Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1470

 

 

 

 

 

 

 

 

       2022         11          30                                        2022/ШЦТ/1470

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Ө.Г-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г-ад холбогдох 2208000001525 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум ........... тоотод оршин суух суух,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Дагаанхан овогт Ө-ны Г (регистрийн дугаар:жв7807................).

Холбогдсон хэргийн утга: Ө.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан ахлах ахлагч Д.Ө-тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж,  нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 1190 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Ө.Г- нь согтуурсан үедээ цагдаагийн ахлах ахлагч Д.Ө-“таны нэр хэн бэ гээд, саатуулах зорилгоор цагдаагийн хэлтсээс аваад гарах” гэтэл цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж,  түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохисон, уг үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь:

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...Д.Ө-2022 оны 9 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн 2 хоёрдугаар хэлтсийн байранд намайг цохисон...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),

5.2. Хохирогч Д.Ө-“...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх үед цагдаагийн ахмад Гэрэлбаатар хэлтсийн байранд явж байтал танай чиглэлээс цонх хагалсан гээд согтуу нөхөр ирлээ, наадах чинь нэр, гэрийн хаяг, регистрийн дугаараа хэлэхгүй байна, саатуулах шаардлагатай юм байна гэхээр нь би та хэн бэ гээд аваад гарах гэсэн чинь миний өөдөөс чи хэн бэ гээд эсэргүүцээд миний зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-10 хуудас),

5.3. Гэрч Д.Г-“...Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны орой 18 цагаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст нэмэгдлээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан... 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хэлтсийн гадаа зогсож байхад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сүү цагаан идээний дэлгүүрийн цонхыг үл таних согтуу хүн хагалахаар нь би хараад тухайн үйлдлийг нь зогсоогоод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирж Ачит 112 чиглэлд гарч байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Д.Өлзийбадрахад хандаж харж байгаарай, овог, нэр, регистрийн дугаарыг нь шалгаадахъя гэхэд тухайн хүн овог, нэр, регистрийн дугаараа хэлэхгүй, чи миний овог, нэр, шалгадаг хэн бэ гэж хэлээд шаардлага эсэргүүцээд үгийн зөрүүгүй Д.Ө-нүүрэн тус газар нэг удаа хүчтэй цохисон... Бид хоёр цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлэхгүй, эсэргүүцэж Д.Ө-биед халдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 хуудас),

5.4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11548 дугаартай “...Д.Ө-биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 хуудас),

5.5. Ө.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн  “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Эрүүлжүүлэхээс гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогч Д.Ө- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Аутентик тайлбараар хууль сахиулагчид хамаарах бөгөөд тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан нь тус хэлтсийн томилгоот үүрэг гүйцэтгэх хуваарь (хавтаст хэргийн 63 хуудас) зэрэг баримтаар тогтоогдсон.

7. Шүүгдэгч Ө.Г- нь хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн нь түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр тогтоогдож байгаа бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Шүүгдэгч Ө.Г-ын цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь хөнгөн хохирол учруулсан нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

9. Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нэг удаагийн үйлдэл нь халдсан объект, учирсан хохирол, хор уршгийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангасан байх тул нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хоёр гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна.

10. Шүүгдэгч Ө.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг болон “хууль сахиулагчийг эсэргүүцэх” буюу мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

   11. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогч Д.Ө-нийт 700,000 төгрөг авсан болох нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 5-10, 21 хуудас) шүүгдэгч Ө.Г-аас хохирогчид 400,000 төгрөг бэлнээр, 300,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 26, 61 хуудас) зэргээр тогтоогдож байгаа, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ө.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

12. Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарахыг хориглох Зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж уг ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх санал гаргасан.

 

            13. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг буюу хилээр байнга орж гардаг, ачаа бараа зөөдөг, мөн хүүхдээ Хиагт руу сургуульд зөөдөг ажилтай байдаг тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

            14. Шүүгдэгч Ө.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, маршрут, хүүхдээ өөр  газар луу сургуульд зөөдөг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжээр торгох ял тус тус оногдуулж, 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжээр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжээр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

            16. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дагаанхан овогт Ө-ны Г-ыг:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ө.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ө.Г-ад үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Г-ад мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид 700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ