Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

Д.Ц, Ч.Б, Б.Я нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б, Л.Г нарт  холбогдох 

Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.С  нарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Минжүүрдорж

Хариуцагч:Т.Б

Хариуцагч Т.Бат-Эрдэнийн өмгөөлөгч: Ч.Ням

Хариуцагч: Л.Г

Хариуцагч Л.Г ын өмгөөлөгч Д.Очирваань

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Г нь иргэн Д.Ц тай 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн. Л.Г , Д.Ц  нар 1996 онд гэр бүл болсноос хойш Л.Г ын өмчлөлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот хаягт байрлах орон сууцанд дагавар охин Ч.Б , Б.Я , зээ хүү Г.С нарын хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тус орон сууцны өмчлөгчөөр Л.Г ганцаар 2010 оныг хүртэл явсан бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Б гэх эмэгтэй гадаад явах нэрээр хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд өгөөч гэсэн тул түүнийг тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан байдаг. Улмаар Л.Г , Д.Ц  нарыг гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын орон сууцанд нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч хамтран өмчлөгч Г.Б-ийн зөвшөөрөл хэрэгтэй гээд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Д.Ц  нь Л.Г той гэр бүл болсноос хойш буюу 1996 оноос эхлэн дагавар охин Ч.Б , өөрийн дүү Б.Я , зээ хүү Г.С нарын хамт Багануур дүүргийн 33 дугаар байрны 8 тоотод хамтдаа оршин сууж байгаа нь засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Г.С насанд хүрээгүй бага насны хүүхэд ба эх Ч.Б гийн асрамжид байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Гэр бүлийн гишүүн гэдэг утгаар гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.С  нарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ байр ганц миний мэдлийнх биш. Эхнэр Д.Ц  болон бид бүгдийн болон эцэг эхийн дэм тусаар бий болсон, бидний дундын өмч. Д.Ц тай 1996 онд танилцаж хамтран амьдарч хөгшидийн мөнгө санхүүгийн тусламжаар 33 дугаар байрны 8 тоотод орох оронтой болсон. Эхнэр Д.Ц  бид хоёр 6 хүүхэдтэй нийлсэн. Бид энэ байранд ам бүл 5-уул амьдардаг. 1972-1975 он хүртэл Л.Л амьдарч байх хугацаанд Б.Э төрсөн. 1996 онд би ганцаараа амьдардаг байсан. Тэр үеэс Д.Ц  9 настай Баянтогоогийн хамт манайд ирсэн. Д.Ц  бид хоёр 1996-2017 оны хооронд үргэлж хамтдаа байгаагүй нь үнэн. н.Баянтогоо төрөөд Д.Ц  2011 оноос хотод охины хамт байсан. Тэр үед н.Оюунчимэг гадаадад сурч байгаа хүүхдээ төгсөж иртэл манай жижиг өрөөнд тодорхой хугацаагаар байж хөгшнийг гэртээ ирэхийн өмнөхөн 2015 оны хавар явсан. Д.Ц  бид хоёр 2017 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Байрныхаа гэрчилгээнд Бат-Эрдэний нэрийг оруулахыг зөвшөөрч өөрөө явалгүй гэрчилгээгээ өгч явуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрчилгээ барьцаалж мөнгө авахаар Бат-Эрдэнийд очиход миний гуйлтыг ойлгоогүй. Б.Э 2010 онд гадагшаа гарахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй гэхээр нь гэрчилгээнд нэрээ оруулахыг зөвшөөрсөн. Иймд хамтран өмчлөгчөөр Д.Ц , охин Ч.Б , ач хүү, зээ охин нарыг хамтран өмчлөгчөөр орох ёстой гэж үзэж байна гэжээ. 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Г нь миний төрсөн эцэг. Намайг 1 ой гарантай байхад эцэг, эх маань салж тусдаа амьдарч би ээж дээрээ өссөн. Л.Г тэр үед намайг эргэж тойрч эцгийн үүргээ биелүүлдэг байсан бөгөөд дээрх байранд миний төрсөн эгч н.Б-ын хамт 1995-1997 онд амьдарч байсан. Түүнээс Д.Ц тай 1996 оноос эхэлж хамт амьдарсан гэдэг нь үндэслэлгүй. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ц тай гэрлэлтээ батлуулсан нь байнгын хамт амьдарч байсныг илэрхийлэхгүй. 2010 онд эцэг маань намайг нас барвал энэ орон сууц чиний өв хөрөнгө болох хэрэгтэй гэж хэлээд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн. Үүнээс хойш 2016 онд ч энэ байр чиний өмч хөрөнгө чиний л байр гэж хэлдэг байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд өмч мөн. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй гэж тус тус зааснаас үзэхэд Л.Г , Д.Ц  нарын гэрлэлт батлуулахаас өмнөх Л.Г , Т.Б нарын хуваарьт хөрөнгө байсан тул нэр бүхий 4 хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна. Л.Г , Д.Ц  нар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12-т заасан “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” гэж заасан тул гэр бүлийн гишүүдэд Д.Ц , түүний дагавар охин Ч.Б  нар хамаарахаар байна. Харин Б.Я , зээ хүү Г.С нар нь гэр бүлийн гишүүдэд огт хамааралгүй болох нь нотлогдож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар хариуцагч Т.Б, Л.Г нарт холбогдох Д.Ц, Ч.Б, Б.Я, Г.С  нарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 000 төгрөгнөөс 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 97 600 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “...А.Ц нь Л.Г той 1996 онд гэр бүл болж 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байхад шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бодитой байх шаардлагыг хангахгүй байна. А.Ц Л.Г нар өөрсдийн охин ач зээ нарын хамт нэгэн өрх гэр бүл болж амьдарч байсныг төрийн эрх бүхий байгууллага бүртгэл лавлагаагаар нотлогдож байхад шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй. А.Ц нь өөрийн төрүүлсэн хүүхэд, ач, зээ нарын хамт Багануур дүүрэг 3- р хороо 33-р байр 8 тоотод 1996 оноос эхлэн амьдарч уг байрны эзэмшигчээр 20 гаруй жил болсон нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүй уг орон сууцанд оршин суух бүртгэлтэй байсан нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг тодорхойлсон баримт биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Г ын өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо: “...Л.Г , Д.Ц  нар нь 1996 онд анх танилцаж хамтран амьдарч байгаад 1998 онд гэр бүл болж Багануур дүүрэг, 3 дугаар хороо,33 дугаар байрны 8 тоот хаяг байрлах орон сууцыг тухайн үеийн ханш 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авахад эхнэр Д.Ц гийн төрсөн эцэг Б.Дашдорж нь орох оронтой болоход зориулж малаа зарж тухайн үед 2 000 000 төгрөгийг Д.Ц , Гонгор нарт өгсөн нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Худалдан авсан орон сууцандаа 1998 оноос өнөөдрийг хүртэл эхнэр Д.Ц , Ч.Б , Б.Я , зээ хүү Г.С нарын хамт 20 жилийн турш амьдарч байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2."гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд хэмээн тайлбарласан ба маргаан бүхий орон сууц нь хамтын амьдралын явцад тэдний хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Гэрлэлтийн гэрчилгээнд 1996 онд гэр бүл болсныг 2017 онд бүртгэв гэх нөхцөл байдал бичигдсэн нъ Л.Г , Д.Ц  нарыг 1996 онд гэр бүл болсон болохыг нотлож байна. Зохигчдын тайлбараар 1996 онд гэр бүл болсон гэрлэгчид гэх нөхцөл байдал тогтоогдсон ба дээрх хөрөнгийг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж үзэх нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчихгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тогтоолоор: “Гэр бүлийн хамтын амьдралтай байгаа хүмүүст гэдэгт...Иргэний болон гэр бүлийн байгууллагад бүртгүүлээгүй боловч нэг ам бүлд хамт амьдарч байгаа, өрхийн аж ахуйг хамтран эрхлэдэг, эр эмийн харилцаатай этгээдүүд хамаарна гэж тайлбарласан байдаг. 2010 онд Т.Б нь Л.Г той холбоо барьжТ.Б тэй уулзахад "...та миний амьдралд нэг тус болооч 2011 оноос 5 жилийн хугацаатайгаар гадагш явах болоод бvx зүйлээ бэлдсэн байгаа, харин өмчлөлийн хөрөнгө бага байна, хөрөнгө ихтэй хүний виз гарах магадлал өндөр гэнээ, би гадагшаа гарчих юм бол хамтран өмчлөгчөөс өөрийгөө хасуулна гээд гуйгаад байхаар нь түүнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломж олгосон. Тухайн орон сууцыг худалдан авахад Т.Б нь нэг ч төгрөг оруулаагүй, дээрх орон сууцанд нэг ч удаа амьдарч байгаагүй, хариуцагчийг хууран мэхлэх замаар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Нөгөө талаар энэ орон сууцыг бий болгоход хөрөнгө гаргасан болохоо Т.Б нь нотлож чадвал тэр хэмжээгээр хөрөнгөөс ногдох хувиа авах эрх нь нээлттэй. Т.Б нь тус орон сууцыг худалдан авахад ямар ч хөрөнгө гаргаагүй атлаа тухайн орон сууцны 50 хувьд тооцож ногдох хэсгээ авна гэх шаардлагатай нэхэмжлэлийг Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я нар нь хариуцагч Т.Б, Л.Г нарт холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Б эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Л.Г шүүхэд “...эхнэр Д.Ц тай 1996 онд гэр бүл болсон, 1998 онд манай хоёр хөгшин малтай байсан учир тэдний санхүүгийн тусламжаар уг орон сууцыг авсан, 2010 онд Т.Б гадагшаа гарахад хөрөнгийн барьцаа хэрэгтэй байна гэхээр нь гэрчилгээнд нэрээ оруулахыг зөвшөөрсөн”, хариуцагч Т.Б “...уг байранд эцэг Л.Г , төрсөн эгч н.Батжаргал нарын хамт 1995-1997 онд амьдарч байсан, 2010 онд эцэг Л.Г нь намайг нас барах юм бол чиний өв хөрөнгө гэж хэлээд уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн...нэхэмжлэгч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна” гэсэн тайлбаруудыг тус тус гаргажээ. /хх 24-27/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нарын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхгүйгээр Л.Г , Д.Ц  нарын гэрлэлтийг бүртгүүлсэн үеэс хойшхи хугацаанд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч үүсээгүй талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд хариуцагч Л.Г той гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байхдаа бий болгосон хөрөнгийн талаар маргаж, хариуцагч уг хөрөнгийг бий болгоход түүний оролцоо байсныг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх Л.Г , Д.Ц  нар хэдий хугацаанд хамтын амьдралтай байсан, талуудын маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний хамтын амьдралтай байхад бий болсон эсэх, уг өмчийг бий болгоход талуудын ямар оролцоотой байсныг нарийвчлан тодруулалгүйгээр гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН