Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/717

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал /томилолтоор/,    

хохирогч Х.***********,     

шүүгдэгч Ш.*********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой ******** ***********д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

****************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.*********** нь 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *******гийн ******* дүгээр гудамжны ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.***********г “эмчид үзүүл” гэснээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, зовхи, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ш.*********** шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйлгүй... гэв.     

 

Хохирогч Х.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө энэ хэрэг гарсан. Манай нөхөр эрүүл мэндийн шалтгаантай учраас өвчин нь хүндэрвэл группт орох байх гэж бодоод хэлэхэд дургүйцсэн. Ш.*********** нэг уурлахаараа огцом ууртай. Манай нөхөр архи, дарс хэрэглэдэггүй. Түүнээс хойш 3 сарын хугацаанд бид уулзаагүй байж байгаад 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дахин харьцаж эхэлсэн. Ш.*********** надад анхаарал тавиад эхэлсэн. Би 2022 оны 9 сард сумынхаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би залуу хүмүүс муудаад яах вэ гэж бодоод эвлэрсэн. Би багшийн ажлаа хийж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, Ш.*********** бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа” гэв.

 

Хоёр. Эрүүгийн ******** дугаартай хавтас хэргээс:

-Хохирогч Х.***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

-Гэрч Б.************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-Аюулын зэргийн үнэгээ /хавтаст хэргийн 30 дахь тал/,

-Ш.***********ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/,

-Ш.***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

-Ш.***********ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

-Ш.***********ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/,

-Ш.***********ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.***********ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 Шүүгдэгч Ш.*********** нь 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *******гийн ******* дүгээр гудамжны ******* тоотод гэртээ хамтран амьдрагч Х.***********г “эмчид үзүүл” гэснээр шалтаглан нүүр болон толгой руу нь цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар, зовхи, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Х.***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хот Хан Уул дүүрэг *********** тоот хашаа байшинд хамтран амьдрагч Ш.***********ын хамт амьдардаг.  2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09- 10 цагийн орчимд бид хоёр сэрээд хэвтэж байхдаа би ***********д “писроз хүндэрвэл группд ордог юм байна лээ шүү, наадахаа сайн эмчлүүлэхгүй бол” гэж хэлсэн чинь намайг нэг удаа алгадсан. Тэгэхпээр нь би “битгий давраад байгаарай” гэсэн чинь “даварсан хүнийг яадаг юм бэ гичий минь” гэж намайг үснээс зулгааж чирээд орноос буулгаад гараараа хамар руу нэг удаа цохисон. Намайг уйлсан чинь Ш.*********** “чамайг энэ байшигд ганцааранг чинь алчихвал хэн ч мэдэхгүй” гэж хэлээд миний хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхлээр нь би “гармаар байна, бие засмаар байна” гэсэн чинь намайг “цусаа угаа” гээд гаргахгүй байсан. Би худлаа хэлж байгаад гэрээс гараад хашаан дотроо “амь авраарай, туслаарай” гэж хашгирсан чинь хойд, урд талын айлын нэг, нэг эмэггэй гарч ирж харсан. Тэгтэл Ш.*********** миний утсыг аваад зугтаагаад явчихсан. Харин би түүний дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Намайг 2021 оны хавар Өмнөговь аймагт байхдаа нэг удаа зодож байсан. Мөн оны 12 дугаар сард гараараа цохиж, гэрээсээ хөөсөн. Мөн сүүлийн 6-р сарын хугацаанд сар болгон гар хүрдэг байсан. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгдөг байсан. Мөн Өмнөговь аймагт зодуулах үед харсан хүн бол бий... Би 20******* оны өвөл Ш.***********тай анх танилцаж байсан юм. Түүнээс хойш уулзаж байгаад хамтран амьдрагч болж 1 жил гаран хугацаанд нэг гэрт амьдардаг болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтэй батлуулаагүй. Дундаасаа хүүхэд байхгүй... Нэг удаа хацар руу алгадсан. Хоолой багалзуурдсан, давсаг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлтэд“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу үл ялиг хавдартай, зүүн нүдний доод зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун гуяны гадна дунд 4х3 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай бөгөөд өөр ил харагдах гэмтэлгүй гэж тэмдэгдэгдсэн. Дүгнэлт:..

1.Х.***********гийн биед тархи доргилт, хамар, зовхи, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээ: “дунд” зэрэг гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Шүүгдэгч Ш.*********** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Би Өмнөговь аймагт том тэрэг барьж байхдаа Х.***********гийн нүүрэн тус газар нь 1 удаа алгадаж байсан. Тэр үед би машин жолоодоод явж байхад Х.*********** жолооны үрүүл булаахаар нь би алгадсан. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед цагдаа дээр очоод хоорондоо эвлэрээд салсан шийтгэл аваагүй. Х.*********** нь 2021 оны 12 дугаар сард гэрт ирэхгүй гадуур хоноод 3 хоногийн дараа гэрт ирэхээр нь би уурлаад ууж байсан аягатай цайгаа хана руу шидэж хагалаад Х.***********г яв, зайл гэж гэрээсээ хөөсөн, тэгэхдээ биед нь хүрээгүй зүгээр үгээр хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.***********, хохирогч Х.*********** нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 2020 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч нь Ш.***********ыг “эмчид үзүүл” гэснээр шалтаглан бие махбодид нь халдан зодож “тархи доргилт, хамар, зовхи, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалан хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Ш.*********** нь хамтран амьдрагч Х.***********гийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчин бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.*********** нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

     

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.***********д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.   

Хохирогч Х.***********: Ш.***********д торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдввэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.***********д мэдэгдэв.  

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.***********гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ш.***********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.   

 

 

Шүүгдэгч Ш.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. *********** овогтой ******* ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.***********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.***********д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.***********д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР