх хүн “Панасоник” 42 инчийн удирдлагагүй, хөлгүй зурагт 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан бүртгэлтэй байна. Манайх эд зүйлс барьцаанд тавих гэж байгаа хүний бичиг баримтыг тулгаж авдаг. Манайх хяналтын камертай, тухайн өдрийн бичлэг устсан байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Зурагтыг хурааж аваад 140,000 төгрөгийг хүүний хамт өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 180-183 дэх тал), “***” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний баримт (1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал), эд мөрийн баримт хураан авсан “Панасоник фирмийн 42 инчийн зурагт” тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал), эд зүйлсийг хүлээлгэн өгсөн “фанасоник фирмийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг С.Ад хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Зн: “Би ...“Очир” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажилуулдаг. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3 залуу Д.А гэх өөрийн иргэний цахим үнэмлэхээр 42 инчийн “Монел” зурагт, 32 инчийн “ТСЛ” маркын зурагтыг хамтад нь 320,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би тухайн 3 залуугийн царай төрхийг санахгүй байна, манайхаар олон хүн орж гардаг. Харин иргэний үнэмлэх үзэж эд зүйлс барьцаанд авдаг ба Д.А гэх хүний бичиг баримтыг нарийн тулгаж харсан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цагдаагаас дээрх 2 зурагтыг хураан авсан. 320,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Зн “320,000 төгрөгөө хүлээн авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 239 дэх тал),
Иргэний хариуцагч А.Жн: *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “***” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н.Д гэх хүн зээлийн гэрээ хийж 13,300,000 төгрөгийн зээл авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),
“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.06.29-ний 22/011 дүгээр тайланд: “** УБС улсын дугаартай “Тоёота Приус 30” маркын тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,000,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 71-75 дахь тал),
Гэрч Н.Дн: “Би өөрийн ** УБС улсын дугаартай “Тоёота Приус 30” маркын тээврийн хэрэгслийг хараа муудсан учраас бараг унахгүй байгаа. Миний төрсөн хүү Д.А надаас зөвшөөрөл авч унаж ашигладаг. Д.А хувиараа такси үйлчилгээнд миний машинаар явдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Шүүгдэгч Д.Ан яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Т над руу залгаад “2 цаг машинаараа яваад өгөөч, өдөрт хэдэн төгрөг олдог вэ, тэр мөнгийг чинь өгье” гэсэн. “Овоот” дэлгүүрийн гадаа эхлээд Ттай уулзаад дараа нь Аг дэлгүүрийн гаднаас машинд суулгасан. Бид гурав миний унаж явсан ** УБС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэлтэй урагшаа Хөтөлийн уул даваад 1 дүгээр хорооллын арын гэр хорооллын гудамжинд улбар шаргал өнгийн хашааны хаалгатай айлын гадна зогссон. А, Т хоёр уг хашаа руу ороод хавтгай зурагт, шанагатай ус барьж гарч ирсэн. Уг зурагтаа 3,4 дүгээр хорооллын 21 дүгээр байрны хажууд байдаг ломбарданд “өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд 100.000 төгрөгөөр тавьсан, уг мөнгийг Т авсан. Түүний дараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшинтай айлын хаалгыг түлхүүрээр Т онгойлгож орохыг би машин дотроо цонхоор хашааны жижиг хаалга онгойлгосон байсан зайгаар харсан. Ат том хэмжээтэй зурагт тэвэрч гарч ирээд бид гурав машинтайгаа Баянхошууны Хөтөлийн хойд хэсэгт хашаагүй, гэртэй айлын арай наана зогссон. Намайг машинд сууж байхад А, Т хоёр орсон. Удалгүй А хавтгай зурагт тэвэрч гарч ирсэн. Намайг Т бичиг баримтаараа ломбарданд тавиад өгөөч гэхээр нь 3,4 дүгээр хороололд ломбарданд 2 зурагтаа 320.000 төгрөгөөр би бичиг баримтаараа тавьсан. Хамгийн сүүлд зурагт авсан айлаас гарч ирээд хөөрөг машины урд хайрцагт хийгээд хэд хоногоос авъя сайн хадгалаарай гэсэн. Цагдаа дээр ирээд хулгайн хөөрөг гэдгийг мэдээд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191-193 дэх тал),
Шүүгдэгч Г.Аы сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Намайг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, “***” дэлгүүрийн гадна байхад А “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэлтэй хажуудаа Тг суулгасан ирээд “намайг суучих” гэхээр нь машинд суусан. Т надад “өнөөдөр чамд юм зааж өгнө” гээд Хөтөлөөр урагшаа даваад банзан хашаатай монгол гэртэй айл руу очоод Т эхэлж цоожийг эвдээд орсон. Би араас нь ороод тухайн айлаас хавтгай зурагт, хүлээн авагч төхөөрөмж авсан. Миний мэдэхээр өөр эд зүйлс аваагүй. Замдаа хүлээн авагчийг нь Т гудамжинд хаясан. Тэгээд ломбард ороод Ан нэрээр зурагтаа барьцаанд тавьсан. Түүний дараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг байшинтай айл руу хаалгаар нь Т бид хоёр орсон. Эхлээд Т орсон хаалгыг яаж онгойлгосныг мэдэхгүй. Тухайн айлаас том хавтгай зурагт хулгайлсан. Уг айлаас гараад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хашаандаа хадтай, монгол гэртэй айлын гадаа ирээд цоожийг нь Т эвдэж ороод хавтгай зурагт, хөөрөг хулгайлж аваад хороололд байдаг ломбарданд Ан нэр дээр тавьсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43, 133, 169 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 199 дэх тал),
Шүүгдэгч Д.Ан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал), шүүгдэгч Г.Аы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Чс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Шүүгдэгч Д.А хохирогч С.Ад хохирлын 275,000 төгрөг төлсөн” гэх хохирогчийн хүсэлт 1 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Ан гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, 39-40, 196-197), шүүгдэгч Я.Тн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, 48-49)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Я., Г.А, Д.А нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай “Приус-30” маркын тээврийн хэрэгслийг ашиглаж ** оршин суух хохирогч Х.Дн монгол гэрт нэвтэрч ТСЛ маркын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг зэргийг хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр тус дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж, ** тоотод оршин суух Д.Мн байшинд нэвтрэн орж 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр тус дүүргийн ** дүгээр хороо, Дунд Нарангийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хохирогч С.Ан монгол гэрт нэвтэрч Тошиба маркын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны төхөөрөмж, хуримын бөгж, плитка зэргийг хулгайлан авч 1.325.500 төгрөгийн хохирол учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр нийт 3.125.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А, Д.А, Я.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч Т гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Д, М нарын хохирол төлөгдсөн. Алтантуулын хохирлоос зурагт өгөгдсөн, 825,500 төгрөг төлөгдөөгүй. А иргэний нэхэмжлэгч Зт 320,000 төгрөг, А 275,500 төгрөгөө төлсөн. 106,700 төлөгдсөнд тооцож, шүүгдэгч А, Т нараас гаргуулж Ад олгож, шүүгдэгч Тс 275,500 төгрөг гаргуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 20 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чанцал “Шүүгдэгч Т хамт байснаа хүлээн зөвшөөрдөг. Өөрөө айл руу ороогүй гэдэг” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч Г.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Хохирлын талаарх улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Чинзориг “Шүүгдэгч Д.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Маш их харамсаж байна. Субьектив санаа, хувийн байдлыг сайтар тогтоогоогүй. Хохирлын хувьд улсын яллагчийн саналыг дэмжинэ” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** УБС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгслийг ашиглаж ** тоотод байрлах хохирогч Х.Дн монгол гэрт нэвтэрч “ТСЛ” маркын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг хулгайлан авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр тус дүүргийн ** тоотод байрлах хохирогч Д.Мн байшинд нэвтрэн орж “Монел” маркын 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр тус дүүргийн ** дүгээр хороо, Дунд Нарангийн *** дугаар гудамж, *** тоотод байрлах хохирогч С.Алн монгол гэрт нэвтэрч “Панасоник” маркын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны төхөөрөмж, хуримын бөгж, плитка хулгайлан авч 1,325,500 төгрөгийн хохирол учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр нийт 3,125,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Дн “...манай монгол гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, 32 инчийн хар өнгөтэй хавтгай зурагт, авдар дотор байсан халтар манан хөөрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-21), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “ТСЛ маркын зурагт 350,000 төгрөг, халтар манан хөөрөг 1,000,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-52-53), иргэний нэхэмжлэгч Б.Зн “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.А гэх өөрийн иргэний цахим үнэмлэхээр 42 инчийн Монелийн Лед зурагт, 32 инчийн ТСЛ маркын зурагтыг 3 залуу нийтэд нь 320,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-26), эд мөрийн баримт “ТСЛ маркын 32 инчийн зурагт” хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-11), эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтас, хх-13), хохирогч Д.Мн “...ээжийн үүдний амбаартаа үлдээсэн түлхүүрээр онгойлгоод хулгайч орж 42 инчийн зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-114-115), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Монел фирмийн 42 инчийн зурагт 1 ширхэг 450,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-137-138), эд мөрийн баримт “Монел маркын 42 инчийн ЛЕД зурагт” хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-106), эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтас, хх-107-108), хохирогч Д.Ан “...42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны төхөөрөмж, нөхөр бид хоёрын хуримын бөгж, плитка алдагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-190-191), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “42 инч зурагт 1 ширхэг 500,000 төгрөг, зурагтны төхөөрөмж үнэлэхгүй, монетон бөгж эр 3,6 грамм, эм 2,1 грамм 2 ширхэг 825,000 төгрөг, плитка үнэлэхгүй, нийт 1,325,500 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-216-218), гэрч Ц.Ун “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дн А гэх хүн “Панасоник” 42 инчийн удирдлагагүй, хөлгүй зурагт 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-214), эд мөрийн баримт хураан авсан “Панасоник фирмийн 42 инчийн зурагт” тэмдэглэл (1 дэх хавтас, хх-211), эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтас, хх-212) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А, Д.Ан хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 3 удаагийн үйлдлээр бусдын гэр, орон сууцны хаалганы цүү, цоож эвдэн нэвтэрч нийт 3,125,500 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Я.Т “Би энэ хэргийг хийгээгүй” гэж гэм буруугийн талаар мэдүүлэг, тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.Аы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Т, А хоёртой тааралдаад Т надад архи авч өгөөд “хамт хулгай хийе” гэж хэлэхээр нь би дагаад явчихсан. Т “Өнөөдөр чамд юм зааж өгнөө” гээд дагуулаад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 43, 133, 169 дэх тал), шүүгдэгч Д.Ан яллагдагчаар өгсөн “...Т, А хоёр уг хашаа руу ороод зурагт аваад гарч ирсэн. Байшингийн хаалгыг Т түлхүүрээр онгойлгож орохыг би харсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192-193 дэх тал), иргэний нэхэмжлэгч Д.Зн “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.А гэх өөрийн иргэний үнэмлэхээр 2 зурагтыг хамтад нь 320,000 төгрөгөөр 3 залуу барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал) зэргээр дээрх 3 удаагийн хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Я.Т оролцсон болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д 1,350,000 төгрөгийн, хохирогч Д.Мд 450,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн (1 дэх хавтас, хх-13, 107-108), хохирогч нарын “Хохирлоо авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-118, 193)-ийг,
иргэний нэхэмжлэгч Б.Зт 320,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.А хохирол төлсөн, иргэний нэхэмжлэгчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (2 дахь хавтас, хх-239)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Г.А, Д.А нарыг хохирогч Х.Д, Д.М, Д.А, иргэний нэхэмжлэгч Б.З нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч С.Ад нийт 1,325,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохиролд зурагт (зурагтны үнэ 500,000 төгрөг) биет байдлаар төлөгдсөн (1 дэх хавтас, хх-212), үлдэгдэл хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Үлдэгдэл 825,500 төгрөгөө барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-193), шүүгдэгч Д.А, Г.А нар 825,500 төгрөгөөс өөрт ногдох 275,166 төгрөгийг тус тус төлсөн тул үлдэгдэл 381,832 (275,166+106,666) төгрөгийг шүүгдэгч Я.Тс гаргуулж, хохирогч С.А (** тоотод оршин суух, РД:** 1, утас:**)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Тг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй зэргийг харгалзан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Д.А, Г.Ат нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чанцал “Ар гэрийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж чадаж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж 1 жилийн хорих ялаар тогтоож өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Чинзориг “Оролцоо санаа зорилго, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч Г.А, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
шүүгдэгч Я.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, машин механизм ашиглан шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч нарын гэр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 3,125,500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Зт 320,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирогч Д.М, Х.Д нарын хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч нар “хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч С.Ад нийт 1,325,000 төгрөгийн хохирол учирснаас зурагт биет байдлаар төлөгдсөн, үлдэгдэл 825,500 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Г.А, Д.А нар өөрт ногдох хувь болох 550,332 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч Я.Т өөрт ногдох 381,832 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогчийн “үлдэгдэл хохирлоо авмаар байна” гэх, иргэний нэхэмжлэгч Б.Зн хохирол төлөгдсөн), шүүгдэгч Г.Аы хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Д.Ан хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал)-ыг, шүүгдэгч Я.Тн хувийн байдал (урьд 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хорих ялын хугацаа дуусаж суллагдсанаас хойш 2 сар орчмын дараа гэмт хэрэг шинээр үйлдсэн, хохирлын хэмжээ, хохирол төлөөгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.А, Д.А тус бүрийг 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Тг 3 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чанцалын “2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч Я.Т урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, хамгийн сүүлд хулгайлах гэмт хэргээр хорих ял шийтгүүлж, 2022.04.01-ний өдөр суллагдаад 2 сар орчмын дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ар гэрийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгодог болно.
Шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** УБС улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл нь “*** ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ (1 дэх хавтас, хх-75)-ээр тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 20,000,000 төгрөг (1 дэх хавтас, хх-72-74)-ийг шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Я.Тс 6,666,666 төгрөг, Г.Ас 6,666,666 төгрөг, Д.Ас 6,666,666 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Я.Тн 2022.05.20-ны өдрөөс 2022.12.01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 194 (нэг зуун ерэн дөрөв) хоногийг, шүүгдэгч Г.Аы 2022.10.19-ний өдрөөс 2022.12.01-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг, шүүгдэгч Д.Ан 2022.11.25-ны өдрөөс 2022.12.01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Ян Т, ** овогт Гн А, ** овогт Дн А нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Я.Тг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Аг 1 (нэг) жилийн хорих ял, шүүгдэгч Д.Аг 1 (нэг) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тн цагдан хоригдсон 194 (нэг зуун ерэн дөрөв), шүүгдэгч Г.Аы цагдан хоригдсон 42 (дөчин хоёр), шүүгдэгч Д.Ан цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А тус бүрээс 6,666,666 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тс 381,832 төгрөг гаргуулж, хохирогч С.А (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А, Г.А нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР