Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00574

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00574

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оргил-1-ын байранд байрлах Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Н газарт холбогдох

 

  Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн В  ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Содном-Иш, хариуцагчийн төлөөлөгч Б.Чинзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1096 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ч.Х , О.Э  нартай холбоотой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 265 928 503.25 төгрөгийг гаргуулан 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон. Уг шүүхийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид дурьдсан. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргасан ба 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2015/24895 дугаартай шүүгчийнзахирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудасуудыг олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн бөгөөд ажиллагааны явцад *******,******* тоот хаягт оршин ******* улсын бүртгэлийн дугаар бүхий 360 мкв хувийн сууц, ******* улсын бүртгэлийн дугаар бүхийн 700 мкв өмчлөх эрх бүхий газрыг тус тус 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр И ХХК нь 310 403 400 төгрөгөөр үнэлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/1014 дугаар албан тоотооо тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг 407 141 547 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн. 2016 онд И ХХК нь 310 403 400 төгрөгөөр үнэлсэн байхад 2018 онд тухайн үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийгдээгүй, цэвэр бохирын шугам буюу төвийн шугамд холбогдоогүй, чанар байдал огт сайжраагүй, элэгдэл хорогдолд орсон, зах зээлийн бодит үнэ ханшаас илт өндрөөр буюу 407 141 547 төгрөгөөр үнэлсэн В  ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Уг үнэлгээг хийлгэхдээ манай талаас үнийн санал аваагүй, үнэлгээг тогтоох ажиллагаандаа манай талыг оролцуулаагүй зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 8 сарын 16-ны өдрийн барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 210 000 000 төгрөг гэж тохирсон байгаа зэргээс дээрх үнэлгээ нь бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу 2018.12.20-ны өдөр үнэлгээг мэдэж, 2018.12.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж, дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул В  ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 2 сарын 12-ны өдрийн 1096 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ч.Х , О.Э  нараас 265 928 503.25 төгрөгийг гаргуулж,Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ... 2 давхар хувийн сууц болон газрын битүүмжлэн хураасан. Хураасан хөрөнгийг Иргэний хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжэээчээр И ХХК-г томилж, тус үнэлгээний компаниас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 310 403 400 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Ч.Х  нь тус шүүхэд гомдол гаргаж, уг үнэлгээ тогтоосныг хүчингүй болгосон. 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 298 дугаар шүүхийн шийдвэрээр В  ХХК-г томилж, үл хөдлөх хөрөнгийг 407 141 547 төгрөгөөр үнэлж, нэрлэгдсэн хөрөнгийн үнэлгээний дүнг талуудад мэдэгдэхэд Ч.Х  нь бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох талаар хүсэлт гаргасны дагуу заасан хугацааг олгож, дуудлага худалдаанд оруулахгүй хүлээсэн боловч бие даан худалдан борлуулж чадаагүй тул 2018 оны 2 сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр авагч Х ХХК нь үнэлгээг хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосноос биш өмнөх ажиллагааг нь хүчингүй болгоогүй тул талуудаас үнийн санал авах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч хариуцагч Н газарт холбогдуулан .... 2 давхар хувийн сууц болон ******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг үнэлсэн В  ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1096 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Х , О.Э  нар нь 265 928 503.25 төгрөгийг 2015.6.30-ны дотор Х ХХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Тус газар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 178/1096 тогтоолоор ....  газрын хамт битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2018 оны 09 сарын 02-ны өдрийн 178/2645 тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 190 тоот тогтоолоор шинжээч томилжээ./хх-ийн 28-36/

 

Дээрх тогтоолоор И ХХК нь шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан байх ба уг үнэлгээг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч маргаснаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 05-ны өдрийн 975 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 1278 дугаар магадлалаар 2016 оны 11 сарын 08-ны өдрийн И ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болжээ.

Дээрх хүчинтөгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 178/01, 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 16290746/01 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлж, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 298 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, В  ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

В  ХХК нь 2018 оны 12 сарын 17-ны өдрийн ШГ18-59 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 407 141 547 төгрөг гэж үнэлсэн байх ба уг үнэлгээ тайланг 2018 оны 12 сарын 19-нд төлбөр төлөгчид, 2018 оны 12 сарын 20-нд төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.

Дээрхээс дүгнэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, түүнчлэн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан журмын дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцохоор, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдахаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр 2016 оны 11 сарын 08-ны өдрийн И ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосноор уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журам, дарааллын дагуу явагдаагүй, мөн үнэлгээ тогтоох ажиллагаанд төлбөр авагч талыг оролцуулаагүй зэрэг нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нөгөөтэйгүүр, үнэлгээ тогтоосон В  ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралт зэргээр шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;, тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар дээрх үнэлгээний талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* нь Х ХХК-д 2018.12.20-ны өдрийн 4/1014 тоот мэдэгдэл хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2018 оны 12 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн В  ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар В  ХХК-ийн Баянзүрх дүүргийн 13 хороо,******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204015215 дугаартай 360 м.кв 2 давхар хувийн сууц болон ******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ