| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1311/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1322 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.У..............н, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01457 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Б..............ны У..............н, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй ....................................... түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ........................., урьд 2005, 2007, 2009 онуудад А............үгийн У..............н нэрээр эрүүгийн хариуцлага хүлээсэн.
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан.
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.У..............н нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн .............................................. тоотод хохирогч Ц.Б..............нтай “чи манай ээжийг дээрэлхэж байгаад хулгайн зурагтаа зарах гэж байгаа юм уу” гэсэн шалтгаанаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар биед баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салст, зүүн дал, цээж, зүүн шилбэнд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Хохирогч Ц.Б..............н нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн 32 инчийн “Sony” брэндийн зурагт, MNBC агаарын олон сувгийн тоон телевизийн үйлчилгээг хүлээн авах зориулалт бүхий DVB-T2 хүлээн авагч, антенна зэргийг худалдан борлуулах зорилгоор гэрээсээ авч гарсан байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Толгойтын хуучин эцэс орчим явж байхдаа өөрийн эд зүйлсийг гэрч Р.Ц..............мд 100.000 төгрөгт зарахаар болж, эд зүйлээ шалган хүлээлгэж өгөхөөр тэдний гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 19 дүгээр гудамжны 96 тоотод 18 цагийн орчим очжээ.
Энэ үед хөдөөгөөс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн шүүгдэгч Б.У..............н нь хохирогч Ц.Б..............нтай тааралдан “чи манай ээжийг дээрэлхэж, хулгайн зурагт зарах гэж байгаа юм уу” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, цохиж зодон эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, зүүн дал, цээж, зүүн шилбэнд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNH12724586 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн...89493335, Дуудлага хүлээн авсан...2022.08.20, 18:40:13 минут...Дуудлагын утга...дээрэмдүүлээд зодуулсан гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хохирогч Ц.Б..............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин О................л 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг Толгойтын эцсийн спорт заалны хажууд нийтийн байр хөлслөн сууж байх үед “та ганцаараа гэртээ зурагтгүй байж байхаар ажлаа тараад гэртээ зурагт үзэж бай” гээд “Sony” маркийн хуучин зурагт манай гэрт авчирч өгсөн юм. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан болохоор нь охиныхоо өгсөн хуучин зурагтыг 100.000 төгрөгөөр зарахаар шийдэж ...Толгойтын эцэс дээр авч явж байгаад ...нэг үл таних 60 орчим насны эмэгтэйд зурагтаа зарахаар болсон. Тэр эмэгтэй “би гэртээ очоод хүүтэйгээ уулзаж байгаад мөнгийг чинь шилжүүлээд өгье. Би хөл муутай болохоор өргөж дийлэхгүй. Чи манайд хүргэж өгчхөөд мөнгөө ав” гэсэн. Тэгэхээр нь би зурагтаа тэврээд тэр эмэгтэйн гэрт очоод байж байтал гаднаас хүү нь гэх үл таних согтуу залуу орж ирээд “чи манай ээжийг дээрэлхэж байгаад хулгайн зурагтаа зарах гэж байгаа юм уу” гээд ...миний нүүр болон толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж намайг газар унасан чинь миний бөгс рүү 2-3 удаа өшиглөж зодсон. Тэгэхээр нь би гэрээс нь гараад зугтааж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...намайг дээрэмдсэн асуудал бол байхгүй намайг хулгайн эд зүйл зарж байна гэж ойлгоод байх шиг байхаар нь ах нь өөрийнхөө зурагтыг зарж байгаа юм гэсэн чинь тэр залуу итгэхгүй шууд зодсон...миний хиймэл шүдийг шинээр хийлгээд өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Зурагт, төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Sony маркийн зурагт..., MNBC төхөөрөмж, антенд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 129 дэх тал),
- Гэрч Р.Ц..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 20-ны 14 цагийн орчимд гэртээ харихаар автобус хүлээгээд зогсож байтал үл таних хүн зурагт тэврээд явж байснаа надад “100.000 төгрөгөө зурагт авах уу” гэхээр нь би “гэртээ очоод шалгаад үзье” гэсэн чинь тэр хүн зөвшөөрөөд зурагтаа тэврээд манай гэрт очоод зурагтыг нь гэртээ оруулаад шалгаж үзсэн чинь манай гэрт тог тасарсан болохоор шалгаж болохгүй байсан. Тэгтэл манай хүү У..............н хөдөөгөөс ирж таараад зурагтыг нь хараад “хулгайн зурагт ч юм билүү би авахгүй манай ээжийг элэг бариад хулгайн зурагтаа битгий зарах гээд бай” гэсэн чинь тэр хүн уурлаад “энэ зурагт хулгайн зурагт биш миний зурагт” гээд манай хүүтэй маргалдсан чинь манай хүү уурлаад нүүр рүү нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохиод хөөгөөд гаргасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
- Гэрч Б.О................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би энэ зурагтыг 2015 онд 120.000 төгрөгөөр хуучин зурагт зардаг хүнээс зах дээрээс худалдаж авч байсан тэгээд манайх зурагтаа солиод хэрэглэхгүй хэвтэж байхаар нь аав хөдөөгөөс ирээд хотод нийтийн байр түрээслээд гэхээр нь би аавыг зурагт үзэг гэж бодоод зүгээр өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11559 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи тархмал овойж хавдсан, хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун нүдний алимны дотор буланд улаан хүрэн өнгийн цус хуралттай. Духанд 2х2см, зүүн хацрын хэсэгт 2.5х3см, 2х2см талбайд улаан ягаан зулгаралттай, орчны эд овойж хавдсан. Зүүн далны гадна доод ирмэгт 8х3см цээжний зүүн доод хэсэгт 8.5х5см, зүүн шилбэний доод дээд хэсэгт 5х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв...ДҮГНЭЛТ
1. 2. Ц.Б..............ны биед баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, зүүн дал, цээж, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. 4. 5. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)
- Шүүгдэгч Б.У..............нгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед хөдөөгөөс гэртээ халамцуухан ирэхэд манай гэрт ээжийн хамт үл таних эрэгтэй хүн гэрийн үүдний хэсэгт зурагт тавьчихсан байсан. Ээжээс “энэ юун хүн бэ” гэж асуусан чинь...зурагт зарах гэсэн юм гэхээр нь би танихгүй хүнд манайх зурагттай зурагт авахгүй наад зурагт чинь хулгайн зурагт юм биш үү гэж асуусан чинь үл таних залуу надад энэ зурагт хулгайн зурагт биш гэхээр нь манайх энэ зурагтыг авахгүй зурагтаа аваад гэрээс гар гэж хэлсэн. Тэгтэл гэрээс гарахгүй хоол унд идчихээд гэрээс чинь явна гэхээр нь би гэрт байсан зурагтыг нь гэрээс гаргаж тавьчхаад гэртээ буцаж ороод гэрт байсан танихгүй хүнийг 2-3 удаа гараараа нүүр рүү нь цохиод гэрээсээ чирээд гаргасны дараа бөгс рүү нь 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн...би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсэг эмээлтэд махны бэлтгэгч хийдэг 1 сарын 1.500.000 төгрөг авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У..............н нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11559 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Б.У..............н нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, хулгайн эд зүйл зарах гэлээ гэсэн хувийн таарамжгүй харилцааны сэдэлтээр хохирогч Ц.Б..............ны эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.У..............нгийн цохисон үйлдлээс шалтгаалан хохирогч Ц.Б..............ны биед баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, зүүн дал, цээж, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.У..............н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Б..............н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.У..............н нь хохирогчид 500.000 төгрөгийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 103, 112 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.У..............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээ бусад газар зорчихыг хязгаарлахаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 111 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад эдлүүлэх...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Манай үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг дээрээ маргах зүйл байхгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.У..............нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 67, 68 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 39-40, 41-44, 45-47, 52-63 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 70 дэх тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх...” зорилгын хүрээнд шүүгдэгч Б.У..............нгийн хувийн байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь Эрүүгийн хариуцлага хүлээсэн байхдаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Тодруулбал шүүгдэгч Б.У..............н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял (хавтаст хэргийн 52-63 дахь тал) шийтгүүлсэн. Энэхүү ялыг биеэр эдлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг (хавтаст хэргийн 108 дахь тал), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг (хавтаст хэргийн 114 дэх тал) зэргээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У..............н нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг биелээгүй байхад түүнд дахин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах боломжгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.У..............н нь тус шүүхийн 2022 оны 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа нь хуульд зааснаар ялтанд хамаарч байна. Тэрээр дээрх ялыг эдлээгүй байхдаа дахин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байгаа нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй гэх нөхцөл байдлыг хангахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг 720 цагийн хугацаагаар тогтоосон байна.
Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Б.У..............нд оногдуулах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өмнөх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагаас тус тусад нь эдлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.У..............нд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У..............нд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд оногдуулсан дээрх ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” буюу 3 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоож шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01457 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б..............ны У..............нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У..............нд 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У..............нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг, дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У..............нд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоол буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У..............н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ