Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1486

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ц.Шагдар,

хохирогчийн төлөөлөгч П.Б,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ц-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2202005260363 дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ** дүгээр цэргийн ангийн ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Дн Ц (РД:).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц нь нийтийн албан тушаалтан буюу ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.6, 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-т заасан заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж

Ц.Ог тус цэцэрлэгийн бүлгийн багшаар 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан мэтээр Б/07 тоот тушаал гаргаж 200,000 төгрөгийн илүү цалин олгож, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нөхөр П.Гн банкны ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

Э.Мг тус цэцэрлэгийн цахилгаанчнаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан мэтээр Б/35 тоот тушаал гаргаж 378,000 төгрөгийн илүү цалин олгож, 2022 оны 4 дүгээр сарын 28, 5 дугаар сарын 26-ны өдөр нөхөр П.Гн банкны ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

Б.Аг тус цэцэрлэгийн туслах багшаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан мэтээр Б/35 тоот тушаал гаргаж 344,000 төгрөгийн илүү цалин олгож, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр П.Гн банкны ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

тус цэцэрлэгийн тогооч Э.Гг 2021 оны 11 дүгээр сард цалингүй чөлөө авсан цаг хугацааг ажилласан цагаар тооцож, 400,000 төгрөгийг илүү олгож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нярав Д.Ин банкны ...тоот дансаар шилжүүлэн авч, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлын 2,602,430 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын дансанд хийсэн. Дүүгийнхээ хүүхдийг харж өдөрт 50,000 төгрөг авдаг. Торгох ялыг 3 сарын хугацаанд төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосноор хохирогчийн төлөөлөгчөөр томилогдсон. Төсөвт учруулсан хохирол 2,602,000 төгрөгөө төлсөн тул гомдолгүй” гэв.

Эрүүгийн 2202005260363 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бн: “...Д.Цн үйлдлийн улмаас учирсан хохирол 2,602,430 төгрөгийг нөхөн төлж хохирлыг барагдуулсан гэж ойлголоо. Сонгинохайрхан дүүргийн *** дугаар цэцэрлэгийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж, бусад хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж байна. Д.Цм нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан хуулийн дагуу ажиллах ёстой боловч албан үүргээ хууль бусаар хэрэгжүүлж өөртөө давуу байдал бий болгосон байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Гэрч Ц.Он: “...Би** дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байгаад 2021 оны 10 сарын 21-ний өдөр жирэмсний болон амаржсаны чөлөө авсан. Ажилдаа 2022 оны 02 сарын 08-ны өдөр орсон. Намайг ажилд томилсон тушаал 2022 оны 02 сарын 01-ний өдөр гарсныг мэдэхгүй, тушаалыг надад танилцуулаагүй. Би 02 сарын 08-наас орсон шүү дээ гэж хэлсэн. Цалин 02 сарын 25-нд орсон. Эрхлэгч над руу залгаад “цалин илүү орчихсон байгаа биз дээ, илүүг нь шилжүүл” гээд данс явуулсан. Би 200,000 төгрөг шилжүүлсэн. Би баярласан сэтгэлээ илэрхийлж энэ мөнгийг өгсөн зүйл байхгүй, Д.Ц эрхлэгч илүү орсон цалин гэж хэлээд надаас буцааж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал),

Гэрч Э.Мн: “...Би эрхлэгч Д.Цд ажилд орохын тулд мөнгө, эд зүйл өгсөн зүйл байхгүй. 2022 оны 04 сарын 20-ны өдөр ажилд орсон. Тэгэхэд эрхлэгч надтай яриад “Чи 8 хоног ажилласан, 8 хоногийн чинь цалин 130,000 төгрөг, чиний дансанд илүү орсон мөнгө байгаа буцаагаад шилжүүлчих” гээд данс өгсөн. 280,000 орчим төгрөг бэлнээр гаргаж авсан. 2022.04.27-ны өдөр цэцэрлэгийн цэвэрлэгч Золоод бүгдийг нь “даргад өгөх мөнгө шүү” гэж хэлээд өгсөн. Мөн 5 сарын цалин орсон. Эрхлэгч Д.Ц залгаад “Чиний дансанд өөр хүний цалин орсон, 113,000 төгрөгийг данс руу шилжүүлчих” гээд данс өгсөн. ...Д.Б “надад бэлэн мөнгөний хэрэг байна, чи надад бэлэн мөнгөө өгчих, би Мобайл банктай юм чинь шилжүүлчихээд чиний бэлэн мөнгийг авчихъя” гэхээр нь өгсөн данс руу 113,000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал),

Гэрч Д.Бн: “2022 оны 05 сарын 26-ны өдөр надад бэлэн мөнгө хэрэгтэй болсон. ...М “Надад 150,000 төгрөг бэлэн байна, би хүнд өгөх ёстой мөнгө юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад 150,000 төгрөгөө өгчих, би данс руу шилжүүлчихье” гэж хэлсэн. Тухайн данс руу нь өөрийнхөө данснаас 113,000 төгрөг шилжүүлээд Мс бэлнээр 113,000 төгрөгийг нь авсан. Би Мс “гүйлгээний утга дээр юу гэж бичих вэ, Мөнх-Эрдэнээс гээд биччих үү” гэж асуусан. Тэгэхэд М “Цд Мс гээд биччихгүй юу” гэхээр нь тийм гүйлгээний утга бичсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал),

Гэрч Э.Мн: “Манай цэцэрлэгийн эрхлэгч Д.Ц өрөөнд орж ирээд “Танай нөхөр хувиараа ажил хийдэг билүү” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тиймээ” гэсэн. Тэгсэн чинь “Ц гуайн цалин буух гээд байна, цалинг нь өгөх гэхээр тэтгэвэрт гарсан хүн ажиллуулж болохгүй юм байна, цалинг нь танай нөхрийн дансанд хийгээд Ц гуай руу шилжүүлчихье” гэсэн. “Өөрийнх нь данс руу хийж болдоггүй юм уу” гэсэн чинь “Тэтгэвэрт гарсан хүн болдоггүй юм” гэж хэлсэн. Би нөхрөөсөө асууж байгаад хариу хэлье гээд утсаар нөхрөөсөө асуусан. Нөхөр надад “болохгүй шүү дээ, би хөдөө гадаа явдаг болохоор наад хүний чинь данс руу буцааж шилжүүлэх гээд цалин мөнгө нь удаачихна шүү дээ, өөрийнх нь данс руу хийлгэж болдоггүй юм уу, ямар учиртай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд нөхөр “цуг ажилладаг, дарга чинь болохоор үгүй гэх муухай юм даа” гээд надад дансны дугаараа өгсөн. Би уг дугаарыг Д.Ц даргад өгсөн. Ийм зүйл болсон. Орсон бүх цалинг нь шилжүүлсэн. Заримдаа ч би нөхрөө хөдөө яваад сүлжээгүй болчихоор нь өөрийнхөө данснаас Ц ах руу шилжүүлчихдэг байсан. Би нөхөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д.Ц эрхлэгчтэй үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Даргынхаа Цд цалин олгох гэсэн гуйлтыг л биелүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал),

Гэрч Б.Ан: “Би туслах багшаар 2022 оны 04 сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Яг хэдний өдөр томилогдсоноо мэдэхгүй. Тухайн сарын цалин 4 сарын 29-ний өдөр 650,000 төгрөг орсон. Эрхлэгч залгаад “чиний өмнөх багшийн цалин илүү бодогдож орсон шүү, 344,000 төгрөг” гээд данс өгөөд хийгээрэй гэсэн. Тэгээд би тэр данс руу 344,000 төгрөгийг шилжүүлсэн. Дансны нэр нь Г гэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал),

Гэрч Э.Гн: “Би 2021 оны 11 сарын сүүлээр чөлөө авсан. 2021 оны 12 сарын дунд үеэр надад цалин 470,000 төгрөг орсон. Эрхлэгч залгаад “Чамд цалин орсон, надад наад мөнгөө даргадаа авч ирээд өгчих” гэж хэлсэн. Би Д.Ц эрхлэгчийн өрөөнд очоод “470,000 төгрөгийн цалин орсон, би 3-4 хоног ажилласан шүү дээ” гэдгээ хэлсэн. Тэгэхэд эрхлэгч “тэгвэл 400,000 төгрөгийг нярав Ичинхорлоогийн данс руу хийчих гэж хэлсэн, би шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),

Гэрч Т.Гн: “Миний нийгмийн даатгалын шимтгэл ***р цэцэрлэгээс төлөгдсөн эсэхийг мэдэхгүй. Анх эхнэр М “Манай ажлын тэтгэвэрт гарсан хүний цалин чиний дансаар орж ирэхээр нь буцаагаад данс руу нь шилжүүлчихээч, манай эрхлэгч “Танай нөхрийн нэр дээр цалинг оруулаад явъя” гэж байна гэж надад хэлсэн. Би “яахаараа тэр хүний цалин миний дансаар ордог юм, наад чинь дэмий юм биш үү” гэж эхнэртээ хэлсэн. Би “дарга нь л тэгээд байгаа юм байна” гэж бодоод эхнэр тэнд ажилладаг, 2 хүүхэд маань тэр цэцэрлэгт явдаг болохоор зөвшөөрсөн. Миний ...тоот дансаар 2021 оны 09 сарын 12-ны өдрөөс хойш одоог хүртэл сар бүр ойролцоогоор 500,000 орчим төгрөг ордог. Би Ц гэх хүний данс руу шилжүүлчихдэг...” гэх мэдүүлэг мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал),

Гэрч Д.Ин: “...2021 оны 10 сард тогооч Г миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Түүнийг нь эрхлэгч Ц бэлнээр аваад ирээрэй гэхээр нь аваачиж өгсөн. *** дугаар цэцэрлэгийн ажилчдын ажилласан сар бүрийн тооцоог би гаргадаг байсан. Цагийн тооцоог гаргаад эрхлэгчид хянуулдаг. Тэгээд эрхлэгч засвар хийсний дагуу хэвлээд гарын үсэг зурдаг. Би тухайн үед илүү цалин олгож авч байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141, 143-144 дэх тал),

Гэрч Б.Бн: “...Би ***дугаар цэцэрлэгт 2020 оны 05 сарын 18-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байна. Ажилчдын цагийн тооцоо гарахад би оролцдоггүй. Би Г гэдэг хүн ажиллахгүй байхад цалин олгож байсан талаар мэдээгүй. Надад ажилд томилогдсон тушаал, цагийн тооцоо л ирдэг. Гн хөдөлмөрийн гэрээ ирж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал),

Шүүгдэгч Д.Цн яллагдагчаар өгсөн: “Ц.О хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2022 оны 02 сарын дундуур цэцэрлэгийн багшаар ажиллах хүсэлт гаргасан. Тэгээд би ажилд томилсон тушаалын огноог 2022 оны 02 сарын 01-ний өдөр болгож гаргасан. Ц.Он данс руу ажиллаагүй хугацааны цалинг ажилласнаар бүртгэж, илүү цалин олгосон. Тухайн илүү олгосон 200,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 25-ны өдөр Ц.Ос өөрийн нөхөр П.Гн ...тоот дансаар буцааж авсан. Энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би нөхрийн картыг ашигладаг байсан. Э.Мг 2022 оны 04 сарын сүүлээр цахилгаанчны ажилд томилсон. Тушаалын огноог 2022 оны 04 сарын 01 болгон өөрчилж гаргасан. Ажиллаагүй хоногийн цалинг илүү олгож нийт 378,000 төгрөгийг мөн л өөрийн нөхрийн дансаар авсан. Энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Б.Аг тус цэцэрлэгийн туслах багшаар 2022 оны 04 сарын 01-ний өдөр томилсон тушаал гаргасан. Б.А нь 2022 оны 04 сарын дундуур ажилд орсон. Би тушаалын огноог урагшлуулж, ажиллаагүй хугацааны цалин 344,000 төгрөг Б.Ад олгож, дараа нь өөрийн нөхрийн данс руу шилжүүлэн авсан. ...Төсвийн мөнгийг ингэж хувийн сэдлээр зарцуулсан нь миний буруу, буцаан төсөвт төлөх болно...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал),

Нийслэлийн засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/54 дүгээр “Д.Цг ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэх захирамж (1 дэх хавтас, хх-95), цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтас, хх-98-104), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны Б/65 дугаартай “Д.Цг ажлаас чөлөөлөх тухай” захирамж (3 дахь хавтас, хх-118),

Сонгинохайрхан дүүргийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай “Ц.Ог ажилд авах тухай” тушаал, цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ (2 дахь хавтас, хх-3-11), 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай “Э.Мг ажилд авах тухай” тушаал, цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ (2 дахь хавтас, хх-12-19), 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаартай “Б.Аг ажилд авах тухай” тушаал, цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ (2 дахь хавтас, хх-38-44), 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаартай “Т.Гг ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ (2 дахь хавтас, хх-45-54), *** дугаар цэцэрлэгийн ирцийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 186-198 дахь тал), Авлигатай тэмцэх газрын ...тоот дансанд хохирол шилжүүлсэн баримт (3 дахь хавтас, хх-96),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-88), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтас, хх-73), үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа (3 дахь хавтас, хх-78), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (3 дахь хавтас, хх-83), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (3 дахь хавтас, хх-128), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (3 дахь хавтас, хх-129-130), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний ухай” санал (3 дахь хавтас, хх-124-125) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ц нийтийн албан тушаалтан болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэх заалтыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий 4 иргэнийг тус цэцэрлэгийн бүлгийн багш, цахилгаанчин, тогооч, туслах багшаар томилсон тушаал гаргахдаа огноог өөрөөр бичиж, ажиллаагүй хугацааг нь ажилласан мэтээр тооцон цалин олгож, нийт 1,322,000 төгрөгийг өөрийн нөхрийн ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч Ц.Он “...2022 оны 02 сарын 08-ны өдөр ажилдаа орсон. Эрхлэгч залгаад “цалин илүү орчихсон байгаа биз дээ, илүүг нь шилжүүл” гээд данс явуулсан. ...би 200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-109-110), гэрч Э.Мн “...2022 оны 4 сарын 20-ны өдөр ажилд орсон. Эрхлэгч ** залгаад “чиний дансанд өөр хүний цалин орсон байгаа, 113,000 төгрөгийг данс руу шилжүүлчих” гээд данс өгсөн, шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-116-117), гэрч Б.Ан “...2022 оны 4 сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Тухайн сарын цалин 04 сарын 29-ний өдөр 650,000 төгрөг орсон. Эрхлэгч залгаад “чиний өмнөх багшийн цалин илүү бодогдож орсон шүү, тэр хүний цалин 344,000” гээд данс өгсөн, би 344,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-125-126), гэрч Э.Гн “...2021 оны 11 сарын сүүлээр чөлөө авсан. 2021 оны 12 сарын дунд үеэр цалин 470,000 төгрөг орсон. Эрхлэгч залгаад “илүү орсон 400,000 төгрөгийг нярав И-гийн данс руу хийчих гэж хэлсэн. Би шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-128-129), шүүгдэгч Д.Цн “...би дээрх хүмүүсийн ажилласан цагийн тооцоог өөрөө гаргасан. Няравын ажилласан цагийн тооцооны бүртгэлийг би өөрөө засварлаж өөрчлөөд, дахин нярваар гаргуулж гарын үсэг зурдаг байсан. Би Л.Цд цалин олгох зорилгоор Т.Гг ажилд томилсон тушаал гаргасан болохоор Т.Гн нийгмийн даатгалын шимтгэлд 1 жилийн хугацаанд төлөгдсөн мөнгийг би өөрөө хариуцаж төлөх болно...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, хх-69-70), Нийслэлийн засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/54 дугаартай “Д.Цг ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай” захирамж, албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтас, хх-95, 98-104), Сонгинохайрхан дүүргийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны Б/07, Б/35, Б/36 (2 дахь хавтас, хх-3-11, 12-19, 38-44) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Цн Сонгинохайрхан дүүргийн **дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ц.О, Э.М, Э.Г, Б.А нарын ажилд томилсон тушаалыг гаргахдаа огноог өөрөөр бичиж, ажиллаагүй хугацааг ажилласан мэтээр тооцон цалин олгож, нийт 1,322,000 төгрөгийг өөрийн нөхрийн ...тоот дансаар шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас улсын төсөвт 1,322,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц 2,602,430 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын ...тоот дансанд төлсөн (3 дахь хавтас, хх-96), хохирогчийн төлөөлөгч “Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, хх-108-109)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...Түүнчлэн яллагдагч Д.Ц нь иргэн Л.Цг тус цэцэрлэгт манаачаар ажиллуулж цалинжуулахын тулд Т.Гг манаачийн ажлыг хийж гүйцэтгэх мэтээр 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/55 дугаартай тушаал гаргаж, 2022 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд Т.Гн нийгмийн даатгалд төлсөн 1,280,430 төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлж хор уршгийг арилгасан болохыг тэмдэглэж байна” гэснийг үндэслэн гэмт хэргийн хохирол 1,322,000 төгрөг дээр уг мөнгөн дүн болох 1,280,430 төгрөгийг нэмээд нийт 2,602,430 төгрөгийг байршуулсан байсныг тэмдэглэж байна.  

Шүүгдэгч Д.Цн хохирол төлөхөөр Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 2,602,430 (хоёр сая зургаан зуун хоёр мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ц нь Ц.Ог тус цэцэрлэгийн бүлгийн багшаар 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 01-ний өдөр томилогдон уг өдрөөс хойш ажилласан мэтээр Б/07 тоот тушаал гаргаж 200.000 төгрөгийн илүү цалин олгож, 2022 оны 02 сарын 25-ны өдөр өөрийн нөхрийн ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон, Э.Мг тус цэцэрлэгийн цахилгаанчнаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон уг өдрөөс хойш ажилласан мэтээр Б/35 тоот тушаал гаргаж 378.000 төгрөгийн илүү цалин олгож 2022 оны 04 сарын 28-ны өдөр 265.000 төгрөгийг 2022 оны 05 сарын 26-ны өдөр 113.000 төгрөгийг өөрийн нөхрийн ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон, Б.Аг тус цэцэрлэгийн туслах багшаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байхад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан мэтээр Б/35 тоот тушаал гаргаж 344,000 төгрөгийн илүү цалин олгож, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нөхрийн ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон, Э.Гг тус цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байх цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сард цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан цаг хугацааг ажилласан цагаар тооцож, илүү цалин олгож, тухайн ажиллаагүй цаг хугацааны цалин болох 400.000 төгрөгийг 2021 оны 12 сарын 21-ний өдөр нярав Д.Ин ...тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, 2,602,340 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын данснаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт шилжүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маш их харамсаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Д.Ц нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, тушаал гаргахдаа ажиллаагүй хугацааг ажилласнаар тооцон илүү цалин тооцон өөртөө авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (улсын төсөвт 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан, хохиролд 2,602,430 төгрөг төлөгдсөн, хохирогчийн төлөөлөгч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Дн Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цг 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Цн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 2,602,430 (хоёр сая зургаан зуун хоёр мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР