Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2021/0052

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  С.Г, А.И, нэхэмжлэлтэй;

              Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн  Алтанцөгц сумын Засаг даргад  холбогдох;

              “Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч  Алтанцөгц сумын  Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,  гуравдагч этгээд  Ш.С, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г, А.И нар шүүхэд  гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүсэлтдээ:

Алтанцөгц суманд  оршин суудаг 23 иргэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг дарга С.Бэд  өргөдөл гаргаж, “Хар үзүүр”  гэх газарт 5 га тариалангийн  талбайг эзэмшиж  байгаа иргэн А.А нь сүүлийн 6 жил Газрын тухай хуулийн 35 дугаар  зүйлийн 35.1, 35.1.1, 35.1.4, 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж, 35.1.4, 35.1.6-д  заасан эрх, үүргээ умартаж, эзэмшиж байгаа газрыг иргэн Ш.Сад зарсан тул Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг  нь хүчингүй болгож, өргөдөл гаргасан иргэдэд олгож өгөхийг хүссэн. Засаг дарга С.Бэд оруулсан бидний өргөдлийн талаар сонссон иргэн Ш.С 2020 оны 04 дүгээр сарын 07-нд аймгаас ирж, өргөдөл гаргасан 23 иргэний зарим нэгэнтэй нь уулзаж, өргөдөл буцаан авах тухай өргөдөлд гарын үсгүүдийн зуруулж, гарын үсэг зурахаас татгалзсан иргэдийн гарын үсгийг Ш.С өөрөө  дуурайлган зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлж Засаг дарга С.Бэд оруулсан байна. Харин  Засаг дарга С.Б хуулийн хугацаанд иргэн Ш.Сад “боломжгүй” гэсэн утгатай хариу өгчээ. Үүний дараа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 55 тоот захирамж  гаргаж, А.Аы газар эзэмших  эрхийг нь  хуулийн дагуу  хүчингүй болгов. Засаг дарга С.Б  тус шийдвэрийн талаар иргэн А.Ад утсаар хэлж, захирамжийг шуудангаар явуулсан байна. Харин А.А захирамжийг хүлээн авсны дараа хуулийн хугацаанд гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандаагүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Засаг дарга С.Б “Тариалангийн газар эзэмшүүлэх тухай” 70 тоот  захирамж гаргаж, арван иргэнд 0,4 га-гаар нийт 4 га газрыг  тариалангийн зориулалтай эзэмшүүлэв. Засаг дарга С.Бийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинээр Засаг даргад томилогдсон Ш.А нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Ш.Сын бүрдүүлж өгсөн хуурамч, хууль бус өргөдлийг нь үндэслэж Засаг дарга асан С.Бийн 70 тоот захирамжийг хууль зөрчиж хүчингүй болгож, 5 га талбайг 8 га гэж өөрчилж, дараа нь 7,5 га болгоод газар эзэмшихийг хүсэж өргөдөл огт гаргаагүй иргэн А.Ад дахиад олгосон 86 тоот захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргав. Хуурамч бичиг баримтыг үндэслэн захирамжийг хүчингүй болгож, өргөдөл гаргаагүй А.Ад дахин газар  олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайж өөртөө болон бусдад давуу байдал олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна.

Иймд бидний өргөдлийг харгалзан үзэж, Засаг дарга Ш.Аийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 86 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “86 тоот захирамж тухайн үед иргэн Ш.Сад  газрыг шилжүүлэх эрх үүссэний дараа  гаргаж, хуульд нийцээгүй болохоор өөрөө хүчингүй болгож, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/28 тоот захирамжийг дахин гаргасан” гэжээ. Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/144 дугараа хариу бичгээс үзэхэд Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар захирамж  хууль бус болохыг тогтоосон байна. Иймээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  сөрөг нөлөөлөл бүхий захирамжийг хүчингүй болгосон байна. Гэтэл хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/28 тоот захирамж гаргаж,  нэхэмжлэгч нарын эрх ашгийг бас хохироож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн   1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох”  гэж өөрчилж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжаар тус сумын нутаг дэвсгэрээс тариалангийн зориулалтай 5 га газрыг А.Ад эзэмшүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан 0236953 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд 8 га газар эзэмшүүлсэн тухай бичигдсэн бол Засаг даргын захирамжид 5 га газар гэж бичигдсэн,газар эзэмшүүлэх хугацаа мөн адил засвартай байсан учраас нэхэмжлэгч талаас шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамж гарч, шинжилгээ хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр 8-ийн тоо урьд 5 байсан,  мөн урьд 1 гэж бичигдсэнийг 3 болгож засварласан болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд анх А.Ад 5 га газрыг 10 жилийн хугацаатайгаар олгосон болох нь харагдаж байна. Алтанцөгц сумын нэр бүхий 23 иргэн болон гуравдагч этгээд Ш.С нар нь маргаан бүхий газрыг эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан. Эдгээр үйл баримт болон С.Бийн гэрчийн мэдүүлгийг харьцуулж үзвэл А.Аы газар эзэмших эрх нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна. Газар эзэмших эрх дуусгавар болсноор газар эзэмших эрх төрд буцаад шилжжээ. Төрд шилжсэн газрыг эзэмшүүлэх журмыг Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлээс 33 дугаар зүйл хүртэлх заалтаар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд хугацааны хувьд гэрээгээр уг газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тохиролцож болохоор байна. А.Аы газар эзэмших эрх дуусгавар болсноос гадна сүүлийн 3 жил уг газрыг ашиглаагүй болох нь Алтанцөгц сумын нэр бүхий 23 иргэн болон тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бийн мэдүүлгээр нотлогдож байна. Тэгэхээр маргаан бүхий газрыг Ш.С, А.А, нэр бүхий 23 иргэн нарын аль нь эзэмших эрхтэй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирээд байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс баримтлах газрын талаарх зарчмыг хуульчилж өгсөн. Иргэн бүр оршин суугаа газраас газар эзэмших эрхтэй. Газар эзэмших эрх олж авахын тулд иргэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргаж, мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий Засаг дарга шийдвэр гаргах журамтай. Сумын Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 55 дугаар захирамж гаргаад 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл шинээр томилогдсон тус сумын Засаг дарга ашиг сонирхлын зөрчил гаргаж шууд өмнөх Засаг даргын шийдвэрүүдийг хүчингүй болгож байгаа үйл баримт харагдаж байгаа. Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж газар эзэмшүүлэх ажиллагааг журамласан.Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга энэ журмыг алгасаад гуравдагч этгээд Ш.Сад давуу байдал олгоод газар эзэмших эрх олгосон нь ноцтой хуулийн зөрчил юм. Үүнд нэхэмжлэгч гомдолтой байгааг илэрхийлье. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдөөд байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарын агуулгаас харахад Ш.С 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх тухай хүсэлтээ Алтанцөгц сумын Засаг даргад гаргаж, уг хүсэлтийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газарт Ш.С нь 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учраас хохирол амсах эрсдэлтэй байна гэж тайлбарласан байна. Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамж хууль бус гарснаар гуравдагч этгээдэд гэм хор учирсан гэж үзвэл гэм хор нэхэмжлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Энэ бүх асуудлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн ирээдүйд газар эзэмших эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Газрын даамлын мэдүүлгээс харахад өмнөх газар эзэмшигч А.А уг газрыг эзэмшиж байх хугацаанд газрын төлбөрийг төлсөн эсэх нь эргэлзээтэй байна. Алтанцөгц сумын Засаг даргын 86 дугаар захирамж хууль бус болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 144 дүгээр албан бичгээр давхар нотлогдож байна. Хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хууль бус захирамжийг хүчингүй болгох ёстой байсан атал 1 дүгээр заалтаар А.Аы эзэмшлийн газрыг Ш.Сад хууль бусаар эзэмшүүлжээ. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь 5 га хэмжээтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ газрыг эзэмших эрхтэй С.Гий эрх энэ тохиолдолд зөрчигдөж байна. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсноор С.Гий ирээдүйд газар эзэмших эрх нь сэргээгдэнэ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Бас А.Аы дээд шатны байгууллагуудад гомдол гаргаагүй байгаа байдлаас нь харахад түүний газар  эзэмших эрх нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон байгаа юм гэв.

Хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус сумын Засаг дарга асан Б.П нь 2009 онд 40 тоот захирамж гаргаж, хууль, журмын дагуу иргэн А.Ад 8 га буюу 80000 м.кв газрыг тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байжээ. Үүнээс хойш А.А нь уг газарт хөрөнгө оруулалт хийж, асар том хамгаалалтын чулуун хашаа татаж, тариачдын амрах байр барьж, зэрлэгшсэн өвс ургамлыг устган, газрыг нь тэгшлэн, усан сан байршуулан шуудуу, хоолой гаргаж усжуулан, сумын ард иргэдийг ажлын байраар хангаж, тэдний тусын тулд тариа ногоо тарьж эзэмшиж байжээ. Харин сүүлийн жилүүдэд талбайн зарим хэсгийг сумын зарим айл өрхүүдэд тариа ногоо тариулан ашиглуулж байхаас гадна зарим хэсгийг нь дахин сэргээж, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор өнжүүлэн ашиглаагүй байжээ.

Уг газар  урьд нь тариалангийн талбай биш эзэнгүй сул чөлөөтэй газар байсан тул давуу эрхээр эзэмшүүлэх журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, мэдээж тухайн үед бүх бичиг баримтыг нь бүрдүүлэн байж шаардлага хангасныг захирамж гаргасан Засаг дарга Б.П, газрын гэрчилгээ бичсэн сумын газрын даамал Б.Кенесбек болон газар эзэмшигч А.А нар гэрчилнэ. Харин уг газрыг анх А.Ад эзэмшүүлэхдээ үнэ төлбөргүй эзэмшүүлжээ. Хуулийн дагуу жилд төлөх 2800 төгрөгийн татвар хураамжийг урьдчилан төлсөн талаар А.А тайлбар хийж байна. Дарга асан С.Б нь газрын төлбөр, татвар хураамж хоёрыг ялгаж чадаагүй байжээ.

Сумын Засаг даргын эерэг нөлөөлөл бүхий 2009 оны 40 дүгээр захирамж нь тухайн үед хэн нэгний эрх ашгийг хөндөж байгаагүй бөгөөд 11 жилийн хугацаанд энэ талаар хэн ч маргаж байгаагүй болохоор бусдад эрх олгож, ашигтай байдлыг бий болгосон хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзээд байна. Тийм учраас Засаг дарга өөрийн гаргасан эерэг нөлөөлөл бүхий захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар илт хууль бус гэж үзээд өөрөө хүчингүй болгосон нь А.А, Ш.С нарын эрх ашгаас илүүтэй тус Засаг даргын Тамгын газрын эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагавартай болжээ.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дугаар зүйлээр хуульчилжээ.А.А нь өөр аймагт шилжсэн байх тул өөрийнхөө барьж босгож, хөдөлмөр хөлсөө шингээсэн хамгаалалтын чулуун хашаа болон бусад хөрөнгөө иргэн Ш.Сад худалдан, эзэмшиж байсан уг газраа гэрээний дагуу үнэ төлбөргүй 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар гэрчлүүлэн шилжүүлсэн байжээ.

Засаг дарга асан С.Б нь хуулийн хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргалгүй байсаар байгаад ашиг сонирхлоор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 55 тоот хууль бус захирамж гаргаж А.Ад 2009 онд газар эзэмшүүлсэн 40 тоот захирамжийг илт хууль бус гэж үзээд хүчингүй болгож, А.А болон Ш.С нарын эрх ашгийг хохироосон байна.Энэ 55 тоот захирамжаар урьд гаргасан 40 тоот захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь олон талын үр дагавар үүсгэж болох бөгөөд А.А, Ш.С нар нь урьд эзэмшиж байсан газарт байршуулсан үл хөдлөх хөрөнгө, цулгуй талбай газрыг тариалангийн талбай болгон эзэмшин өөрчилж, олон жилийн туршид зарцуулсан хөдөлмөрийн хөлс болон бусад гарсан зардлыг тус сумын Засаг даргын Тамгын газраас нэхэх нөхцөл байдал үүсэх болзошгүй байна. Дараа нь Засаг дарга асан С.Б нь уг газрыг ямар ч газар эзэмших хүсэлт гаргаагүй А.Б, С.Г, С.Х, А.И, С.Д, М.Ө, З.Х, М.Ө, С.Б, Х.Т нарын 10 хүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны бүх нийтээр амрах баяр ёслолын өдөр 70 тоот хууль бус захирамж гаргасан байна.

Эдгээр хүмүүсээс М.Ө, С.Б, А.Б, А.И, С.Д .З.Х, М.Ө нар газар эзэмшихийг хүссэн хүсэлт өргөдлөө 70 дугаар захирамж гарахаас өмнө татан авч, татгалзсан талаар Засаг дарга асан С.Бед хандсан байжээ. С.Б нь энэ хүсэлтээсээ татгалзаж, өргөдөл гаргаагүй хүмүүст хүчээр шахуу уг маргаантай газрыг эзэмшүүлэн хууль зөрчиж байжээ. Тийм учраас миний бие Засаг дарга асан С.Бийн хууль бус гаргасан дээрх захирамжуудыг хууль эрхийн хүрээнд хүчингүй болгож, маргаан бүхий газрыг зохих журмаар эзэмшихээр авсан иргэн Ш.Сад кадастрт буусан хэмжээгээр эзэмшүүлсэн болно.

Харин миний гаргасан 86 нь тоот захирамж тухайн үед иргэн Ш.Сад газрыг шилжүүлэх эрх үүссэний дараа гаргаж, хуульд нийцээгүй болохоор өөрөө хүчингүй болгож 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/28 тоот захирамжийг дахин гаргасан болно. Нэр бүхий нэхэмжлэгч иргэдэд газар эзэмших эрх үүсээгүй ба тэдний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзээд байна. Нэхэмжлэгч С.Г нь зарим иргэдийг турхиран өдөөн хатгаж, хуурч төөрөгдөлд оруулан нэхэмжлэлд гарын үсэг зуруулсан байсныг сүүлд тэд өөрсдөө үгүйсгэж энэхүү маргаанд оролцохгүй гэж хүсэл зорилгоо илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзсан байсныг шүүхэд үүгээр мэдэгдэж байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Учир нь Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжаар Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Ад 8 га газрыг газар тариалангийн зориулалтаар  хуулийн дагуу эзэмшүүлсэн. А.А энэхүү атаржсан газрыг эзэмшиж байх хугацаанд газрын зэрлэг ургамлыг устгаж, газрыг тэгшитгэн, 5 га газарт төрөл бүрийн хүнсний ногоо тариалж газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан. 2020 оноос хойш уг газрыг атаржуулах, өнжүүлэх, сэргээх зорилготой үйл ажиллагаа явуулаагүй. 2019-2020 онд А.А нь  уг газарт байршилтай хамгаалалтын чулуун хашаа, тариаланчдын амрах байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртэй, газрыг үнэ төлбөргүй нөхцөлтэйгөөр хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлж Ш.Сад шилжүүлсэн. Ш.С 2019 оны 12 дугаар сард Алтанцөгц сумын Засаг дарга С.Бэд хуулийн дагуу өөртөө шилжүүлээд авсан газрыг олгох тухай шийдвэр гаргаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч Засаг дарга асан С.Б нь уг хүсэлтийг хангахгүй байлгасаар байгаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай захирамжаар А.Ад урьд газар эзэмшүүлсэн 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Энэхүү хүчингүй болгосон үндэслэлийн талаар  шүүхэд гаргасан тайлбарт дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Нэгдүгээрт давуу эрхээр уг газрыг эзэмшээгүй гэсэн үндэслэл байсан. Газрыг ямар нэгэн байдлаар эзэмшиж байсан хүмүүс давуу эрх эдлэх ёстой. 2009 оноос өмнө уг газрыг хэн нэгэн этгээд эзэмшиж байгаагүй учраас тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу А.Ад газрыг эзэмшүүлсэн. Гэтэл дараа нь тус сумын Засаг дарга асан С.Б 70 дугаар захирамж гаргаж, уг газрыг нэр бүхий 20 иргэнд эзэмшүүлсэн. Энэхүү шийдвэр нь хууль бус гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь энэхүү нэр бүхий 20 иргэний зарим нь газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн газар эзэмшүүлэх тухай өргөдөл гаргасан зарим иргэд өргөдлөөсөө татгалзсан байхад  хууль бусаар,  хүчээр шахуу эдгээр иргэдэд газар эзэмшүүлжээ.

Засаг дарга С.Бээс эрх шилжүүлээд авсан Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А өмнөх Засаг дарга С.Бийн үед гаргасан захирамжуудыг хүчингүй болгож, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/28 дугаар захирамж гаргаж, маргаан бүхий газрыг чулуун хашааны доторх кадастрын зургийн хэмжээгээр буюу 75958 м.кв газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар Ш.Сад шилжүүлэн эзэмшүүлсэн. Ш.С хуулийн дагуу маргаан бүхий газрыг А.Ааас шилжүүлээд авсан. Өмнөх Засаг дарга С.Бийн үед гаргасан 55,70 дугаар захирамжууд тус тус хууль бус байсан тул одоогийн Засаг дарга дээрх захирамжуудыг хүчингүй болгосон юм. Мөн  нэхэмжлэгч С.Г, А.И нар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гэж үзэж байна. Учир нь 2009 онд А.Ад маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд хэний ч эрх ашиг зөрчигдөөгүй, энэ үед нэхэмжлэгч нараас ямар нэгэн маргаан гаргаагүй байсан ба үйл явдал болоод 10 жил өнгөрсний дараа Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 40 дүгээр захирамжийн талаар маргаан үүсгэж байгаа нь зохимжгүй. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр 5 га газарт ногоо тариалж ашиглаж байгаа, бусад газрыг ашиглалтын талбай болгон ашиглаж байгаа нь тогтоогджээ. Газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан хуульд газар тариалангийн зориулалттай газрын бусад талбай эзэмших талбайн хэмжээнд орно гэж заасан. Иймээс Засаг дарга Ш.Аийн хамгаалалтын чулуун хашааны кадастрын хэмжээгээр газар олгосон нь хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ш.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сумын Засаг дарга асан Б.П нь 2009 онд 40 тоот захирамж гаргаж, хууль,журмын дагуу иргэн А.Ад 8 га  газрыг тариалангийн зориулалтаар, 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байжээ. Миний бие иргэн А.Атай тохиролцсон ёсоор түүний Алтанцөгц сумын “Хар үзүүр" хэмээх газарт эзэмшиж байгаа 8 га газрыг, тэнд байгаа үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авахаар тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгө болох хамгаалалтын чулуу хашаа,тариачдын амрах байрыг үнэ төлбөртэй, 8 га газрыг төлбөргүй шилжүүлэн авсан болно. Улмаар би 2020 оны 02  дугаар сарын 11 -ний өдөр сумын Засаг дарга асан С.Бэд хүсэлтийг бичгээр гаргаж, уг газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөх тухай хандсан болно. Энэ үед надад ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй байсан. Дараа нь нэг очиход Засаг дарга С.Бээс 23 хүн өргөдөл гаргасан байх тул энэ газрыг танд эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхэд учир байдлыг тодруулахаар газрын даамалтай очиж уулзахад би газар эзэмшүүлэх тухай өргөдөл гаргасан өдрөөс хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн иргэд сумын Засаг даргад өргөдөл гаргасан байсан юм. Тэгээд би өргөдөл гаргасан 23 хүнтэй учир байдлыг тодруулахаар нэг бүрчлэн уулзсан. Би энэ газрыг албан ёсоор өөртөө шилжүүлээд авсан гэхэд хүмүүс “энэ газар таны газар гэж мэдээгүй, С.Г нь хэсэг хүмүүс бильярд тоглож байхад бичиг цаас авч ирж гарын үсэг зуруулаад авсан, бид өргөдлөө буцаагаад авна” гэсэн хариу өгцгөөсөн. Ингэхдээ энэхүү 23 иргэнээс хөдөө явсан Асылбек, багийн Засаг даргаар ажилладаг Холганат гэх хүмүүсээс бусад хүмүүс гарын үсгээ зурж өгсөн. Энэ хүмүүсийн зарим нь биечлэн ирж, зарим нь утсаар зөвшөөрөл олгосон. Тухайн үед би С.Гтэй утсаар ярихад “энэ газар таны газар гэж мэдээгүй, газрын даамал энэ газрыг чөлөөлж байна, газар авах хүмүүс өргөдлөө өгөөрэй гэсэн тул өргөдөл өгсөн юм, би одоо аймгийн төвд ажлаар явж байна, миний гарын үсгийг та өөрөө зурчхаарай” гэсэн учраас би өөрөө С.Гий гарын үсгийг зурсан. Тухайн үед миний хажууд Ерболат гэх залуу хамт байсан юм. Холганат гэх залуугаас гарын үсгээ зурахаас татгалзсан шалтгааныг нь тодруулахад “надад С.Б дарга энэ газар Алтанцөгц сумын 4 дүгээр багийн газар учраас иргэдийн Нийтийн Хурлаас энэ газрыг ард иргэдэд олгохоор тогтоол гаргасан гэж хэлсэн” гэсэн хариу өгсөн. Тэгэхэд би цар тахал тархаж буй энэ үед хурал, цуглаан хийх боломжгүй,  хууль ёсны газрын хувьд  тогтоол гаргах үндэслэлгүй гэж сануулаад явсан. Ингээд надад “газрыг танд олгох боломжгүй” гэсэн хариу л  өгч байсан учраас 4 дэх удаадаа газрыг олгох боломжгүй шалтгаанаа дурдаад албан ёсоор хариу мэдэгдээрэй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд С.Б дарга надад газрын төлбөр төлөөгүй, сүүлийн 3-4 жилд газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр А.Ад газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай он, сар, өдөргүй, дугааргүй захирамжийг харуулж байсан. Ингэхэд би энэ захирамж нэгдүгээрт дугааргүй, хоёрдугаарт Газрын тухай хуулийн дагуу газрын даамал газрын төлбөрийг нэхэмжлэх ёстой  учраас хүчингүй захирамж байна гэж шууд хэлсэн. Би тухайн үед Засаг дарга асан С.Бэд жилийн 2880 орчим төгрөгийн газрын төлбөрийг 10 жилээр буюу 28800 төгрөгийг төлөхөд бэлэн байна, та харин надад эрх үүсгээд өгөөрэй гэсэн юм. Аймгийн Газрын албаны ажилтан Т.Баатарт хандахад орон нутагт эрх шилжсэн тул орон нутгаас эрх үүсгүүлээд газрын төлбөрийг төлөх боломжтой гэсэн. Тэгээд би С.Бэд “та миний төрөл садны хүн учраас би заавал хууль, шүүхээр явмааргүй байна, та шийдвэрлээд өгч чадахгүй ч гэсэн дараагийн Засаг дарга нь шийдвэрлээд өгнө биз” гэсэн юм. Ингэж явж байгаад 5 дугаар сард надад хариу өгөхдөө Газрын тухай хуулийн 35.1.4-т заасныг иш татсан бөгөөд энэ нь сумын Засаг даргатай тохиролцоогүй учраас газрыг олгох боломжгүй гэсэн агуулгатай хуулийн заалт байжээ. Миний зүгээс түүний энэ хариу үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би хамгийн анх С.Бийн дэргэд А.Атай утсаар ярьж, урьдчилгаа мөнгийг шилжүүлж байсан. Би Засаг дарга асан С.Бийн татгалзлыг цэвэр улс төрийн эсхүл ашиг сонирхлын шалтгаантай гэж үзэж байна.Ингээд дарга С Бекет нь миний эсрэг янз бүрийн тайлбар хийж, хуулийн хугацаанд шилжүүлэхгүй байсаар байгаад 8 сарын дараа буюу 10 дугаар сарын 09-ний өдөр 55 тоот захирамж гаргаж, урьд нь 2009 онд А.Ад газар эзэмшүүлсэн 40 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. Засаг дарга өөрийн гаргасан эерэг нөлөөлөл бүхий захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.5, 48  дүгээр зүйлийн 48.1-д зааснаар илт хууль бус гэж үзээд өөрөө хүчингүй болгосон нь  А.А болон  миний эрх ашгийг илт зөрчсөн болно. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн дотор  хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хуульчилжээ.Энэ 55 тоот захирамжаар урьд гаргасан 40 тоот захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь олон талын үр дагавар үүсгэж болох бөгөөд А.А бид хоёр эзэмшиж байсан газарт байршуулсан ул хөдлөх хөрөнгө, цулгуй талбай газрыг тариалангийн талбай болгон эзэмшин өөрчилж олон жилийн туршид зарцуулсан хөдөлмөрийн хөлс болон бусад гарсан зардлыг тус сумын аль нэг буруутай этгээдээр  нөхөн гаргуулах болно. Дараа нь Засаг дарга асан С.Б нь уг газрыг ямар ч газар эзэмших хүсэлт гаргаагүй А.И, С.Г нарын  10 хүнд  эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны бүх нийтээр амрах баяр ёслолын өдөр 70 тоот хууль  бус захирамж гаргасан байна.Энэ 10 хүнийг судлаад үзэхэд урьд өмнө газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан талаар ямар ч түүхгүй байсан. Эдгээр хүмүүсээс М.Өзгерис, С.Бердимурат, А.Бейбит. А.И, С.Даулетхан, М.Өмирхан, Х.Тогтархан, С.Бердимурат, З.Хавдолда нар газар эзэмшихийг хүссэн хүсэлт, өргөдлөө 70 дугаар захирамж гарахаас өмнө 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр татан авч татгалзсан талаар Засаг дарга асан С.Бэд хандсан байжээ.С.Б нь энэ хүсэлтээсээ татгалзаж, өргөдөл гаргаагүй хүмүүст хүчээр шахуу уг маргаантай газрыг эзэмшүүлэн хууль зөрчиж байжээ. Иймээс энэхүү захирамж нь хууль бус захирамж гэдэг нь илт харагдаж байгаа юм.

Орон нутгийн сонгууль болоод шинэ Засаг дарга Ш.А томилогдсоны  маргааш өдөрт  нь уулзаж, учир байдлаа хэлж, хүсэлт гаргасан.Тийм учраас Засаг дарга Ш.А нь Засаг дарга асан С.Бийн хууль бус гаргасан  дээрх захирамжуудыг хууль эрхийн хүрээнд хүчингүй болгож, маргаан бүхий  газрыг зохих журмаар эзэмшихээр шилжүүлэн авсан надад кадастрт буусан хэмжээгээр эзэмшүүлсэн болно. Засаг дарга Ш.А нь 55, 70 дугаар  захирамжуудыг хүчингүй болгосноор С.Г, А.И нарт газар эзэмших эрх үүсээгүй ба тэдний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзээд байна.

Мөн миний авсан гэрчилгээ засвартай гэж маргаж байна. Үүнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргаж  шинжээч томилуулсан. Тухайн үед бичиг цаас, канон, принтер хомс байсан учраас гараар үйлдэхдээ газрын даамал техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж байна. Газрын тухай хуульд зааснаар газрыг 10 жилээр эзэмшүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Хуулийн дагуу газрыг 30 жилээр эзэмшүүлэх ёстой. Энэхүү техникийн шинжтэй алдааг буюу 10 жил гэж бичсэнийг 30 жил болгон засварласан нь газрын даамал өөрөө байж таарна. Учир нь бидний зүгээс үүнийг засварлах ямар ч боломжгүй. Миний зүгээс маргаан бүхий газрыг хууль журамд зааснаар холбогдох татвар, хураамжийг төлж, газар тариалангийн зориулалтаар ашиглахад бэлэн байна. Бусад газрыг хадлангийн талбай болгон зориулалтын бусаар ашиглаж байгаа юм гэв.

Гуравдагч этгээд А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Би 2009 оны 06 дугаар сарын 16-нд Алтанцөгц сумын  “Хар үзүүр” гэх газраас 8 га газрыг 30 жилийн хугацаатай эзэмшихээр хуулийн дагуу авсан болно. Намайг анх очиход цахилдаг маш их хэмжээгээр ургасан,  хужир ихтэй, атаржсан газар байсан. Иймээс уг газрыг 6 удаа хагалж, 1500-аад тонн цахилдгийг нь цэвэрлэж, 2500 -аад тонн чулуу зөөн авчирч, хашаа хамгаалалт барьсан. Нийт 60-130 хүн нэг  сарын турш ажилласан. Мөн хөрс сайжруулах зориулалтаар 10 тонн өтөг бууц асгаж бордсон болно. Ажилчдын 2 өрөө сууц барьж босгосон, байнга байрлах ажилчдын сууц барихад нь мөн туслалцаа үзүүлсэн. Ногоо тарих сонирхолтой өрхүүдэд 6 тонн төмсийг үрийн зориулалтаар үнэгүй тарааж өгсөн. Энэ бүхэнд нийтдээ 56 сая төгрөг зарлагдсан. Тухайн үед үер усанд эвдэрсэн зам, гүүрийг өөрийн хүчээр засаж байсан. Уг газарт ажиллаж байх хугацаандаа 4 өрхийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг дээшлүүлсэн. Амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжин суурьшихтай холбоотой уг газрыг иргэн Ш.Сад зарсан. Уг газрыг ийм их хөдөлмөр, хүч, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж өдий зэрэгт хүргэсэн учир С.Г нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэж байна.

2020 оны 10 сард Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга байсан С.Б миний эзэмшилд байсан газрын гэрээг цуцалсан тухай 55 дугаар захирамж илгээсэн байсан. Энэ тухай надад ямар ч урьдчилан сануулаагүй. Уг захирамжийн эсрэг гомдол гаргаагүй учир нь 2019 оны 12 дугаар сард уг газрыг иргэн Самат овогтой Аселийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн байсан. Иймд миний өмнөөс иргэн Ш.С нь хуулийн өмнө намайг төлөөлөх эрхтэй байсан. Миний бие  8 га газрын татварыг 2009 оноос 2020 оны 10 сар хүртэлх хугацаанд  илүү төлж ирсэн. Уг татварыг намар тариа хураалтын дараа /50000-100000 төгрөг/ бэлэн болон банкаар төлдөг байсан.   Тухайн үеийн газрын даамалд бэлнээр 2 удаа өгсөн. Олон жил өнгөрсөн болохоор тод санаж байгаа 3 жишээ гэвэл, өөрийн биеэр 2 удаа 50000-100000 төгрөг төлсөн. Нэгийг нь Алтанцөгц сумын ХААН банканд сумын төрийн сангийн дансанд 100000, хоёр дах нь Өлгий сумын Төрийн банканд 50000 төгрөг тушааж баримтыг Алтанцөгц сумын нягтлан  Х.С өгсөн. Гурав дахь нь тухайн үед газрын даамал байсан Хуандых өөрийн биеэр ирж авсан.

Тухайн үед миний  нэр дээр байсан “Хар үзүүр” дэх гэрчилгээ   болон гэрээнд засвар    хийсэн учир үүнийгээ   баталж, тамга дарж  өгсөн нь үнэн болно. Тухайн үед 5 га-г 10 жилээр гэж буруу бичигдсэнийг залруулж, дахин Засаг даргын захирамжаар газрын даамал засаж бичсэн болно. Тэр үед засвар хийгдсэн тухайд асуухад захирамж хавсрагдсан тохиолдолд болно гэж хэлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С.Г, А.И  нарын “Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн[1] 1 дэх заалтаар  тус сумын 4 дүгээр багийн  “Хар үзүүр” гэдэг газарт байршилтай А.Аы эзэмшлийн 75958 м.кв газрыг иргэн Ш.Сад  газар  тариалангийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, 2 дахь заалтаар эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахыг  газар эзэмшигч Ш.Сад үүрэг болгож, 3 дахь заалтаар 2020 оны 55, 70, 86 дугаар захирамжуудыг  тус тус хүчингүй болгож, 4 дэх заалтаар  газар эзэмшигчтэй шинээр гэрээ байгуулан, холбогдох материалыг бүрдүүлэн  улсын бүртгэлд бүртгэж, кадастрын дагуу шинээр эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  газрын даамалд даалгажээ.

1. Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55  дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн тухайд:

 Маргаан бүхий 2021 оны  А/28 дугаар захирамжаар хүчингүй болгосон Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55  дугаар захирамжаар[2] Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын ж, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5,48 дугаар  зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.5,40.1.6 дэх хэсгийг тус тус үндэслэн “5 га газрыг А.Ад эзэмшүүлэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын шийдвэрийг үндэслээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан, газар тариалангийн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж, борлуулалтын орлогоо олсон иргэнд эзэмшүүлэх тухай Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан  болон Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын  2 дахь заалтыг зөрчиж, тусгай шаардлага хангаагүй иргэнд газар эзэмшүүлсэн, газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрыг  зориулалтын  дагуу ашиглаагүй орхигдуулсан, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэргээр  газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг  ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр иргэн А.Ад газар эзэмшүүлсэн тус  сумын Засаг даргын 2009 оны 40 дүгээр захирамж болон  0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан  иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 54 дүгээр зүйлийн 54.4-т “Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна” гэж тус тус заасан.

Мөн Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 1-т “Газрын тухай хуулийн 29.3-т заасны дагуу Монгол Улсын иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан тариалангийн газрыг үр тариа болон тємс, хүнсний ногоо тарих зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэхэд энэ журмыг дагаж мєрдєнє”,  2-т “Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ”, 3-т “Энэ журмын 2-т заасан болзлыг хангасан иргэн тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу багийн Засаг даргад гаргана”, 4-т “Багийн Засаг дарга тариалангийн газрыг давуу эрхээр  эзэмших тухай иргэдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацааг тогтоож иргэдэд зарлах бєгєєд энэ хугацаанд багтааж ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан багийнхаа иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ. Багийн иргэдийн Нийтийн Хурал газрыг давуу эрхээр иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэх тухай саналаа хүсэлт гаргасан иргэн тус бүрээр хэлэлцэн гаргана”, 5-д “Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын саналыг ажлын 5 хоногт багтаан сумын Засаг даргад хүргүүлнэ”, 6-д “Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна”, 7-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж тухайн иргэн бүрт давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ (га-гаар)-г тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож шийдвэр гаргана” гэж тус тус зохицуулжээ.

Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55  дугаар захирамжаар  дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгосон 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[3]  тус сумын 4 дүгээр багийн “Хар үзүүр” нэртэй тариалангийн зориулалттай газраас гуравдагч этгээд А.Ад газар тариалангийн зориулалтаар 8 га газрыг эзэмшүүлсэн байх ба  уг захирамжийн дагуу 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх  гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна. Мөн гуравдагч этгээд А.Ад уг захирамжаар эзэмшүүлсэн газар нь  тус сумын 2009 оны буюу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, хуучин “Услалтын систем” гэж нэрлэдэг байсан 150 га тариалангийн зориулалттай  талбайд хамаарах газар  болох нь  Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар  тогтоол, түүний хавсралт[5], гэрч нарын мэдүүлгээр[6] тус тус нотлогдсон болно.

Харин тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын саналгүйгээр буюу дээрх  хууль, журмыг баримтлахгүйгээр Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс газар тариалангийн зориулалтаар  8 га газрыг эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдож байгаа боловч гуравдагч этгээд А.А нь  зэрлэг ургамал болон  суваг, шуудууг цэвэрлэх,  өтөг бууц асган  хөрсийг бордох зэргээр тухайн 8 га атаржсан газрыг боловсруулан тариалангийн зориулалтаар ашиглах боломжтой болгож, 2009 оноос эхлэн 2016 он хүртэлх хугацаанд хүнсний ногоо, тэжээл тарьж  тариалангийн зориулалтаар  ашиглаж байсан, уг газартаа хамгаалалтын чулуун хашаа болон 60 м.кв талбайтай, 2 өрөө бүхий ажилчдын амрах байр  зэрэг  үл хөдлөх хөрөнгө барьсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тус тус тогтоогдсон.

Мөн Алтанцөгц сумын  Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр  захирамж нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус акт биш, сөрөг нөлөөлөл бүхий акт биш,харин  гуравдагч этгээд А.Ад газар эзэмшүүлсэн буюу эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 48 дугаар зүйлийн  48.1 дэх хэсгийг баримтлан  уг 55 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь  хууль бус  байх ба Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд 5 жилийн дотор хүчингүй болгохоор хуульчилжээ.

Иймд гуравдагч этгээд А.Ад газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр  захирамжийг  11 жилийн дараа хүчингүй болгосон нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна. Үүнээс гадна гуравдагч этгээд А.Ад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлын санал,  шийдвэргүйгээр тариалангийн газар  эзэмшүүлсэн хэдий ч  тэрээр сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдсан газраас эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу тухайн 8 га газрыг 10-аад жил эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш 7 жилийн хугацаанд тариалангийн зориулалтаар   ашигласан, уг газарт хамгаалалтын чулуун хашаа, ажилчдын амрах байр гэсэн үл хөдлөх эд хөрөнгө барих болон  тариалангийн зориулалтаар  ашиглахын тулд газрыг боловсруулах  зэргээр  зардал гаргасан  нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахгүйгээр анх газар эзэмшүүлсэн  40 дүгээр захирамжийг хүчингүй болгох  шийдвэр гаргасан нь хууль бус байна гэж дүгнэлээ.

Дээр дурдсанаар Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 55 дугаар захирамжаар  2009 оны 40 дүгээр захирамжаас гадна  гуравдагч этгээд А.Аы 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшилд авсан газраа зориулалтын  дагуу ашиглаагүй орхигдуулсан, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэргээр  газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг  ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.5,40.1.6 дах хэсгийг тус тус үндэслэн  хүчингүй болгосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заасан.

Гуравдагч этгээд А.А нь 2009 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 7 жилийн  хугацаанд  тухайн газар дээрээ хүнсний ногоо, тэжээл тариалж, гэрээнд заасан “газар тариалангийн” зориулалтын  дагуу ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. 

Алтанцөгц сумын газрын даамал Б.Кенесбекийн  газар эзэмшигч А.Атай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг 20000 төгрөг гэж тусгасан, гэтэл  тэрээр шүүхэд “...газрын төлбөрийн хувьд  5 га газарт ойролцоогоор 8000 төгрөг төлдөг байсан”, ”...харин архиваас ирүүлсэн 2009 оны 08 дугаар тогтоолын хавсралтаас үзэхэд тариалангийн газрын хувьд 1 га газарт  676 төгрөгийн төлбөр тогтоосон  байна. Үүгээр тооцож үзэхэд А.А нь 5 га газарт 3380 төгрөг төлөх ёстой юм байна” гэж тус тус гэрчээр мэдүүлснээс үзэхэд газар эзэмшигч А.Аы төлөх газрын төлбөрийн хэмжээ  нь тодорхойгүй байгаа,түүнчлэн гуравдагч этгээд А.Ааас “газрын төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар төлж байсан” гэж тайлбар ирүүлсэн ба гэрчийн мэдүүлгээр[9]  “газрын даамлууд газрын төлбөрийг  бэлнээр авдаг байсан” гэх үйл баримт тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь 2020 оны 55 дугаар захирамжийг гаргахдаа буюу уг шийдвэр гаргах ажиллагаанд  А.Аыг оролцуулаагүй, тайлбар, саналыг нь аваагүй, мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үйл баримтад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, уг нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлаар  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэх  нөхцөл байдлыг  нотолж тогтоохгүйгээр, тухайн газар эзэмшигч   этгээдээс  санал, тайлбарыг нь авахгүйгээр, мөн гуравдагч этгээд А.Аы төлөх газрын төлбөрийн хэмжээ  нь  тодорхойгүй, тэрээр газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн  7 жилийн  хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж байсан нь тогтоогдож байхад газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг  ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтууд болон Газрын тухай хуулийн 40.2-т заасан “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд гуравдагч этгээд А.Ад  газар эзэмшүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр  захирамж, уг захирамжийн дагуу олгосон  2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгосон Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар захирамж нь  Захиргааны ерөнхий хуулийн  4  дүгээр зүйлийн 4.2.8,24 дүгээр зүйлийн 24.1,24.2,26 дугаар зүйлийн 26.1,48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай тус тус нийцээгүй,   хууль бус акт байна гэж дүгнэлээ.

2. Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар “Тариалангийн газар эзэмшүүлэх тухай” захирамжийн тухайд:

Маргаан бүхий 2021 оны А/28 дугаар захирамжаар хүчингүй болгосон  Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар захирамжаар[10] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3,27 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1, 54 дүгээр зүйлийг  тус тус үндэслэн тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Хар үзүүр” гэдэг газарт байрлах хуучин А.Аы эзэмшилд байсан газраас тариалангийн зориулалтаар  газар эзэмшихийг хүсэж өргөдөл ирүүлсэн гэж С.Г, А.И нарын 10 хүнд 4 га /хүн тус бүрд 0,4 га/ газар эзэмшүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11] 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  А.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Ш.С нар нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хар үзүүр”-т байрлах 80000 м.кв /8 га/ газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан,   гуравдагч этгээд Ш.Саас  2020 оны 02  дугаар сарын 11-ний өдөр “А.А нь эзэмшлийн 75954 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” агуулгатай өргөдөл, Алтанцөгц сумын  иргэн С.Г нарын 23 хүнээс  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А.Аы эзэмшил газрыг төрд буцааж авах, иргэдэд эзэмшүүлэх” агуулгатай өргөдөл, мөн  уг 23 хүнээс  2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр   “А.А нь тус газрыг иргэн Ш.Сад хуулийн дагуу эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна, тус газар нь  хууль ёсны эзэмшигчтэй  гэдгийг хүлээн зөвшөөрч,гаргасан өргөдлөө буцааж авах хүсэлт гаргаж байна” гэсэн агуулгатай  өргөдөл тус тус тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга С.Бэд  гаргасан. Гуравдагч этгээд Ш.Саас “А.А нь эзэмшлийн 75954 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” агуулгатай өргөдөл 2020 оны 12  дугаар сарын 10-ны өдөр сумын Засаг даргад дахин  гаргасан.  Мөн уг 70 дугаар захирамжийн дагуу  С.Г, А.И нарын 10 хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 54 дүгээр зүйлийн 54.4-т тус тус зааснаар тариалангийн газрыг давуу эрхээр  эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга Засгийн газраас тогтоосон журмын дагуу  зохион байгуулахаар хуульчилсан.

Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан  “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 1,2,3,4,5,6,7-д  тус тус зааснаар багийн Засаг дарга тариалангийн газрыг давуу эрхээр  эзэмших тухай иргэдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацааг тогтоож иргэдэд зарласнаар газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу багийн Засаг даргад гаргаж,  багийн Засаг дарга зарласан хугацаанд багтааж ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан багийнхаа иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас газрыг давуу эрхээр иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэхийг хүсэлт гаргасан иргэн тус бүрээр хэлэлцээд гаргасан саналыг  багийн Засаг дарга ажлын 5 хоногт багтаан сумын Засаг даргад хүргүүлснээр  сумын Засаг дарга уг саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд, иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж, тухайн иргэн бүрт давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож шийдвэр гаргахаар тус тус нарийвчлан зохицуулсан.

Алтанцөгц сумын  Засаг  даргаар ажиллаж байсан С.Б нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын шийдвэр,  багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг  үндэслээгүй, газар тариалангийн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж, түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог иргэнд эзэмшүүлэх тухай заалтыг зөрчиж, тусгай шаардлага хангаагүй иргэнд газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд А.Ад тариалангийн газар   эзэмшүүлсэн өмнөх Засаг даргын  шийдвэрийг 2020 онд 11 жилийн дараа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж хүчингүй болгосон мөртлөө дээрх хууль, журамд заасан тусгай шаардлага хангаагүй, тодруулбал  тусгай шаардлага хангасан талаарх нотлох баримтаа ирүүлээгүй иргэдэд тухайн  багийн иргэдийн Нийтийн Хурал,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай санал, шийдвэргүйгээр, түүнчлэн 2020 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байсан газраас тариалангийн  зориулалтаар газар  эзэмшүүлсэн[12] нь дээрх хууль, журмыг зөрчсөн байгаагаас гадна  Газрын тухайн хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад  шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Мөн  уг 70 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн 10 хүн  нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А.Аы газрыг чөлөөлж, иргэдэд эзэмшүүлэх”   агуулгатай  өргөдөл гаргасан 23 хүнд багтаж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх өргөдлөөсөө татгалзсан тухай өргөдөл гаргасан байхад  тухайн   нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн иргэд дээрх агуулга бүхий өргөдөл  гаргасан эсэх,  уг өргөдлөөсөө татгалзсан эсэхийг тодруулж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх  эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь мөн хууль бус  байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “А.Ад анх 5 га газрыг 10 жилийн хугацаагаар олгосон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний газар эзэмших эрх 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон” гэж маргасан.

Гуравдагч этгээд А.Аы  0236953 дугаартай  газар эзэмших  эрхийн гэрчилгээ дэх газрын хэмжээ болон  газар эзэмшүүлсэн хугацааны хэсэг засвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон боловч Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр А.Ад тус сумын 4 дүгээр багийн “Хар үзүүр” нэртэй тариалангийн зориулалттай талбайгаас  8 га газар эзэмшүүлсэн  тухай захирамж хэрэгт авагдсан бөгөөд тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Б.Пийн мэдүүлгээр 8 га газар эзэмшүүлсэн  захирамж гарсан болох нь тогтоогдсон, мөн  Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж зааснаар газрыг доод тал нь 15 жилээр эзэмшүүлэхээр хуульчилсан байх тул  2020 оны 70

дугаар захирамжийг гаргах  үед А.Аы газар эзэмших эрх дуусгавар болсон  байсан гэж үзэх  үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд  дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр  захирамж, уг захирамжийн дагуу олгосон  2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  0236953 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгосон Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар захирамж болон нэхэмжлэгч С.Г, А.И нарын 10 хүнд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар захирамж хууль  бус болох нь  тогтоогдож байх тул тухайн захирамжуудыг хүчингүй болгосон Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг захирамж  нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1,48.3-д заасантай тус тус нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн уг заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Энэхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хууль ёсны, өөрөөр хэлбэл хуулийн дагуу үүссэн эрх , хууль ёсны ашиг сонирхол  бол хамгаалагдах бөгөөд  тухайн тохиолдолд нэхэмжлэгч  С.Г, А.И нарт Алтанцөгц сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар захирамжаар маргаан бүхий газраас  тус бүр 0,4 га газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн байгаа боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүйгээс гадна хууль, журмын дагуу эзэмшүүлээгүй  байх тул  нэхэмжлэгч нарт  газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй буюу хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй юм.

Мөн    гуравдагч этгээд А.Ад газар эзэмшүүлсэн  эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг   хүчингүй болгосон  хууль бус  шийдвэр болох  сумын Засаг даргын 2020 оны 55 дугаар захирамжийг маргаан бүхий 2021 оны А/28 дугаар захирамжаар хүчингүй болгосон  нь  хуульд нийцсэн тул  маргаан бүхий газрын эзэмшигч А.Аы газар эзэмших эрхийн гэрчилгээг  талуудын нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн   уг захирамжаар  гуравдагч этгээд Ш.Сад  шилжүүлэн эзэмшүүлсэн нь  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасантай нийцсэн  байх бөгөөд үүний  улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх,  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө  гэж үзэх үндэслэлгүй болно.

Дээрх байдлаар  маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй,  нэхэмжлэгч нарын эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.1.4,40 дүгээр зүйлийн 40.2, 54 дүгээр зүйлийн 54.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1,48 дугаар зүйлийн 48.2.1,48.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г, А.И нарын “Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 33-р хуудас

[2] Хэргийн 6-7-р хуудас

[3] Хэргийн 192-р хуудас

[4]  Хэргийн 83-84-р хуудас/2-р хавтас/

[5]  Хэргийн 201-204-р хуудас

[6] Хэргийн 239-240-р хуудас  6-7-р хуудас/2-р хавтас/

[7] Хэргийн 105-109,224,239-240-р хуудас

[8] Хэргийн 27-29,136-139,147-149,196-197,239-240-р хуудас  6-7,23,91-р хуудас/2-р хавтас/

[9] Хэргийн 101-102-р хуудас/2-р хавтас/

[10] Хэргийн 8-9-р хуудас

[11] Хэргийн 30,36,48-50,105-109,159,161-162 -р хуудас

[12]  Хэргийн 105-109,120-133,136-139,225,233-235-р хуудас