Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа /томилолтоор/,  

шүүгдэгч /хохирогч/  Ч.**********, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч /хохирогч П.**********, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овгийн ******* **********, ************ овгийн ********* ********** нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

**************

 

***************

 

Холбогдсон хэргийн талаар 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Шүүгдэгч Ч.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо ********** тоот гэрийн гадаа хохирогч П.**********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо ********** тоот гэрийн гадаа хохирогч Ч.**********тэй хувийн таарамжгүй харьцааны маргалдаж, нүүрэн тус газар нь нүүрэн тус газар нь гараараа цохих, духаараа мөргөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ч.********** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч П.********** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв

 

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Ч.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-******* дахь тал/,

 

Хохирогч П.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Гэрч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч М.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн ***** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн ******* дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Хаппи веритас эмнэлэгт П.**********ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Ч.**********ийн үзлэгийн карт, гэрэл зураг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

П.**********ын хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 54-75 дахь тал/

П.**********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Ч.**********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Ч.**********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,

П.**********ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,

П.**********ын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

П.**********ын тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.**********, П.********** нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо ********** тоот гэрийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч Ч.********** нь хохирогч П.**********ын биед “дээд үүдэн баруун 2-р шүдний хөдөлгөөн гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан,

шүүгдэгч П.********** нь хохирогч Ч.**********ийн биед “11-р шүдний хугарал, 11,21-р шүдний голын түүшин яс цууралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч П.**********ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******ын ********** гэх газарт эхнэр **********гийн хамт амьдардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах голын эрэг дээр очиж Ч.**********, мөн хамт ажилдаг Борко гээд залуугийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид гурав Хараа нэртэй 0.75 литрийн 2-3 шил архи хувааж уусан юм. Тэгээд гэр рүүгээ ирэх замдаа бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан. Бид хоёр хогийн цэг дээр хамт ажилдаг байсан бөгөөд ажлаасаа болоод маргалдсан. Тэгээд маргалдаж хэрэлдэж явсаар Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******ын **********ын ******* тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад Ч.********** надтай “үзье” гэхээр нь уур хүрээд гэрээс гарч зодолдсон юм. Бид хоёр гэрээс гараад Ч.********** шууд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу хүчтэй цохисон. Би буцаагаад зүүн гараараа Ч.**********ийн баруун шанаа руу нь цохиход хойшоо газарт уначихсан юм. Тэгээд бид хоёр хэсэг барилдаад, зууралдаад би салах гэж байхдаа Ч.**********ийн нүүр рүү нь 2-3 удаа цохиод буцаад гэр рүүгээ орох гээд явж байсан чинь миний араас ирээд цохих гэхээр нь айлгах гээд сандал аваад урдаас нь очиход манай эхнэр сандлыг надаас аваад явсан. Тэгтэл Ч.********** зүүн гараараа миний нүүр рүү хүчтэй 1 удаа цохисон. Тэгээд хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Гомдолгүй, Ч.**********ээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн ****** дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Дээд үүдэн баруун 2-р шүд хөдөлгөөнтэй. Дүгнэлт: 1. П.**********ын биед дээд үүдэн баруун 2-р шүдний хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлийн хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Гэмтэл тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Хаппи веритас эмнэлэгт: П.**********ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/

 

Хохирогч Ч.**********ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ын хогийн цэгийн ард талд байдаг түүхий эд авах цэгт ачигчийн ажил хийдэг. Тухайн түүхий эд авах цэгийг П.********** гэх хүн ажиллуулдаг бөгөөд би түүний удирдлага доор ажилладаг юм. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бид бүгд амарч байсан болохоор П.**********ын гэрт хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар архи ууж сууж байгаад П.********** намайг “ажил хийдэггүй” гэж, харин би “над шиг ажил хийдэг хүн байхгүй” гэж бид хоёр ажлаас болж хоорондоо маргалдсан. Би тэдний гэрийн зүүн талын орон дээр сууж байсан ба П. ********** гэрийнхээ баруун талд газар сууж байгаад гэнэт босож ирээд уурлаж миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад гадаа гараад би түүнийг нэг удаа баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд П.********** зөрүүлж нэг удаа миний баруун шанаа хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад нэг цохисон. Тэгэхэд нь би газарт унасан бөгөөд босож ирээд түүнтэй дахин барилцаж, хоорондоо барилдаж, П.********** миний дээрээс дараад байсан. Тэгээд бид хоёр хоёулаа больж зайгаа аваад зогсож байтал П.********** гэнэтхэн гүйж ирээд дух хэсгээрээ миний ам руу мөргөчихсөн. Намайг мөргөхөд миний амнаас цус гарсан бөгөөд миний шүд хөдөлгөөн орчихсон, буйлнаас цус гарч байсан. Тэгээд **********т би “больё” гэж хэлээд бид хоёр хоорондоо эвлэрч тэдний гэрт нь орж ганц шил архи хувааж уугаад “ах та дүүгийнхээ шүдийг эмчлүүлээд өгчих, цагдаа сэргийлэх гээд яах юм” гээд ярьж тохирсон. Ингээд би тэдний гэрээс гарч гэртээ харьсан бөгөөд маргааш өглөө нь би эхнэрийг тэдний гэр рүү явуултал П.**********ын эхнэр нь тоож байгаа шинжгүй, П.********** нь согтуу унтаж байна гэж байсан. Ингээд тоох шинжгүй болохоор нь эгч рүүгээ яриад улмаар өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргаж байгаа юм. Гомдолгүй, П.**********аас нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-******* дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 9435 дугаартай дүгнэлтэд “... Хэсэг газрын үзлэгт: баруун дээд үүдэн 1-р шүд суларч унжсан, дээд уруулын дотор салст язарч шархалсан. Нарадент эмнэлгийн үзлэгт: баруун дээд үүдэн 1-р шүд /11-р шүд/ булгарсан, 4-р шүд хөдөлгөөнтэй. Рентгенд: баруун дээд үүдэн 1-р шүд дээд 1/3 хэсгээр хоёр хэсэг хугарсан. Ойр орчмын яс үрэвссэн, ясанд цуурал үүссэн, 11 21-р шүдний голын түүшин яс цуурсан. Дүгнэлт: 1. Ч.**********ийн биед 11-р шүдний хугарал, 11,21-р шүдний голын түүшин яс цууралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Нэг шүд үгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, 

 

Хохирогч Ч.**********ийн эмнэлгийн үзлэгийн карт, гэрэл зураг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

        Гэрч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэрт унтаж байхад П.**********, Ч.********** ах хоёр ууж эхэлсэн ба тэр өдөр согтуу байсан. Намайг унтаж байхад гэр дотор П.**********, Ч.********** хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тэгж байснаа хоёулаа гадаа гараад учраа олчихъё гээд гарсан. Тэгэхэд нь би тоглоод байна гэж бодоод дагаад гарсан. Гадаа гарахдаа “та нар байж бай, бид хоёр гадаа гараад учраа олно” гээд гарсан. Тэгэхэд нь би дагаж гадаа гарахад Ч.********** ах П.**********ыг эхлээд хоёр цохисон. Тэгэхэд нь П.********** ах “чи ахыгаа цохичхож байгаа юм уу?” гэж хэлээд Ч.**********ийг зөрүүлж нэг цохисон. Тэгэхэд Ч.********** газар унаад босож ирэхэд нь П.********** ах очиж барьж аваад тэр хоёр барилдаад ч байгаа юм шиг барилцаад зогсоод байсан. Тэгэхээр нь би тоглож байна л гэж бодсон. Тэгтэл тэр хоёр эргэж салаад дахин хэд хэд цохилцсон. Тэгэхэд нь ********** бид хоёр очиж салгасан шиг санагдаж байна. Тэгээд тэр хоёр эвлэрээд нэг нэгнээсээ уучлалт гуйгаад гэрт орсон. Гэрт нэг нэгнээсээ уучлалт гуйж юм хум ярьж, инээлдэж байгаад гараад явсан. Сүүлд Ч.**********ийг П.********** мөргөхөд “шүд хөдөлчихлөө” гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч М.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Сонгино 1-4 тоотод оршин суудаг. Мөн манай нөгөө болох буюу Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Баяжихын хонхрын ******* тоотод манай ээж, хойд аав хоёр амьдардаг юм.

Тухайн асуудал болсон өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, **********ын ******* тоотод байсан. Би Туул гол дээр машинаа шаварт суулгачхаад машинаар татуулж байгаад урд буферээ салгачихсан юм. Гэртээ ирэхэд манай хойд аав болох П.********** ах, манайд ажилладаг Ч.********** ах хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан. Тэгээд би Ч.********** ахад “ажлаа хийхгүй юм уу? ямар олон хоног уудаг юм бэ?” гэхэд Ч.**********  “ах нь ажлаа хийнэ ээ, ах нь Бумаа ахтай нэг юм ярих гээд байна” гэж байсан. Тэгээд гэр дотор тэр хоёр юм ярьж байгаад гэнэтхэн хоорондоо тоглоод байгаа юм уу? муудалцаад байгаа юм уу? мэдэхгүй Ч.********** ах П.********** ахад “за Бумаа ахаа би таныг өдөх гэж орж ирлээ, хэдэн юм хэлэх гэж орж ирлээ, хоёулаа гадаа гараад сайхан эр хүн шиг үзчихье” гэж байсан. Тэгэхэд нь би тоглож байна л гэж бодсон. Тэгээд л П.********** ах, Ч.********** ах  хоёр гэрээс гарсан. Гадаа гараад ноцолдоод байгаа бололтой болохоор нь би гараад хартал П.********** Ч.********** ахын дээр нь дарчихсан, Ч.********** ах П.********** ахын хөлөөс нь барьчихсан барилдаад байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би тоглож байна гэж бодоод тоолгүй зогсож байсан. Тэгтэл нэг салаад хоорондоо цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь жинхэнээсээ зодолдоод байх шиг байна гэж бодоод би очиж тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.    

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.  

 

Шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь нийлж согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биедээ харилцан хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Ч.********** нь хохирогч П.**********ын биед “дээд үүдэн баруун 2-р шүдний хөдөлгөөн гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан,

шүүгдэгч П.********** нь хохирогч Ч.**********ийн биед “11-р шүдний хугарал, 11,21-р шүдний голын түүшин яс цууралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч Ч.**********, П.********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.**********, П.********** нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.**********ын биед дээд үүдэн баруун 2-р шүдний хөдөлгөөн гэмтэл” тогтоогдсон /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, мөн хохирогч Ч.**********ийн биед “11-р шүдний хугарал, 11,21-р шүдний голын түүшин яс цууралт” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

         Хохирогч Ч.**********, П.********** нар нь хэн аль нь“гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.**********, П.********** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 258 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.**********, П.********** нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Ч.**********, П.********** нар нь зөвшөөрсөн байна.  

 

Шүүгдэгч П.**********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, шүүгдэгч Ч.**********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/ тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ.

 

        Шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.**********, П.********** нарт ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.**********, П.********** нарт мэдэгдэх нь зүйтэй.   

Шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ********** овгийн *********** **********, ********** овгийн ********* ********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.**********, П.********** нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.**********, П.********** нарт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.**********, П.********** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.**********, П.********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.       

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР