Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 112/2024/0027/З |
Дугаар | 221/МА2024/0702 |
Огноо | 2024-11-04 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0702
ГА аймгийн Б сумын
МАН хорооны дарга
Д.Бын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Аэ,
Нэхэмжлэгч: ГА аймгийн Б сумын МАН хорооны дарга Д.Б,
Хариуцагч: ГА аймгийн Б сумын сонгуулийн хорооны дарга А.М,
Гуравдагч этгээд: Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн *** тоот тогтоолын хавсралтад заасан Ц.Бг нэр дэвшигчээр бүртгэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах”
ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бо, гуравдагч этгээд Ц.Б /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Аэ /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай,
Хэргийн индекс: 112/2024/0027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрээр:
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 31 дүгээр зүйлийн 31.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2-т заасныг баримтлан ГА аймгийн Б сумын МАН Хорооноос тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ГА аймгийн Б сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай 04 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан нэр дэвшигчдийн нэрсээс Цаын Бд холбогдох хэсгийг хасаж, хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
“Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагч болон гуравдагч этгээдийн Үндсэн хуулийн 14-р зүйлд хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгч авах, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шүүх хуралдааныг явуулсан.
Ийнхүү оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөнөөрөө хэргийн оролцогч нар Шүүхийн өмнө эрх тэгш байх, Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх, Мэтгэлцээний зарчмууд алдагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэйгөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хариуцагч болон гуравдагч этгээд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадаагүйгээс харагдаж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Шүүх нотлох зарчмыг дутуу хэрэгжүүлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр харагдаж байна. Учир нь гуравдагч этгээд Ц.Бгийн хувьд 2024 оны 03-р сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч албан үүргээсээ чөлөөлөгдсөн бөгөөд түр томилгоогоор буюу сумын 100-н жилийн ой өнгөртөл харилцан тохиролцож түр томилогдсон байсан. Ингээд 100 жилийн ой өнгөрсөн боловч дараагийн хүнийг томилохгүй байсан учир 2024 оны 07-р сарын 29-ний өдөр хүсэлт гаргаж 8-р сарын 01-ний өдрөөр чөлөөлж өгөхийг хүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78-р зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд 78.1.1-т талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд 79-р зүйлийн 79.3-т зааснаар 30 хоногоос цуцлагдах хугацааг тохиролцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл Ц.Бгийн хувьд 3-р сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд түр хугацаагаар буюу 100 жилийн ой өнгөртөл ажиллахаар тохиролцсон бөгөөд Б сумын 100 жилийн 2024 оны 07-р сарын 20,21,22-ны өдрүүдэд болж дууссан бөгөөд 7-р сарын 29-ний өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь шууд хөдөлмөр эрхлэлтийн хугацааг дуусгавар болгож чөлөөлөх үндэслэл тогтоогдож байхад Б сумын Засаг дарга Ч.Д нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж чөлөөлөх тушаалыг гаргалгүйгээр хугацаа хожимдуулж Ц.Бгийн сонгогдох эрхэд ноцтой халдсан байхад тушаал гарсан хугацааг чөлөөлөгдсөн хугацаа гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа үндэслэл юм.
Мөн Ч.Д нь МАН гишүүн бөгөөд тус намаас нэр дэвшүүлж тус сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа Улс төрийн албан тушаалтан бөгөөд эсрэг намын өмнөөс нэр дэвших хүндээ саад болж үндэслэлгүйгээр тушаалыг нь гаргалгүйгээр саад учруулж байгаа үйлдэл болж байна. Түүнчлэн нягтлан бодогч Р.Н нь мөн Ц.Бтай өрсөлдөн нэр дэвшиж байгаа бөгөөд амралтыг мөнгийг 2024 оны 08-р сарын 16-ны өдөр дансанд нь шилжүүлж ажилласан мэт харагдуулж нэр дэвшихэд нь саад болж байгаа үйлдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч ГА аймгийн Б сумын МАН хорооны дарга Д.Баас “Б сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтад заасан Ц.Бг нэр дэвшигчээр бүртгэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ГА аймгийн Б сумын сонгуулийн хорооны дарга А.Мт холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгч нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь ажил албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулсан. Гэтэл нэр дэвшигч Ц.Б нь Б сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад сумын сонгуулийн хороо сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэж байгаа ч хүсэлт өгснөөр бүртгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ нь давхар сонгогчийн эрх, өрсөлдөгчийн эрхийг бас зөрчиж байна” гэж маргасан.
3.Хариуцагчаас “...Ц.Б нь сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн боловч 2024 оны 08 дугаар сарын 01-21-ний өдрийг дуустал ээлжийн амралтыг эдлүүлж 08 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлсөн. 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тухайн ажлыг эрхлээгүй амралт эдэлсэн тул сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг ирүүлжээ.
4.Харин гуравдагч этгээд Ц.Бгаас “...Би 2024 оны 03 дугаар сарын 01-нд тэтгэвэртээ гарсан. Сумын удирдлагуудын хүсэлтээр түр ажилласан. Ойн арга хэмжээ дуусаж 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул хуулийн хугацааг зөрчөөгүй” гэж маргасан.
5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:”, 28.4.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан”,
Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 31.2.3-т “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан.
8.Маргааны тохиолдлын хувьд гуравдагч этгээд Ц.Бгийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал буюу Б сумын Соёлын төвийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан, хуулийн шаардлагад зааснаар ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан гэдэг нь Б сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаар захирамж, мөн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/** дугаар захирамж зэргээр тус тус тогтоогдов.
Хариуцагч сонгуулийн хорооны “гуравдагч этгээд Ц.Бг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн жагсаалтад оруулсан үйлдэл нь дээр дурдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагуу “нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч намын “хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчтэй өрсөлдөх” хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн “Нэр дэвшигч Ц.Б нь Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болох нь тогтоогдсон байхад сумын Сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзаагүй нь ...хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэх дүгнэлт үндэслэлтэй. Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “тушаал гарсан хугацааг чөлөөлөгдсөн хугацаа гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэжээ.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална” 60.1.1-т “ээлжийн амралттай” мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно”, 79.3. “Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно.” гэж тус тус зохицуулсан.
8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Ц.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч Ц.Бгийн ээлжийн амралтыг 15 хоногоор буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүртэл байхаар тооцож олгожээ. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Ц.Бгийн албан тушаал нь энэхүү ээлжийн амралттай байсан хугацаанд хадгалагдаж байсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цуцлах талаар ажилтан, ажил олгогчтой тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн ... 78.1.1-т талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болохоор...79-р зүйлийн 79.3-т зааснаар 30 хоногоос цуцлагдах хугацааг тохиролцохоор хуульчилсан. ... Ц.Бгийн хувьд 3-р сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд түр хугацаагаар буюу 100 жилийн ой өнгөртөл ажиллахаар тохиролцсон ... 7-р сарын 29-ний өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь шууд хөдөлмөр эрхлэлтийн хугацааг дуусгавар болгож чөлөөлөх үндэслэл тогтоогдож байхад Б сумын Засаг дарга нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж чөлөөлөх тушаалыг гаргалгүйгээр хугацаа хожимдуулж Ц.Бгийн сонгогдох эрхэд ноцтой халдсан байхад тушаал гарсан хугацааг чөлөөлөгдсөн хугацаа гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа үндэслэл” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Маас гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, өмгөөлөгч авах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар захирамжаар[1], гуравдагч этгээд Ц.Бгаас гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 121 дүгээр захирамжаар[2] тус тус ханган шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь дараагийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй үндэслэлээ нотлоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан “...хариуцагч болон гуравдагч этгээдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ