Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2021/0053

 

 Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  Х.Б нэхэмжлэлтэй;

              Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн  Засаг дарга,

              Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж тус тус холбогдох;

              “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар  “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч   аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хамтран хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж, гуравдагч этгээд А.Н, гуравдагч этгээд К.Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Т.Б, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Х.Б шүүхэд  гаргасан нэхэмжлэл,нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, тодруулсан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Миний эзэмшлийн “Д” ХХК нь  Өлгий сумын Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай газар шилжүүлэх тухай захирамжаар Өлгий сумын нутаг дэвсгэрээс 4434 м2 газрыг хууль журмын дагуу эзэмшиж, холбогдох хууль журмын дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Улмаар энэхүү газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох бичиг баримтын хамт хүсэлт гаргасан. Би өөрийнхөө эзэмшлийн ганц гишүүнтэй “Д” ХХК-ийн нэр дээр байдаг 4114 м2 болон 320 м2 бүгд 4434м2 газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1112 дугаартай захирамжаар өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан.  Ингэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээд 7 хоногийн дараа 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1112 дугаартай захирамжийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, миний эрх ашгийг хохироож байгаа явдалд гомдолтой байна. Үүнээс болж миний газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Х” ХК-ийн нийт хувьцааны 42.8 хувийг С.Х, 24.1 хувийг М.А асан, 11.45 хувийг А.Г, 10.9 хувийг Х.Б миний би, 10.75 хувийг “Б” ХХК-ны захирал П.Мурат асан бид нар тус тус эзэмшдэг байсан юм. “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу  “Х” ХК-ийг татан буулгасан тул балансаар байгаа үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөнүүдийг тус тусын оногдол, хувь хэмжээг үндэслэн хувьцаа эзэмшигчид хуваарилан авсан юм.

Уг ногдол хувиар авсан үл хөдлөх ба үндсэн хөрөнгүүдийн жагсаалт болох 5 хуудас материалаас үзэхэд М.А асны ногдол хувьд авсан хөрөнгөнүүдийг хувьд: Улаан булантай ком контор (одоогийн М.А асны хүүхэд болох А.Ны амины сууц нь байгаа газар), эмийн склад, складын хэсэг, гараашны хэсэг бүгд тус тусдаа 4 байршилд, С.Хын авсан ногдол эд хөрөнгүүдийн хувьд: Складын хэсэг, гараашны хэсэг, аж ахуйн склад, хөх ширний цех бүгд тус тусдаа 4 байршилд, А.Гы авсан ногдол эд хөрөнгөнд: гараашны хэсэг, складын хэсэг, арьс ширний склад, ХАА-н сэлбэгийн склад, саравчны хэсэг бүгд тус тусдаа 4 байршилд, “Б” ХХК-ийн авсан ногдол эд хөрөнгөнд: Склад болон гараашны хэсэг бүгд тус тусдаа 2 байршилд, иргэн Х.Б миний ногдол хувьд авсан эд хөрөнгүүдийн хувьд: Склад болон гараашны хэсэг тус тусдаа 2 байршилд байсан ба Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар хувьцаа эзэмшигчдэд газар эзэмшүүлэхэд хөрөнгөнүүдийн тоо, нэгж талбарыг харгалзахгүйгээр нийт дүнгээр нь эзэмшүүлсэн юм. Хөрөнгө хуваарилахад зөвхөн 2 нэгж талбар биш, 4-5 нэгж талбарт байгаа газруудыг нэгтгэн ганцхан захирамжаар эзэмшүүлсэнд бид буруугүй юм. Бодит байдал дээр "Х" ХК-ийн өмч хөрөнгийг энд тэндээс хуваарилан авах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр дээр үндэслэн Засаг даргаас холбогдох шийдвэрийг гаргах ёстой байна. Харин Засаг дарга шийдвэр гаргахдаа тус тусдаа бичихгүйгээр нэгтгэсэн байдлаар ганцхан захирамжаар газар эзэмшүүлэн шийдвэрлэсэн явдалд бидний буруу байхгүй. Үүнээс болж миний эзэмших эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна. Миний бие гараашны хэсэг болох, өөрийнхөө эзэмшил газраа иргэн С.Сд барилгын материал худалдах зориулалтаар түрээсэлж байсан ба уг газрыг цемент болон бусад барилгын материал худалдах нь “Оршин суугчдын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна” гэж Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан тул уг байршилд тавьсан 40 тонны 2 ширхэг контейнерын нэгийг нь аваад явсан, үлдсэн нэгийг суллан өнөө маргаашдаа аваад явах юм. Миний бие иргэн С.Стай хийсэн түрээсийн гэрээг цуцалсан бөгөөд цаашид уг газрын оршин суугчдын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхүйц барилгын материал худалдаалах ямар ч үйл ажиллагаа явахгүй болно.Иймд иргэн М.Х, А.Н нарын эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн гомдол ямар ч үндэслэлгүй болохыг дээрх баримтуудаар нотолж байна.

2.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Жий 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын дагуу маргаан бүхий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг гаргасан гэж тайлбарлаж байгаа юм. Уг 04-04-029/279 тоот “Х.Б миний  газар эзэмших 005878 тоот гэрчилгээг  хүчингүй болго” гэсэн албан шаардлага нь  үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй юм. Хууль зөрчсөн албан шаардлагыг үндэслэн миний газар эзэмших эрхийг зөрчих ёсгүй. Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 тоот захирамжийг үндэслэн 4434 м2 газарт эрхийн гэрчилгээ олгох ёстой боловч Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 тоот захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон явдалд миний буруу байхгүй. Үүнд тухайн үед төрөөс энэ ажлыг хариуцаж байсан ажилтнуудын буруу. Хувьчлалаар авсан объектуудын газрыг эзэмшилд шилжүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 тоот захирамж нь хүчин төгөлдөр байгаа тул хэн нэгэн төрийн албан тушаалтны хариуцлагагүй байдал, техник ажиллагааны буруугаас гэрчилгээнд эрхийн актын дугаарыг буруу бичсэн нь уг гэрчилгээг залруулах үндэслэл болохоос бүхэлдээ хүчингүй болгох үндэслэл биш юм. Гэтэл албан шаардлагад уг гэрчилгээг залруулж олгох тухай дурдаагүй, хүчингүй болгохоор дурдсан нь хэт нэг талыг барьж миний эрх ашгийг хохироосон байна. Хувьчлалаар авсан агуулах, автомашины гарааш зэрэг объектуудыг 1997 оны дуудлагын худалдааны шийдвэрийн дагуу авсан ба уг объектуудын газар нь үйл ажиллагаа явуулах газрын хамт шилжих учиртай юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр    сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Жий 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг  тус тус хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэхүү газрыг 2004 онд Засаг даргын захирамжаар  “Д” ХХК-д эзэмшүүлсэн нь тогтоогдож байна. Ингэж эзэмшүүлэхдээ “Х” ХК-ийн эзэмшил газраас шилжүүлсэн гэж байна.  “Х” ХК-ийн эзэмшил газар гэдгийг тухайн үед тогтоосон ямар нэгэн кадастрын зураг байхгүй,“Х” ХК-д  газар эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр бас байхгүй.  “Х” ХК-ийн эд хөрөнгө байгаа газруудыг хашаалсан хашаатай байсан нь үнэн. Эд хөрөнгүүдийг хооронд нь холбосон хашаатай байсан. Гэхдээ “Х” ХК-ийн эзэмшил газар тухайн хашаан дотор байгаа гэж ойлгож болохгүй. Зөвхөн хашаан доторх газрыг “Х” ХК эзэмших ёстой гэж ойлгож болохгүй. Хувьчлахад үл хөдлөх эд хөрөнгийг хуваарилсан. Үл хөдлөх эд хөрөнгийн ойролцоох газруудыг авахаар захирамж гаргуулсан.Ингэж газар эзэмшүүлэхдээ 5-6 хуулийн этгээдэд нэгдсэн байдлаар Засаг даргын 55 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Хариуцагч  нарын тайлбараас үзэхэд, тухайн эд хөрөнгө байгаа газар болгоныг тус тусдаа нэгж талбар болгон эзэмшүүлэх ёстой юм шиг ярьж байна.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээс харахад, тухайн хашаан доторх “Х” ХК-ийн эзэмшил газар гэж байгаа нь нэг нэгж талбар байсан. Газрын хязгаар, зааг хүрээ нь аль газраас аль газар хүртэл вэ гэдгийг тогтоосон ямар нэгэн бичиг баримт байхгүй. Эд хөрөнгөө хуваарилж авсан хүмүүс Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн ойролцоох газруудыг нэгтгэж нийлүүлээд захирамж гаргуулан шийдвэрлүүлж байсан. Жишээлбэл, “Д” ХХК хоёр үл хөдлөх эд хөрөнгөтэй байсан. Гэхдээ газрын хэмжээг нэгдсэн журмаар 4434 м.кв газар гэж тухайн захирамжаар шийдвэрлүүлж байсан гэдгийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Е.Д гэрчийн мэдүүлэгтээ тодорхой тайлбарласан байсан. Мөн хувьцаа эзэмшигч С.Хын мэдүүлгээр тогтоогдож байна. 4434 м.кв газрыг нэг нэгж талбараас олгох боломжгүй. Яагаад гэвэл хоёр өөр үл хөдлөх эд хөрөнгөтэй байсан.Нэг нь гарааш, нэг нь склад. Гараашны доорх газрын ойролцоох газруудыг авсан. Складын доорх газар болон ойролцоох газруудыг авч нийлүүлээд 4434 м.кв газар гэдэг үүднээс гэрээ хийж, гэрчилгээг бичүүлж, кадастраа тус тус үйлдүүлж авсан. Өнөөдрийн байдлаар 2012 онд 2 ширхэг, 2015 онд 2 ширхэг 4434 м.кв газар дээр 4 ширхэг кадастрын зураг авагдсан байгаа. Энэ  зургууд кадастрын нэгдсэн санд албан ёсоор бүртгэгдсэн гэдэг нь  Газрын харилцаа, барилга ,хот байгуулалтын газрын дарга К.Болатын албан бичгээр нотлогдож байгаа. Х.Н гэдэг хүнийг дагуулж ирээд газраа үзүүлээд кадастрын зураг үйлдүүлсэн гэдэг зүйл ярьж байгаа. Х.Н тухайн үед кадастрын мэргэжилтэн,  тангараг өргөсөн төрийн албан хаагч байсан. Газрын даамал бүх зүйлийг хянаж байгаад зураг үйлдсэн,  Х.Б гэдэг хүний  зааж үзүүлснээр тухайн үед кадастрын зураг үйлдэнэ гэсэн зүйл байхгүй. 2004 оны Засаг даргын 55 дугаар захирамж  болон нийт талбайн хэмжээг үндэслэн кадастрын зураг үйлдэж, кадастрын нэгдсэн санд оруулсан байгаа. Тэгэхээр мэргэжилтэн тус тусдаа захирамж гарах ёстой гэсэн бол тэрийг тухайн үед нь хэлэх  ёстой байсан. Нэгж талбар болгон  эрхийн гэрчилгээтэй байна гэж байгаа боловч нэгж талбар болгон дээр эрхийн гэрчилгээ бичиж өгөх үүрэг нь Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын захиргааны ажилтны үүрэг байгаа.

Нэгтгэж гаргасан шалтгаан тодорхой дурдагдсан.“Х” ХК-ийн нэг нэгж талбартай газрыг хуваасантай холбоотой байгаа. Түүнээс биш өөр өөр газарт хүсэлт гаргасан газрыг нэгтгэж олгосон асуудал биш. Хувьцаа эзэмшигчдийн газрыг  нэгтгэж гаргасан шийдвэр байгаа. Газрыг нэгтгэж гаргасан ч газрын даамал нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тус тусдаа нэгж талбар болгон дээр эзэмших эрхийн гэрчилгээ хийж,  гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгээд явах боломжтой байсан. Үүргээ биелүүлээгүй төрийн захиргааны албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж “Д” ХХК болон Х.Бы эрх ашиг зөрчигдөх ёсгүй.

Гуравдагч этгээд А.Н хэлэхдээ, тухайн үед миний эцэг гэрээ байгуулж байсан гэсэн. Тэр нь 2003 оны 6 сарын хугацаатай байгуулсан гэрээ байна. Хашаан доторх газар гэсэн зүйл бичсэн гэж ярьж байна. 2004 онд Засаг дарга Х.Бд хашааны гадна талыг өгчихсөн байна. Газар эзэмшүүлэх эрх нь Засаг даргад байдаг. Засаг дарга хашааны гадна талыг эзэмшүүлэх талаар шийдвэр гаргаж өгсөн байна. Үүний дагуу хашааны гаднах газрыг эзэмшээд авсан.

Улсын байцаагчийн акттай холбоотой ярихад,энэ 2004 оны зөрчил. 2004 онд хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэр гаргалаа, хоёр өөр газрыг нэг захирамжаар иргэнд эзэмшүүлчихлээ гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу шаардлагаа тавих ёстой.  Хууль бус шийдвэр гаргасан гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчингүй болгож болно. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д хүчингүй болгох нөхцөл байдал гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэж байгаа.  Гэтэл  17 жил өнгөрсөн асуудалд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл байдаг. Та бараг л 55 дугаар захирамжийг хүчингүй болгохыг шаардаж байна гэсэн үг. Илүү эзэмшсэн 320 м.кв газрыг хүчингүй болго гэж байгаа нь ямар ч боломжгүй. Харин гэрчилгээнд 55-ыг 62 гэж бичигдсэн асуудлыг ярьж болно. Хоёр газрыг нэг л захирамжаар эзэмшүүлсэн байна. Үүнийг залруулаад тус бүрд нь захирамж гарга гэж алдаагаа залруул гэх болохоос 17 жилийн өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болго гэж  ярьж байгаа асуудал өөрөө илт хууль бус шаардлага байна.

Гуравдагч этгээдүүд бидний эрх ашиг сонирхол зөрчигдлөө гэж яваад байна. Тухайн 55 дугаар захирамж гарах үед миний гараашны үүднээс Х.Бд Өлгий сумын Засаг дарга 55 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна, уг захирамжийг хүчингүй болго гэж дээд шатны Засаг даргад сарын дотор гомдол гаргах ёстой байсан. Дээд шатны Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй учраас тухайн 17 жилийн өмнө энэ  газар Х.Бы эзэмшлийн газар гэдгийг зөвшөөрсөн байна. Гэтэл өнөөдөр миний хаалганы урьд талын газрыг Х.Б авчлаа гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээд М.Х 2016-2017 онд газраа аваад байшин барьсан. М.Х мөн адилхан А.Ны хаачихсан хаалгыг дахин гаргамаар байна гэж маргаж байна. Өмнөх газрын эзэмшигч тухайн асуудлыг зөвшөөрч гараашны хаалгыг нөгөө талаас гаргаад явснаас хойш 10 хэдэн жилийн дараа маргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Нийтийн эдэлбэр газрыг Х.Б эзэмшчихлээ гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Нөгөөтээгүүр,гуравдагч этгээдүүдийн эрх ашиг зөрчигдлөө гэдэг асуудал тогтоогдохгүй байна.

10 хэдэн жилийн өмнөх зөрчлүүдийг арилгаж гаргасан захирамжийг хувийн эрх ашиг сонирхлын үүднээс хүчингүй болгоод газар эзэмшигчийн эрхийг зөрчлөө гэж үзэж байна. Маргаан бүхий 03 дугаар захирамж ямар ч үндэслэлгүй. Тухайн захирамж гарах болсон зорилго нь тодорхой бус, захирамжийг хүчингүй болгох бодит шалтгаан нөхцөл байсан уу,энэ захирамжийг хүчингүй болгосноор хэний эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа вэ. Мөн байцаагчийн актын талаар ярихад, тухайн газрыг эзэмших эрхгүй гэсэн шийдвэр гаргаагүй мөртлөө шууд захирамжийг хүчингүй болго гэсэн шаардлага тавьж байгаа нь ямар учиртай вэ. “Д” ХХК 4434 м.кв газрыг эзэмших ёсгүй гэж үзэж байгаа бол тэрний үндэслэлийг нь гаргаж, актад тодорхой бичих ёстой. Тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг мэдсээр байж, тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хүчингүй болгосон байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар захирамж, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга   шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Бд аймгийн Засаг даргын 2020 оны А/1112 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн, нэгж талбарыг хувааж газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан боловч иргэн М.Х, А.Н нарын гаргасан гомдлын мөрөөр уг захирамжаа эргүүлэн хянаж үзэхэд:

1.Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот захирамжийн холбогдох хэсгээр “Х” ХК-ийн эзэмшил газраас “Д” ХХК-д 4434 м2 газрыг эрх шилжүүлэн эзэмшүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 62 тоот захирамжийг үндэслэн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,

2. 0005876 дугаартай гэрчилгээ бүхий 4434 м2 газрын кадастрын зургийг 2 салгаж өөр өөр байршилд үйлдсэн нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэснийг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн тул 2021 оны А/03 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн болно

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2020 оны А/1112 тоот захирамжийг иргэдээс ирсэн гомдлын дагуу хүчингүй болгосон. Иргэн А.Н, М.Х нараас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн А/1112 тоот захирамжийг хүчингүй болгож өгөх тухай гомдол ирсэн. Тухайн гомдолд Мэргэжлийн хяналтын газрын акт, албан шаардлагын талаар бичсэн байсан. Тэгээд тухайн акт, албан шаардлагын талаар судалж үзэхэд, манай Засаг даргын Тамгын газарт Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт ирсэн байсан. Уг нь газартай холбоотой материалыг ирсэн үед нь надад танилцуулах ёстой байсан. Гэхдээ надад танилцуулахгүйгээр тухайн үед ажиллаж байсан манай хэлтсийн ахлах мэргэжилтэнд танилцуулаад тухайн үед ахлах мэргэжилтэн хаасан юм байна. Тухайн үед А/1112 дугаар захирамж гарсан байсан. Тэгээд тухайн актыг үзсэний дараа А/1112 тоот захирамжийг буруу гаргаснаа хүлээн зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар захирамжаар А/1112 тоот захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хамтран хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж би, иргэн М.Х, Х.Т, А.Н нараас ирүүлсэн “иргэн С.С нь Өлгий сумын 13-р багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн, хашаагаа сунгасан, барилгын материалын худалдаа үйлчилгээ явуулахдаа орчныг бохирдуулдаг, тус газарт оршин суугчдад сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэсэн гомдлын мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 04/354 тоот "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу автозамын хяналтын улсын байцаагч И.Б хамт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Д” ХХК-ийн эзэмшлийн гэх Өлгий сумын 13 дугаар багт байрлах 031300478 тоот нэгж талбарын дугаартай газар, иргэн С.Сы барилгын болон мод, модон материал худалдаалах үйл ажиллагаа болон холбогдох бичиг баримт шалгалт хийсэн. Шалгалтын явцад тухайн газрын нэгж  талбарын хувийн хэргийг Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас авч шалгах гэсэн боловч нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байсан. Тухайн үед нь С.Саар дамжуулан тухайн газартай холбоотой кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ, тухайн үеийн Өлгий сумын Засаг даргын захирамж  зэрэг бичиг баримтуудыг Х.Б гуайгаас авхуулсан. Тухайн үед Х.Б гуайг би хэд хэдэн удаа дуудсан. Гэхдээ Х.Б гуай “...би хөдөө явж байна. Бичиг баримтуудыг С.Саар өгч явуулна” гэж өөрөө ирээгүй. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.

Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр “Х” ХК-ийн эзэмшил газраас “Д” нөхөрлөлд 4434 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн болохоос “Х” ХК-ийн хашааны гаднах газрыг шилжүүлэн эзэмшүүлээгүй юм. Энэ талаар тухайн үед 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр газрын кадастрын зураг үйлдсэн мэргэжилтэн Х.Наас утсаар асуухад аймгийн Засаг даргын 2012 оны шийдвэрийн дагуу кадастрын зураг үйлдэж өгсөн гэсэн боловч тийм шийдвэр байхгүй байв. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Х.Н нь өөрийн үзэмжээр нэг нэгж талбарын дугаараар хоёр өөр байршилд газрын кадастрын зураг үйлдсэн нь хариуцлагагүй хандсаныг харуулж байна. Тухайн газрыг нэгэнт нэмж эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн,аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”  гэсний дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой байсан юм

Газрын мэдээллийн сангийн кадастрын зурагт байгаа мэдээллээр X Баяны гэх 4114 м2 газрын зэргэлдээ хойд тал, урд тал, баруун талуудад хэн нэгний эзэмшилд олгогдоогүй сул чөлөөтэй газрууд одоог хүртэл байгаа учраас Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар “Газар шилжүүлэх тухай” захирамжаар шилжүүлэн авсан 4434 м2 газрыг тухайн газруудаас эзэмших бүрэн боломжтой юм. Газар эзэмших 0005876 дугаартай гэрчилгээг Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 тоот шийдвэрийг үндэслэн 031300478 дугаар бүхий 0.4434 га газрыг 60 жилийн хугацаатай “аж ахуйн хэрэгцээний” зориулалтаар 2004 оны 11 дүгээр сарын 12-ны олгожээ. Иргэн Хыстаубай овогтой Баяны эзэмшиж байгаа 031300478 нэгж талбарын дугаартай 320 м2 газрын кадастрын зургийг 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Н үйлдэж, хэлтсийн дарга М.Б хянасан байна. Мөн иргэн Х.Б эзэмшиж байгаа 031300478 нэгж талбарын дугаартай 4114 м.кв газрын кадастрын зургийг 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн X.Н үйлдэж, хэлтсийн дарга М.Б хянасан байна.

Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс Өлгий сумын 13 дугаар баг “Жана ауыл"-д байрлах 52 м2 талбайтай гараашны зориулалттай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000387657 дугаар гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Х.Бд олгосон байна. Дээрх газруудын нэгж талбарын хувийн хэрэг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архивд байхгүй байв. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд :

1.Тухайн үед Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 тоот захирамжийг үндэслэн 4434 м2  газарт гэрчилгээ олгох ёстой байсан боловч Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 тоот захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 1 2 дахь заалтыг, 2. Хоёр өөр байршилд байрлах нэгж талбарын газруудад нэг газар эзэмших 0005876 дугаартай гэрчилгээг олгож, 2 нэгж талбарт 1 нэгж талбарын дугаар олгож, нэг нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг үйлдсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг, 3. Нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангалтгүй байгаа нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны А/169 дугаар тушаалыг зөрчсөн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан нийтлэг бүрэн эрхийн дагуу дээрх зөрчлүүдийг арилгуулах үүднээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К Болатад Улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 тоот албан шаардлагаар дараах зөрчлүүдийг арилгуулахыг шаардсан. Үүнд:

1.Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 тоот захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших 0005876 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, 2. Иргэн Хыстаубай овогтой Баяны эзэмшиж байгаа гэх 031300478 нэгж талбарын дугаартай 320 м2 газрын кадастрын зургийг хүчингүй болгох, 3.Зөвшөөрөлгүй газрыг чөлөөлөх арга хэмжээг авах, 4.Нэгж талбарын газруудын хувийн хэргийг бүрдүүлж Газрын цахим мэдээллийн санд үүсгэсэн холбогдох мэдээллүүдийг засахыг шаардсан гэв.

Гуравдагч этгээд  А.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Х” ХК хувьчлагдсаны дараа эд хөрөнгийг хуваасан. Тухайн газарт 3 гарааш байдаг.  С.Хын гараашны гадна талд нь хаалга байгаа  болохоор тэр талаас буюу  хаалганыхаа урд талаасаа хашаа татаж авсан. Тэгээд тухайн С.Хын хажуу дахь газрыг би авсан гэж Х.Б ирсэн. Тэгээд бид нар тухайн үед газрын албанд очиход, бид хувь хүний нууцыг задруулахгүй гэж бидэнд ямар ч кадастрын зураг үзүүлээгүй. 2015-2016 оны зурагт байгаа цэнхэр вагончик Ш.Хавалын вагончик байсан. Тухайн үед манай гараашны 3 дахь цонхонд С.Х гуай вагончикоо тавьж, тухайн газрыг өргөтгөж үйл ажиллагаа явуулж байсан. Бид тухайн үед гараашны гадна талд хаалга барьж, супер доторлогоо гэж Ховдоос нэг хүмүүс ирж үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед энэ маргаан гарч байсан. Тэгэхэд, энэ хашааг хүчээр татсан байдаг. Энэ газрын кадастрын хэмжээ хэд байгаа вэ, нийтийн эзэмшлийн газар биш үү, энэ манай объектын гадна тал гэж газрын албанд очиход, хувь хүний нууц гэж кадастрын зургийг гаргаж өгөөгүй. Тухайн үед Х.Б гуай надад энэ газар ийм кадастрын зурагтай гэж юу ч  хэлээгүй байсан. Энэ кадастр бүр сүүлд нь гарч ирсэн. 2016-2017 онуудад бид зарим нэг асуудлаас болж, хуучин эзэмшиж байсан газраа хууль ёсны дагуу аав маань амьд сэрүүн байхад өмчлөлөөр авсан. Тэгээд өөрийн өмчлөлийн газрын хэсэг газрыг хүмүүст зарсан. Сүүлд нь өөрийн өмчлөлийн газрын 700 м.кв газрыг М.Хад шилжүүлж зарсан байгаа. Тухайн үед зарахдаа тухайн хашааны  буланд байгаа 3 гараашны гадна  тал нь хэний  ч эзэмшлийн газар биш гэж явж байсан. Тэгээд сүүлд нь тухайн газарт нэг хүн цемент, барилгын материал зарж эхэлсэн. Хэд хэдэн удаа би Х.Б гуайтай уулзаж, “...энэ газарт цемент, барилгын материал зарж болохгүй. Бид энэ газарт 20-иод жил амьдарсан. Зун эсгий гэрээ бариад суудаг. Энд тайван амьдрах боломжгүй болгож байна. Энэ барилгын материал зардаг зах биш” гэж хэд хэдэн удаа хэлж шаардлага тавьсан боловч энэ миний хууль ёсны эзэмшлийн газар гэсэн тайлбар өгсөн. Тэгээд бид нар өргөдөл гаргасан. Тухайн газар нэгэнт нийтийн эзэмшлийн газар бол яагаад дуудлага худалдаанд оруулаагүй вэ. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд К.Ргийн  шүүхэд ирүүлсэн болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэгч Х.Б нь анх "Д" нөхөрлөлийн нэрээр 2004 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн  55 тоот Өлгий сумын Засаг даргын захирамжаар 4334м2 газрыг "Х" ХК-ийн эзэмшлийн газраас эзэмшихээр зөвшөөрүүлэн авсан байдаг ба уг захирамжид "Х" ХК-ийн эзэмшлийн газрын гаднах талбайгаас газар эзэмшүүлэх талаар эрхийн акт гараагүй байна. Энэхүү 55 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрчилгээ авахдаа нэгж талбарын дугаар нь 031300478 гэсэн тоо байна. Дараа нь 1 сар 10 хоногийн дараа буюу 2004 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр мөн Өлгий сумын Засаг даргаас эрхийн гэрчилгээ олгох тухай 62 тоот захирамж гаргуулж авсан, үүнд Өлгий сумын 2 дугаар багийн нутаг, өөрөөр хэлбэл Х.Бы одоогийн амьдарч байгаа 2 давхар хаусын 0,07 га газар бөгөөд нэгж талбарын дугаар нь 031300496 байна. Гэтэл Х.Б нь энэ газрыг эзэмших 0005876 дугаартай гэрчилгээ авахдаа нэгж талбарын дугаарыг будлиантуулахын тулд дээр дурдсан 55 тоот захирамжаар авсан газрын нэгж талбарын 031300496 гэсэн дугаарын сүүлийн 2 тоо болох 96 гэсэн тоог 78 болгож баллаж зассан ба 0,07 га гэсэн тооны 0,07 гэсэн тоог 44 гэж засаад түүний ард талд 34 гэсэн тоог нэмж буюу 0,4434 га гэж засаж авсан нь энгийн нүдээр маш тодорхой харагдаж байна.

Мөн 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Х.Н үйлдэж, М.Б шалгасан 320 м.кв газрын нэгж талбарын зөв бичигдсэн 031300478 гэсэн тооны сүүлийн 96 гэсэн тоог 78 болгож үзгээр засварлаж бичсэн нь нүдээр харагдаж байгааг анхаарч үзэн  судалж дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.   Х.Б нь энэ кадастрыг Х.Наар 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зуруулж авсан хашааны гаднах 320м2 гэсэн газарт ямар ч эрхийн акт байхгүй, уг кадастрын нэгж талбарын дугаарыг гараар баллаж засварласан энэ 320 м2 гэх хашааны гадна талд байгаа газрыг урьд нь өөртөө 10 жилийн өмнө ноогдсон 52м 2 гарааштай зэрэгцүүлэн “Г” маягтай зуруулж авсан нь ноцтой болох нь тодорхой байна.

2.К.Р миний газрын маргаангүй гэж 2017 оны бичсэн тухай баримтын тухай гэвэл бид байшин барьж их ажилтай байсан үед Х.Б ирж энэ газрын талаар маргаагүй бол гарын үсэг зурж өг гэхээр нь байшин барьж байгаа газрын талбайн хувьд газрын маргаангүй гэж гарын үсэг зурсан болно. Мөн 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутын үед газрын маргаангүй гэж гарын үсэг зурсны тухайд бол Х.Б  "Би үүнээс хойш танай байшингийн цонхонд тулгаж байршуулсан контейнер ба түр барилгыг өнөө шөнө нүүлгэнэ \урьд өдөр нь нэг контейнерыг ачуулсан байсан\, дахиж барилгын материал худалдааны үйл ажиллагаа явуулахгүй болно гэж хөршүүдтэй хийсэн тэмдэглэлд гарын үсэг зурж өг гэж"  нөхөр М.Хыг итгүүлснийг М.Х надад хэлэхгүйгээр гарын үсэг зурж өгсөн байна.

3.Х.Б нь "Х" ХК-ийн хашааны дотроос эзэмшлийн газар олгосон эрхийн акт байгаа болохоос биш "Х" ХК-ийн хашааны гадна газар эзэмшүүлэх эрхийн акт огт байхгүй байна  гэв.

Гуравдагч  этгээдүүдийн  өмгөөлөгч Т.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Х.Б 320 м.кв газарт дур мэдэн хашаа татан авч, тухайн газрыг бусдад түрээслэн барилгын материал худалдах үйл ажиллагаа явуулснаас болж хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчинд халдсан учраас бид нар гомдол гаргаж байгаа. Х.Б тайлбартаа энэ газарт дахиж өөр үйл ажиллагаа явуулна гэж хэлж байна. Бид Х.Бд энэ асуудал шүүхээр шийдэгдэх хүртэл үйл ажиллагаа явуулахаа зогсоогооч гэж хэлж байсан. Үйл ажиллагаа явуулахаа зогсоох байтугай шөнө согтуу хүмүүсийг явуулж, янз бүрийн асуудал гаргаж өнөөдөр эрүүгийн хэрэг болж явж байгаа. А.Н ч тайлбарласан  “Х” ХК-ийн хашаан доторх газар  гэсэн гэрээ байна.

Мөн шүүхийн  шийдвэр байгаа, үүний тогтоох хэсэгт “...Монгол Улсын Газрын  тухайн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар “Х” ХХК-ийн эзэмшилд байгаа нийт газраас С.Х, Х.Б, А.Г, “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаагаас бусад газрын  эзэмшигч М.А мөн болохыг тогтоосон” гэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Х” ХХК-д 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 тоот захирамжаар Өлгий сумын Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  7 дахь заалтын дагуу олгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй ба хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд “Х”ХХК-ийн газар хуваарилалтын схем зурагт гарын үсэг зурж зөвшөөрсөн гэх боловч тус компанийн захирал М.Аы гарын үсгийг дуурайлган зурсан болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээсэн болно” гэсэн байгаа. Энэ үүднээс гэрээ хийсэн байгаа. Тийм учраас энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Баас  тус шүүхэд анх  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Маргаан бүхий  захиргааны  акт болох  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар захирамжаар[1]  аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1112 дугаар захирамжийг  хүчингүй болгосон, уг  А/1112 дугаар захирамжаар[2] Өлгий  сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлалтай “Д” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 м.кв газрыг хоёр хувааж, 4114 м.кв болон 320 м.кв газруудыг өмнөх зориулалтаар компанийн захирал Х.Бд үргэлжлүүлэн эзэмшүүлж, “Д” ХХК-д урьд газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот захирамжийн холбогдох хэсэг болон 0005876 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгосон байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар[3] “Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 тоот захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших 0005876 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, иргэн Х.Бы эзэмшиж байгаа гэх 031300478 нэгж талбарын дугаартай 320 м.кв газрын кадастрын зургийг хүчингүй болгох, зөвшөөрөлгүй газрыг чөлөөлөх арга хэмжээг авах, нэгж талбарын газруудын  хувийн хэргийг бүрдүүлж, газрын цахим мэдээллийн санд үүсгэсэн холбогдох мэдээллүүдийг засаж зөрчлийг арилгах”-ыг  тус тус шаарджээ.

Өлгий  сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар[4] “Х” ХК-ийн  эзэмшил газраас “Д” нөхөрлөлд 4434 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба  уг нөхөрлөл нь 2014 онд 1 гишүүнтэй “Д” ХХК болж өөрчлөн зохион байгуулагдаж,  үүсгэн байгуулагч захирлаар нь Х.Б бүртгэгдсэн[5] байна. Нэхэмжлэгч Х.Баас уг захирамжийг үндэслэн олгосон гэж 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, мөн 2012-7-19 гэсэн огноотой 4114 м.кв газрын, 2012-8-31 гэсэн огноотой  320  м.кв газрын  байршлын кадастрын зургийг тус тус нотлох баримтаар[6] ирүүлсэн.

Энэхүү 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд ““Д” нөхөрлөлд Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 тоот шийдвэрийг үндэслэн  нэгж талбарын 031300478 дугаар бүхий 0.4434 га газрыг 60 жилийн хугацаатай аж ахуйн хэрэгцээний зориулалтаар  эзэмшүүлэхээр олгосон” гэж, 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд “Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийг үндэслэн Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Ж.Д болон  Х.Б нар 0,4434 м.кв газрыг эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан” гэж тус тус тусгагдсан байна.  Мөн 2012-7-19 гэсэн огноотой, “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-т  нэгж талбарын дугаар 031304047, хаяг Өлгий сумын 3 дугаар баг,талбайн хэмжээ 4114 м.кв гэж, 2012-8-31 гэсэн огноотой,  “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-т  нэгж талбарын дугаар 031300478, хаяг Өлгий сумын 3 дугаар баг,талбайн хэмжээ 320 м.кв гэж тус тус тусгагджээ.

Өлгий сумын Засаг  даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн 1 дэх заалтаар  “Д” нөхөрлөлөөс гадна “А” ХК-ийн С.Хд 6727 м.кв, “Т” ХК-ийн  А.Гд  2430 м.кв,  Гаалийн газарт 8000 м.кв газар шилжүүлэн олгосон, 2 дахь заалтаар  М.Аы эзэмшил газрыг 5170 м.кв-аар тооцож газрын төлбөр авч байхыг газрын даамалд үүрэг болгосноос үзэхэд 2004 оны үед “Х” ХК –ийн эзэмшилд  26761 м.кв   талбайтай газар байсан гэж үзэхээр байна.

 “Х”  ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлыг захирал М.А удирдаж, компанийг ХХК болгож өөрчлөн зохион байгуулах, бусад хувьцаа эзэмшигчдэд  хувьцаанд ногдох хөрөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцсэнээр  хөрөнгө хуваарилах комисс байгуулах, компанийн үндсэн хөрөнгө, бусад хөрөнгийг хувьцааны хувь хэмжээг үндэслэн  хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн, хувьцаа эзэмшигч Х.Бд 1100000 төгрөгийн үнэ бүхий гараашны хэсэг, 2667000 төгрөгийн үнэ  бүхий  склад /агуулах/-ын хэсэг гэсэн үндсэн  хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгө хуваарилагдсан, нэхэмжлэгч Х.Б нь уг 52 м.кв талбайтай гараашны барилгыг  бүртгүүлж, 1999 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчид болох М.А, С.Х, А.Г, “Бөкен тау” ХХК-д бусад үндсэн хөрөнгөөс гадна  гарааш, складын тодорхой үнэ бүхий хэсэг хуваарилагдсан, тус компани  үндсэн хөрөнгүүд нь байрлаж байгаа эзэмшлийн газраа хашаалсан байсан, тухайн складын барилга нь “Х” ХК-ийн хашаалсан  газрын дотор байрлалтай, гараашны барилга  нь хашаатай залгаа байрлалтай бөгөөд гараашны  барилгын хаалганууд нь анх хашааны дотор талд байрлалтай буюу  ертөнцийн зүгээр зүүн тал уруу харсан байрлалтай байсан гэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тус тус тогтоогдсон болно.

Түүнчлэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар “Х” ХК-аас дээрх этгээдүүдэд  газар шилжүүлэн эзэмшүүлснээр үлдсэн 5170 м.кв газрын  3100 м.кв талбайтай хэсгийг  “Х” ХК-ийн захирал  М.А, 2070 м.кв  талбайтай хэсгийг  түүний хүү Аы Нурмухан нар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар[8] гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан, 2015 онд М.А нь уг 3100 м.кв газрыг А.Нд бэлэглэсэн, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  худалдах, худалдан авах гэрээгээр А.Н нь үүний 713 м.кв талбай бүхий хэсгийг худалдсанаар К.Р нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 000286473 дугаартай гэрчилгээгээр Өлгий сумын 13 дугаар  багт байршилтай, нэгж талбарын 031306406 дугаартай 713 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/686 дугаар захирамжаар 952 м.кв болгож өмчлүүлсэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулснаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000450408 дугаартай гэрчилгээгээр 952 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна[9].

Гуравдагч этгээд К.Ргийн өмчлөлийн Өлгий сумын 13 дугаар  багт байршилтай 952 м.кв газарт байшин, агуулах, гарааш гэсэн үл хөдлөх хөрөнгүүд  байрладаг, уг агуулах болон гарааштай хил залгаа баруун урд талд нь “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Х.Бд хуваарилагдсан дээрх гарааш байрладаг, уг гараашны   дэвсгэр газар болон урд тал /ертөнцийн зүгээр зүүн тал/, хойд тал /ертөнцийн зүгээр баруун тал/,  мөн гуравдагч этгээд К.Ргийн өмчлөлийн агуулах, гараашны хойд талын /ертөнцийн зүгээр баруун тал/ газрыг тус тус оролцуулан нэхэмжлэгч Х.Б нь  2012-8-31 гэсэн огноотой,  “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-т заасан 320 м.кв талбайтай  болон уг газрын баруун талаас 145,8 м.кв талбайтай, нийт 465,8 м.кв талбайтай газрыг хашаалсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдсон[10].

Нэхэмжлэгч талаас ““Х” ХК татан буугдсанаар  хувьцаа эзэмшигчдэд ногдсон үндсэн хөрөнгүүд нь  тус тусдаа байршилд байсан, Х.Б надад ногдсон эд хөрөнгө болох склад болон гараашны хэсэг нь  тус тусдаа 2 байршилд байсан ба Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар  хувьцаа эзэмшигчдэд газар эзэмшүүлэхэд хөрөнгөнүүдийн тоо, нэгж талбарыг харгалзахгүйгээр нийт дүнгээр нь эзэмшүүлсэнд бидний буруу байхгүй, 55 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 4434 м.кв газар нь 4114 м.кв болон 320 м.кв талбай бүхий 2 тусдаа байршилтай газар” гэж   маргасан.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  “Х” ХК   өөрчлөн зохион байгуулагдаж,  хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах үед хувьцаа эзэмшигч Х.Бд склад, гараашны хэсэг гэсэн 2 үл хөдлөх эд хөрөнгө хуваарилагдсан, тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь “Х” ХК-ийн хашаан дотор тус тусдаа байршилтай болох нь тогтоогдож байгаа боловч  анх Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар “Х” ХК-аас  “Д” нөхөрлөлд шилжүүлэн эзэмшүүлсэн  4434 м.кв газар нь 4114 м.кв, 320 м.кв гэсэн хэмжээтэй 2 тусдаа байршилтай газар гэж үзэх, өөрөөр хэлбэл 2012-8-31 гэсэн огноотой,  031300478 нэгж талбарын дугаартай, “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” дахь 320 м.кв газар  нь  уг 4434 м.кв газарт  хамаарч байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Х” ХК-ийн эзэмшлийн газраас 4434 м.кв газрыг  “Д” нөхөрлөлд шилжүүлэн эзэмшүүлж, 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэж байгаа боловч 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээнд Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 тоот шийдвэрийг үндэслэн   олгосон  гэж тусгагдсан байх ба  уг Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62  дугаар захирамж нь  Х.Бд Өлгий сумын 2 дугаар багаас нэгж талбарын 031300496 дугаартай 700 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн шийдвэр  байна.

Уг  55 дугаар захирамжийг үндэслэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд нэгж талбарын 031300478 дугаартай 4434 м.кв газрыг эзэмшүүлсэн талаар тусгагдсан,  өөрөөр хэлбэл  гэрээнд 4434 м.кв газар нь нэг нэгж талбар биш, 2  тусдаа  байршилтай газар болох талаар тусгайлан заасан зүйл байхгүй, мөн уг 4434 м.кв  газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан тухайн үед үйлдэгдсэн кадастрын зураг болон  нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд 2014 он хүртэл  уг газар бүртгэгдээгүй болох нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11]  тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс  нотлох баримтаар гаргаж өгсөн 2012-7-19 гэсэн огноотой, “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” /талбайн хэмжээ 4114 м.кв/ болон 2012-8-31 гэсэн огноотой, “Иргэн Х.Бы  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” /талбайн хэмжээ 320 м.кв/-ийг тус тус үйлдсэн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Наас  тухайн зургуудын талаар “А ХК-ийн С.Х, “Т” ХК-ийн А.Г, ”Д” нөхөрлөлийн Х.Б, Гаалийн  байгууллагыг төлөөлж Х.Шерхан нараас “Х” ХК-аас хувьцаанд ногдох хөрөнгө, оногдох газрыг шилжүүлэн авсан гээд уг шилжүүлэн авсан газрыг хэмжиж өгөх талаар  хүсэлт гаргаснаар газрыг хэмжсэн.Өөрөөр хэлбэл тухайн иргэд нь  Газрын албаны даргад хүсэлт гаргаж, албаны даргаас надад даалгавар өгснөөр би “Х” ХК-ийн хашаан доторх газарт хэмжилт хийсэн.Тухайн иргэд хашаан дотор байгаа  өөрсдийн хувьцаанд авсан үл хөдлөх эд хөрөнгө, оногдох газраа үзүүлж, газрынхаа хил зааг, хэмжээг хэлж зааж өгсний дагуу  газруудыг нь тэдний өөрсдийнх нь хэлснээр   хэмжиж, кадастрын зургуудыг үйлдэж өгсөн. Иргэн Х.Бы хувьд “Д” нөхөрлөлийн үл хөдлөх хөрөнгө, шилжүүлэн авсан газрыг зааснаар нь хэмжиж үзэхэд хашааны доторх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа болон  орчны газар нь 4114 м.кв хэмжээтэй гарсан.Тэгээд үүний дагуу  кадастрын зураг үйлдэж өгсөн.Дараа нь иргэн Х.Б надад дахин ирж миний “Х” ХК-аас шилжүүлэн авсан газрын хэмжээ захирамжид зааснаар 4434 м.кв газар, одоо 320 м.кв газар дутуу байгаа, “Х” ХК-аас хувьцаандаа гарааш бас авсан байгаа, тэр газраа хэмжүүлнэ гэсэн.Ингээд “Х” ХК-ийн хашааны баруун хойд талд  байрлаж байгаа хувьцаандаа авсан гарааш болон уг гарааш байрлаж байгаа газрыг үзүүлж, гараашны доорх газар,гараашны хаалган тал буюу ертөнцийн зүгээр зүүн тал , мөн ертөнцийн зүгээр баруун талаас нь тодорхой хэмжээний газрыг буюу  үлдсэн 320 м.кв газраа хэмжүүлж  авсан ба уг газрын кадастрын зургийг тусдаа үйлдэж өгсөн. ...Х.Бы  өөрийнх нь хэлснээр газрыг  хэмжиж өгч, кадастрын зураг үйлдэж өгсөн. Тухайн үед би иргэн Х.Бд  “та  “Х“  ХК-аас шилжүүлэн авсан 4434 м.кв газраа  2 өөр байршилд байрлаж байгаа гэж тайлбарлан 2 кадастрын зураг үйлдүүлж авлаа. Уг 4434 м.кв газар нь 2 нэгж талбар болж хэмжигдсэн учраас одоо тухайн газартаа дахин захирамж гаргуулж авах ёстой гэж  хэлсэн шиг санагдаж байна”  гэж мэдүүлсэн[12].

Газрын харилцаа, геодези,  зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар  баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д зааснаар шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд  холбогдох үйл ажиллагаанууд хийгдсэнээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх ёстой ба  5.3-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгахаар тус тус зохицуулсан байна.

Тухайн тохиолдолд “Х” ХК-аас “Д” нөхөрлөлд 4434 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн  Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан 031300478 нэгж талбарын  дугаартай 4434 м.кв газрын хувийн хэрэг байхгүй,  газрын хэмжээ,байршил, заагийг харуулсан кадастрын зураг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд уг газрын талаар мэдээлэл байхгүй буюу бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл “Д” нөхөрлөлд  шилжүүлэн эзэмшүүлсэн 4434 м.кв газрын талаарх холбогдох баримт бичгүүд байхгүй, байршил, хил зааг  нь тодорхой бус байхад тухайн асуудлыг тодруулахгүйгээр, түүнчлэн нэгж талбар бүр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байна гэж хуульчилснаар нэг нэгж талбарын дугаартай газарт  тус тусдаа кадастрын зураг үйлдэгдэх үндэслэлгүй  байхад  нэгж талбарын 031300478  дугаартай 4434 м.кв  талбайтай газрын кадастрын зургийг дээрх байдлаар нэхэмжлэгчийн хэлснээр  2 тусдаа байршилтай  нэгж талбар болгож үйлдсэн нь   бодит байдалд нийцээгүй, хууль бус  байна гэж үзлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгчид хуваарилагдсан гараашны барилга нь “Х” ХК-ийн хашаатай  залгаа байрлаж байгаа ба анх  тухайн гараашнуудын хаалга нь хашааны дотор талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрлалтай  байсан,  гараашны хойд талын буюу ертөнцийн зүгээр  баруун талын газар нь  хашааны гадна талд байрлалтай болох нь тогтоогдсон. Гэрч Х.Н, Б.Ермурат нар ““Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаанд ногдсон  үл хөдлөх эд хөрөнгийн дэвсгэр  болон орчны газарт хэмжилт хийлгэхдээ тус компанийн хашаан дотроос хэмжилт хийлгэсэн” гэж мэдүүлсэн[13].  Мөн  хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Газрын албаны 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тодорхойлолтод[14] “Иргэн Х.Б “Х” ХК-ийн гэрээт газар ашиглалтын төлбөрийн 10 хувийг тогтмол төлж байгаа, үүнд склад, автомашины гарааш зэрэг 2 объект, хашааны талбайн зохих хэсэг хамрагдсан” гэж тусгасан,  2003 оны  01 дүгээр сарын 01-ний өдрийн “Х” ХХК болон  Х.Б нарын хооронд 2002 онд газар ашиглах талаар байгуулсан  гэрээнд[15]  зааснаар агуулах, саравчинд бараа материал хадгалах, автомашины гараашинд  машин техник оруулах, гаргах,  засвар үйлчилгээ хийх зориулалтаар “Х” ХХК-ийн эзэмшил хашааны дотроос нийт 4434 м.кв талбайтай газрыг ашиглуулахаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч Х.Б нь уг гэрээг үгүйсгээгүй болно.

Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр  зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 61 дүгээр зүйлийн  61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэж тус тус заасан.

Дээрх байдлаар  “Х” ХК нь  үндсэн хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгө  байрлаж байгаа эзэмшлийн газраа хашаалсан байсан, 1998 онд тус компани өөрчлөн зохион байгуулагдах шийдвэр гарч, хувьцаа эзэмшигчдэд   хөрөнгө хуваарилах үед нэхэмжлэгч Х.Бд хашаан доторх  склад болон хашаатай залгаа байрлах гараашны барилгын тодорхой хэсэг  хуваарилагдсан, гараашны барилгын хаалганууд нь  хашааны дотор талд буюу  ертөнцийн  зүгээр зүүн талдаа байрлалтай байсан,  тус компани нь ХХК болж өөрчлөн зохион байгуулагдсаны дараа 2002 оны үед Х.Бд  агуулах, саравчинд бараа материал хадгалах, автомашины гараашинд  машин техник оруулах, гаргах,  засвар үйлчилгээ хийх зориулалтаар  тус компанийн эзэмшлийн хашаалсан газраас 4434 м.кв газрыг ашиглуулж байсан нь тус тус тогтоогдсон.

“Х” ХК-аас “Д” нөхөрлөлд 4434 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй,  уг 55 дугаар захирамжийг үндэслэн  байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээнд тусгасан нэгж талбарын  031300478 дугаартай 4434 м.кв газрыг 2 тусдаа газар байршилтай 2 нэгж талбар гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх захирамжаар эзэмшүүлсэн 4434 м.кв газрын  320 м.кв талбай бүхий  хэсгийн  кадастрын зургийг /2012-08-31 гэсэн огноотой/ бодит нөхцөл байдал болон хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй зэрэг нөхцөл байдлуудаас  дүгнэж үзэхэд Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар “Х” ХК-аас  “Д” нөхөрлөлд шилжүүлэн эзэмшүүлсэн  4434 м.кв газарт “Х” ХК-ийн хашааны гаднах газар, тодруулбал Х.Бд хуваарилагдсан гараашны барилгын  хойд талын   буюу ертөнцийн зүгээр  баруун талын  газар хамаарна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

Иймд  “Х” ХК-аас шилжүүлэн эзэмшүүлсэн газарт  тус компанийн хашааны гадна талын буюу  Х.Бд хуваарилагдсан гараашны барилгын  хойд талын   /ертөнцийн  зүгээр  баруун тал/  газар хамаарахгүй  болох нь тогтоогдсон,  Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн дагуу байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд нэгж  талбарын 031300478 дугаартай 4434 м.кв газрыг  эзэмшүүлэхээр тусгагдсан тул  нэг нэгж талбарын дугаартай газар нь 2  өөр байршилд  байх үндэслэлгүй. Түүнчлэн өөр захирамжийг үндэслэн олгосон  0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 55 дугаар захирамжийг үндэслэн олгосон хүчин төгөлдөр эрхийн  гэрчилгээ гэж үзэх боломжгүй тул Өлгий  сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт  байршилтай “Д” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 м.кв газрыг хоёр хувааж 4114 м.кв болон 320 м.кв газруудыг өмнөх зориулалтаар компанийн захирал Х.Бд үргэлжлүүлэн эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1112 дугаар захирамжийг  буюу хууль бус шийдвэрийг  хүчингүй болгосон маргаан бүхий 2021 оны А/03 дугаар  захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.3,27.4, 34 дүгээр зүйлийн 34.1,38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын  улсын байцаагчаас иргэдийн гомдлын дагуу  тус газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд  төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8- д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 тоот захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших 0005876 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, иргэн Х.Бы эзэмшиж байгаа гэх 031300478 нэгж талбарын дугаартай 320 м.кв газрын кадастрын зургийг хүчингүй болгох, зөвшөөрөлгүй газрыг чөлөөлөх арга хэмжээг авах, нэгж талбарын газруудын  хувийн хэргийг бүрдүүлж, газрын цахим мэдээллийн санд үүсгэсэн холбогдох мэдээллүүдийг засаж зөрчлийг арилгах”-ыг  шаардсаныг хууль  бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн уг заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

“Д” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 м.кв газрыг хоёр хувааж, 4114 м.кв болон 320 м.кв газруудыг өмнөх зориулалтаар компанийн захирал Х.Бд үргэлжлүүлэн эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1112 дугаар захирамж буюу хууль бус шийдвэрийг  хүчингүй болгосон маргаан бүхий 2021 оны А/03 дугаар  захирамж  хуульд нийцсэн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хууль ёсны, өөрөөр хэлбэл хуулийн дагуу үүссэн эрх , хууль ёсны ашиг сонирхол  бол хамгаалагдах бөгөөд  тухайн тохиолдолд Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Д” нөхөрлөлд 4434 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлсэн байгаа боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүйгээс гадна маргаж буй 320 м.кв газар нь уг 4434 м.кв газарт хамаарахгүй болох нь тогтоогдсоноор  дээрх  маргаан бүхий захиргааны актын  улмаас нэхэмжлэгчийн  эрх,  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харин “Д” нөхөрлөлд “Х” ХК-аас 4434 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамж  нь  хүчинтэй байгаа ба  тус компанийн хашаалсан газарт бодит байдалд бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй 4434 м.кв талбай бүхий газар байгаа эсэхийг  хэмжилт хийлгэж тогтоолгосны үндсэн дээр Газрын тухай хууль, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, мөн  хувьцаанд хуваарилагдсан уг хашаатай залгаа байрлах 52 м.кв талбайтай гараашны барилгын дэвсгэр болон уг гараашаа ашиглахад шаардлагатай   хэмжээний газрыг  хууль, журмын дагуу эзэмшилдээ авахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04-04-029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т  тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЕРКЕШ

 

 

 

 

 

[1] Хэргийн 69-р хуудас

[2] Хэргийн 70-р хуудас

[3] Хэргийн 43-р хуудас

[4] Хэргийн 54-р хуудас

[5] Хэргийн 56-64-р хуудас

[6] Хэргийн 6,7,8,9-р хуудас

[7] Хэргийн 113-118,179-191-р хуудас

109-110-р хуудас/2-р хавтас/,20-21,24-27,34-36,54-55,56,58-62,122-р хуудас/3-р хавтас/

[8] Хэргийн 174-176-р хуудас

[9] 237-250-р хуудас/2-р хавтас/,1-11-р хуудас/3-р хавтас/

[10] Хэргийн 24-28-р хуудас/3-р хавтас/

[11] Хэргийн 43,55-р хуудас

109-110,111-114-р хуудас /2-р хавтас/, 15-16-р  хуудас /3-р хавтас/

[12] Хэргийн 109-110-р хуудас/2-р хавтас/

[13] Хэргийн 109-110-р хуудас/2-р хавтас/,20-21-р хуудас/3-р хавтас/

[14] Хэргийн 181-р хуудас

[15] Хэргийн 54-55-р хуудас/3-р хавтас/