Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч М.Ариунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхжаргалын Ариунтунгалагт холбогдох эрүүгийн 201619000643 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, халх, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 35-49 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхжаргалын Ариунтунгалаг /РД:АЮ89070487/ гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

          Шүүгдэгч М.Ариунтунгалаг нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Улаанбаатар Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Самсунг ЭсЭМ-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч 8 настай М.Ууганбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ариунтунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 2-нд 7 цагийн үед хадамийндаа очиж хүүхдээ аваачиж өгнө гээд явсан юм. Тэгээд ээжээ би машинтай явж байгаад унчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд хүү минь нас барчихсан байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Б.Мишиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Талийгаач хүү Ууганбаатар бол миний ач хүү байгаа юм би өвөө нь байгаа юм. Түүний ээж болох Ариунтунгалаг бол манай зээ охин байгаа юм. Ууганбаатар бол Ариунтунгалагаас төрсөн хүүхэд 5 жилийн өмнө Ариунтунгалаг төрсөн аав ээж болох Мөнхжаргал, Мягмарсүрэн хоёрт өргүүлсэн юм би бол Мөнхжаргалын төрсөн ах нь байгаа юм. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн үед Ариунтунгалаг 10-95 УНБ улсын дугаартай Самсунг ЭсЭМ-5 маркийн машинтай Төв аймгийн Зуунмод сум орохоор Ууганбаатар, болон 3 настай бага хүүгийн хамт гарсан юм. Манай Ариунтунгалаг бие давхар төрөх дөхсөн байсан юм. Ариунтунгалагт жолооны үнэмлэх байхгүй огт жолооны үнэмлэх авч байгаагүй. 1 жилийн өмнөөс л сонирхож эхэлсэн ер нь машин тэрэг их барьж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-25 тал/,

 

Гэрч Г.Бямбабаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Мөнхжаргал овогтой Ариунтунгалаг бол манай эхнэр байгаа юм. Жил гарангийн өмнө Улаанбаатар хотод Хос тарам гэх жолооны курст суусан үнэмлэх нь гарч амжааагүй байгаа. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Я.Гантуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №194 тоот ...М.Ууганбаатар нь АВО системээр Bα III бүлгийн цустай байна.. гэх дүгнэлт, /хх-ийн 29-р хуудас/

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №126 тоот акт

1. Талийгаач М.Ууганбаатарын биед Үнхэлцэг хальсны урагдал, элэгний задарсан шарх, холбоост цус хуралт, цээж хэвлийн хөндий дахь илүүдэл агууламж, нойр булчирхайн хальсанд цус хуралт, цээжний хэнхэрцэг зүүн талд 3,4,5-р хавирганд хугарал, баруун зүүн эгэмний булчинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун зовхи, хацар, хамар, уруул, эрүү, зүүн хөх, зүүн бугалга, баруун шуу, гуя, хэвлий, зүүн шилбэ, тавхайд зулгаралт, зүүн зовхи, хацар, хамар эрүү, урууланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.

4. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь нас бараад 4-6 цаг болсон байх боломжтой гэх дүгнэлт, /хх-ийн 30-31-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6070 тоот дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн SAMSUNG CM-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай салж унасан, урд бамбайн хуванцар сээтэг салсан, урд нүүр салсан, баруун зүүн талын гэрэл хагарсан.  Капот зурагдаж хонхойсон, зүүн урд талын далбаа, зүүн урд зүүн хойд хаалга зурагдаж хонохойсон, зүүн талын далбаа дотогшоо хонхойж үрчийсэн. Зүүн хойд талын гэрэл хагарсан, баруун хойд талын гэрлийн цацруулагч хагарсан. Баруун хойд талын далбаа хонхойж зурагдсан баруун урд талын дугуй хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна.

2. Автомашины кузов хэсэгт гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна.

3. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй.

4. Зүүн урд талын дугуй хагарсан. Баруун урд болон баруун хойд дугуйн ободны завсар шороо, чулуу мэт зүйл хавчуулагдсан хэсгээр хий гарч байгаа нь ослын үед хийгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Зүүн урд талын дугуй ослын өмнө хойно хагарсан эсэх, тухайн дугуй нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтооход хэргийн материалаас болон хаймар дугуйн хагарлаар тодорхойлох боломжгүй байна.

6. Автомашин асаж явах боломжгүй тул явах эд ангийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй, тоормосны механизм ажиллаж байгаа нь ослын өмнө тоормосны механизм ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий нөхцөл байдал гараагүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-46-р хуудас/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг шинжээч Н.Лхагвадоржийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00000115 тоот дүгнэлт

1. Хавтаст хэргийг судалж үзэхэд Самсунг СМ-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Ариунтунгалаг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. М.Ариунтунгалаг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Хавтаст хэргийг судалж үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй.

3. Хавтаст хэргийг судалж үзэхэд асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий байдлын талаар дүгнэлтэнд тусгах зүйлгүй гэх дүгнэлт /хх-48-р хуудас/,

 

Шинжээч Н.Лхагвадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ослын өмнө тээврийн хэрэгслийн дугуй хагарсан тохиолдолд түүнийг аюул саад гэж үзнэ гэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч бүрэн хариуцах үүрэгтэй дугуй хагарсаны улмаас осол болоход жолооч ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтыг зөрчсөн гэж үзнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүй улмаас осол болсон гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй... гэх мэдүүлэг /хх-49-50-р хуудас/,

 

Бусад баримт:

- Хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-8-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11-р хуудас/,

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 хуудас /,

- Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтүвшин 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-18 хуудас /,

          - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-19 хуудас /,

- эд зүйлийн үнэлгээ /хх-20 хуудас /,

          - эд зүйлийн үнэлгээ /хх-27 хуудас /,

          - Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184 тоот М.Ариунтунгалагийн нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэх  лавлагаа /хх-65 хуудас/,

          - Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1051 тоот М.Ариунтунгалийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна гэх албан бичиг / хх-66 хуудас/,

          - Самсунг СМ-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-67 хуудас/,

          - Транскапитал ББСБ-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/1282 тоот ..зээлдэгч Ч.Мягмарсүрэн тухайн хэрэгт холбогдолгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул иргэний нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзэж байна... гэх албан бичиг /хх-69 хуудас/,

          - Үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-70 хуудас/,

          - Б.Бадамцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-71 хуудас/,

          - Б.Амгаланбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-72 хуудас/,

          - Б.Ууганбаатарын төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх-73 хуудас/,

          -шүүгдэгч М.Ариунтунгалагын ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-62 хуудас /,

- шүүгдэгч М.Ариунтунгалагыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх-58 хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-61 хуудас / тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Ариунтунгалаг нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Улаанбаатар Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Самсунг ЭсЭМ-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч 5 настай М.Ууганбаатарын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний охин М.Ариунтунгалаг нь өөрийн 2 хүү Ууганбаатар, Амгаланбаатар нарыг хадамынхаа гэрт аваачиж өгөхөөр Төв аймгийн Зуунмод сум руу 15 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд 16 цагийн үед над руу залгаад ээжээ би машинтайгаа уначихлаа том хүү Ууганбаатарын бие муу байна хурдан наашаа ир гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд хүү нас барсан байсан... мэдүүлэг, гэрч Б.Мишигийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн үед Ариунтунгалаг 10-95 УНБ улсын дугаартай Самсунг ЭсЭМ-5 маркийн машинтай Төв аймгийн Зуунмод сум орохоор Ууганбаатар, болон 3 настай бага хүүгийн хамт гарсан юм. Манай Ариунтунгалаг бие давхар төрөх дөхсөн байсан юм.... гэх мэдүүлэг, Шинжээч Н.Лхагвадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүй улмаас осол болсон гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй... гэх мэдүүлэг, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №126 тоот акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6070 тоот дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг шинжээч Н.Лхагвадоржийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00000115 тоот дүгнэлт болон шүүгдэгч М.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ариунтунгалагыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч М.Ариунтунгалагт ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.8 дахь хэсэгт  жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Ариунтунгалаг нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн Б.Амгаланбаатар, 2016 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Бадамцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ариунтунгалагт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-22-24 хуудас/ гэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэнд энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээгээр 4.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн саарал өнгийн Самсунг СМ-5 маркийн 10-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Транскапитал ББСБ-ын өмчлөлийнх байх бөгөөд Транскапитал ББСБ нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/1282 тоот албан бичигт ..зээлдэгч Ч.Мягмарсүрэн тухайн хэрэгт холбогдолгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул иргэний нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор М.Ариунтунгалаг нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтүвшин 2016 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн М.Ариунтунгалагийн эзэмшлийн хар өнгийн 49 инчийн самсунг маркийн телевизор, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн хагас автомат хаер маркийн угаалгын машины битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Ариунтунгалагт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ариунтунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Ариунтунгалагийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар М.Ариунтунгалагын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ариунтунгалагт оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ариунтунгалагын тээврийн хэрэгсэл жолоодох 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт зааснаар ялтан М.Ариунтунгалагт оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтан М.Ариунтунгалагт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэгт зааснаар М.Ариунтунгалаг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногуудлах болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Ариунтунгалагт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

8. Ялтан М.Ариунтунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мягмарсүрэн нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Транскапитал ББСБ нь нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор Хар өнгийн 49 инчийн самсунг маркийн телевизор, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн хагас автомат хаер маркийн угаалгын машин-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ариунтунгалагт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА