Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0699/Э |
Дугаар | 2022/ШЦТ/711 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/711
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Ц.************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овгийн Цолмонгийн *************д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*****************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.************* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн ************* дэвсгэрт байрлах “******* *******” шатахуун түгээх станц дээр шатахуун авахаар зогсож байхдаа М.*************тай “ухрах үйлдэл хийлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эзэмшлийн ************* УАО улсын дугаартай “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонхыг хагалж, М.*************д 450,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ц.************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
-Хохирогч М.*************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Ц.*************ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
-Шүүгдэгч Ц.*************ын урьд эрүүгийн хариуцлага хүлээн байсан болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/,
-Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42-47 дахь тал/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,
-Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,
-Хохирогч М.*************ын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 63 дахь тал/,
-Ц.*************ын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 63 дахь тал/,
-Э.*********** Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 64-90 дэх тал/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*************ыг гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.************* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн ************* дэвсгэрт байрлах “******* *******” шатахуун түгээх станц дээр шатахуун авахаар зогсож байхдаа М.*************тай “ухрах үйлдэл хийлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эзэмшлийн ************* УАО улсын дугаартай “ Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонхыг хагалж, М.*************д 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.*************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 23-ний оройн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ******* ******* шатахуун түгээх станцаас өөрийн эзэмшлийн ************ УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шатахуун авах гэж байсан юм. Би тээврийн хэрэгсэл дотроо эхнэр *************тай хамт явж байсан. Эхнэр ************* урд талын суудалд суучихсан байсан. Шатахуун авах гээд тээврийн хэрэгслүүд оочирлосон байсан. ******* монгол шатахуун түгээх станц дээр нэг түгээгч эмэгтэй ганцаараа хоёр эгнээнд ажиллаж байсан. Тухайн шатахуун түгээх станцад хоёр эгнээ нийт 8 хянах самбартай 8-н түгээгүүр байснаас ажиллаж байсан. Би очирлож байгаад бензинээ авах гэтэл цээж нүцгэн, дээгүүрээ куртик өмссөн 25-30 орчим насны залуу тээврийн хэрэгслээсээ бууж ирээд, “чи яагаад очир дайраад байгаа юм. Машинууд оочирлож байна, чи бөгсөөрөө ороод байна, банк чинь буруу байна, буруу ороод байна ш дээ” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би “машинууд бензин аваад л байна шүү, оочирлоод авч байна, бензинээ авна” гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу тээврийн хэрэгслийн хойд талд зогсчхоод бензин хийлгэхгүй, өөрийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хэсгийг түгээгүүр рүү ойртуулж шахаж зогсчхоод тээврийн хэрэгслийн хойд талд бензин хийлгэхгүй байсан юм. Тэгэхээр нь би өөрийн ************* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах араандаа хийж бага зэрэг ухарсан. Тэгсэн чинь тухайн залуу бухимдаж гараараа миний ************* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг цохиж хагалсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээсээ буугаад хагарсан зургийг дарж цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа руу залгаж байх хооронд ************* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бензинээ хийж аваад хөдөлсөн. Тэгэхээр нь би шууд араас нь очоод уулзсан чинь тухайн залуу “би хоёр жаахан хүүхдээ үлдээчхээд яараад явж байна” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “чи жаахан тайван хүүхэдтэй юм бол уураа барьж сурах хэрэгтэй, тайван байгаарай, цагдаа учрыг нь олох байх, чи байж бай” гэсэн чинь ************* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шууд хөдлөөд явчихсан. Дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд“...Мөнгөлөг саарал өнгийн ************* УАО улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн хойд талын хаалга буюу багажийн хаалганы шил зүүн хэсэгтэй 20х40 см талбайд хагарч гэмтсэн байв. Тухайн тээврийн хэрэгсэл нь бүхэлдээ жижиг олон тооны хуучин сэв зураастай байв. Өөр гэмтэл эвдрэл байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Toyota Harrier маркийн автомашины хойд талын цонхны шил нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 450.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Шүүгдэгч Ц.************* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шатахуун авахаар ******* монгол шатахуун түгээх станц дээр оочирлож байгаад шатахуун авах гэхэд урд талаас нэг саарал өнгийн Харрер машинтай залуу ухарч орж ирээд оочир дайраад байхаар нь би очиж уулзахад надад “оочирлож байх зав алга, эндээс бензин авчаад гарлаа” гэж хэлсэн Тэгэхээр нь би өөрийнхөө машины хойд хэсгийг шатахуун түгээх хэсэг рүү тулгаж тавьчхаад машинаасаа буугаад зогсож байхад нөгөө Харрер машинтай залуу хойш ухарч намайг зөөлхөн мөргөхөөр нь би эхлээд зогсооч гэж орилсон. Дараа нь купер хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Дахиад ухраад байхаар нь би зүүн гарынхаа алга хэсгээр хойд талынх нь шилийг 1 удаа цохиход шил нь хагарсан. Тэгэхээр нь би бензинээ аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.
Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Иймд шүүгдэгч Ц.*************ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.************* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.************* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 257 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Ц.************* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Ц.************* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.*************д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Ц.*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
3. Хохирол төлбөрийн талаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************* нь хохирогч М.*************д 450.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ц.************* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.************* шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** овгийн ********* *************ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*************д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************* нь хохирогч М.*************д 450.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.************* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР