| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0844/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1404 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1404
2022 11 15 2022/ШЦТ/1404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
Улсын яллагч С.Энхням,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Гт холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн * дансны дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт олж, 2022 оны 7 дугаар сарын 21-ээс 2022 оны 7 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд 851618 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.С гээгдүүлсэн ............ дансны дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт, тус картад байгаа мөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2022 оны 7 дугаар сарын 21-ээс 2022 оны 7 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд 851618 төгрөгийг завшсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...2022.7.21-ний Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны ............ дугаарын Britto загварын картыг гээгдүүлж картаас 851.618 төгрөгийн зарлага гарсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- насанд хүрээгүй хохирогч А.С...Би 2022 оны 7дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед СХД-н 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрнаас урагшаа Цамбагарав хүртэл алхаж байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны ............ дугаарын данстай банкны Britto загварын картыг гээсэн байсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гадаад улсад байдаг аав А над руу холбогдож картаас мөнгө байнга гараад байна гэхэд цагдаагийн байгууллагад хандсан...Тухайн карт чиптэй учир дэлгүүрт нууц кодыг нь хийхгүйгээр 50.000 төгрөгөөс доош худалдан авалтууд хийж уншуулсан байсан. 2022 оны 7 дугаар сарын 21-ээс 24-н хүртэлх хугацаанд картыг маань нийт 30 удаагийн гүйлгээгээр 851.618 төгрөгийн зарлага гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
- гэрч Э.Дын...Ээж Г г нь Худалдаа хөгжлийн банкны цэнхэр өнгөтэй карт олсон гэж надад харуулсан ба тус картыг би, хадам ээж Ганцэцэг нар ашигласан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
- шүүгдэгч А.Гийн... 2022 оны 7 дугаар сарын дундуур...автобусны буудлын сандал дээр тамхи татаад сууж байгаад босоод ирсэн чинь хогийн савны хажууд худалдаа хөгжлийн банкны шар өнгөтэй үхрийн зурагтай виза карт байсан. Би тэр виза картыг аваад халаасандаа хийгээд байж байхад охин хүү хоёр ирэхээр нь Теди төв рүү явсан. Тэр үед би хүү, охин хоёртоо виза карт олсон талаараа хэлээгүй...Маргааш нь 0-17 насны 7 хүүхэд маань өлсөөд байна гэж хэлээд байхлаар нь аргагүй эрхэнд гадагшаа гарч өмнөх өдөр олсон виза карт манай гэрийн доод талд байрлах Эгүүшин гэх дэлгүүр дээр очоод боорцог, талх, хиам, элэгний нухаг зэргийг аваад тухайн олсон виза картаа уншуулж үзсэн чинь болж байсан. Би тэр үед ойролцоогоор 38.000 төгрөгөөр эд зүйл авсан...Охин Д, хүргэн А нар хаанаас юу аваад ирсэн юм бэ гэж асуухлаар нь гудамжинд явж байхад “үл таних нэг хүн надад энэ виза картыг өгч ашиглаарай” гэж хэлсэн гэж худлаа хэлсэн чинь хүүхдүүд надад итгэсэн. Би тэр виза картыг охин хүргэн хоёрт өгч явуулаад хоол хүнсний зүйл аваад ирээрэй гэж хэлээд...гурил, будаа, элсэн чихэр авч ирээд надад виза картыг өгсөн. Түүнээс хойш манай хүүхдүүд өлсөөд, аргагүй эрхэнд тэр виза картыг өөрөө ашиглаж ойролцоогоор 800.000 төгрөгийг ашигласан...гэх мэдүүлэг /хх-69-70, 86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нотлогдсон.
Тус шүүгдэгчийн хувьд хохирогчийн гээгдүүлсэн “мөнгө бүхий” картыг олсон, тус карт нь нууц кодгүй буюу шууд уншигдан гүйлгээ хийгддэг буюу хохирогчийн карт дахь мөнгө шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй байдлаас шилжсэн зэрэг үйл баримтыг харгалзан тус хэргийн зүйлчлэлийг зөв, харин хулгайлах гэмт хэргийн шинж агуулсан хэмээн тус шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан болно.
Иймд шүүгдэгч А.Гийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулж авсан байх /хх-88-89/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч А.Г нь урьд 1998 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч ялыг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-37, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 13 гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-35, 37, 39-40, 43-44, 68, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А.Гийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл тус хэрэгт хавсаргасугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР