Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/1439/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1449 |
Огноо | 2022-11-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1449
2022 11 25 2022/ШЦТ/1449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Г.У,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-од холбогдох 2208 01755 1565 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван толгой ХХК-д тоног төхөөрөмжийн машинист ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ............ тоотод оршин суух, урьд
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Боржигон овогт Г-гийн У (регистрийн дугаар:уп0027..........).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Г.У-нь 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустай дэлгүүрийн урд худгийн ойролцоо К.Т-хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газарт цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд, доод уруул, зүүн сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, хүзүүнд цус хуралт, баруун чихэнд зулгаралт, зовхи, хамар, уруул, хацар, дагз, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 1222 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Шүүгдэгч Г.У-нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас К.Т-нүүр, толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
5.1. Хохирогч К.Т-“...2022 оны 05 дугаар сарын 14-ний орой өөрийн нагац ах Володягийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь /хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй/ шөнийн 00 цагийн үед барилгын шат авах гэж очсон. Хоол идчихээд шатаа аваад 01 цаг болж байхад явах гэсэн чинь манай ах хоёр дүүтэйгээ яваад рашаан аваад ир гэхээр нь би өөрийн дүү Чинзориг, Чинбат нарын хамт Бумбатын рашаан дээр очиж рашаан авчхаад буцаад ахынхаа гудам руу ороод явж байтал өөдөөс 3 залуу ирж байсан чинь манай дүү цонхоо онгойлгочих гэхээр нь би цонхоо онгойлгосон чинь тэр гурван залуу ирээд намайг юу байна гэхээр нь би чамайг танихгүй гэсэн чинь манай дүүг юу байна ахын дүү гэхээр нь хэдэн оных юм бол гэж бодоод чи хэдэн онд төрсөн юм гэсэн чинь 2001 гэж хэлэхээр нь чи надаас хамаагүй дүү юм байна, би 91 оных гэсэн чинь чи 91 оных байхаараа яадаг юм бэ гээд намайг хэл амаар доромжлоод машин дотор сууж байхад цонхоор миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад очсон чинь үгийн зөрүүгүй миний хамар хэсэг рүү цохиод дахин цохиод миний уруул руу цохисон. Тэгээд би ууж идсэнээ зөв шингээ гээд цуг явж байсан хоёр залууд нь найзыгаа аваад яв гэсэн чинь та хоёр зодолдчих гэхээр нь үгүй гэж хэлээд байж байтал над руу дайрахаар нь би баруун гараа хойшоо савсан чинь тухайн залууг оносон. Тэгээд бид хоёр барилцаж аваад газар хоёр удаа унагасан. Би архи уугаагүй байсан... Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй, одоо болтол хамраа янзлуулаагүй байна. Цаашид хамраа янзлуулах мөнгөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас),
5.2. Гэрч В.Ч-йн “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ............ тоот манай гэрээс авга ах К.Т-, төрсөн дүү Ч бид гурав ус авах зорилгоор авга ах К.Т-машинаар худгаас усаа аваад гэр лүүгээ явж байтал манай гэрийн ойролцоо байдаг ах нар явж байсан. У ах намайг харчхаад юу байна дүү гээд хүрээд ирсэн. Тэгээд машины цонхоор авга ах К.Т-юу байна дүү гээд байсан К.Т- ах чи хэдэн оных юм ахын дүү гэсэн 2000 гэж хэлтэл чи надаас дүү юм байна гэсэн чинь Г.У- чиний ах байх чинь надад ямар хамаатай юм бэ гэж хэлээд цонхоор К.Т- ахын хамар болон зулай хэсэг рүү нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд К.Т- ах машинаасаа буугаад хоёулаа эр хүн шиг үзье гэж хэлээд тэр хоёр зодолдож эхэлсэн. Г.У- К.Т- ахын нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 5-6 цохиод К.Т- ах зөрүүлээд нүүр хэсэгт нь гараа атгаж 5-6 удаа цохисон. Тэгээд нэг хүн цагдаа дуудлаа гэж орилоод тэр хоёр салсан. Тэр хоёрыг эрүүгийн хоёр цагдаа ирж салгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан... Би тэр зодоонд оролцоогүй. Тухайн зодоон болсон орой шөнийн 1 цагийн орчим Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлэхэд хамар нь хугарч, уруул нь сэтэрч 4 оёдол тавиулсан, өөр гэмтэл шарх байгаагүй. Г.У-... зодоон эхлүүлсэн. Г.У- маш их согтуу байсан... Авга ах К.Т- ямар нэгэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 хуудас),
5.3. Гэрч О.М-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустай дэлгүүрийн урд зүүн талын худгийн ойролцоо явж байтал машинтай 3 залуу хажууд ирж зогсоод Г.У-урд сууж байсан хойно сууж байсан хоёр залуутай юм яриад байсан. Тэгээд гэнэт Г.У- Жолоо барьж байсан залуутай маргалдаж хоорондоо зодолдоод байсан. Би хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар тодорхой санахгүй байна... Г.У- болон тухайн үл таних залуу нарын уруулаас нь цус гарч байсан, өөр зүйл анзаарч хараагүй. Г.У- болон Г.У-ын найз гэх залуу бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),
5.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7112 дугаартай “...К.К.Т-гийн биед хамар ясны хугарал, дээд, доод уруул, зүүн сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, хүзүүнд цус хуралт, баруун чихэнд зулгаралт, зовхи, хамар, уруул, хацар, дагз, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан дарааллыг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 хуудас),
5.5. Г.Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна... Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хустай” нэртэй хүнсний дэлгүүрийн дээр байрлах найз Бумбагэрэлийн гэрт найз ................ нарын хамт байсан. Бид нар Сэнгүр нэртэй 2,5 литрийн 2 сав пиво уусан. 00 цагийн орчим найзын гэрээс ............ нартай гараад доошоо уруудаад Хустай дэлгүүрийн доор явж байтал нэг машин зогсохоор нь хартал манай гэрийн ойролцоо байдаг хоёр дүү буюу Шараа болон Бөмбөөхэй нар байсан. Би тэр хоёрыг юу байна ахын дүү нар гэж хэлэхэд цаанаас нь К.К.Т- гэх залуу чи хэдтэй юм гэхээр нь, тэр чамд хамаагүй гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. К.К.Т- гэх залуу машин дотроосоо бууж ирээд... би нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон, намайг татаж унагаахаар нь босож ирээд нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон... К.Т-ий уруул нь сэтэрсэн... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.
6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогч К.К.Т- нь эмчилгээнд зарцуулсан төлбөр гэж баримтаар нэхэмжлээгүй боловч 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, цаашид хамар янзлуулах мөнгөн төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас) авагдсан байна. Шүүхээс мэдүүлэгт үндэслэж хохирогчид учирсан хохирлыг тооцох боломжгүй болно.
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7112 дугаартай “К.Т-биед хамар ясны хугарал...” учирсан гэсэн дүгнэлт байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
9. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г.У-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
10. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.
11. Шүүгдэгч Г.Г.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүний биед халдсан, хувийн байдлын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 800 нэгжээр торгох ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Г-ийн Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г.У-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.Г.У-од үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Г.У-од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар К.К.Т- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ