Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02594 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох  

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 137 298 795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч У ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээний заалт биелэгдэхгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээгээ дахин байгуулсан.У ХХК  нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12А/2015 дугаар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу М ХХК-д 107 950 000 төгрөгийн үнэ бүхий дулааны сувгийн тэвш нийлүүлэхээр харилцан тохирсон. Гэвч захиалагчийн ажлын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийт 107 302 300 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Тус гэрээний 1.4.1-т заасны дагуу захиалагч нь урьдчилгаа төлбөрт нийт үнийн 4.6 хувьтай тэнцэх буюу нийт 5 000 000 төгрөгийг төлсөн. Мөн гэрээний 1.4.2-т нийлүүлэгч тал нь 55.4 хувьтай бетон эдлэлийг захиалагч талд зээлээр нийлүүлэх ба дундын санжүүжилт болох 55.4 хувьтай тэнцэх төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 19-нд нийлүүлэгч талын дансанд шилжүүлнэ, үлдэгдэл 40 хувьтай тэнцэх төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний дотор төлж дуусгана гэж заасан бөгөөд 2015 ошны 10 дугаар сарын 19-нд төлөх байсан 55.4 хувийн үнээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг төлж, нийт гэрээний үнээс 82 302 300 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус гэрээний 1.4.3-т зааснаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох эрх нийлүүлэгчид үүссэн бөгөөд нийт алданги 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 196 215 010 төгрөг болж байна. Нийлүүлэгч нь гэрээний дагуу удаа дараа шаардлага гаргаж байсан боловч захиалагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ байдлаас нийлүүлэгчийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, ажил зогсонги байдалд ороод байна. Мөн тус компаниас авах ёстой авлагын хэмжээгээр эдийн засгийн эргэлт алдагдаж, олох ёстой байсан ашиг алдагдаж байна. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12А/2015 дугаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 82 302 300 төгрөг, гэрээний 1.4.3-т зааснаар тооцсон алданги 41 151 150 төгрөг, хохирол болох өмгөөлөгчид төлсөн хөлс 13 845 345 төгрөг, нийт 137 298 795 төгрөгийг хариуцагч М ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Тус шүүхэдУ ХХК  нь М ХХК -нд холбогдуулан нийт 137 298 795 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Манай компани нэгэнт өөрийн ажилд аваад ашиглачихсан учир 82 302 300 төгрөгийн үндсэн төлбөрийг зөвшөөрч байна. Харин алданги болон өмгөөлөгчийн хөлсийг зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12А/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу захиалсан бүтээгдэхүүнийг манай компани Ирээдүй цогцолбор хорооллын дулааны шугам, дулааны шугам дамжуулах төвийн барилга угсралтын ажилд хэрэглэсэн. Уг ажлын захиалагч нь төр бөгөөд Эрчим хүчний хөгжлийн төв болон Эрчим хүчний яамнаас санхүүжилт хийгдэх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгоогүй байгаа шалтгаанаас үүдэн гэрээний үндсэн төлбөр болох 80 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгчид төлж чадаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас манай компанийн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусад нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь манай компаниас үл шалтгаалж, төрөөс хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө аваагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн болно. Энэ талаар бие биедээ албан бичгүүдийг илгээж байсан. Нэгэнт төлбөрийн үүргийг гүйцэтгэлд манай зүгээс үл хамаарах шалтгаан нөхцөл үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагад байгаа алданги нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компаниУ ХХК -тай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү төрийн байгууллагаас шалтгаалан төлбөрөө төлөх боломж бүрдэхгүй байна. Гэхдээ бид төлбөр төлөх талаар санаачлага гаргаж орон сууц санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс татгалзсан хариу ирүүлсэн. Өөрөөр бидэнд орлого олж байгаа зүйл байхгүй, гүйцэтгэсэн ажлын санхүүжилт орж ирснээр төлбөрийг төлөх боломжтой. Өмгөөлөгч авах эсэх асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал боловч манай зүгээс асуудлыг хүндрүүлсэн, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хэмжээнд хүртэл саатуулсан зүйл байхгүй тул энэхүү зардал нь хохирлын асуудал биш юм Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК -иас 123 453 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчУ ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 845 345 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 844 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -иас  улсын тэмдэгтийн хураамжинд 840 217 төгрөг гаргуулж нэхэмжлэгчУ ХХК -нд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12А/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компани Ирээдүй цогцолбор хорооллын дулааны шугам, дулааны шугам дамжуулах төвийн барилга угсралтын ажилд зориуланУ ХХК-ийн  хашаанд байсан бэлэн байсан бетон эдлэлийг худалдан авсан. Ирээдүй цогцолборын дулааны шугам, дулаан дамжуулах төвийн барилгын ажлын захиалагч нь Эрчим хүчний хөгжлийн төв болон Эрчим хүчний яам бөгөөд тус газрууд нь манай төлөх ёстой санхүүжилтийг цаг тухайд өгөөгүй болно. Эрчим хүчний яам нь манай хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа бөгөөд бид хийсэн ажлын санхүүжилтээ авч чадаагүй тохиолдолдУ ХХК-ийн  төлбөрийг төлөх боломжгүй юм. Үүнийгээ шүүхэд тайлбарлаж санхүүжилттэй холбоотой холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт дүгнээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх асуудлыг огт анхаарч үзээгүй юм. “Мегаватт” ХХК-ийн зүгээс худалдан авсан бүтээгдэхүүний үнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги болох 41 151 150 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн үнийн дүнгээс 41 151 150 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

НэхэмжлэгчУ ХХК  нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 82 302 300 төгрөг, алдангид 41 151 150 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13 845 345 төгрөг, нийт 137 298 795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алданги, өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь М ХХК  нь нэхэмжлэгчУ ХХК-иас  дулааны сувгийн тэвш СТ9.5.30/Л/4-ийг 500 ширхэгийг нэг бүрийн 215 900 төгрөгөөр тооцон нийт 107 950 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийн 4.6 хувьтай тэнцэх хувь буюу 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд, төлбөрийн 55.4 хувийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, төлбөрийн 40 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлөх, төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд гэрээт ажлын үнийн дүнгээс 1-30 хоногт хоног тутам 0.2 хувийн, 30-60 хоног тутам 0.3 хувийн, 60-аас дээш хоног тутамд 0.4 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь дээрх зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 12-14, /

Шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, зээлийн гэрээний 1.4.3 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2-04 хувиар” алдангийн талаар тусгайлан тус тус тохиролцон, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч “Мегаватт” ХХК нь үлдэгдэл 82 302 300 төгрөгийн талаар маргаагүй, харин үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө аваагүйгээс шалтгаалсан гэж тайлбар гаргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагч “Мегаватт” ХХК-иас үндсэн төлбөр 82 302 300 төгрөг, алданги 41 151 150 төгрөг, нийт 123 453 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчУ ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин шүүх нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн үйлчилгээ авч 13 845 345 төгрөгийн төлбөр төлсөн явдал нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 13 845 345 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК -ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН