| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/1306/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1448 |
| Огноо | 2022-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1448
2022 11 25 2022/ШЦТ/1448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Г.Б-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох 2108 02858 1341 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт, Дархан-Уул аймгийн 17 дугаар баг, 21 дүгээр хороолол, 17 дугаар байрны ........ тоотод оршин суух хаягтай, урьд
- Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2006 оны 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 401 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 627 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Йеншөөбүү овогт Г-ын Б (регистрийн дугаар:ти8607...........).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” пабд Б.Х-тай тааралдаж улмаар хамт архи ууж байгаад түүнийг согтсон хойгуур нь түрийвч, гар утас, куртик зэрэг эд зүйлсийн авч, улмаар түрийвч доторх мөнгөний картаас 5 удаагийн үйлдлээр 4,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 1096 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Б.Х-ын эд зүйлийг болон Хаан банкны виза картаас 4,000,000 төгрөгийг нууцаар авсан болох нь:
5.1. Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ирсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Хаан банкны данснаас 4,000,000 төгрөг алдсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 хуудас),
5.2. Хохирогч Б.Х-“...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед найз Бат-Эрдэнэ рүү залгасан. Тэгээд уулзахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ гэх нэртэй пабад дотор орсон. Б нь Д- гэх залуугийн хамт явж байсан. Тэгээд бид гурав Хараа гэх нэртэй 0.75 л архи аваад хувааж ууцгаасан. Юм ярьж сууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ганцаараа ороод ирсэн байсан. Би өөрийн түрүүвч, гар утас, куртикээ үзэхэд байхгүй байсан. Самсунг А5 загварын гар утас 150,000 төгрөгийн үнэтэй, картын гэр нь 5-6 жилийн өмнө 60,000 төгрөгөөр худалдаж авсан, хавар намрын куртик 180,000 төгрөгөөр үнэлж байна, картуудаа 5,000 төгрөгөөр үнэлж байна. Интернэт банк руугаа ороод үзэхэд миний данснаас нийт 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд дансаа хаалгасан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 хуудас),
5.3. Иргэн Б.Х-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 12 хуудас),
5.4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-19 хуудас),
5.5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ц-1658 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нийт 363,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн тайлан (хавтаст хэргийн .... )
5.6. Г.Б-мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гаргасан “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би найз Д-той гадуур явж байх үед манай найз Б.Х-над руу залгаад уулзах уу гэхээр нь тэгсэн ч яах вэ гэж хэлээд бид 3 Саппоро, Цамбагарав хоёрын дунд байрлах нэрийг нь санахгүй байна Пабад 1 шил архи ууж байх үед найз Б.Х-чи найзынхаа түрийвч авчих би гээж магадгүй гээд надад түрийвчээ өгсөн. Тэгээд юм яриад сууж байтал Б.Х- паб дотроо тасраад унтаад өгөхөөр нь би гараад явсан. Б.Х-ын түрийвч надад байсан болохоор түрийвчнээс нь хаан банкны картыг нь аваад данснаас нь 4 сая төгрөг уншуулаад авсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.
6. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
7. Шүүгдэгч Г.Б- нь өмнө хохирогч Б.Х-виза картаар тооцоо хийж, виза картын нууц үгийг мэдэж авсан бөгөөд, түүнийг архиндаа согтоод унасан хойгуур виза карт болон бусад эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, гэм буруугийн шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, уг карт болон эд зүйлсийг өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
8. Г.Б-дээрх үйлдлийн улмаас Б.Б.Х-т нийт 4,363,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан бага бус хэмжээний буюу 4,363,000 төгрөгийн хохирол нь бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар болох гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд хүрсэн.
9. Хохирогч Б.Б.Х-т гэмт хэргийн улмаас 4,363,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэрт эстимэйт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ц-1658 хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, хохирлоос төлж барагдуулсан эд зүйл байхгүй байна. Иймд шүүгдэгч Г.Б-эс 4,363,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Х-(Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо ..... тоо, рд:фа9005....)-т олгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.
11. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.
12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
13. Шүүгдэгч Г.Б-үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр хувийн байдлын хувьд урьд өмчийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-2022.10.25-2022.11.25 өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох.
Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх боловч уг захирамжийн биелэлтийг хангаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Йеншөөбүү овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Г.Б-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Б-эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-2022.10.25-2022.11.25 өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Б-эс 4,363,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Х- (регистрийн дугаар:фа90051.........., Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, .......... тоотод оршин суух, утас:8602.........)-т олгосугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ