Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Н.А..............ш нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 0237 71484 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Н..............аагийн А..............ш, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг, ам бүл 5, дүү, хүргэн, хүүхдүүдийн хамт ................................ суух бүртгэлтэй, регистрийн дугаар .......................... урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлсэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож оногдуулсан хорих ялыг 10 жил 9 сарын 22 хоногийн хорих ялаар өөрчлөн тогтоосон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.А..............ш нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “өмнөх орой болсон асуудлаар маргалдсан манай аавыг хятад гээд хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч М.З..................рын толгой, хөл, гар, цээжин бие, нуруу хэсгүүдэд труба төмрөөр хэд хэдэн удаа цохих зэргээр зодож зүүн талын 4-р хавирганы далд зөрөөгүй хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун чамархайн хуйханд шарх, баруун бугалга, зүүн хөх, хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун мөр, зүүн хацар, эрүү, шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Н.А..............ш нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ..................... дүгээр гудамжинд байх найз М...............агийн гэрт М.З..................рын хамт архидан согтуурсан байна. Улмаар Н.А..............ш нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр М.З..................рыг “чи манай аавыг хужаа гэсэн” гэх шалтгаанаар хашааны труба төмрөөр түүний толгой, нуруу, хөл, гар луу удаа дараа цохиж биед нь зүүн талын 4 дүгээр хавирганы далд зөрөөгүй хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун чамархайн хуйханд шарх, баруун бугалга, зүүн хөх, хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун мөр, зүүн хацар, эрүү, шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNF12286421 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн...88................33 Дуудлага хүлээн авсан...2022.06.22, 07:24:21 минут...Дуудлагын утга...том төмрөөр хүний толгой руу цохиод байна аллаа хурдлаарай гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

- Хохирогч М.З..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 20-ны орой Сонгинохайрхан дүүргийн ..................... дүгээр гудамжинд байрлах М...............агаагийн гэрт очсон. Тэгтэл тэнд А..............ш гэх эмэгтэй байсан бөгөөд түүнтэй танилцаж хамтдаа архи хувааж уусан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гудамжинд буусан ба 2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө эрт М...............агаагийн гэрт очтол хүн байхгүй байсан ба хашааны гадаа өмнөх орой уугаагүй байсан архиа А..............штай хамт уусан. А..............ш бид хоёр нэлээн согтуу байсан ба А..............штай өмнөх орой болсон асуудлаар маргалдсан ба А..............ш нь чи миний аавыг хужаа гэсэн гэж хэлээд М...............агаагийн хашаанаас труба гаргаж ирэн улмаар миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би А..............шаас зугтаахад цээж нуруу хэсэг рүү тус бүр 1 удаа мөн хөл рүү цохиж гэмтээсэн. Тэгээд би арай хийж салаад байж байтал цагдаа ирээд улмаар бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9029 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт...Хоёр нүдний дээд доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, дээд уруулд дотор салстууд орсон 1.5см, баруун чамархайн дээд хэсгийн хуйханд 1.3см оёдол бүхий шархтай, баруун бугалгын гадна дээд хэсэгт 10х7см, гадна доод хэсэгт 12х8см, зүүн хөхний дотор доод хэсэгт 10х7см, хэвийн зүүн дээд хэсэгт 1.5х1.5см 5 ширхэг, цээжний зүүн хажуу доод хэсэгт 3х2см 3 ширхэг, 1.5х1см 3 ширхэг зүүн бугалгын гадна доод хэсэгт 13х7см, зүүн даланд 8х4см баруун гуяны урд доод хэсэгт 2х2см, баруун шилбэний дотор дээд хэсэгт 4х4см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай, баруун мөрний урд хэсэгт 3х0.5см, зүүн хацарт 5х0.3см, эрүүний зүүн хэсэгт 1х0.2см, 2 ширхэг, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 2х0.2см 8 ширхэг зүүн өвдөгт 3х2см, баруун шилбэний урд дээд хэсэгт 2х0.3см, 1х0.2см хүрэн улаан өнгийн зулгаралттай,

ГССҮТ-н 2022.06.22-ны өдрийн эмчийн үзлэгт онош: Толгойн ил шарх, зүүн талын 4-р хавирганы далд хугарал гэжээ.

ГССҮТ-д хийгдсэн 2022.06.22-ны өдрийн толгойн КТГ-д шинжилгээнд: ...хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, баруун хацрын нумны хуучин хугарлуудтай, гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй...зүүн хацар, шанааны зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ.

2022.06.22-ны өдрийн цээжний хөндийн КТГ-н шинжилгээнд: ...зүүн талын 4-р хавирга эгмийн дунд шугамаар зөрөөгүй хугаралтай, баруун талын 8-р хавирга хуучин хугаралтай...ДҮГНЭЛТ

1. 2. 6. М.З..................рын биед зүүн талын 4-р хавирганы далд зөрөөгүй хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун чамархайн хуйханд шарх, баруун бугалга, зүүн хөх, хэвий, цээж, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун мөр, зүүн хацар, эрүү, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

- Шүүгдэгч Н.А..............шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...надаас ямар нэг хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Мөн миний бие уучлалт гуйж эвлэрсэн байгаа...миний бие уушгины өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж улмаар групп-д байдаг. Сар бүр 400.000 төгрөг авдаг. Дансны хуулга дээр байгаа. Харин групп-н дэвтрээ прокурор дээр аваачиж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А..............ш нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А..............ш нь суурь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9029 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд “хөнгөн хохирол”-д хамаардаг.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Н.А..............ш нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, шалтаг шалтгаангүйгээр хохирогч М.З..................рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “онц харгис хэрцгийгээр учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А..............ш нь хашааны шон төмөр буюу труба төмрөөр хохирогч М.З..................рын биед хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж түүний эрүүл мэндэд “...зүүн талын 4-р хавирганы далд зөрөөгүй хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, дээд уруул, баруун чамархайн хуйханд шарх, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун мөр, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт...” бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгий” аргад хамаарч байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон.

Шүүгдэгч Н.А..............ш нь труба төрмөөр хохирогч М.З..................рын биед халдаж олон тооны шарх гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.А..............ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.З..................р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.А..............шийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А..............шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Н.А..............ш нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.А..............шид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31, 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 51-53, 53-54, 55-56 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 40 дахь тал), нийгмийн даатгалын тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Н.А..............шид улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Н.А..............ш нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, сард нийгмийн халамжийн сангаас 400.000 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авдаг. Нөгөө талаар урьд болон энэ үйлдлээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.А..............шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Н.А..............шид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Н.А..............шид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах буюу түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Н.А..............шид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0237 71484 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Н..............аагийн А..............шийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А..............шийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А..............шид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.А..............шид мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Н.А..............ш нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч М.З..................рт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ