| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ДШМ/43 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/43
| 2019 оны 06 сарын 04 өдөр | 2019/ДШМ/43 Зуунмод |
Ж.Гд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Гансувд,
Шүүгдэгч Ж.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр
Хохирогч Ө.Сэрсэндэмид
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжтай Ж.Год холбогдох 1834008150054 дугаартай 1 хавтас, 133 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 29-200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дэлэ овгийн Жамбалдоржийн Ганболд, /РД:ЙЮ75122178/.
Шүүгдэгч Ж.Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Ө.Сэрсэндэмидтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Ж.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжаар:
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Дэлэ овгийн Жамбалдоржийн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834008150054 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Дэлэ овгийн Жамбалдоржийн Ганболд нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Энхмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Ж.Год холбогдох эрүүгийн 1834008150054 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч. шүүх хуралдаанаар хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Нэг. Шүүгчийн захирамжид мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн боловч чухам хуулийн ямар зүйл, хэсгийг ноцтой зөрчсөн талаар тодорхой дурдаагүй нь шүүхийн шийдвэр нь үндэслэл муутай ойлгомжгүй байна.
Хоёр. Шүүгчийн захирамжид "...Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Гыг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодож, хөнгөн хохирол учруулсан гэж яллаж байгаа нь яг ямар шалтгааныг хувийн таарамжгүй харилцаа гэж үзээд байгаа нь тодорхойгүй, мөн дээрх 2 шалтгааны чухам аль шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан эсэхийг тогтоох нь шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад харгалзан үзэх асуудал үүсэх учир дээрх шалтгаан нөхцөлийг заавал тодруулж, тогтоох шаардлагатай" гэжээ.
1.Гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч Ө.Мягмаржаргалаас өөр хүн байгаагүй болохыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь нотолдог.
2.Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ө.Сэрсэндэмидийн зүгээс хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй, тодруулбал хохирогч Ө.Сэрсэндэмид, гэрч Ө.Мягмаржаргал нарын мэдүүлгээр нотлогддог. Харин шүүгдэгч Ж.Г нь согтуугаар хохирогч Ө.Сэрсэндэмидтэй өмнөх хувийн таарамжгүй харилцаагаа бодоод гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хохирогч Ө.Сэрсэндэмид нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх нөхцөл байдлыг ярьж мэдүүлсэн болохыг шүүх анхаарч үзээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив..” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдсон тул Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тайлбартаа: Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжинэ. Тухайн хэрэг нь хоорондоо маргаснаас болж гарсан нь тогтоогдсон. Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Б.Сэрсэндэмид тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Г тайлбартаа: Тухайн хэрэг нь хүндэтгэлгүй харьцлаа гэж маргаснаас болсон. Энэ хэрэгт түлшний асуудал хамаагүй, үүнээс болж маргаагүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Ж.Год холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Ж.Г, Ө.Сэрсэндэмид нар хоорондоо хэрэлдэж маргалдсанаас болж Ж.Г Ө.Сэрсэндэмидийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г, хохирогч Ө.Сэрсэндэмид, гэрч Ө.Мягмаржаргал нар мэдүүлсэн байна.
Харин хохирогч Ө.Сэрсэндэмид маргааны шалтгаанаа “түлшнээс болж маргалдсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх ба хохирогчийн зөвхөн энэ мэдүүлэг нь хэргийг прокурорт буцаах үндэслэл биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад түлшний асуудлаас болж маргасан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нар огт мэдүүлээгүйгээс гадна түлшний маргаан нь тухайн хэрэгт хамааралгүй байна. Түүнчлэн Ж.Г Ө.Сэрсэндэмидийг зодох буюу гэмт хэрэг гарах тухайн үед тэнд Ж.Г, Ө.Сэрсэндэмид, Ө.Мягмаржаргал нараас өөр хүн байгаагүй байх тул шүүгчийн захирамжинд заасан 2 хүнийг гэрчээр асуух шаардлагагүй байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ж.Год холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан хийж, 237 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогч нарт хэдийд танилцуулсан нь тодорхойгүй, баримтанд огноо бичигдээгүй байна.
Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг баримталж ажиллах шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Год холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА