Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0129/Э |
Дугаар | 139 |
Огноо | 2016-12-09 |
Зүйл хэсэг | 175.3., |
Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Б.Алтантогос
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Б.Батбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг
Ц.Алтанцол
А.Элбэгсайхан
Б.Дашдорж
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь
Гэрч Ж.Батбаатар нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарын Жаргалсайхан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Лхамсүрэнгийн Отгонбаатар, Боржигон овогт Сүхбаатарын Алтангэрэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Дарханбат нарт холбогдох эрүүгийн 201501000114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техник мэргэжилтэй, JSP ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 13a байрны 88 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 2-т зааснаар 48.653.333 төгрөгийг хурааж, 3 жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хорих ялаар шийтгэснийг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарын Жаргалсайхан /РД:УС69102117/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техник механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 6 дугаар багийн Согоот, 6 хорооллын 18 дугаар байрны 34 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тангууд овогт Лхамсүрэнгийн Отгонбаатар /РД ФБ67022051/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Цагдаа гудамжны 1-3 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Алтангэрэл /РД:ЖН80041296/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Дорноговь аймгийн Зам-Үүд сумын 2 дугаар баг, Сургуулийн гудамжны 1-28 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Дарханбат /РД:TT84080211/
Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч М.Жаргалсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг Ч.Мөнх-Учралаар дамжуулан худалдан авч, улмаар уг алтыг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Дарханбатаар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Л.Отгонбаатар нь яллагдагч М.Жаргалсайханаас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өглөөний 04.00 цагийн орчим яллагдагч С.Алтангэрэлийнд очиж дамжуулан өгч, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч С.Алтангэрэл нь уг хүлээн авсан алтыг өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, яллагдагч Г.Дарханбатад “чи гаргаад өгчих миний машин асахгүй байна” хэмээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч, энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч Г.Дарханбат нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор яллагдагч М.Жаргалсайханы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын эхээр эртний танил Ма гэж хүн манайд ирээд алт худалдан авах саналтай байна олоод өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр найзынхаа дүү Мөнх-Учрал руу утсаар залгаад алт олж өгөх арга байна уу гэж асуусан. Тэгээд Мөнх-Учрал зардаг хүн байгаа би асууж өгье гэж хэлсэн. Би тэр үед ахад нь мөнгө алга алтыг чинь хүнд зарж өгөөд оронд нь юань авч өгье гэж хэлсэн. Хамгийн гол нь хэдэн төгрөгний ашиг харсан болохоор алт зарах сонирхолтой байсан юм. Мөнх-Учралаас 5, 6 цагийн үед алтыг авсан. Тэр үед манай найз Бат-Эрдэнэ орж алтыг авсан. Би тэр үед Бөмбөгөр орж тамхи авах гээд орсон байсан. Алтыг авчихаад Матай уулзаад тооцоогоо хийх гэтэл банк хаасан байна, маргааш өглөө мөнгөө авчих, харин энэ алтыг Замын-Үүдэд хүргээд өгөөч гэж хэлсэн. Би Замын-Үүд рүү яаж хүргэж өгөх вэ гэж бодоод байж байтал Отгонбаатарыг Эрдэнэтээс ирэхэд нь Ма бид хоёр цуг явж байсан болохоор хамт очиж тосч уулзсан юм. Тэгээд Отгонбаатар луу утсаар залгаад хаана байна вэ гэж асуухад би Замын-Үүд рүү машинаар явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би авсан алтаа Отгонбаатарт чи Замын-Үүд рүү энэ зүйлийг авч яваад таньдаг айлдаа тавьчих гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Отгонбаатарын утас руу залгаад байдаг утсаа авдаггүй өөдөөс утсаар мессэж бич гээд байсан. Тэгээд би гайхаад байж байтал ийм зүйл болсон. Би энэ хэргийг зохион байгуулаагүй, урагшаа гаргая гэсэн зүйл байхгүй... гэв.
Шүүгдэгч Л.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэтээс Замын-Үүд рүү явж цайны газрынхаа тоног төхөөрөмжийг авах гээд гарсан. Тэгээд Улаанбаатарт ирээд Жаргалсайхантай уулзсан. Тэр үед Жаргалсайхан, Ма гэж Өвөрмонгол хүнтэй явж байсан. Тэгээд бид гурав уулзаад хоолонд орсон. Жаргалсайхан надаас ямар зорилготой Эрээн явж байгаа юм бэ гэж асуухад би тоног төхөөрөмжөө авах гээд явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хоолонд орчихоод салаад дүүгийндээ очиж хоносон. 09 дүгээр сарын 11-ний өдөр Жаргалсайхан над руу яриад чи өнөөдөр Замын-Үүд рүү явах юм уу гэж асуухаар нь би явна гэж хэлсэн. Өнөөдөр вагонд сууж амьжихгүй машинаар явна гэж хэлсэн. Гэтэл Жаргалсайхан Замын-Үүдэд танидаг хүн байна уу гэж асуухад би байгаа гэж хэлсэн. Чамд нэг юм дайгаад өгөөд явуулъя, маргааш утсаар яриад авчихая гэж хэлэхэд нь би овортой ачаа юм уу овортой бол авч явж чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд 5 цагийн үед 25 дугаар эмийн сангийн тэнд очиж уулзсан. Тэгэхэд алгын чинээ хар уутанд хийгээд өнгөгүй скочоор битүү ороосон зүйл байсан. Тэр үед би Жаргалсайханаас ямар хүнд юм бэ, юу юм гэж асуухад хажуу талаас нь Ма гэж Өвөрмонгол хүн машины сэлбэг байгаа юм гэж хэлсэн. Би тухайн үед Жаргалсайханд итгэж авч явсан юм. Би Ма гэж хүнийг танина. 1997 онд найзтайгаа танилцаад Архангайгаас арьс шир өгч байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ 2000 онд Солонгос яваад 2010 онд ирсэн. Тэр өдөр би алт гэдгийг мэдээгүй, надад сэлбэг гэж өгсөн. Ачааг нь аваад таксинд суугаад шөнө 4 цагийн үед Алтангэрэлийн гэрийн гадаа очоод цонхыг нь тогшиход Алтангэрэл цонхон дээрээ гарч ирээд та хэзээ ирсэн юм бэ гэж асууж байсан. Ах нь дөнгөж сая ирлээ маргааш Эрээн гарах уу гэж асуухад миний машин эвдэрсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би энэ зүйлийг тавьчихъя маргааш өглөө утсаар ярьж байгаад ирээд авъя гэж хэлсэн. Алтангэрэл машинд оруулаад тавьчих гэж хэлсэн. Тухайн үед машинд оруулж тавьчихаад яваад буудалдаа очиж унтсан. Маргааш 9 цагийн үед өглөө нь буцах билетээ авъя гээд вокзал дээр явж байтал Алтангэрэл над руу залгаад та Эрээн гарсан юм уу гэж асуухад би гараагүй байна гэж хэлсэн. Алтангэрэл вокзал дээр хүн байна уу хүн байвал 50 юаниар авчих гэж хэлсэн. Тэгээд 3 хүн аваад Алтангэрэлтэй 10 цагийн үед хил дээр очиж шалгуулаад 10 цаг 30 минутын үед хилээр гарсан. Тэр үед тагнуулын 2 ажилтан ирээд та нарыг дахиж шалгана гээд тэр 3 хүнтэй цуг намайг гаалийн үзлэгээр ороод хоёр давхарт зурагттай өрөөнд орсон. Цагийн дараа 2 хүн орж ирээд Алтангэрэлийг таних хүн байна уу гэж асуухад би танина гэж хэлсэн. Нөгөө 3 хүн танихгүй гэсэн чинь тэр 3 хүнийг явуулсан. Цаг гаруй хугацааны дараа Алтангэрэлийг оруулж ирээд Алтангэрэл надаас таны авчирсан зүйл чинь алт юм биш үү гэж хэлсэн. Би юун алт вэ, хэн чамайг гарга гэж хэлсэн юм бэ гэж хэлсэн. Цагийн дараа 3 хүн орж ирээд 5 ширхэг хар уутанд боодолтой юм авч орж ирээд таны авчирч ирсэн зүйл мөн үү гэж асуусан. Би тэгээд мөн байх шиг байна гэж хэлсэн. Тэр үед миний нүдэн дээр тэр хүмүүс задалж үзүүлсэн. Тэгэхэд 5 ширхэг алт байсан. Тэгээд хорих 461 дүгээр ангид байхдаа Дарханбатыг алтыг хил гаргаад эргэж оруулж ирсэнийг мэдсэн. Алтангэрэл, Дарханбат хоёр хоорондоо өгч авсан талаар мэдэхгүй. Би Дарханбатыг танихгүй. Би Жаргалсайхан, Алтангэрэл нартай ярилцаж тохиролцоогүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
Шүүгдэгч С.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болохын урд өдөр би Дарханбаттай таараад маргааш тоосгоны шороог чинь авч гарна, миний машин асахгүй байна зав гаргаж байгаад машин үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Дарханбат запас түлхүүрээ авчирч миний машиныг үзэж өгсөн. Өглөө үүрээр Отгонбаатар ирээд ах нь нэг зүйл орхъё гэж хэлсэн. Би тэгээ тэг гээд машинаа түлхүүрээр онгойлгосон. Намайг маргааш Эрээн гарах уу гэж асуухад нь миний машин харин болохгүй байна. Маргааш миний машин болвол гарч магадгүй, гарахгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Та над руу яриарай гэж хэлсэн. Маргааш өглөө машинаа асаах гэж үзтэл машин ассан юм. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд Отгонбаатар ах руу залгахад вокзал дээр байна гэж хэлсэн. Тэгээд наана чинь хүн байна уу гэж асуусан. Дарханбатыг би тэр улаан шаварыг авч явсан байх гэж бодсон. Би Бүрэг-Эрэг буудлын тэндээс хүн авч явах үед шалан дээр шар ууттай зүйл харагдаж байсан. Тэгээд хил дээр очоод хүнээ буулгаад гааль, хорио цээрээр шалгуулчихаад байж байтал хэдэн залуучууд ирээд миний машиныг дахиж шалгана гэж хэлсэн. Тэгээд би та нар юу шалгаад байгаа юм бэ гэж асуухад нэг залуу нь чамд өглөө үүрээр хүн юм авчирч өгсөн үү гэж асуусан. Би тэгэхэд нь өгсөн гэж хэлсэн. Тэр хаана байгаа вэ гэж асуухад өөрт нь байгаа байлгүй гэсэн ба би Дарханбатыг аваад явсан байж магадгүй гэдгээ хэлсэн. Би Дарханбат руу 11 цагийн үед залгаж нөгөө юмаа аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бүүр орой нь чамд хүн авчирч өгсөн зүйл чинь алт байсан шүү дээ гэж хэлсэн. Хамгийн гол нь би тэр зүйлийг хараагүй зүгээр машиныхаа удирдлагаар хаалгаа онгойлгож өгсөн. Батсайхан сахарын өвчтэй хааяа надад сахарын эмчилгээний юм захидаг юм. Дарханбат бид хоёр алт гэдгийг мэдээгүй. Анхны мэдүүлэг дээр байцаагч бүх зүйл тодорхой гэж хэлж байсан. Би мэдээгүй анхны мэдүүлэг худлаа... гэв.
Шүүгдэгч Г.Дарханбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4 цагийн үед Алтангэрэлтэй тааралдсан ба машин болохгүй байна гэж хэлэхэд нь би сэвчээгээ нэг сольж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд амьжвал би орой очиж үзье гэж хэлсэн. Гэтэл Алтангэрэл чи маргааш Эрээн гарах уу гэж асуухад би гарна гэж хэлсэн юм. Алтангэрэл чи тэгвэл шорооны дээж аваад яваач хүнд үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Би хил дээр гаргахгүй бол орхиод явна шүү гэж хэлсэн. Чи нөгөө хүндээ миний утасны дугаарыг өгөхгүй юу чи тэгвэл дайгаад аваад явчих гэж хэлсэн. Би өөрөө байхгүй байж магадгүй миний машины түлхүүрийг аваад яв гэж хэлсэн. Би тухайн үед карго дээр очоод ачаагаа ачуулах гэтэл тэр машины ачаа нь дүүрээгүй байсан. Тэгээд ачаагаа ачуулж дуусгаад гэртээ очиж машиныхаа усыг асгаад тавьсан юм. Маргааш өглөө нь Алтангэрэлийн гэрийн гадаа очоод машины жолооч талын хаалгыг нь онгойлгож суудал дээр нь байсан юмыг аваад машиныхаа хоёр хүн суудгийн тэнд хийсэн. Тэгээд хил дээр очоод Эрээн гарсан ба намайг зээл дотор явж байхад над руу Алтангэрэл залгаж байсан. Тэр үед сүлжээ унаад байсан. Алтангэрэл тэр үед нөгөө өгсөн юмаа аваад ирээрэй гэж хэлсэн. Барилгын зах орж ирчихээд зээл дээр юм цуглуулаад явж байхад хөгшин орж ирж байна уу хурдлаарай гэж хэлсэн. Би авч явж байгаа зүйлээ шороо л гэж бодсон.Тэгээд би Хятадын хил дээр ирээд гэнэт Алтангэрэлийн юмыг санасан ба юу юм бол гэж бодоод барьж байтал гарнаас унаад карданы тэнд ирчак дээр унасан юм. Би бууны сум юм байна гэж ойлгосон. Монгол руу орохдоо би хорио цээр болон гаалийн бичиг аваагүй шууд яваад орсон. Тэгээд мэргэжлийн хяналт дээр шалгуулаад гааль дээр ирсэн чинь тагнуулын нэг хүн ирээд Алтангэрэлийн өгсөн юмыг авъя гэж хэлсэн. Тэгээд би юу юм гэж асуухад намайг өшиглөсөн. Тэр үед 4 хүн байсан. 3 хүнийг нь хараагүй 1 хүнийг нь харж байсан юм байна лээ. Тэгээд намайг хөдөлгөхгүй байж байгаад би юу болсон бэ гэж асуухад эрсдэлийн хүн хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй эрсдэлийн байцаагч Билгүүн ирсэн. Тэгээд Билгүүн байцаагч нь сандал дээр бүгдийг нь гаргаад тавьсан байсан. Тухайн үед надаас энэ зүйл мөн үү гэж асуусан би мөн гэж хэлсэн. Тухайн үед бичлэг хийж байсан. Би алт гэдгийг мэдээгүй...гэв.
Гэрч Ж.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үнэт металлийн сорьц тогтоох газар нь Засгийн газрын 281 дүгээр тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Засгийн газрын 281 дүгээр тогтоолыг 2010 онд шинэчлэн гарсан байгаа. Энэ тогтоол дээр үнэт металл эрхэлсэн байгууллага нь алтан гулдмайг тайлж бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Алтан гулдмайг тайлах хэмжээ нь 12.5 кг-аас илүүгүй байна. Алтан гулдмайг тайлах шалтгаан нь Монгол банкнаас хүсэлт ирдэг гэх шаардлага тавьдаг. Манайд ирсэн алтан гулдмайг хайлуулах ёстой. Хэрвээ хайлуулахгүй байвал хоорондоо зөрдөг. Тийм учраас заавал хайлуулж, алтан гулдмайг нэг хэвэнд цутгахыг Монгол банкнаас шаарддаг юм. Тэгэхгүй бол хувь хүн аж ахуй нэгж дээр асуудал үүснэ гэдэг юм. Жингийн хэлбэлзэл дээр эхлээд жинг шалгаж аваад гулдмайг дахин жигнээд дахин дээж авдаг. Дараа нь Монгол банк дээр очиж жигнэж үздэг. Үнийн тухайд бол Монгол банкинд очсон өдрийн ханшаар үнэлж авдаг юм. Манайд олон байгууллага хүсэлт гаргадаг. Тавьж байгаа хүсэлт нь энэ алт мөн үү биш үү гэдгийг тодорхойлж өгнө үү гэдэг. Манай байгууллага нь энэ зүйлийг тодорхойлохын тулд алт мөнгөний сорьцыг үзнэ. Үзэхдээ Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Стандарчлал хэмжил зүйн газарт албан бичгээр хүсэлтийг тавьж, дараа нь сорьцын хяналтын газарт ирүүлдэг байгаа. Тэгээд сорьцийг нь хийгээд буцааж албан бичгээр тодорхойлж явуулдаг юм. Бусдаар тэр хүний гэм буруутай үгүй нь хамаагүй юм... гэв.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар нарын өмгөөлөгч Ц.Алтанцол “...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, М.Жаргалсайхан нь уг алтыг зөвхөн Замын-Үүдэд аваачаад орхи гэсэн болохоос хил гарга гээгүй, Л.Отгонбаатар нь найзынхаа хүсэлтээр уг барааг улсын хил дотроо зөөвөрлөсөн, алт гэж мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч С.Алтангэрэлийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтыг хайлуулж шинжилгээ хийлгэсэн. Энэ нь ЭБШХуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4 дэх заалтыг зөрчсөн, мөн шинжээч дахин томилохдоо танилцуулаагүй, ЭБШХуулийн 80 дугаар зүйлд заасан заалтыг бүрэн хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Г.Дарханбатын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, А.Элбэгсайхан нар “...Дарханбат нь энэ гэмт хэргийг үйлдэх ямар ч сэдэлт байгаагүй, зөвхөн Алтангэрэлийн аваад яваач гэсэн шороог авч явлаа гэж бодоод андуураад алтыг аваад явсан, гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналуудыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба гэм буруугүй болохоо өөрөө нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч М.Жаргалсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг Ч.Мөнх-Учралаар дамжуулан худалдан авч, улмаар уг алтыг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г.Дарханбатаар дамжуулан Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Л.Отгонбаатар нь М.Жаргалсайханаас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өглөөний 04.00 цагийн орчим С.Алтангэрэлийнд очиж дамжуулан өгч, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч С.Алтангэрэл нь уг хүлээн авсан алтыг өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, Г.Дарханбатад “чи гаргаад өгчих миний машин асахгүй байна” хэмээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч, энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч Г.Дарханбат нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор М.Жаргалсайханы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:
Гэрч Б.Билгүүний “...2015 оны 09 сарын 12-ны өдөр Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах талд буюу Замын үүд-Эрээний чиглэлд суудлын автомашин шалгах үүрэг гүйцэтгэж байх үед Тагнуулын байгууллагын мэдээлэлтэй Ланд-80 маркын 0073 ДГА улсын дугаартай автомашиныг хамтарч шалгана уу гэсэн ба уг машиныг дахин шалгаж рентгенээр оруулж эд ангиудыг үзсэн ба тэндээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэр машиныг шалгаж дуусаад ажлын байрандаа эргэж ирэхэд Тагнуулын байгууллагын ажилтанууд Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд буюу орох чиглэлд машин үзэх хэрэгтэй байна гэхэд очсон ба 35-77 УНП улсын дугаартай шаргал өнгийн Hyundai Starex маркын автомашиныг Прокурор, Тагнуулын байгууллагын ажилтануудыг байлцуулан үзлэгийг хийсэн. Уг машины жолоочийг Дарханбат гэдэг залуу байсан ба автомашинд байх ачаануудыг тусад нь шалгаж үзээд дараа нь машин доторхийг шалгасан. Би жолоочийн талаас эхэлж суудал доогуур нь эхэлж үзсэн ба дараа нь автомашины араа буюу pичакны доод талд байдаг хамгаалалтын хуванцарыг дээш нь сөхөж үзэхэд хар өнгийн гялгар уутанд хийгээд гадуур нь скочоор ороосон тамхины хайрцагны хэмжээтэй 5 хэсэг хүнд зүйлүүд гарч ирсэн” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Учралын “...2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Одхүү ах ярьсан. ...Тэгээд Сүнжидмаатай яриад чамд зарчихаар алт байна уу 623 сая төгрөгөнд таарахаар алт байна уу гэж асуухад Сүнжидмаа миний Монгол банкинд тушаах гэж байгаа алт байна би зарахгүй гэж байсан. Тэгэхээр нь би хоёр сая юанийг би гайгүйхэн авах гэж байгаа юмаа чи гайгүйхэн олоод өгчихөөч гэж гуйж байгаад Сүнжидмаагаас 623 сая төгрөгөнд алт авч Одхүү ахад өгсөн” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.Бат-Эрдэний “...би Бөмбөгөр дээр тогны мөнгө тушаах гээд явж байтал Жаргалсайхан /Одхүү/ над руу ярьж “наанаа байж бай” гэсэн ...Жаргалсайхан чи хүнээс юм аваад ирээч, Мөнх-Учрал мэдэж байгаа гэсэн. Тэгээд би Найман шарга зах руу очиж Мөнх-Учрал гэдэг валютын ченж хүүхэн дээр ирээд Одхүүгийн явуулсан хүн байна гэхэд Мөнх-Учрал хар торонд хийж боосон хүнд зүйл өгсөн. Би тэр зүйлийг алт байсан гэдгийг хэд хоногийн өмнө Жаргалсайханаас мэдсэн..... ганцаараа явж байсан ... тэр алтыг Мөнх-Учралаас авч Жаргалсайханд өгөөд салаад явсан. Жаргалсайхан цааш хэнд өгснийг мэдэхгүй... Ма нэртэй Өвөрмонгол хүн танихгүй” гэсэн мэдүүлгээр,
Гэрч А.Сүнжидмаагийн “...Урт цагаанд хувиараа алтны бизнес эрхэлдэг... эрхлээд 7-8 жил болж байна ...яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Намар 9 сарын эхээр санагдаж байна. Мөнх-Учрал алт байна уу гэж утсаар асуухад би мөнгө нь бэлэн юм уу гэж асуухад бэлэн гэж хариулсан ойролцоогоор 7 гаран кг алт Мөнх-Учралд зарсан... алтыг 6 хэсэг гулдмайлж өгсөн. Нэг гулдмай нь жижиг гулдмай байсан. Алтыг Мөнх-Учрал өөрөө ирж надаас авсан ба мөнгийг дансаар авсан ...Миний Мөнх-Учралд өгсөн алтнууд мөн байна” гэсэн мэдүүлгээр, 35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-10 тал/, үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11 тал/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, гэрэл зураг /1-р хх-ийн 20-40 тал/, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 65-70 тал/, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Л.Отгонбаатар нарын хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7,3 алт, алтыг дагалдаж далдаж ороосон хар өнгийн гялгар уут скоч зэргийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 71-72 тал/, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулсан 306 дугаартай 1 ширхэг алтан гулдмайн үнийг тооцоолсон Монгол банкны А-7/1008 дугаартай албан тоот, хавсралт /2-р хх-ийн 185-186 тал/ гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг /5-р хх-ийн 17 тал/, Монгол банкны эрдэнэсийн санд тушаах алтан гулдмайг битүүмжлэх, түүний шинжилгээний дээж хадгалах, хяналт тавих журам /5-р хх-ийн 180-182 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Жаргалсайханыг 7.3 кг буюу онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг 7.3 кг буюу онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Дарханбатыг 7.3 кг буюу онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал үгүй болно.
Шүүгдэгч М.Жаргалсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 120 хоног, шүүгдэгч Л.Отгонбаатар 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 26 хоног, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 146 хоног, шүүгдэгч С.Алтангэрэл 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 26 хоног, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 146 хоног, шүүгдэгч Г.Дарханбат нь 2016 оны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 хоног, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 132 хоног цагдан хоригдсон тул эдгээр хоногуудыг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл, Г.Дарханбат нарын гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол болон шүүгдэгч Л.Отгонбаатарын … дугаартай хугацаагүй хадгаламжийн үлдэгдэл 697.084,83 төгрөг /Зургаан зуун ерэн долоон мянга наян дөрвөн төгрөг наян гурван мөнгө/, Г.Дарханбатын … дугаартай харилцах картын дансны үлдэгдэл 1.043.377, 91 төгрөг /Нэг сая дөчин гурван мянга гурван зуун далан долоон төгрөг epэн нэгэн мөнгө/, М.Жаргалсайханы … дугаартай хугацаагүй хадгаламжийн 198.840, 30 /Нэг зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг гучин мөнгө/ төгрөгийн зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт ашигласан 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин нь иргэн С.Лхагвадоржийн эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул уг автомашиныг эзэмшигч С.Лхагвадоржид, 0073 ДГА улсын дугаартай Land Cruiser-80 маркийн автомашиныг эзэмшигч С.Алтангэрэлд тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан 7324.9 грамм жинтэй, 454.161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд алтыг гадуур нь скочоор ороосон 5 ширхэг хар өнгийн гялгар уутнуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасны дагуу тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэргийн хамт хүргүүлсэн CD 1 ширхэг, DVD 2 ширхэг зэргийг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 7324.9 грамм жинтэй, 454.161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алтыг улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин нь иргэн С.Лхагвадоржийн эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул уг автомашины үнэ болох 6000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Дарханбатаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Жаргалсайхан нь улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 7324.9 грамм жинтэй алтыг иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Учралаас зээлээр авсан ба уг алтыг М.Мөнх-Учрал нь А.Сүнжидмаагаас 623000.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь иргэний нэхэмжлэгч болон гэрч А.Сүнжидмаа, шүүгдэгч М.Жаргалсайхан нарын мэдүүлгээр батлагдаж байх тул М.Жаргалсайханаас 623000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Учралд олгох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л. Отгонбаатар, С.Алтангэрэл, Г.Дарханбат нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Жаргалсайханыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Дарханбатыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М. Жаргалсайханы 198.000 /нэг зуун ерэн найман мянга/ төгрөгний эд зүйлийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л. Отгонбаатар, С.Алтангэрэл нараас тус тус 100.000 / нэг зуун мянга/ төгрөгний эд зүйлийг хурааж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дарханбатын 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд зүйлийн хурааж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаргалсайханд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын, шүүгдэгч Л.Отгонбаатар, С.Алтангэрэл, Г.Дарханбат нарт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаргалсайханы цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч Л.Отгонбаатарын цагдан хоригдсон 146 хоног, шүүгдэгч С.Алтангэрэлийн цагдан хоригдсон 146 хоног, шүүгдэгч Г.Дарханбатын цагдан хоригдсон 132 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 7324.9 грамм жинтэй, 454.161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алтыг улсын орлого болгох, 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашины үнэ болох 6000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Дарханбатаас гаргуулж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтыг гадуур нь скочоор ороосон 5 ширхэг хар өнгийн гялгар уутнуудыг устгах, CD 1 ширхэг, DVD 2 ширхэг зэргийг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэн С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн, шүүгдэгч С.Алтангэрэлийн эзэмшлийн 0073 ДГА улсын дугаартай Land Cruiser-80 маркийн автомашинуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгосугай.
8. Шүүгдэгч М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл, Г.Дарханбат нарын гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол болон мөнгө зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Эд мөрийн баримтаар хураагдсан 7324.9 грамм жинтэй, 454.161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд, 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин, 0073 ДГА улсын дугаартай Land Cruiser-80 маркийн автомашин нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Тагнуулын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаргалсайханаас 623000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Учралд олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл, Г.Дарханбат нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Б.НАРМАНДАХ