Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0542/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1398 |
Огноо | 2022-11-11 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1398
2022 11 11 2022/ШЦТ/1398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **********д холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, *оны *дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, суралцдаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ** дүүргийн *** хороо, *** 61 тоотод оршин суух хаягтай, ******тоотод амьдарч буй, **дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийтгүүлж байсан, *** овогт******** /регистрийн дугаар: УК***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн*** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ********** “дүүг хүчиндсэн биз дээ” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ********** нь 2022.03.15-аас 16-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **********ыг “найзын дүүтэй бэлгийн харьцаанд орсон гэх” шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан....********** бусдад зодуулсан ГССҮТ-д ухаангүй байна гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
- хохирогчийн...Би 2022.03.15-ны өдөр ***гэх охин уулзах хэрэгтэй байна гээд чат бичсэн, Н эгч гэх эмэгтэй над руу утсаар яриад манай дүү жирэмсэн болсон асуудлыг уулзаж шийдмээр байна гэсэн...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чих сургуулийн автобусны буудал дээр өөрийн найз Тэнүүн, Ч нарын хамт уулзахаар болох үед манай кино урлагийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан ** гэх эмэгтэй, Н эгч, ах гэх хүмүүс тээврийн хэрэгсэл дотор байсан ба дотроос нь архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан. Н эгч нь Ч бид хоёрыг машинд суу гэхээр нь суугаад ертөнцийн зүгээр баруун тийш явсан. Тэгээд Н эгч, ах хоёр нь намайг Ныг хүчиндсэн биз дээ гээд байсан, тийм зүйл хийгээгүй гэх үед буюу 2022.03.15-аас 16-нд шилжих шөнө 03-04 цагийн үед тээврийн хэрэгслийн жолооч миний зүүн хацар хэсэгт 2-3 удаа гараараа цохиод, миний дүүг хүчиндсэн биз дээ гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би хоёр гараас нь барьж авсан чинь миний гарыг тавь гээд баруун гараараа зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний цамцнаас заамдаж, тонгойлгож миний нүүр хэсэгт өвдөглөсөн. Намайг газар унах үед миний нуруу хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд байсан. Мөн эгч гэх эмэгтэй нь намайг газар унасан байх үед гараараа толгой хэсэгт 2-3 удаа цохиод миний куртик хэсэгт шүлсээ хаясан. Тэгээд тээврийн хэрэгслийн жолооч Б гэх залуу нь намайг газраас босож ирэх үед нүүр хэсэгт гараараа 10-12 удаа цохиод, хоолойноос боож, нүүр хэсэгт өвдөглөх үед газар унасан чинь хөлөөрөө миний цээж хэсэгт гишгээд шүлсээ миний хувцас хэсэгт хаясан. Тэгээд намайг газраас босгоод нүүр хэсэгт 2 удаа цохиод би ерөөсөө чамайг зодож ханахгүй байна гээд байсан. Би үнэтэй эмнэлгээр явна гээд миний нүүр хэсэгт Н эгч алгадсан. Харин Б ахиад миний нүүр хэсэгт 2 гараараа ээлжлээд 5-6 удаа цохиод, цээжнээс гараараа дарж нүүр хэсэгт өвдөглөх үед би газар унасан. Тэгээд Н эгч гар утсаараа бичлэг хийж Номинсувдаас уучлалт гуй гээд хүчээр уучлалт гуйлгасан. Тэгээд миний толгойн дагз хэсэгт нэг удаа цохих үед би ухаан алдаж унасан. Тэгээд босож ирэх үед нүүр хэсэгт гараараа 4-5 удаа Б цохисон. Тэгээд дахиад нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж газар унагаан, шүд хэсэгт хөлөөрөө өшиглөх үед шүд унасан. Мөн зүүн нүд хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх үед миний зүүн нүд юм харахгүй болсон. Одоо миний нүд холын юм харахгүй байгаа. Тэгээд манай найз эмнэлэгт хүргэж өгч хоёр нүдний ухархайн хагалгаанд орсон, мөн зүүн хацрын яс цөмөрсөн, хоёр нүдэнд цус хуралттай гэж байсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 12-14, 18-19, 193-194 дэх тал/,
- шинжээчийн 4480 дугаартай дүгнэлт : **********ын биед гайморын хөндийн гадна хажуу хана, хоёр нүдний ухархайн доод хананы хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, зулгаралт, хоёр нүдний алиманд цус харвалт...Зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /1-р хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
- шинжээчийн 840 дугаартай дүгнэлт дүгнэлт : 1. **********ын биед учирсан баруун дээд 5-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулах тул дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2 нүдний ухархайн доод хананы хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, зулгаралт, хоёр нүдний алиманд цус харвалт, зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1-р хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
- шинжээч эмчийн мэдүүлэг : **********ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэл нийлж нийт олон удаагийн үйлдлүүдээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийснээс 5-с 7 хоног үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Үүнээс **********т баруун дээд 5-р шүдний булгарал гэмтэл нь хонхойсон угтаа нэг мэт хар өнгийн тов тогтсон байсан нь тухай гэмтлийг наад 10 хоногт авсан байх гэмтэл.../1-р хавтаст хэргийн 207 дахь тал/,
- **********ын өвчний түүх /1-р хавтаст хэргийн 136-146 дахь тал/,
- гэрч Ж.Тунгалагийн...Би 2022 оны 3 дугаар сарын 15-с 16-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ унтаж амарч байхад ГССҮТ-с манай охин Солонго руу залгаж манай хүүхэд зодуулаад гэмтэлд байна гэхээр нь ирсэн. Тэгтэл манай хүү ********** юм ярьж чадахгүй байсан, тархины зураг авхуулаад эмч үзээд зүүн нүдний хөндий ялзралттай, цус хуралт, 2 нүдний аяга хагарч эмтэрсэн, зүүн талын яс хугаралттай байна гэж хэлсэн. Дээд доод шүд нь хугарсан байгаа гэсэн гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
- гэрч Б.Чын...Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны 02 цагийн орчимд ********** Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчимд хүнтэй очиж уулзмаар байна, хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав зөвшөөрч хамт явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна ирэхэд цэнхэр өнгийн дугааргүй авто машинд **********тай уулзах гээд хүлээж байсан эрэгтэй нь бид хоёрыг суулгасан. Харин Тэнүүн найзынхаа хамт биднийг дагаж явж байтал бид хоёрын сууж явсан машин гэнэт хурдлаад араас дагаж явсан машинаас зугтааж гудамж руу орсон. Тэгээд гудамжинд ороод бид хоёртой сууж явсан 25 орчим насны үл таних залуу бууж ирээд **********ыг дэвсээд байх шиг байсан. Би харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Би **********ыг тухайн залуугаас салгах гэтэл **********ыг зодож байсан залуутай хамт байсан 2 эмэгтэй намайг хориглож, хувцаснаас зуурчихаад бичлэг хийгээд байсан. Тухайн залуу **********ыг 20 минут орчим зодсон байх...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- гэрч Д.Тэнүүнийн...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байж байтал 23 цагийн орчим ********** залгаад Н надтай уулзъя гэж байна хамт явъя гэсэн. Машинтай найз рүү залгаад намайг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол хүргээд өгөөч гэж гуйсан...Бид дөрөв 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 цаг 40 минут орчим Чих сургуулийн автобусны буудлын урд зогсож байтал **********тай уулзах хүмүүс нь **********ын утас руу залгаад цэнхэр өнгийн Суборо маркийн машинд ороод ир гэж хэлсэн. Тухайн Ч, ********** бид гурав машинаас буугаад С маркийн машин дээр очоод арын суудал дээр нь суух гэтэл урд талын суудал дээр сууж байсан эмэгтэй бид гуравт хандаж яасан олуулаа юм бэ **********, Ч 2 нь үлдээд чи зайл гэж надад хэлсэн...Би машиндаа очоод сууж байтал **********, Ч хоёрыг машиндаа суулгаад удалгүй хөдлөөд явчихсан. Т бид хоёр цэнхэр өнгийн Сгийн араас нь дагаад явж байтал ертөнцийн зүгээр баруун гар тал руугаа гэр хороолол руу ороод их хурдтай зугтаагаад явчихсан. Т бид хоёр араас нь хөөсөн...**********ыг тухайн С маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь айлын хашаанд шахчихсан нүүр лүү нь 5 удаа гараараа цохиж байгаа харагдсан бөгөөд намайг очихоос өмнө нэлээд зодсон байдалтай хувцас хунар нь шороо болчихсон хоёр нүд нь хавдаад хаагдчихсан хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би тухайн эрэгтэйд хандаж манай найзыг арай л их зодчихсон юм биш үү гэхэд тухайн эрэгтэй цагдаадаа өргөдлөө өгөөд яваарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32-34, 201 дэх тал/
- гэрч А.Тгийн...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед найз Тэнүүний гэрт очиход найзыг кино үйлдвэрээс очиж авах шаардлагатай байна гэхээр нь очиж авсан...СХД-н ** дугаар хороо Чих сургуулийн урд талын автобусны буудал ээр 3 сарын 15-аас 16-нд шилжих шөнө очиж зогссон. Талбайн хажуу талаас миний тээврийн хэрэгсэлд суусан залуу нь энд хүнтэй уулзана гээд утсаар яриад...бид нарын урд талд С маркийн тээврийн хэрэгсэлд зогсож байсан чинь ард сууж байсан 2 залуу нь буугаад С маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан...Тэнүүн ардаас нь дагаад явчих гэхээр нь дагаад ертөнцийн зүгээр баруун тийш төв замаар явсан, тээврийн хэрэгслийг алдсан...Тэнүүн Чаас байршил заасан зурвас ирэхээр нь бид хоёр хайж явж байгаад гэр хорооллын жалгатай газар очсон...Тэгэхэд миний тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж байсан залуу зодуулсан байдалтай, юм харахгүй байна гээд хэвтэж байсан. Намайг очих үед С маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд явсан. Тэгээд зодуулсан залууг Ч болон Тэнүүний хамт ГССҮТ-д хүргэж өгөөд гэртээ харьсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51 дэх тал/,
- гэрч Б.Н... Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Номинхишиг гэх эмэгтэйн гэрт байсан чинь Б, Номинхишиг, Оюунжаргал нар нь 2022 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө орж ирсэн. Харин чамаас уучлалт гуйлгах гээд ********** гэх залууг зодсон гэж Б хэлсэн. Би ********** гэх залууг Б ахаар зодуулахаар захиалга болон ийм яриа өгүүлэл огт хэлээгүй. Би өөрийн найз Оюунжаргалд ********** ах намайг хүсээгүй байх үед бэлгийн харьцаанд орсон талаар хэлсэн. Тэрнээс болж манай хуурай ах Б нь **********тай маргаан үүсгэсэн гэж ойлгосон гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 205 дахь тал/,
- гэрч Н.Х...2022 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ЧИх сургуулийн хойд талын автобусны буудал дээр **********тай уулзах гэтэл 3 үл таних залуучуудын хамт хүрээд ирсэн. Б бид хоёр **********ыг найз Чынх нь хамт машинд нь суулгаад СХД-н 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах харанхуй гудманд ирээд **********ыг Б машинаасаа буулгаад Б **********ыг зодоод байх шиг байсан. Харанхуй байсан болохоор сайн юм харагдаагүй...Тухайн үед **********тай уулзаж Ныг ямар учраас хүчиндэж хүүхэдтэй болгосон талаар тодруулах, эмнэлгээр цуг яваарай гэж хэлэх гээд уулзтал ********** Бгийн өөдөөс хэрүүл хийгээд Б уурандаа зодсон гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38, 41 дэх тал/,
- шүүгдэгч **********гийн...Би 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н ********** гэх залуутай уулзахаар утсаар дуудуулсан. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Чих сургуулийн ертөнцийн зүгээр урд талын зогсоолд С маркийн тээврийн хэрэгсэл дотор Номинхишиг, Оюу нарын хамт байсан. ********** гэх залуу өөрийн гурван найзын хамт Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би **********ыг өөрийнхөө тээврийн хэрэгсэлд суучих гээд **********, Г.Ч нарыг суулгаад СХД-н 26 дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын гудамжинд очсон...Тэгээд ********** гэх залууг тээврийн хэрэгслээс буулгаж юу болсон талаар тайлбарлаж өг гэж хэлээд...толгой хэсэгт нь өөрийн толгойгоор нэг удаа мөргөсөн чинь газар унахаар нь толгой хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...Гүйхээр нь барьж аваад нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон чинь газар унасан...нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөх үед ********** босож ирээд нүүрээ дараад миний нүд юм харахгүй байна гээд орилоод гүйсэн...Надаас өөр хүн **********ыг зодоогүй. Би хэн нэгний захиалгаар ********** гэх залуугийн биед халдаагүй. Би тухайн үед үүссэн асуудлаас болж ********** гэх залуугийн биед халдаж цохиж зодсон гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-79, 197-198 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нэгэн зэрэг учирсан нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд тухайн нэг цаг хугацаа, орон зайд тасалдалгүй үргэлжилсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэргийн шинж хангагдсан буюу хохирогчид учирсан хүндэвтэр хохирлоор тус хэргийг зүйлчилсэн нь зөв болно.
Харин шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинж болон хохирогчийн бие махбодид олон тооны гэмтэл, шархууд учирсанд хамаарах шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, хамаарах гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч нь өөрт хамааралгүй бөгөөд хуулийн дагуу жич шалгуулж болох асуудлыг өөрөө хүчээр тулгаж хүлээлгэх болон хувийн бусад сэдэлт зорилгоор хохирогчийг олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн зодож, тарчлаахад чиглэгдсэн үйлдлийн арга хэлбэр, үйлдлийн нөхцөл, үргэлжилсэн цаг хугацаа, давтамж зэрэгт хамаарах үйл баримтууд тогтоогдсон, энэ нь энгийн ухамсарын түвшинд илэрхий байсаар атал шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” шинжийн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан, энэ талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгааг /1хх-181-182/ анхааруулан тэмдэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг прокурорт дахин буцаахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Хохирогчид учирсан тус хүндэвтэр гэмтлийг шүүгдэгчээс өөр бусад этгээд хамтран оролцож учруулсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
2.4. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан болно.
Иймд шүүгдэгч **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар зарим баримтууд гаргасан, хохирогч ба шүүгдэгч нар тохиролцсоноор 7000.000 төгрөг төлөгдөж, хохирогч нь хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул /1хх-18-19, 128-134, 193-194, 217, 247-248/ шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч **********ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.736.150 төгрөгийн зардал гарсан, тус зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан /1хх-211, 214, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь урьд 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах баримт байх /1хх-117, 122-124, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, оюутан гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-84-116, 170, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг төлөх бодит боломж буюу ажил хөдөлмөр эрхлэлт, орлогод хамаарах нотлох баримтын эх сурвалжийг бүрэн, бодитой тогтоох, шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх боловч шүүхээс талуудын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тийнхүү торгох ялын хэмжээ, хугацааг тогтоосон болохыг тодотгох нь зүйтэй.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР