Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01003

 

 

                                                            С.Н-ын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2020/03560 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2290 дүгээр магадлалтай,

С.Н-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.06.18-ны өдөр 01/40 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101 /ШШ2019/01371 дүгээр шийдвэрээр Д.Балдан-Очир, С.Н нараас 142,000,000 төгрөг гаргуулж Бат ундран мандах ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох С.Н-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 23/3 дугаар байрны 6 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013381 дугаартай 62.63 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг 165,716,600 төгрөгөөр үнэлсэн.

Барьцаа хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, хамгийн ашигтай байрлалд байдаг, хамгийн багадаа 200,000,000 төгрөгөөс буурахгүй үнэлгээтэй байхад шинжээч бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, өмчлөгчийн өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн. Иймд С.Н-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 23/3 дугаар байрны 6 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013381 дугаартй 62.63 м.кв талбай бүхий орон сууцын үнэлгээг 165,716,600 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1371 дүгээр захирамжаар Д.Балдан-Очир, С.Н нараас 142,484,075 төгрөгийг гаргуулж, Бат ундран мандах ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.08.29-ний өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч Д.Балдан-Очир, С.Н нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013381 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 23/3 дугаар байр, 6 тоот хаягт байрлах, 62.63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.10.18-ны өдрийн 19261672/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.05.28-ны өдөр 16261672/05 тоот тогтоолоор хураан авч талуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч нар 2020.06.02-ны өдөр хураасан үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй тул 2020.06.12-ны өдрийн 6/333 дугаар шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 165,716,600 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020.06.19-ний өдөр 4-189/239938 4-189/23992 дугаар албан бичгээр мэдэгдсэн, төлбөр төлөгч С.Н нь 2020.06.23-ны өдөр өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацааг авсан боловч худалдан борлуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2020/03560 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.06.18-ны өдөр 01/40 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2290 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Магадлалын хянавал хэсэгт “...Төлбөр төлөгч тал 2020.06.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах санал гаргасан атлаа 2020.07.21-ний өдөр үнэлгээний тайланг мэдэж, шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.” гэжээ. Би “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн орон сууц үнэлсэн 165,716,600 төгрөгийн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөөгүй байсан тул өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан төдийгүй үнэлгээтэй 2020.07.21-ний өдөр танилцаж, хуульд заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн материалд авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/Ш32020/14905 дугаар захирамжаар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх миний өөрөө худалдан борлуулах хүсэлтийг орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрсөн мэтээр гуйвуулан хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн барьцаа хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, хамгийн ашигтай байрлалд байдаг, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх магадлалтай, барилгын чанартай материалаар баригдсан, өрөөний зохион байгуулалт сайтай, зэрэг олон давуу талтай гадуур зарагдаж байгаа адил төсөөтэй барилга, орон сууцнуудтай адилтган үзэхэд зах зээлийн ханш 200,000,000 төгрөгөөс буухгүй үнэлгээгээр үнэлэгддэг орон сууц байхад хөрөнгийн үнэлгээний компани орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргахдаа барилгын байршил, хийц, ирээдүйд өсөх үнийг харгалзан үзээгүй, бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлгээ гаргасан.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлгүй үнэлгээг хууль ёсны бодитой үнэлгээ гэж үзсэнд гомдолтой байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх үнэлгээ хийсэн компанийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээ гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар, тус компанийн гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэх талаар ямар ч дүгнэлт өгөөгүй тул магадлал хууль ёсны гарсан гэдэг эргэлзээ төрүүлж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.06.18-ны өдөр 01/40 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 09ий өдрийн 101/ ШШ2019/01371 дугаартай захирамжаар Д.Балдан-Очир, С.Н нар нь 142,000,000 төгрөгийг “Бат ундран мандах ББСБ” ХХК-д хуваарийн дагуу төлж барагдуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, С.Н-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 23/3 дугаар байрны 6 тоот 62.63 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Хариуцагч байгууллага 2020.12.12-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

С.Н 2020.06.02-ны өдөр орон сууцыг 550,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн, төлбөр авагч Бат ундран мандах ББСБ ХХК уг үнийн саналыг зөвшөөрөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.06.12-ны өдрийн 6/333 дугаар тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.06.18-ны өдрийн 01/40 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг 165,716,600 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулжээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газартай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг баримтаар нотлоогүй байх тул “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.06.22-ны өдрийн тэмдэглэлд “...Д.Балдан-Очир, С.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуунд ...үнэлгээний тайланг танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өглөө...” гэснээс үзвэл нэхэмжлэгчид Нийслэлийн шүүхийн шийдвэр 2020.06.19ий өдрийн 4-189/23993 тоот хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, үнэлгээний тайланг танилцуулсан гэж үзнэ.

Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан гэж дүгнэнэ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 101З2020/14905 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид “...нэхэмжлэлийг 2020.07.29-ний өдөр хүлээн авч...” гэж бичигджээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020.06.22-ны өдөр хүлээн авсан атлаа 2020.07.29-ний өдөр шүүхэд хандсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч гомдолдоо “...тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээ гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар, ...эргэлзээ төрүүлж байна” гэж дурджээ.

Хэрэгт “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000197268 дугаартай, Хөрөнгийн үнэлгээ хийх 111200195 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ тус тус авагдсан байх тул гомдол хангагдахгүй.

Эдгээр байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Н-ын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2020/03560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2290 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                       Х.СОНИНБАЯР 

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Д.ЦОЛМОН