| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1476/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1499 |
| Огноо | 2022-12-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1499
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
хохирогч Д.М,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Уг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203006060533 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Жн У (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Сод Монгол” ШТС-ийн замд “Toyota Aqua” маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасныг зөрчиж явган зорчигч хохирогч Д.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Колонк дээр мөргөж гэмтэл учруулснаа хүлээж байна. 2 метр орчим шидэгдэж унасан гэдэг нь худлаа. Мөргөгдөөд машины урд унасан. Тасралтгүй жолоо бариад 6-7 жил болж байна. 605,300 төгрөг хохиролд өгсөн. Нэмж 500,000 төгрөг төлсөн. Туслах тогоочоор ажиллаж байгаа. Хохирлыг төлнө гэж бодож байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг хасаж өгнө үү” гэв.
Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Такси барих гээд явж байхад араас мөргөсөн. 09 сарын 26-наас 11 сарын 02-ныг хүртэл ажилгүй, гэртээ байсан. Ажилдаа орсон боловч хүндрэлтэй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин, рентгенд харуулах мөнгийг нэхэмжилж байна. Гомдолтой байгаа. Листний материалаа бүрдүүлээд өгсөн, аваагүй. Ажилгүй байсан хугацааны цалин 1,005,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, рентген 140,000 төгрөг, шүүхэд шинээр гаргаж өгсөн 38,000 төгрөгийн баримт, нийт 1,683,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлаа нэхэмжлэхгүй. Шүүгдэгчээс 1,105,300 төгрөг авсан” гэв.
Эрүүгийн 2203006060533 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Мн: “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би, нөхрийн хамт гэрээс гараад “Сод Монгол” колонкийн тэнд явж байхад араас “Тоёота Акуа” маркын ** УАС улсын дугаартай автомашин ирж мөргөөд зам дээр 2 метр орчим шидэгдээд унасан. Манай нөхөр миний орилох дуугаар ослын газар хүрч ирээд дуудлага өгсөн. ...Жолооч эмэгтэй хэлэхдээ “уучлаарай, өөр тийшээ харж явж байгаад мөргөчихлөө” гэсэн. Ахар сүүлний 3-р нугалам орчимд эд сэлтэрсэн шинэ хугаралтай гэсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажиллах байсан зардал мөнгийг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.28-ны өдрийн 13253 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Мн биед ахар сүүлний 3-р нугалмын сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохой, зүүн шуу, зүүн өгзгөнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Гэрч М.Бн: “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр энхэр Мн хамт гэрээс гараад эхнэр такси барих гээд салаад явж байтал эхнэр орилохоор нь хартал “Тоёота Акуа” маркын автомашинд мөргүүлээд босож ирээд зогсож байхаар нь очсон. “Яагаад мөргөчихвөө” гэж осол гаргасан эмэгтэйд хэлтэл “өөр юм харж яваад мөргөчихлөө” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Мөрдөгчийн 2022.10.24-ний өдрийн 1154 дүгээр магадлагаанд: “1. “Toyota Aqua” маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдлөгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэжээ (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2022.09.24-ний өдрийн 09 цаг 21 минут 27 секунтэд “Toyota Aqua” маркын ** УАС улсын дугаартай автомашин нь хойноос урагш чиглэлтэй явж байгаад “Сод Монгол” ШТС-ийн түгээгүүрийг тойрч эргэхдээ явган зорчигч эмэгтэйг хойноос урагш алхаж явахад нь мөргөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Шүүгдэгч Ж.Ун яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...“Тоёота Акуа” маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон төв зам түгжрэлтэй байсан тул товчлоод гарах гээд колонкийн хажууд хойноосоо баруун тийш эргээд явж байхад явган зорчигч эмэгтэйг араас нь мөргөчихсөн чинь зам дээр унасан. ...Би хохирогчид эмчилгээний төлбөрт 880,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
дуудлагын лавлагааны хуудас (хх-3), зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9), явган зорчигч болон жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл (хх-10, 11), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ “Баянзүрх авто техникийн хяналтын төв”-ийн шинжээчийн 2022.10.03-ны өдрийн 38895693 дугаар дүгнэлт (хх-47-52), хохирлын баримт (хх-22-24), Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн “Д.Мн сарын дундаж цалин 1,164,908 төгрөг” гэх тодорхойлолт (хх-25),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-72), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-75), В ангиллын, хүчинтэй үнэмлэхтэй талаар жолоодох эрхийн лавлагаа (хх-69), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-68), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-71), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-70), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-74), хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-76) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 ширхэг хохирлын баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Сод Монгол” ШТС-ийн замд “Toyota Aqua” маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдлөгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Д.Мг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нэхэмжлэлийн шаардлагаас бензинийг хасаад 67,608 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдөр шийдэх боломжгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирлын баримт дутагдалтай, өнөөдрийн нэхэмжлэл баримтгүй байгаад байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг шүүх шийдэх байх. Жич нэхэмжлэх эрхийг үлдээж өгнө үү” гэж,
шүүгдэгч “Өмгөөлөгчийн хөлсийг төлөхгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.У нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Сод Монгол” ШТС-ийн замд “Toyota Aqua” маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдлөгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч хохирогч Д.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Мн “...алхаад явж байхад араас “Тоёота Акуа” маркийн ** УАС улсын дугаартай автомашин ирж мөргөөд...” гэх мэдүүлэг (хх-26-28), шүүх эмнэлгийн 13253 дугаар “1.Д.Мн биед ахар сүүлний 3-р нугалмын сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохой, зүүн шуу, зүүн өгзгөнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-40-41), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1154 дүгээр “1. Toyota Aqua маркын ** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.У жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдлөгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа (хх-56-57), шүүгдэгч Ж.Ун “...тухайн өдөр төв зам түгжрэлтэй байсан тул товчлоод гарах гээд колонкийн хажууд хойноос баруун тийш эргээд явж байхад явган зорчигч эмэгтэйг араас нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хх-65), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-16-17) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Ун тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Д.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын 645,300 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт 38,000 төгрөгийн баримт гаргаж, нийт 683,300 төгрөг нэхэмжилсэн. Хохиролд 1,105,300 төгрөг төлөгдсөн, баримтгүйгээр 422,000 төгрөг илүү төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Мн “Өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирогч ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон ч хэдий хугацаанд ажилгүй байсан, өвчтэй байсан хугацаанд авсан цалин хөлсний хэмжээ тодорхойгүй, эмнэлгийн магадалгаа зэрэг хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх үзээд “Ажилгүй байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоо”-той нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч өрх толгойлсон, бага насны хүүхэдтэйг харгалзсан...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Торгох ял оногдуулахыг эсэргүүцэх саналгүй...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг төлнө өө” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарлаа сарниулснаас аюул, хохирол учруулахгүй явах үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын 683,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,105,300 төгрөг төлсөн, хохирогч “Ажилгүй байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Туслах тогоочоор ажиллаж байгаа гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Ж.Уг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ** овогт Жн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Мн “Өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цаашид хийгдэх эмчилгээ”-тэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР