Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1318

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Ц.Б..............ий нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01496 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөрт овогт Ц............рын Б..............ий, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, суурь боловсролтой, “.................................. оршин суух, регистрийн дугаар ....................., урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б..............ий нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _____________________ тоотод 13 нас 11 сар 19 хоногтой төрсөн хүү Б.Б.............хийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үгэнд орсонгүй гэх шалтгаанаар чих рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.Б..............ий нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн _____________________ тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай иржээ. Энэ үед түүний 13 нас 11 сар 19 хоногтой хүү Б.Б.............х нь гэртээ утсаар тоглож байсан байх бөгөөд тэрээр хүүдээ “утсаар тоглохоо боль” гэж шаардлага тавихад хүү нь түүний шаардлагыг биелүүлээгүй байна. Улмаар Ц.Б..............ий нь хүү Б.Б.............хөд хандан гар утсандаа сим карт хийж өгөхийг хүсэхэд тэрээр “чадахгүй” гэж хариулсны улмаас Ц.Б.............х нь уурлан түүний толгойн тус газар алгадсаны улмаас хүү Б.Б.............хийн эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг цооролт бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэрч Х.З.................агийн (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1 дүгээр хороололд ажил дээрээ байж байтал миний төрсөн хүү Б.............х 12 цагийн үед залгаад аав гаднаас ирээд архи уучихсан, агсам тавиад хоол унд хийж өг гээд, дарамтлаад байна гээд уйлаад видео дуудлага хийгээд ярьсан. Тэгэхээр нь би аргадаад “гайгүй байлгүй дээ... тэгж байгаад унтчих байлгүй дээ” гэж хэлээд утсаа таслаад ажлаа хийгээд байж байтал над руу удалгүй төрсөн хүү Б.............х залгаад аав миний зүүн талын чих рүү цохичихлоо, цус гараад байна гэхээр нь би сандраад цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Насанд хүрээгүй хохирогч Б.Б.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би гэртэй дүүгийн хамт байхад 12 цагийн орчимд аав Ц.Б..............ий гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Намайг утсаар тоглож байхад намайг утсаа боль гэж хэлэхээр нь би тоогоогүй. Тэгтэл над руу хүрч ирээд өөрийнхөө гар утас руу сим карт хийгээд өг гэхээр нь би “чадахгүй” гэж хэлэхэд аав миний зүүн талын чих рүү гараараа нэг удаа алгадсан. Тэгээд миний чихний дотор талаас бага зэрэг цус гарахаар нь ээж рүүгээ утсаар залгаж болсон асуудлын талаар хэлсэн өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

-Насанд хүрээгүй хохирогч Б.Б.............хийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэлд: “...Б..............ийн Б.............х нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хэрэг гарах үед 13 нас 11 сар 19 хоногтой байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Төрсний гэрчилгээний хуулбарт: Хүүхдийн овог: Бөрт, эцгийн нэр: Б..............ий, өөрийн нэр: Б.............х, 2008 оны 9 дүгээр сарын 04-нд ...төрсөн. Эцгийн овог: Бөрт, эцгийн нэр Ц............р, өөрийн нэр: Б..............ий, Эхийн овог: Алаг морьт, Эцгийн нэр: Хүрлээ, өөрийн нэр: З.................а...” гэх баримт (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11706 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн талын чихний урд болон, ар хөхлөг сэртэн орчимд тэмтрэлээр эмзэглэлгүй.  Зүүн чихний гадна сувагт бага хэмжээний хулхитай, хэнгэрэг хальс 6-9 цаг руу үргэлжилсэн том хэмжээний цооролттой, ирмэгт улайж үрэвссэн, доод ирмэгээр жижиг голомтлог цус хуралттай. Баруун талд чихний урд болон ар хөхлөг сэртэн орчимд тэмтрэлээр эмзэглэлгүй. Баруун чихний гадна сувагт бага хэмжээний хулхитай, хэнгэрэг хальс бүтэн сувдан саарал өнгөтэй, таних тэмдгүүд тод харагдана. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Б.Б.............хийн биед зүү чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

-Шүүгдэгч Ц.Б..............ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэртээ халамцуу орж ирээд өөрийн төрсөн хүү Б.Б.............хийг утсаа оролдож байхаар нь би хүүгээ нэг удаа гараараа алгадахад чихнээс нь бага зэрэг цус гарсан ба шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн ба би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б..............ий нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хууль тогтоогчийн тайлбарт: Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11706 дугаартай дүгнэлтээр Б.Б.............хийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тооцогддог.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Б..............ий нь хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү Б.Б.............хийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алгадсан, тухайн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү Б.Б.............хийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт төрүүлсэн хүүхдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Б..............ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Б..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Ц.Б..............ий нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Б..............ий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25, 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал) “...........................” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-51 дэх тал)зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.Б..............ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Б..............ийд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01496 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөрт овогт Ц............рын Б..............ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б..............ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б..............ийд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б..............ий нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ