| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0272/3 |
| Дугаар | 221/МА2024/0686 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0686
“Хт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “Хт” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 658 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С/цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0272/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 658 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 40.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хт” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Хт" ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/**** тоот тушаалаар 2 га газрыг ашиглаж эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 13 жил тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сард албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн тус албан бичгийн хариуг 2023 оны 07 дугаар 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд илгээсэн. Газар эзэмших эрх хүчингүй болох нөхцөл байдал бүрдсэнийг тухай үедээ нэхэмжлэгч компани ойлгож байсан. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/*** тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газрын гэрчилгээг хураах албан бичгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас илгээсэн. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан шуудангийн баримтаар тогтоогддог.
Тухайн газарт хийсэн шүүхийн үзлэгээр төвийн өндөр хүчдэлийн шугамаас өөр ямар нэг бүтээн байгуулалт хийсэн, барилга барьсан зүйл байгаагүй бөгөөд 13 жил тухайн газрыг ашиглаагүй шалтгаанаа газрын орц, гарцтай холбож тайлбарлаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хаагуур гарахыг зааж өгөх үүрэггүй. Харин зарим орц, гарцыг яаж хийх талаарх захирамж, шийдвэрүүдийг гаргаж байсан. Хууль ёсны дагуу ашиглах боломж нь бүрдсэн байхад тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байтал 2024 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 20, 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Сүүлд 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тиймээс хуульд заасан Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл тухайн тушаалыг хүчинтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. Ингэснээр "Хт" ХХК газар ашиглах эрхээ хүчингүй болсныг мэдсэн. Тухайн албан бичгийг тэмдэглэл үйлдэн хүлээн авсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох хугацаа болохгүй гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулсан, барилга байшин барьсан зүйл тогтоогдоогүй. Хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Модон хашаа байгаа гэсэн боловч тус хашааг "Хт" ХХК бариагүй, өөр компанийн хашаа гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Тиймээс газартаа хөрөнгө оруулалт хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээр нь хангасан боловч өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй учраас газрын эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж болон нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0658 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Хт” ХХК-аас “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.
2.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-**** дугаар тушаалаар[1] “Хт” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын дархан цаазат газар Згийн ам нэртэй газарт 1.7 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрх олгож, *** дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээг[2] 5 жилийн хугацаатайгаар 2011 оны 01 дүгэр сарын 05-ны өдөр олгожээ.
3.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/** дугаар тушаалаар[3] нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 790 дугаар шийдвэрээр[4] “Хт” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/** тоот тушаалын “Хт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар магадлалаар[5] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/** дугаар тушаалаар[6] шүүхийн шийдвэрийг биелүүлж “Хт” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн ба мөн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/** дугаар албан бичгээр[7] “Хт” ХХК-ийн 1.7 га газрын хэмжээг 2 га болгон өөрчилсөн байна.
6.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дахин “Хт” ХХК-г газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 8 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ** дугаар албан бичгээр[8] “Хт” ХХК-д хүргүүлжээ.
7.Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *** дугаар албан бичгээр[9] Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт нэхэмжлэгч компанийн ашиглалтын газрыг хүчингүй болгуулах саналыг хүргүүлснээр хариуцагчаас маргааны үхий А/*** дугаар тушаалаар “Хт” ХХК-ийн 19,980 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.
8.Маргаан бүхий А/*** дугаар тушаалаар[10] “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан XIV хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэн “...газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
9.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”,
40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ..., 40.1.6, ...-д заасан үндэслэлээр” гэжээ.
10.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” гэж заасан.
11. Нэхэмжлэгч “Хт” ХХК нь орц, гарц нь хаагдсан, түүнийг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
12.Мөн нэхэмжлэгч компани нь өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний зам барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, авто замыг барихаар зураг төслийн ажил эхлүүлсэн, дээрх зураг төсөлтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэж тухайн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар[18] тогтоогдож байна.
13.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компанийн ашиглалтын газрын орц, гарц хаагдсан, орц, гарцны асуудлыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан, өөрийн газрыг ашиглахаар бэлтгэл ажлуудыг хийсэн зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгч компаниас үл хамаарах шалтгаанаар буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглалтын газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
14.Иймээс нэхэмжлэгч “Хт” ХХК-г газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэл бүхий болжээ.
15.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд очиж гардан авсан, гардан авахдаа энэ талаар тэмдэглэл үйлдсэн[19] бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 104-105 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 51-56 дах талд дурдсан.
[4] Хэргийн 1-р хавтас 51-56 дах тал
[5] Хэргийн 1-р хавтас 46-50 дах тал
[6] Хэргийн 1-р хавтас 103 дах тал
[7] Хэргийн 1-р хавтас 101 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас139 дах тал
[9] Хэргийн 1-р хавтас 108 дах тал
[10] Хэргийн 1-р хавтас, 25 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 68 дах тал
[12] Хэргийн 1-р хавтас 71 дах тал
[13] Хэргийн 1-р хавтас 61-62 дах тал
[14] Хэргийн 1-р хавтас 69-70 дах тал
[15] Хэргийн 1-р хавтас 67 дах тал
[16] Хэргийн 1-р хавтас 65-66 дах тал
[17] Хэргийн 1-р хавтас 73 дах тал
[18] Хэргийн 1-р хавтас 28, 36-39, 59, 60, 179-237 дахь тал
[19] Хэргийн 1-р хавтас 6-8 дахь тал