Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2021/0056

 

             Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: “Б аймгийн Ө сумын сургуулийн барилга, спорт заалны 940 суудлын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тендерийн Үнэлгээний хороо,

              Хамтран хариуцагч: Б аймгийн  Засаг даргад  тус тус  холбогдох;

            “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажил”-ын гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БШУЯ/202102055 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус  даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Үнэлгээний хорооны дарга С.Х нарийн бичгийн дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хамтран хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н,  А.С, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлт болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б аймгийн Орон нутгийн өмчийн газраас түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга, спорт заал, 940 суудлын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202102055 дугаартай цахим тендерийг 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зарласан.Манай компани нь тус тендерт оролцохоор холбогдох материал, үнийн саналаа заасан хугацаанд хүргүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад тендерийг нээхэд нийтдээ 2 компани санал ирүүлсэн байсан.Манай компани үнийн саналын хувьд хамгийн бага 8,450,000,000 төгрөгийн санал, “Т” ХХК 8,601,136,150 төгрөгийн санал хүргүүлсэн байсан.

Үнэлгээний хороо 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт Орон нутгийн өмчийн газрын хурлын өрөөнд хуралдаад ажлын үнэлгээ хийж, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.Ингэхдээ манай компанийг 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг ирүүлээгүй үндэслэлээр ажил гүйцэтгэгчээр шалгаруулаагүй үлдээж,“Т” ХХК-ийг шалгаруулсан байна.Энэ талаарх мэдэгдлийг аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2-01/818 дугаартай албан бичгээр манай компанид ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцсан.Тендер шалгаруулалт шударга бус явагдсан учир манай компани 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хандсан ба 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/2823 дугаартай албан бичгээр гомдолд захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдлийн хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй байх тул гомдлыг буцаасныг мэдэгдсэн.Энэ хооронд захиалагчаас “Т" ХХК-тай гэрээ байгуулсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж зохицуулсан тул компанийн эрх ашгийг хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

Манай компани нь Үнэлгээний хорооны шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Үнэлгээний хорооноос манай компанид хүргүүлсэн мэдэгдэлд 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дахь заалтыг хангаагүй талаар дурджээ.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно, 15.3.2-т тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт гэж зохицуулсан байдаг. Орон нутгийн өмчийн газраас зарласан тендерийн урилгын “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо гэдэгт “2020, 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 б-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2018, 2019, 2020.Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай” гэж тус тус зааж өгсөн.Манай компани дээрх шаардлагын хүрээнд хуудас болгонд аудитын тамга дарж баталгаажуулсан 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайланг хүргүүлсэн.Ийм байхад тендерийн баримт бичигт шаардаагүй зүйлийг үндэслэл болгоод 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг ирүүлээгүй гэж манай компанийг шалгаруулаагүй нь хууль бус байна.

2.Манай компани нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасны дагуу тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт болон www.tender.gov.mn  сайтад илгээсэн “Т” ХХК-ийн тендерийн баримт бичгүүдтэй танилцахад тус компанитай холбоотой дараах зөрчлүүд байсан.Үүнд:

 1/.”Т” ХХК нь 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлангуудыг е- баланс цахим санхүүгийн тайлангаас хэвлэж аваагүй бөгөөд гараар бичиж тайлан гаргасан, тайланд засвар хийсэн, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан зэрэг хуудаснуудыг аудитын тамга дарж баталгаажуулаагүй байсан.Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дахь заалт, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 б-д заасан шаардлагыг хангахгүй байна.

2/.”Т” ХХК нь тендерийн баримт бичигт компанийн болон аудитын, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсгийг фотошоп программ ашиглаж үйлдсэн байдал харагдаж байна. 3/.”Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “б" заалтаар шаардсан сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажлыг төлөөлөх эрх бүхий этгээд хийж дууссан байх шаардлагыг хангаагүй байна.Тус компани нь сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь болох 2,580,240,845  төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байсан.    4/. ”Т” ХХК нь тендер шалгаруулалтын    өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 “д” заалтаар шаардсан сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилгын ажлын талаарх тодорхойлолтыг захиалагч, ашиглагч байгууллагаас гаргуулж ирүүлээгүй байна.Харин ГХБХБГ-аас тодорхойлолт авсан нь ТОӨЗ 6.2 д -д заасан шаардлагад огт хамааралгүй болно. 5/. “Т”    ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “в” заалтаар шаардсан холбоо дохиолол, мэдээллийн инженер эсвэл компьютер сүлжээний инженерт радио электроникийн мэргэжилтэй инженерийг ажиллуулахаар тендерийн баримт бичиг ирүүлсэн нь дээрх шаардлагыг хангахгүй байна. 6/. “Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “в” заалтаар шаардсан халаалт, агаар сэлгэлтийн инженерт дулааны цахилгаан станц мэргэжилтэй механик инженерийг ажиллуулахаар тендерийн баримт бичиг ирүүлсэн нь дээрх шаардлагыг хангахгүй байна. 7/.”Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “в” заалтаар шаардсан зайлшгүй шаардлагатай 0,5 м3 шанагатай экскаваторыг дутуу ирүүлсэн ба САТ маркийн 0,3 м3 шанагатай универсал тракторын баримт бичиг ирүүлсэн нь мөн дээрх шаардлагыг хангахгүй байна. 8/.”Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “в” заалтаар шаардсан зайлшгүй шаардлагатай 5 тонны ачааны ЗИЛ-130 ММ3554М машиныг маягт №ТШМ-6-д оруулсан боловч уг авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг огт ирүүлээгүй байгаа нь дээрх шаардлагыг хангахгүй байна. 9/.”Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 “ж”-гийн 17 дахь заалтаар шаардсан захиалагчийн баталсан зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу зураг төсөв боловсруулж ирүүлээгүй байна.Үүнд:Хоёр хувилбарын зураг төсөл санал болгосон боловч ажлын нэг төсөв, нэг ажил гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график ирүүлсэн нь чухам аль барилгын зураг төсөв, график гэдэг нь тодорхой бус байна. “А”ХХК-ийн хувьд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 “в” заалтаар шаардсан тусгай зөвшөөрлийн ЗТ-6.4 заалт дутуу байгаа нь ТОӨЗ-ын шаардлагыг хангахгүй байна.”А” ХХК болон “Алтайн газрын хүч” ХХК-ийн ирүүлсэн хоёр хувилбарын зураг төслүүдэд Б аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгавраар шаардсан шувуу нуруу дээврийг төлөвлөгөөгүй байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 “ж”-гийн 17-д заасны дагуу тендерээс шууд татгалзах үндэслэл болно.Үнэлгээний хорооноос “Т” ХХК-ийг шалгаруулахдаа зураг төсөл боловсруулах компаниар “А” ХХК-ийг сонгож, судалгаа хийж шийдвэр гаргасан байна.Тусгай зөвшөөрлийн заалт дутуу, зургийн даалгаврын шаардлагыг зураг төсөлд дутуу тусгасан компанийг сонгож шийдвэр гаргасан нь ТОӨЗ-ийн шаардлагыг хангахгүй байна. Төсөвт Б аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгавар, Баян- Өлгий аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/2021 тоот архитектор төлөвлөлтийн даалгавраар тус тус шаардсан гадна зам талбайн тохижилтыг төсөвт тусгаж тооцоо хийгээгүй байгаа нь /ТШӨХ/-ийн ТОӨЗ 13.1 “ж”-гийн 17-д заасны дагуу тендерээс шууд татгалзах үндэслэл болно.

10/.”Т” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6. “а” заалтын дагуу сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020 он/ санхүүгийн чадавх тодорхойлох мэдээлэл ирүүлэхдээ 2017, 2018, 2020 оныг ирүүлсэн ба тоон үзүүлэлтүүд нь зөрчилтэй байна.2019 оны санхүүгийн мэдээллийг ирүүлээгүй нь ТОӨЗ 6.3 “а” заалтын шаардлагыг хангахгүй байна. 11/. “Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 “ж”-гийн 7 дахь заалтад шаардсан ямар техникийн тодорхойлолтыг мөрдөж ажиллахыг гаргаж ирүүлээгүй байна. 12/.”Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 33.1 заалтаар шаардсан дотоодын давуу эрхийн зөрүү тооцоход шаардагдах нотлох баримт болох холбогдох материалуудын тохирлын гэрчилгээг огт ирүүлээгүй ба хугацаа дууссан 2 гэрчилгээг хавсарган ирүүлсэн нь ТОӨЗ 33.1-д заасны дагуу давуу эрх тооцох боломжгүй болсон байна.

“Т” ХХК нь дээрх байдлаар олон төрлийн баримт бичгийг дутуу ирүүлж тендерт оролцсон байхад тус компанийг шалгаруулж 151,136,150 төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн манай компанийг шалгаруулаагүй нь тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийг төрийн ашиг сонирхлыг дээдлээгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан байна гэж үзэхэд хүргэж байна.

Тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар тендерийн баримт бичиг боловсруулах талаар авч хэлэлцээд сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байхаар шийдвэрлэсэн байдаг.Гэтэл тус Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар энэ асуудлыг дахин авч хэлэлцээд тус тендерийн ажилд хэд хэдэн компаниуд гомдол хэлж байгаа учраас тодруулга оруулах саналтай байна гээд үнийн дүнгийн 20 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан байна. Дээрх тендерт оролцохоор 2 компани санал ирүүлсэн.Манай компанийн зүгээс Үнэлгээний хороонд ямар нэгэн гомдол гаргаагүй.Нөхцөл байдал ийм байхад Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт дур мэдэн өөрчлөлт оруулж “Т” ХХК-д давуу байдал олгосон байдал харагдаж байна.

Иймд манай компанийн нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян- Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан БШУЯ/202102055 дугаартай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга, спорт заал, 940 суудлын ажил” гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БШУЯ/202102055 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үнэлгээний хороо 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад “Т” ХХК-ийг шалгаруулж, 8.601.136.150 төгрөгөөр гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлсэн. Тухайн үед “А” ХХК-д мэдэгдэл ирүүлсэн байдаг. Мэдэгдэлд гол асуудал нь  “А” ХХК 2018, 2019 онуудын санхүүгийн тайлангаа баталгаажуулсан аудитын дүгнэлт ирүүлээгүй байна, тиймээс  танай ХХК-нийг шалгаруулсангүй  гэсэн.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 15.2.3-т тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт  гэж зохицуулсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгийн 6.2.б-д Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайланг  аудитаар  баталгаажуулсан байх гэж шаардсан. Тэрнээс биш заавал аудитын дүгнэлтийг ирүүл гэсэн шаардлага тавигдаагүй. Үнэлгээний хороо тендерийн баримт  бичигт шаардаагүй зүйлийг  шаардаж, “А” ХХК-ийг шалгаруулаагүй нь эхнээс хууль  зүйн үндэслэлгүй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. “Б” ХХК-тай  холбоотой асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирсэн. Гэхдээ Үнэлгээний хороо үнэлгээ хийхэд энэ асуудал  гарч ирээгүй. “Б” ХХК нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан, тухайн ХХК-ийн захирал нас барсан асуудал болон оронд  нь ажиллаж байгаа хүн дүгнэлт гаргасанд  “А” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй.  Үнэлгээ гаргахдаа энэ асуудлыг  харгалзан үзээгүй учраас ярих шаардлагагүй гэж үзэж байгаа. Үнэлгээний хороо дүгнэлт гаргахдаа “А” ХХК-ийн ирүүлсэн барилгын хэмжээ 4756 м.кв, 1г м.кв-ын үнэ 1,700,000 төгрөг хавьцаа гарч байна, нөгөө компаниас өндөр байна гэсэн асуудал тавьсан. Энэ асуудлын дараа “Сивил дизайн” гэх ХХК-аас албан ёсны тодруулга  авсан. Тэгээд зураг төслийг үзэхэд талбайн нийт хэмжээ 6171 м.кв болж байгаа. Үүнийг нийт зардалд тооцохоор 1м.кв нь 1,300,000 төгрөг гарч  байгаа. Яагаад хэмжээн дээр зөрүү гарж байгаа вэ гэвэл ажлын зургийг боловсруулаад  техникийн тодорхойлолтуудыг бичих юм байна.  Үүнд Е-блокийн хэмжээг зураг төсөл зохиосон компани  бичилгүй орхигдуулсан  байна. Дараа нь бид нар тодруулга аваад байгаа зургийг нотлох баримтаар гаргаж өгөөд барилгын мэргэжлийн холбогдох  хүмүүсээс тайлбар авхуулсан. Үүнд зураг дээр нийт 6171 м.кв талбайтай  гэдэг нь батлагдаж байгаа. Барилгын зураг төсөл боловсруулахдаа холбогдох дүрэм журмын дагуу боловсруулдаг. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 305 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн  барилгын төлөвлөлтийн дүрэм”  гэж байгаа. Үүний дагуу хийсэн байхад барилгын хэмжээг их хэмжээгээр багасгах, ихэсгэх боломж байхгүй. Үнэлгээний хороо зургийг хараад тодруулах байсан,  үнэлгээг зөв хийсэн бол ойлголтын зөрүү гарахгүй байсан.

“Т” ХХК-аас хүсэлт гаргасан учраас тендерийн бичиг баримтад тодруулга хийсэн гэж Үнэлгээний хорооноос тайлбарлаж байгаа. Хавтас хэрэгт “Т” ХХК  2021 оны 04  дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт ирүүлсэн  албан бичиг байна. Гэхдээ “Т “ ХХК хүсэлт ирүүлсэн гэдэг албан тоот явж байгаа болохоос биш тухайн бичиг баримтыг  хүлээж авсан, бүртгэлд оруулсан нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Уг хүсэлтийг 04  дүгээр сарын 26-ны өдөр хянаж үзээд хэмжээг 20% болгоод багасгасан байгаа. Сангийн сайдын тушаалаар батлагдсан барилгын бичиг баримт боловсруулах жишиг журам гэж байгаа. Дээр дурдсан журамд зааснаар ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө тодруулга хийсэн байх ёстой. Үнэлгээний хороо 2021 оны 04 сарын 26-ны өдөр хуралдаад тодруулга хийсэн.   Иргэний хуульд зааснаар хугацаа тоолоход тухайн өдөр ордоггүй дараагийн өдрөөс эхлээд тооцно. Тэгэхээр 05 сарын 03-ны өдөр тендерийн бичиг баримтыг нээсэн байгаа. Хугацаагаа тоолж үзэхээр ажлын 4 хоног болоод байгаа. Хугацааг баримтлаагүй байдал харагдаж байна. Тийм учраас энэ асуудлыг тодорхой хэмжээгээр анхаарч үзэх ёстой. Тендерийн баримт бичигтэй холбоотой 2 компаниас хүсэлт ирүүлсэн гэсэн.  “Н” ХХК-ийн захирал О.Бг гэрчээр байцаасан байгаа. О.Б албан ёсоор хүсэлт тавиагүй,  өөр компанитай холбоотой хурал дээр бид нар санал хэлсэн  болохоос биш ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэдгээ тодорхой хэлсэн байгаа. “А” ХХК-ийн итгэмжлэлийн хугацаа өнгөрсөн байсан гэж тайлбарлаж байна. Хавтас хэрэгт авагдсан итгэмжлэл дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жирен гарын үсэг зурж, ерөнхий инженер Ж.Ж тамга дарж баталгаажуулсан байгаа.  2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэдэг нь техникийн шижтэй алдаа байсан. Өмнөх бичиг баримтад байгаа огноог засаагүй орхигдуулсан асуудал. Тендерийн бичиг баримтад тийм хугацаанд хүчинтэй итгэмжлэл ирүүлэхээр тодорхой зааж өгөөгүй учраас энэ үндэслэлээр “А ХХК-ийг буруутгах үндэслэл харагдахгүй байна. Тендерийн хүчинтэй байх хугацааны талаар 60 хоног гэж ирүүлсэн байна гэсэн.  Үүнд бас техникийн шинжтэй алдаа гараад 60 хоног гэж явсан. Энэ бол тендер шалгаруулалтад нөлөөлөхгүй. Тендерийн бичиг баримтад 30 хоног гэж заагаад өгсөн. 60 хоног гэж ирүүлсэн нь шалгаруулахгүй байх үндэслэл биш гэж үзэж байна. Ж.Жын дипломын асуудлыг ярьж байгаа. Тендерийн бичиг баримтын 6.3.в-д барилгын инженер байна, 5–аас дээш жил ажилласан гэж заагаад өгсөн. Ж.Ж 2015 оны 06 сард Шинжлэх ухааны их сургуулийг авто замын барилгын инженерээр сурч төгссөн. Гэхдээ барилгын инженерийн бакалаврын зэрэг олгосныг диплом дээр тодорхой заагаад өгсөн.  Тендерийн бичиг баримтад өндөр төвөгшилтэй барилга учраас заавал үйлдвэрийн болон иргэний барилгын инженерийн мэргэжилтэй гэж  шаардлага тавигдаагүй. Барилгын инженер гэж нийтлэг байдлаар тавьсан учраас энэ шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа. Ийм үндэслэлээрээ “А” ХХК-ийг шалгаруулаагүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байсан. “Т” ХХК-тай холбоотой хэд хэдэн асуудал яригддаг. Гол анхаарах асуудал Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 13.1.ж-д заасныг  зөрчсөн. Зураг төсөл боловсруулах даалгаврын 4-т шувуу нуруу дээвэр байна гэж тодорхой заасан. Бусад асуудлууд тухайн үед дурдагдаад явсан учраас нэмж хэлэх тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эцсийн байдлаар дүгнэж хэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд тендерийг яаж үнэлэх талаар тодорхой заагаад өгсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол тендерт үнэлгээ хийнэ гэж заасан байгаа. Нэгэнт 2 компанийн  бичиг баримтад үнэлгээ хийсэн учраас 27-д заасан шаардлагыг хангасан  гэж  Үнэлгээний хороо  үзсэн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж байгаа. 2 компани үнэлгээнд ороод ирсэн байгаа. Тэгээд журмын дагуу эцсийн байдлаар үнэлгээг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл тендерийн хамгийн сайн гэсэн үнэлгээ хууль журмын дагуу хийгдээгүй.  “А” ХХК тендерт оролцохдоо үнийн саналын хувьд хамгийн бага үнийн санал хүргүүлсэн. 2 компанийн үнэлгээ нэлээн зөрүүтэй байгаа. Үнэлгээний хороо эхнээс хууль бус дүгнэлт хийжээ. Тийм учраас Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс  хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Ө сумын сургуулийн барилга, спорт заалны 940 суудлын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тендерийн Үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн болон  Үнэлгээний хорооны дарга С.Х, нарийн бичгийн дарга Х.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зарлаж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээхэд “А” ХХК, “Т” ХХК-ууд тендерийн материал илгээсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж Ө сумын сургууль,спорт заалны барилгын ажлын  тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.2-т зааснаар хянаж үзээд  Үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “Т” ХХК-ийг  шалгаруулсан байгаа.  “А” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь захиалагчдын тогтоосон хэд хэдэн шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 27.4-т зааснаар шалгаруулаагүй.Үүнд:

1/. Тендерийн үнийн саналын маягтад хүчинтэй хугацаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн дагуу 30 хоног байх ёстой боловч “А” ХХК нь 60 хоногоор ирүүлсэн. 2/. “А” ХХК нь компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Жт 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэл олгосон ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 хэсгийн дагуу тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байдаг тул уг итгэмжлэл нь хүчингүйд тооцогдоно. 3/.Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 /б/-д сүүлийн гурван жилийн /2018, 2019, 2020/ санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх гэж шаардсан, энэ нь аудитын дүгнэлтээр нотлогддог тул “А” ХХК нь 2018, 2019 оны аудитын дүгнэлтийг ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 заалтыг болон тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 /б/-ийг тус тус зөрчсөн гэж үзсэн. 4/. “А” ХХК-ийн ******БӨ Улсын дугаартай экскаватор тус компанийн нэр дээр гэрчилгээ нь байгаа мөртлөө Авто тээврийн үндэсний төвд бүртгэлгүй тул үүнийг “А” ХХК-ийн машин механизм- гэж үзэх боломжгүй. Энэ нь Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолдагийн 2021 оны 04-р сарын 30-ны өдрийн тодорхойлолтоор батлагдсан байна. 5/. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.3 (в) ерөнхий инженер нь барилгын инженер байх,ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 5-аас дээш жил гэж заасан байгаа. “А” ХХК-ийн ерөнхий инженер нь барилгын инженер хүн биш авто замын инженер байсан. /Дипломын хуулбараар нотлогдсон/ 6/. “А” ХХК нь бага үнийн саналаар тендер ирүүлсэн боловч тухайн барилгын 1 м.кв талбайн төсөвт өртөг өндөр буюу 1800,0 мянган төгрөг гарч, барилгын нийт талбайн хэмжээ 4756,0 м.кв байсан. Харин “Т” ХХК нь уг барилгыг 6484.0 м.кв талбайтай ба 1 м.кв төсөв өртөг нь 1357.0 мянган төгрөг байгаа нь эдийн засгийн хувьд улсад, ашиглагч байгууллагад, орон нутгийн ард иргэдэд ашигтай байгаа нь ил харагдаж байсан.

“А” ХХК-ийн гаргасан гомдолд нэг бүрчлэн тайлбар хүргүүлэв.

1/.Тендерийн баримт бичигт санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх гэж шаардсан. Tender.gov.mn сайтаас оролцогч компаниудын борлуулалтын орлогыг татаж болдог ба санхүүгийн тайланд ямар нэгэн зөрүү байхгүй байсан.Тендерийн баримт бичигт санхүүгийн тайланг заавал е-балансаас татаж ирүүлэх гэж шаардаагүй тул гараар бичиж ирүүлсэн тайланг зөрчил гэж үзэхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу тухайн компанийн захирал, ня-бо бүх хуудаст тамга дарж гарын үсэг зурсан байсан. 2/.Оролцогч компаниуд тендерийн материалыг цахимаар ирүүлдэг. Цахимаар ирүүлсэн материалын тамга тэмдэг, гарын үсэг үсгийг фотошоп  программ үйлдсэн эсэхийг мэдэх боломжгүй. Шүүх тухайн компаниас эх хувийг авч шинжилгээ хийлгэнэ үү. 3/. Сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020 он/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажил гэж шаардсан учраас зөвхөн нэг ажлын гэрээний дүнг авч үзээгүй ба “Т” ХХК нь 2018 онд 5,205.0 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж дууссан байсан. Үүнд: Хүүхдийн ясли, цэцэрлэгийн барилга /200 ортой, Ховд аймаг, Жаргалант сум/ 2,105.0 сая төгрөг, Аймгийн прокурорын газрын конторын барилга, /Ховд аймаг, Жаргалант сум/1,100.0 сая төгрөг, Соёлын төвийн барилга /250 хүний суудалтай Увс аймаг, Цагаанхайрхан сум/ 2,000.0 сая төгрөг. 4/. Тендерийн баримт бичигт Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан ба ашиглагч байгууллагын тодорхойлолтыг шаардаагүй.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилд захиалагчийг төлөөлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хяналт хийдэг. “Т” ХХК нь ГХБХБГ-ын тодорхойлолтыг ирүүлсэн нь захиалагчийн өмнөөс хяналт хийдэг байгууллага учраас тус газрын тодорхойлолтыг хамааралтай гэж үзсэн. “А ХХК нь зөвхөн ашиглагч байгууллагын тодорхойлолт ирүүлсэн нь дутмаг байсан. 5/.Т” ХХК-ийн радио электроник мэргэжилтэй Б.Сыг, “А” ХХК-ийн мэдээлэл хэмжлийн электроник мэргэжилтэй Т.А нарыг тус тус холбоо дохиолол, мэдээллийн инженер гэж үзэж материал ирүүлсэн тул дээрх инженерүүд адилхан гэж үзээд хоёуланг үнэлсэн болно. 6/. Халаалт, агаар сэлгэлтийн инженер болон дулааны цахилгаан станц механик инженер нь нэг төрлийн инженер гэж үзсэн. 7/.Т” ХХК нь *****УБ Улсын дугаартай САТ 422Е маркийн 0,5 м3 багтаамжтай экскаваторын техникийн гэрчилгээ, авто тээврийн лавлагааг ирүүлсэн. Тус компанийн 2021.04.23 -ны өдрийн 21/86 албан тоотоор компанийн машин механизмын тоног төхөөрөмжийн жагсаалтыг үндэслээд хүчин чадал нь 0,5м3 гэж үзсэн.Шаардлагад нийцэж байгаа. “Т” ХХК-ийн экскаватор дээр багтаамж нь 0,5 м3 хүрэхгүй гэж байгаа. Бид нар тухайн үед судалж үзсэн. Экскаваторын маркийг бичиж интернэтээс хайж үзэхэд шанаганы багтаамж нь 0,5 м3 -аас дээш байдаг юм байна. Зарим компаниуд хэд хэдэн шанагатай байдаг  ба тухайн ажилдаа зориулж, шанагаа солиод явдаг тохиолдлууд байдаг. 8/.Үнэлгээний хороо 5 тонны ачааны ЗИЛ-130-ыг үнэлгээнд харгалзан үзээгүй ба “Т” ХХК-ийн захирал Д.Лхамсүрэний нэр дээр байдаг 7150ХОҮ Улсын дугаартай  Nissan маркийн ачааны зориулалттай автомашины техникийн гэрчилгээ, авто тээврийн лавлагааг ирүүлсэн. Мөн “Т” ХХК нь ганцхан хувь эзэмшигчтэйг нотолсон компанийн дүрэм, 2021.04.23 өдрийн 21/87 албан тоотоор тайлбар бичиж баталгаажуулж ирүүлсэн. 9/. “Т” ХХК нь хоёр төрлийн зураг ирүүлсэн боловч Үнэлгээний хороо “А” ХХК-ны ирүүлсэн зургаар үнэлгээ хийсэн ба тус зургийг үндэслээд төсөв хийлгэсэн байсан.  Үүнийг үнэлгээний хорооны хурлын үеэр оролцогч “Т” ХХК-аас тодруулж утсаар асуусан.10/.А” ХХК-ийн ЗТ12-157/17 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн урд талд БА-6.4 бичигдсэн байгаа нь техникийн алдаа гэж мэдэгдсэн ба тусгай зөвшөөрлийн ард талд ЗТ-6.4 заалтыг тайлбартай хамт бичигдсэн байсан үүнийг алдаа гэж үзэх боломжгүй болно. Мөн тусгай зөвшөөрлийн гэрээнд ЗТ-6.4 заалт байна. 11/. Б аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгаврын 4 дүгээр хэсэгт шувуу нуруу төлөвлөх гэж бичигдээгүй ба суурийн төрөл газар дээрх барилгын даацын бүтцээс хамруулж сонгох гэж даалгавар өгөгдсөн. 12/. “А” ХХК нь зураг төслийн даалгаврын дагуу зураг төсөв ирүүлсэн ба компани тусгай зөвшөөрөл нь бүрэн байна. /Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралт, гэрээгээр нотлогдож байна/. 13/.2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгавар, Б аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/2021 тоот архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу төсөв хийлгэсэн байгаа. Тэргүүлэх төсөвчин Д.Оийн хийсэн төсөвт 411.2 сая төгрөгийн гадна зам талбай, биеийн тамирын талбайн зардал тус тус тусгагдсан байна. 14/. “Т” ХХК сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан ирүүлсэн ба борлуулалтын орлого нь 2018 он-1463688279 төгрөг,2019 он-3801040761төгрөг, 2020 он-3252687115 төгрөг, дундаж 2839138718 төгрөгийн борлуулалттай байгаа нь санал болгосон үнийн дүнгийн 20 хувиас их байна. 15/.Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолт ирүүлэх гэсэн шаардлага тавиагүй. Зөвхөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 13.1 (ж) 7-д Тендерт оролцогч өгөгдсөн техникийн тодорхойлолтыг мөрдөнө, ТОӨЗ 13.1 (ж) 13-д Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ гэж заасан нь оролцогч компаниуд албан тоотоор баталгаажуулж ирүүлдэг. “Т” ХХК нь 2021.04.23 өдрийн 21/75 дугаартай албан тоотоор техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр төвшинд тухайн ажлыг гүйцэтгэж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөхөөр баталгаа  гаргасан. 16/. Шинэчлэн баталсан тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлалын 1.2 заалтын дагуу хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерт давуу эрх тооцно гэж заасан байдаг. Үнэлгээний хороо “А” ХХК-ийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн “Т” ХХК-д дотоодын давуу эрх тооцоогүй. Дотоодын давуу эрх ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй. 17/.Тендерийг 2021 оны 04-р сарын 03-ны өдөр зарлахад ТОӨ3 6:3(а) Сүүлийн гурван /2018, 2019, 2020 он/ жилийн борлуулалтын орлогын нийлбэр хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна гэж зарласан. “Т” ХХК компани нь бичгээр гомдол гаргасан, мөн “Нур-Едил” ХХК-ийн инженер О.Б амаар гомдол гаргасан. Үүнийг үндэслээд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тодруулга оруулсан. Тендерийн баримт бичигт тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө хуанлийн 5 хоногоос багагүй байна заасны дагуу сүүлийн 3 жилийн /2018,2019,2020он/онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна гэж өөрчилсөн гэв.

Хамтран хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мухамед  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулсан ба Үнэлгээний хорооны дүгнэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Үнэлгээний хорооны ирүүлсэн зөвлөмжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер  хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу тендерт шалгарсан “Т” ХХК-тай  хуулийн хугацаанд буюу 6 хоногийн дараа БШУЯ/202102055 дугаар гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29.2-т заасан хугацаанд тендерт оролцогч бусад компаниас Сангийн яаманд гомдол гаргасан тухай ямар нэгэн албан мэдээлэл ирээгүй тул "гомдол  гаргаагүй” гэж үзэн “Т” ХХК-тай хууль, журмын дагуу гэрээ байгуулсан болно гэв.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ергазы  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Б аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, спорт заал, 940 суудал /Б, Ө сум/”, БШУЯ/202102055 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байгаа юм.

1.Уг тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 б-д Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020; Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх “шаардлагатай” гэж заасан байгаа бөгөөд санхүүгийн тайланг е-баланс цахим санхүүгийн тайлангаас хэвлэж авч ирүүлэх тухай, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан зэрэг хуудаснуудыг аудитын тамга дарж баталгаажуулж ирүүлэх тухай огт дурдаагүй байгаа бөгөөд манай компани 2018, 2019, 2020 онуудын жилийн баталгаажсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт хүргүүлсэн байгаа юм.

Манай компани жил бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гарган аудитын компаниудаар баталгаажуулалт хийлгэж, цахим санхүүгийн тайлангийн е-баланс системд шивж, аудитын компаниас баталгаажуулж өгсөн дүгнэлт, гарын үсэг зурж баталгаажуулсан санхүүгийн тайланг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид аваачиж өгөн баталгаажуулалт хийлгэдэг. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал биш бөгөөд зарим тендер шалгаруулалтад санхүүгийн тайланг Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, аудитын компаниар баталгаажуулалт хийгдсэн байхаар тусгагддаг тул манай компани жил бүр санхүүгийн тайлангаа 2-3 хувь стандарт маягтаар гараар бичиж, гарын үсэг зурж бэлтгэн эдгээр газруудаар баталгаажуулалт хийлгэсээр ирсэн юм. Өмнөх жилүүдэд ажиллаж байсан манай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь ехсеl болон бусад санхүүгийн программаас хэвлэсэн стандарт бус санхүүгийн тайлангийн маягтаар гаргасан жилийн эцсийн тайланг хүлээн авахгүй гэж шаардлага тавьдаг байсан бөгөөд бид энэхүү хууль ёсны шаардлагыг бүрэн биелүүлж, жил бүрийн санхүүгийн тайлангаа стандарт маягтаар гараар бичиж тушаасаар ирсэн юм.

2.Дээр өгүүлсэнчлэн бид жил бүрийн санхүүгийн тайлангаа стандартын дагуу гаргаж аудитын компани болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаар баталгаажуулалт хийлгэдэг тул тэдгээрийн гарын үсэг, тамга тэмдгийг фотошоп программ ашиглан хуурамчаар үйлдэх ямар ч шаардлагагүй юм. Үүнийг манай компанид байгаа эх хувьтай нь тулган шалгаж үзэх, мөн шаардлагатай тохиолдолд тэдгээр байгууллагуудаас тодруулга авч үнэн мөнийг тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна.

3.Манай компани нь 2018-2019 оны хооронд 1100000000 /Нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй Ховд аймгийн Прокурорын газрын барилга угсралтын ажил, 2105700000 /Хоёр тэрбум нэг зуун таван сая долоон зуун мянган/ төгрөгийн төсөвт өртөгтэй Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, 2018-2020 онд 2000000000 /Хоёр тэрбум/ төгрөгийн төсөвт өртөгтэй Увс аймгийн Цагаанхайрхан сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ховд аймгийн Прокурорын газрын барилга угсралтын ажлыг 2018 онд 290000000 /Хоёр зуун ерэн сая/ төгрөгийн төсвөөр, 2019 онд 1400400000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн төсвөөр, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2018 онд 500000000 /Таван зуун сая/ төгрөгийн төсвөөр, 2019 онд 1605700000 /Нэг тэрбум зургаан зуун таван сая долоон зуун мянган/ төгрөгийн төсвөөр, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлыг 2018 онд 500000000 /Таван зуун сая/ төгрөгийн төсвөөр, 2019 онд 1000000000 /Нэг тэрбум/ төгрөгийн төсвөөр, 2020 онд 500000000 /Таван зуун сая/ төгрөгийн төсвөөр тус тус гүйцэтгэхээр 2018, 2019, 2020 онуудын Монгол улсын төсвийн тухай хуульд тусгагдсан бөгөөд түүний дагуу манай компани жил бүрийн 3 ажлын нийлбэр дүнгээр 2018 онд 1290000000 /Нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөгийн барилга угсралтын ажил, 2019 онд 3415700000 /Гурван тэрбум дөрвөн зуун арван таван сая долоон зуун мянган/ төгрөгийн барилга угсралтын ажил, 2020 онд 500000000 /Таван зуун сая/ төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж дуусгасан болох нь батлагдаж байгаа юм.

4.Манай илгээсэн тендерийн баримт бичигт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын захиалагчийн төлөөлөл Барилгын хөгжлийн төвөөс авсан албан бичиг, Ховд аймгийн Прокурорын газрын барилга угсралтын ажил, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын захиалагчийн төлөөлөл Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаас авсан тодорхойлолтуудыг хүргүүлсэн байгаа тул дээрх шаардлагыг хангаж байгаа юм.

5.Хэдийгээр холбоо дохиолол, мэдээллийн инженер эсвэл компьютер сүлжээний инженер гэж тендерийн баримт бичигт тусгасан байгаа боловч радио электроникийн инженер мэргэжил нь агуулгын хувьд нэг асуудал гэж ойлгож байгаа юм. Тус мэргэжлүүд нь үзэж судалсан хичээл, ажлын талбарт гүйцэтгэж байгаа үүрэг нь нэг салбар, нэг чиглэлийн үйл ажиллагаа тул дээрх тавьсан инженерийн шаардлагыг хангана гэж үзэж байна. Халаалт, агаар сэлгэлтийн инженер, дулааны цахилгаан станц мэргэжилтэй механик инженерийн мэргэжлүүд нь үзэж судалсан хичээл, ажлын талбарт гүйцэтгэж байгаа үүрэг нь нэг салбар, нэг чиглэлийн үйл ажиллагаа тул уг шаардлагыг хангана гэж үзэж байна. Ажлын талбарт хийж гүйцэтгэж байгаа үүрэг нь нэг бөгөөд зөвхөн мэргэжлийн нэр нь л өөр өөрөөр бичигдэж байгаа гэж үзэж байна.

6.Манай тендерт хүргүүлсэн САТ маркийн *****УБ улсын дугаартай машин механизм нь технологийн механизм гэсэн нэршилтэй /зарим тохиолдолд экскаватор, ковш зэрэг машин механизмууд мөн ингэж бүртгэгдсэн байдаг/ бүртгэгдсэн байгаа юм. Уг механизмын шанагыг 0,З м3 болон 0,5 м3 болгож сольж болдог бөгөөд мөн хошууг нь нураах доргиурт алх болгон солих боломжтой тул дээрх шаардлагыг хангаж байгаа юм.

7.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 “в” заалтаар зайлшгүй шаардлагатай 5 тонноос дээш даацтай ачааны автомашин шаардсан байгаа бөгөөд манай компанийн тендерийн баримт бичигт *****ХӨҮ улсын дугаартай Вольво автомашин, *****АА улсын дугаартай чиргүүлийн хамт илгээгдсэн байгаа тул уг шаардлагыг хангаж байна.

8.Уг тендерт манай компанийн зүгээс 2 янзын эскиз зураг боловсруулан санал болгосон бөгөөд аль нэг зурагт нь тааруулан төсөв зохиогоогүй бөгөөд эскиз зургийг үндэслэн шууд төсөв зохиох ч боломжгүй юм. Бид ерөнхийдөө захиалагчийн зүгээс өгсөн архитектор төлөвлөлтийн болон зургийн даалгаварт тусгагдсан шаардлагын хүрээнд нийцэж болох хэмжээнд өмнө нь гүйцэтгэж байсан зураг төслийн ажлын төсвийг жишиг болгон энэхүү тендерийн төсвөө боловсруулж оролцсон юм. Яг нэг барилгын зурагт зориулан төсөв хийхээр бол тухайн барилгын ажлын зураг бүрэн боловсруулагдсаны үндсэн дээр нарийвчилсан төсөв гаргадаг Ажил гүйцэтгэх хугацааны нарийвчилсан графикийг санал болгож байгаа төсвийг үндэслэн боловсруулдаг тул мөн ижил аль нэг зурагт тааруулан боловсруулах боломжгүй.

9.Бид өөрсдийн илгээсэн тендерийн баримт бичгээс “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нягтлан шалгаж үзэхэд дээрх “А ХХК-1” хэсгийн 18 болон 21 дугаар хуудсанд  ЗТ-6.4 заалт байгаа бөгөөд тус компанитай холбогдон лавлахад дээрх шаардсан бүх заалт байгаа гэж мэдэгдсэн тул уг шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Шаардлагатай тохиолдолд тус компаниас тодруулахад дээрх байдал нотлогдох болно.

10.Энэхүү тендер шалгаруулалт нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тул бид зөвхөн урьдчилсан зураг боловсруулан оролцсон бөгөөд гэрээ байгуулж ажил эхэлснээр барилгын ажлын зургийг дэлгэрэнгүй боловсруулан нарийвчлан гаргаж уг ажлыг гүйцэтгэх юм. Захиалагчийн зүгээс манай компанийн санал болгосон хоёр зургаас аль загварыг нь сонгож хийлгэхээс шалтгаалан бид барилгын иж бүрэн зураг боловсруулах бөгөөд энэ үед барилгын зурагт шувуун нуруун төлөвлөлтийг тусгаж өгөх юм. Түүнээс гадна манай компанийн зүгээс уг тендер шалгаруулалтад илгээсэн тендерийн баримт бичгийн Тurliaht-1 хэсгийн 36 дугаар хуудсанд байгаа 21/75 тоот албан мэдэгдэлд “тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан зураг, төсөв, ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх” баталгааг гаргасан байгаа тул ажлын даалгаврыг бүрэн мөрдөж ажиллах нотлох баримт болж байгаа гэж бид ойлгож байгаа юм

11.Дээр дурдсанчлан зураг төсөл боловсруулах компанийн тусгай зөвшөөрлийн заалт бүрэн байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах даалгаврыг мөрдөж ажиллах тухай албан мэдэгдлийг уг тендерт илгээсэн зэрэг нь энэхүү шаардлагыг хангаж байгааг нотолж байна.

12.Манай компанийн илгээсэн тендерийн баримт бичгийн Тurliaht-5 хэсгийн 453-462 дугаар хуудсанд биеийн тамирын талбай, гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх төсөв хүргүүлсэн болно.

13.ТОӨЗ-ны 6.3 “а” заалт нь ямар нэгэн хүснэгтэд мэдээлэл ирүүлэхийг шаардсан утга байхгүй бөгөөд зөвхөн тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээг санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байхыг харьцуулан үнэлэх тухай заалт юм Бидний илгээсэн санхүүгийн чадавхийн хүснэгт алдаатай илгээгдсэн боловч 2018, 2019, 2020 онуудын санхүүгийн тайлангууд уг тендерт хамт илгээгдсэн, шаардлагатай тохиолдолд тендерийн Үнэлгээний хороо цахим тайлангийн системээс нарийвчлан шалгаж сүүлийн 3 жилийн 2018, 2019,2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээг тооцоолон уг шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой тул энэхүү зөрчлийг тендер шалгаруулалтын үнэлгээнд нөлөөлөх хэмжээний алдаа гэж бид үзэхгүй байна.

14.Уг тендер шалгаруулалтад илгээсэн тендерийн баримт бичгийн Тurliaht-1 хэсгийн 36 дугаар хуудсанд байгаа  21/75 тоот албан мэдэгдэлд “Уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан зураг, төсөв, ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх” тухай дурдаж баталгаа гаргасан тул энэхүү шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна.

15. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах холбогдох материалуудыг дутуу хүргүүлсэн бол тендерийн Үнэлгээний хороо тендерийн үнэд дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүйгээр үнэлгээг хийдэг бөгөөд материал нь бүрэн илгээгдсэн бол тендер шалгаруулалтын санал болгосон үнийг бууруулан тооцож үнэлгээг хийдэг. Тиймээс энэхүү бичиг баримт дутуу хүргүүлсэн асуудал нь тендерийн хамгийн бага үнийн санал сонгохоос өмнөх тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй юм гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс “А” ХХК-ыг шаардлага хангаагүй гэж үзээд түүний тендерийг татгалзсан асуудал дээр маргасан учраас тайлбар гаргах нь зүйтэй байна. Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу захиалагчаас татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байгаа. “А” ХХК нь 2018 оны бүтэн жилийн тайлангаа 2019 оны эхний  улиралд аудитаар баталгаажуулан хүргүүлсэн гэж хэлж байгаа боловч тухайн 2018 оны жилийн тайлангаа аудитаар батлуулаагүй нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл  “Б” ХХК-аар баталгаажуулсан гэж байгаа боловч тухайн компанийн удирдах эрх бүхий албан тушаалтан нь нас барсан байсан.  “Б” ХХК нь аудитын чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Гэтэл Өгэдэг нөхөр намайг томилсон гэж яриад, өөрийгөө захирал гэж үзээд “А” ХХК-ийн санхүүгийн тайланг баталгаажуулсан байна. Энэ нь хууль бус гэдгийг Өөөрөө хүлээн зөвшөөрч “өмнөх захирал нас барсны дараа  улсын бүртгэлд очиж хандахад намайг бүртгэж аваагүй” гэж мэдүүлсэн байгаа.  “Б” ХХК-ийн захирлыг төлөөлөх эрхгүй  этгээд гэдгээ Өмэдсээр байж, өөрийгөө захирал гэж гарын үсгээ зураад, “Б” ХХК-ийн

тамга тэмдгийг ашиглаад хуурамч бичиг баримт үйлдэж, үйл ажиллагаа явуулсан асуудал тогтоогдож байна.  Үүнээс харахад “Б” ХХК нь 2019 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь тогтоогдож байна. Тэгэхлээр сүүлийн 3 жилийн санхүүгийн  тайлангаа аудитораар баталгаажуулан хүргүүлэх үүргээ “А” ХХК биелүүлээгүй. Ийм байхад Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хуульд нийцээгүй байна гэж хүчингүй болгох боломжгүй.

“А”  ХХК нь манай компани бүх шаардлага хангасан,  хамгийн бага үнийн дүнгийн санал болгосон гэж байгаа. Тус  компани шаардлага хангаагүй  тендерийн бичиг баримт ирүүлсэн гэдэг нь нотлогдсон. Тухайлбал урьд нь хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой захиалагч байгууллагын тодорхойлолтыг  ирүүл гэж шаардлага тавьсан байдаг Гэтэл “А” ХХК захиалагчийн биш ашиглагч байгууллагын тодорхойлолтыг хавсаргаж зөрчил гаргасан. Тэгээд  “Т” ХХК ашиглагч байгууллагын  тодорхойлолтыг ирүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл ашиглагч байгууллагаас тодорхойлолт авна гэж тендерийн өгөгдөл дээр шаардлага тавиагүй учраас өгөгдлийн дагуу захиалагчаас тодорхойлолтыг аваад “Т” ХХК тендерийн бичиг баримтдаа  хавсаргаснаар тухайн шаардлагыг хангасан гэж үзэж байна.  Ажлын талбайн зохион байгуулалтын  зураг гаргаж ирүүлнэ гэж заасан, үүнийг хангаагүй.  Уг зураг нь  Зам тээвэр, барилга, хот байгууллагын сайдын  2010 оны 04 сарын 12-ны өдрийн 107 дугаар “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” гэсэн  баримт бичигт заасан шаардлагыг хангах ёстой. “А” ХХК-ийн машин техникүүд нь шаардлага хангаагүй байна гэж бид нар үзэж байна.  Яагаад гэвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар хөдөлгөөнд оролцох аливаа техник хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдаж, тэнцсэн байх ёстой. Тэнцсэн тээврийн  хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, аливаа үйлдэл хийхийг зөвшөөрнө. Гэтэл “А” ХХК-ийн бүх тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд  2017 онд үзлэг оношилгоонд орж  байсан, зарим нь 2007 оноос хойш үзлэгт орж байгаагүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн. 14 жил үзлэгт ороогүй, тэнцээгүй тээврийн хэрэгслээр барилга барина гэж байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Талбайн инженер 2-оос доошгүй жил ажилласан байх ёстой гэж шаардлага тавьсан байгаа. К.Ж талбайн инженерээр 1 сар ажилсан байдаг. Ерөнхий инженерийн хувьд авто замын барилга гэсэн мэргэжлээр төгссөн.  Гэтэл зарласан тендер нь  сургуулийн барилга барих  ажил байдаг. Авто замын инженер төгссөн хүн сургуулийн барилгыг  барих гэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Энэ том зөрчил гэж  бид нарын зүгээс үзэж байгаа.

Шүүхээс нэхэмжлэгчийн бүх шаардлагыг хангаад шийдэх боломж байхгүй. Яагаад гэвэл  “А” ХХК-ийг татгалзсан мэдэгдэл дээр маргахгүйгээр “Т” ХХК-д эрх олгосон шийдвэр дээр маргаад, тэгээд манай компанийг сонгон шалгаруул гэдэг нь хуульд нийцэхгүй байна. Эхлээд татгалзсан акттай маргах  ёстой, татгалзсан асуудал хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзвэл дараагийн асуудал хөндөгдөх ёстой. Үүнд эрх ашгийг сэргээх, хамгаалах ямар ч боломжгүй байна гэж үзэж байна. Шаардлагын хэмжээнд асуудал шийдэгдэх ёстой, тиймээс “А” ХХК-ийн эрх ашиг сэргээгдэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн үндэслэл гаргаж, гуравдагч этгээдийн тендер шаардлага хангахгүй гэсэн байгаа. Тендерт шалгарсан компани хуульд заасан хугацаанд зураг төслийн компанитай гэрээгээ хийгээд тухайн зураг төслийг тендерт холбогдуулан батлуулна. Эскиз зураг нь ямар учраас тендерийн бичиг баримтын дотор явж байгаа вэ гэхэд тухайн барилгын ерөнхий төсөөллийг бий болгох, төсвийг тооцоолох, цалин хөлс тооцоолох асуудал дээр  эскиз зураг шаардаж байгаа. Эскиз зургийн хүрээнд “Т” ХХК шаардлага хангахгүй зургийн даалгавар хүргүүлсэн байна гэж байгаа, энэ зураг нь батлагдсан зураг биш. Үнэлгээний хороо дээврийн хувьд сонгох хувилбартай гэж үзсэн байна. Мөн холбогдох гэрчүүдийн мэдүүлэг авагдсан байгаа. Гэрч нар шувуу нуруу байсан ч хавтгай нуруу байсан ч төсвийн хувьд ялгаа байхгүй гэж мэдүүлсэн. Санхүүгийн асуудал дээр “Т” ХХК аудитаар баталгаажуулсан нотлох баримтаа гаргаж хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрөө шаардлага хангахгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Иймээс нэхэмжлэгийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. 

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

 Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Нэхэмжлэлийг үзэхэд, “Т” ХХК руу чиглэсэн зөрчлүүдийг бичсэн.  Манай компани зөрчил гаргасан эсэх  талаар хариуцагч нар тодорхой хэлсэн. Авто үйлчилгээний нэгдсэн сангаас  *****УБ дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг шүүж үзэхэд, 2008 онд үйлдвэрлэгдсэн, САТ 422Е маркийн тээврийн хэрэгсэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирээд байгаа. Үүнд байгаа дугаар давтагдахгүй дугаар байгаа. Үүнийг тухайн сайтаас үзсэн ч гэсэн мэргэжлийн байгууллагын сайтаас  үзсэн ч  техникийн үзүүлэлт өөрчлөгдөхгүй. Үүнээс үзэхэд САТ 422Е  загварын тээврийн хэрэгсэл  нь 1м3  багтаамжтай гэж байгаа тул  тендерт тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.4-т “ Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.  Тэгэхээр тээврийн хэрэгслийн техникүүдийн үзүүлэлтүүд бол нийтэд илэрхий баримт гэж үзэж байгаа. 

Хариуцагчаас  “А” ХХК тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг  ирүүлээгүй гэдгийг хэлж байгаа боловч нэхэмжлэгч тал “Б” ХХК-нд аудит хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа. Манай компанийн зүгээс “Б” гэдэг компанитай  холбоотой мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтаас хайхад 3065758 гэсэн дугаартай байна. Уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх  бүхий этгээд Ш.Х болох нь тогтоогдож байгаа. Ш.Хын хувьд 2010 оны 09 дүгээр сарын 21-ээс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан байна. Гэрч Өийн мэдүүлгээс үзэхэд уг компанийн гүйцэтгэх удирдлага нь 2019 оны 01 дүгээр сараар хойш тус компанид  ажиллаагүй, өвчтэй байсан, улмаар 2 дугаар сард нас барсан байна. Компанийн тухай хуулийн 7, 81 дүгээр зүйлийг харах бол гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлөхөөр байгаа. Ш.Х гэдэг хүн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гарын үсэг зураад явах учиртай. Харин  хуулийн этгээдийн бүртгэлийн  лавлагаанаас үзэхэд Өийн нэр байхгүй, компанид ямар ч хамааралгүй хүн гэж үзэхээр байгаа. Өийн хувьд 2019 оны 04 дүгээр сард “А” ХХК-ийн санхүүгийн тайланд тамга дарсан зүйл байгаа. Тамга дарснаараа тухайн компанид аудит хийсэн гэж үзэхгүй. Сайт дээр аудит явуулах хуулийн этгээдүүдийн бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг харахад  2018 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар “Б” ХХК-ийн зөвшөөрөл дууссан байдалтай, дээрээс нь аудитын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд Ш.Х гэдэг хүн нас барснаар аудитын үйл ажиллагаа явуулах эрх нь давхар дуусаж байгаа. Тэгэхээр “Б” ХХК бол аливаа хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийх ямар ч боломжгүй байгаа нь харагдаж байна. Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1  болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хулийн 8 дугаар зүйлийн  8.4 дүгээр заалтыг хангаагүй гэж үзэж байна. Дараагийн үндэслэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22.4-т “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй” гэж заасан байдаг. “А” ХХК-аас ирүүлсэн тээврийн хэрэгслийн баримт бичгийг үзэхэд, заримыг  нь 2007 оноос хойш үзлэг оношилгоонд оруулаагүй  байна. Үүнээс үзэхэд тендерийн баримт бичигт заасан  шаардлагуудыг хангахгүй байгаа. Тендерээс ялсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийг ашиглах нь тодорхой. Гэтэл энэ нь ажил гүйцэтгэх боломжгүй тээврийн хэрэгслүүд байна.

Манай компани тендерт шаардсан бүх шаардлагыг ирүүлсэн гэж үзэж байгаа. Дээрээс нь Үнэлгээний хороо хуульд заасан үндэслэл журмын дагуу шударга  шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох саналтай байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дараах  үндэслэлээр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  А/251 дүгээр  захирамжаар Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажлын гүйцэтгэгчийг сонгох  нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог   5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн урилгыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлснээр   “А” ХХК,  “Т” ХХК-ууд тендер ирүүлжээ.

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээн энэ талаар тэмдэглэл үйлдэж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  бүх тендерийг хянан үзээд “А” ХХК-ийн тендер нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй  гэж үзэн татгалзаж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Т” ХХК-ийн  тендерийг  захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар дүгнэлтээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн  байна.

 Захиалагч аймгийн Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2-01/818 дугаар албан бичгээр “А” ХХК-д тус компанийг шалгаруулаагүй, “Т” ХХК-ийг гүйцэтгэгчээр  шалгаруулсан  талаар мэдэгдсэн,улмаар “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БШУЯ/202102055 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Б аймгийн Ө сумын  сургууль, спорт заалны /940 суудал/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан  болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж   тус тус зохицуулсан.

1.Захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын  нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг  болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн[2] ТОӨЗ 4.4 (в) гэсэн хэсэгт “Уг гэрээг гүйцэтгэхэд  тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:”тийм”, Барилга, хот байгуулалтын яамны: 10. ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох  барилга байгууламжийн технологи,компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл” гэж тусгасан ба гуравдагч этгээд “Т” ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан “А” ХХК-ийн хувьд  тусгай зөвшөөрлийн ЗТ-6.4 заалт дутуу байгаа нь шаардлага хангахгүй байна гэж нэхэмжлэгчээс маргасан.

“А” ХХК-ийн  хувьд “ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох  барилга байгууламжийн технологи,компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл” ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тус компанийн  3Т12-157/17 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,түүний хавсралт,2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3Т12-157/17 дугаартай гэрээ зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “А” ХХК-ийг тухайн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (б) гэсэн хэсэгт  “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2018,2019,2020, Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”” гэж зааснаар тендерт оролцогч нь  аудитаар баталгаажуулсан 2018, 2019, 2020 оны  жилийн  санхүүгийн тайланг ирүүлэх  шаардлага тавигдсан байна.

Нэхэмжлэгчээс ““Т” ХХК нь 2018,2019,2020 оны санхүүгийн тайлангуудыг е-баланс цахим санхүүгийн тайлангаас хэвлэж аваагүй бөгөөд гараар бичиж тайлан гаргасан, тайланд засвар хийсэн, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан,  өмчийн өөрчлөлтийн тайлан зэрэг хуудаснуудыг  аудитын тамга дарж баталгаажуулаагүй  байсан. Энэ нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.2 (б)-д заасан шаардлагыг хангахгүй байна” гэж маргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.2-т “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана”, 15.3.”Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, 15.4-т “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зохицуулжээ.

Мөн Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д ““санхүүгийн тайлангийн аудит” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг” гэж зааснаар  санхүүгийн тайланг шалган дүгнэлт гаргах үйл ажиллагааг  аудит хийх гэж ойлгохоор байна.

Гуравдагч этгээд “Т” ХХК-аас 2018 оны жилийн санхүүгийн тайланг “Тунгалаг бүртгэл аудит” ХХК-ийн 2019.03.10-ны өдрийн 2019/60 дугаартай  аудиторын тайлан, дүгнэлтийн хамт, 2019 оны жилийн санхүүгийн тайланг “Тунгалаг бүртгэл аудит” ХХК-ийн 2020.02.11-ний өдрийн 2020/23 дугаартай  аудиторын тайлан, дүгнэлтийн хамт, 2020 оны жилийн санхүүгийн тайланг “Гэрэлт хөхийн тэнцвэр аудит” ХХК-ийн 2021.02.26-ны өдрийн 2/05 дугаартай   аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, түүнчлэн “Т” ХХК-ийн ирүүлсэн 2018,2019,2020 оны жилийн санхүүгийн тайлан болон дээрх аудитын компаниудын аудит хийж баталгаажуулсан  тус компанийн мөн онуудын санхүүгийн тайлангууд зөрүүгүй болох нь болох нь тус тус тогтоогдсон[3].

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд санхүүгийн тайланг е-баланс цахим санхүүгийн тайлангаас хэвлэж гаргасан байх, санхүүгийн  тайлангийн хуудас болгонд аудитын тамга дарж баталгаажуулсан байх гэсэн шаардлага тавигдаагүй байх тул  гуравдагч этгээд “Т” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дахь хэсэг болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх  буюу  2018,2019,2020 оны жилийн  санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

           Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5/1064 дүгээр  албан бичгээр “Т”  ХХК-ийн 2018,2019,2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тус хэлтсийн  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч  хуулийн хугацаанд баталгаажуулалт хийсэн, “Тунгалаг бүртгэл аудит” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар албан бичиг, “Гэрэлт хөхийн тэнцвэр аудит” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/07-12 дугаар албан бичгүүдээр “Т”  ХХК-ийн 2018, 2019, 2020 оны  жилийн санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргасан нь тус тус  нотлогдож[4]  байх тул нэхэмжлэгчийн  ““Т”  ХХК нь тендерийн баримт бичигт компанийн болон аудитын, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсгийг фотошоп  программ ашиглаж үйлдсэн байдал харагдаж байна” гэх тайлбар  нь үгүйсгэгдэж байгаа  болно.

Харин нэхэмжлэгч “А” ХХК нь 2020 оны жилийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн,  2018,2019 оны жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн боловч аудитын дүгнэлтийг ирүүлээгүй байна.

Дээр дурдсанаар захиалагчаас тендерийн баримт бичигт аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх буюу  санхүүгийн тайланг  аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх шаардлага тавьсан байхад нэхэмжлэгч “А” ХХК нь  2018,2019 оны жилийн санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын дүгнэлтийг ирүүлээгүй байх тул  Үнэлгээний хорооноос  тус компанийг уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь  үндэслэлтэй юм.

3.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (д) гэсэн хэсэгт “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл  ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2018,2019,2020  он/, Нотлох баримт: Ижил төстэй ажлын гэрээ, Улсын комиссын акт, ... Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж тусгасан байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар; 16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, 16.1.4.тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс ““Т”   ХХК нь сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилгын ажлын талаарх тодорхойлолтыг захиалагч, ашиглагч байгууллагаас гаргуулж ирүүлээгүй байна. Харин Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газраас  тодорхойлолт авсан нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (д)-д заасан шаардлагад огт хамааралгүй болно” гэж маргажээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК-аас  “Ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн  төрөл болон хэмжээгээрээ  ижил төстэй  барилга угсралтын ажил ба гэрээний үнийн дүн”-ийн жагсаалтад тусгасан хийж гүйцэтгэсэн 6 ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хавсаргасан.  Уг 6 ажлаас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, 5 дугаар 16 айлын орон сууцны барилга, Ховд аймгийн Прокурорын газрын конторын барилга,  Ховд аймгийн Жаргалант сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлуудыг гэрээт хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан  талаарх Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  тодорхойлолтыг, үлдсэн 3 ажлын хувьд захиалагчийн тодорхойлолтыг  тус тус ирүүлсэн байна.

Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын  хавсралтаар баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм” –ийн 3.12-т “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр орон нутагт баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг тухайн аймаг, нийслэлийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан нэгжээр гэрээний үндсэн дээр төлөөлүүлэн гүйцэтгүүлж болно” гэж зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  нь захиалагчийн эрх, үүргийг орон нутагт  төлөөлөн хэрэгжүүлэх тул  “Т” ХХК-ийг  хийж гүйцэтгэсэн барилгын ажлын талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд  “Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй барилга угсралтын ажил”-ын жагсаалтад тусгасан хийж гүйцэтгэсэн ажлуудын талаарх захиалагчийн тодорхойлолтыг огт ирүүлээгүй байх тул сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг ирүүлэх тухай захиалагчийн  туршлагын хувьд тавьсан шаардлагыг  хангаагүй байна гэж үзлээ.

4.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (а) гэсэн хэсэгт “Сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020 он/ онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна” гэж  тусгасан.

Нэхэмжлэгчээс “”Т ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (а) заалтын дагуу сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020 он/ санхүүгийн чадавх тодорхойлох мэдээлэл ирүүлэхдээ 2017, 2018, 2020 оныг ирүүлсэн ба тоон үзүүлэлтүүд нь зөрчилтэй байна.2019 оны санхүүгийн мэдээллийг ирүүлээгүй нь ТОӨЗ 6.3 (а) заалтын шаардлагыг хангахгүй байна” гэж маргасан байна.

 “Т” ХХК–аас “Санхүүгийн чадавхи”–ийн талаарх мэдээллийг хүснэгтээр гаргаж ирүүлэхдээ 2017,2018,2020 он гэж алдаатай  бичсэн байгаа боловч  ТОӨЗ 6.3 (а) заалтаар  “2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байх” гэсэн шаардлага тавигдсан ба “Т” ХХК-ийн  ирүүлсэн аудитын дүгнэлт бүхий 2018,2019,2020 оны  жилийн санхүүгийн тайлангаар тухайн онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь  тус компанийн санал болгосон үнийн дүнгийн 20 хувиас багагүй болох нь  нотлогдож байгаа тул уг шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй.

5.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (б) гэсэн хэсэгт “Сүүлийн 3 жилийн /2018,2019,2020 он/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажлыг төлөөлөх эрх бүхий этгээд   хийж дууссан байх” гэж тусгасан.

Нэхэмжлэгчээс ““Т”  ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (б) заалтаар шаардсан сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажлыг төлөөлөх эрх бүхий этгээд хийж дууссан байх шаардлагыг хангаагүй байна.Тус компани нь сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь болох  2,580,240,845 /8,601,136,150 төгрөг х 30 хувь =2,580,240,845/ төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байсан” гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК нь  “Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн  барилга угсралтын ажлын  нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт”-д  байгаа хийж гүйцэтгэсэн 6 ажлаас Ховд аймгийн Прокурорын газрын конторын барилга,  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Соёлын төвийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлуудыг  2018-2020 онд хийж гүйцэтгэсэн болох нь   ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын 2018 оны Төсвийн  тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д  зааснаар 2018  онд эхэлж, 2019 онд дуусах, 2.105.700.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Цэцэрлэгийн барилга /Ховд аймаг,  Жаргалант сум/ -ын 2018 онд санхүүжих дүн 500.000.000 төгрөг,  1.500.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Соёлын төвийн барилга /Увс аймаг,  Цагаанхайрхан сум/-ын 2018 онд санхүүжих дүн 500.000.000 төгрөг,1.400.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Прокурорын газрын барилга /Ховд аймаг, Жаргалант сум/-ын 2018 онд санхүүжих дүн 290.000.000 төгрөг байна.

Монгол Улсын 2019 оны Төсвийн  тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д  зааснаар 2018  онд эхэлж, 2019 онд дуусах, 2.105.700.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Цэцэрлэгийн барилга /Ховд аймаг,  Жаргалант сум/ -ын 2019 онд санхүүжих дүн 1.605.700.000 төгрөг, 2018  онд эхэлж, 2020 онд дуусах, 2.000.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Соёлын төвийн барилга /Увс аймаг,  Цагаанхайрхан сум/-ын 2019 онд санхүүжих дүн 1.000.000.000 төгрөг,2018  онд эхэлж, 2019 онд дуусах 1.690.400.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Прокурорын газрын барилга /Ховд аймаг, Жаргалант сум/-ын 2019 онд санхүүжих дүн 1.400.400.000 төгрөг байна.

Монгол Улсын 2020 оны Төсвийн  тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д  зааснаар 2018  онд эхэлж, 2020 онд дуусах, 2.000.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Соёлын төвийн барилга /Увс аймаг,  Цагаанхайрхан сум/-ын 2020 онд санхүүжих дүн 500.000.000  төгрөг байна.

Гуравдагч этгээд “Т” ХХК-аас  уг “Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажил”-ыг 8.601.136.150 төгрөгөөр гүйцэтгэхээр  үнийн санал хүргүүлсэн ба дээрх байдлаар 2018-2020 онд  уг 3 ажлыг гүйцэтгэж дууссан, 2019 онд уг санал болгосон үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажлыг хийсэн байх тул тухайн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

6.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в) гэсэн хэсэгт  “Тендерт оролцогч  гэрээг гүйцэтгэхэд  зайлшгүй шаардлагатай  үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд: экскаватор /0.5 м3 –аас дээш хүчин чадалтай/ -1, автокран /10 тн-оос дээш хүчин чадалтай/-1, ачааны машин /5 тн-оос дээш хүчин чадалтай/-1, ...Тоног төхөөрөмж , машин механизмуудын гэрчилгээ, Авто тээврийн  үндэсний төвийн лавлагаа болон улсын дугаар нь тод гарсан фото зургийг хавсаргах” гэж тусгасан.

Нэхэмжлэгчээс ““Т ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в) заалтаар шаардсан зайлшгүй шаардлагатай 0,5 м3 шанагатай экскаваторыг дутуу ирүүлсэн ба САТ маркийн 0,3 м3 шанагатай универсал тракторын баримт бичиг ирүүлсэн нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Мөн  5 тонны ачааны ЗИЛ-130 ММ3554М машиныг маягт №ТШМ-6-д оруулсан боловч уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг огт ирүүлээгүй байгаа нь дээрх шаардлагыг хангахгүй байна” гэж маргажээ.

“Т” ХХК нь “Компанийн үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалт”-д   “4. САТ 422Е Экскаватор трактор,*****УБ /0,5 м3 ,1ш/- өөрийн, 5. ZIL MMZ554M ачааны автомашин,8783ХОА /5 тонн,1 ш/-өөрийн, 7.VOLVO FH16 зүтгүүр,*****ХОҮ /35950 кг,1 ш/-өөрийн компанийн захирлын эзэмшилд байдаг,8. KroneSD чиргүүл, *****АА /30 тонн,1 ш/-өөрийн компанийн захирлын эзэмшилд байдаг” гэж тусгаж уг машин механизмуудын  талаарх Авто тээврийн  үндэсний төвийн лавлагаа, 8783 ХОА улсын дугаартай, ZIL MMZ554M ачааны автомашинаас бусад машин механизмуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ,тухайн машин механизмуудын фото зургийг тус тус хавсарган ирүүлжээ. 

“Т” ХХК нь 8783 ХОА улсын дугаартай, ZIL MMZ554M ачааны автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлээгүй байгаа боловч  гэрчилгээ, лавлагаа зэрэг шаардлагатай баримт бичигтэй VOLVO FH16 зүтгүүр, KroneSD чиргүүл гэсэн машин механизмууд  нь  “5 тонноос дээш хүчин чадалтай ачааны автомашин-1 байх” гэсэн шаардлагыг хангаж байна. Мөн “0.5 м3 –аас дээш хүчин чадалтай экскаватор-1 байх” гэсэн шаардлагын хувьд Үнэлгээний хорооноос  “тухайн машин механизмын  техникийн үзүүлэлтийг интернэтээс харснаар шанаганы хэмжээ  0.5 м3 -аас дээш байх гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзсэн” гэж тайлбар гаргасан ба  “Т” ХХК-аас  САТ 422Е экскаватор тракторын талаар “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-д  заасан  баримт бичгүүд болон фото зургийг ирүүлсэн байх  тул тухайн шаардлагыг хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.  

Харин нэхэмжлэгч “А” ХХК нь “Гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалт”-д   “1.Автокран КС 5363, *****БӨ /25 тонн/-өөрийн, 2.Автокран КС 3575, ******БӨА /10 тонн/-өөрийн, 6.Экскаватор ЭО3322Д, ******БӨ-өөрийн” гэж тусгаж,  тухайн машин механизмуудын  техникийн паспортын талон,тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргасан боловч  уг 3 машин механизмын талаарх Авто тээврийн  үндэсний төвийн лавлагааг ирүүлээгүй байна.

“А” ХХК нь автокран КС 5363, *****БӨ /25 тонн/, автокран КС 3575, ******БӨА /10 тонн/ гэсэн машин механизмуудын  талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагааг ирүүлээгүй байгаа боловч автокран ХСМG QY20,*****БӨҮ /20 тонн/ гэсэн машин механизмыг “Гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалт”-д тусгаж,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагааг ирүүлсэн байх  тул “автокран /10 тонноос дээш хүчин чадалтай/-1 байх” гэсэн шаардлагыг хангасан, харин “экскаватор /0.5 м3 –аас дээш хүчин чадалтай/ -1” байх гэсэн шаардлагыг хангаагүй  гэж үзэх үндэслэлтэй.

7.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в) гэсэн хэсэгт “Ерөнхий инженер нь барилгын инженер мэргэжилтэй байх, ижил төстэй  ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 5-аас дээш жил, халаалт, агаар сэлгэлтийн инженер нь халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй байх, холбоо дохиолол, мэдээллийн инженер нь  холбоо дохиолол, мэдээллийн  инженер эсвэл  компьютер сүлжээний инженер мэргэжилтэй байх” гэж тусгасан. 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн  “Гэрээнд санал болгож буй инженер техникийн ажилчдын тодорхойлолт”-д “1.Ерөнхий инженер Жирен Ж, нийт ажилласан жил 10, санал болгож буй албан тушаалтай ижил албан тушаалд ажилласан жил 6, 5.Холбоо дохиолол,мэдээллийн инженер Табигат А,нийт ажилласан жил 7, санал болгож буй албан тушаалтай ижил албан тушаалд ажилласан жил 5” гэж тусгасан ба  “А” ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2021/01 дүгээр тушаалаар  Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, Б аймгийн Ө сумын  сургуулийн барилга, спорт заал, 940 суудлын ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд ерөнхий инженерээр Ж.Ж, холбоо дохиолол,мэдээллийн инженер Т.Аийг тус тус  томилжээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Т.А нь 2014 онд “мэдээлэл хэмжлийн электроник” мэргэжлээр, Ж.Ж нь 2015 онд “авто замын барилга” мэргэжлээр төгссөн болох нь  нотариатчаар гэрчлүүлсэн бакалаврын дипломын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн “Компанийн үндсэн инженер техникийн ажилтнуудын жагсаалт”-д “5.Халаалт, агаар сэлгэлтийн  инженер Ө.Баасанжав,нийт ажилласан жил 4, санал болгож буй албан тушаалтай ижил албан тушаалд ажилласан жил 4, 6.Холбоо дохиоллын инженер  Б.С ,нийт ажилласан жил 10, санал болгож буй албан тушаалтай ижил албан тушаалд ажилласан жил 10” гэж  тусгасан ба  “Т” ХХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09/2021 дүгээр тушаалаар  “Сургуулийн барилга, спорт заал,940 суудал /Б, Ө сум/” төсөл, арга хэмжээний  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  барилга угсралтын ажилд халаалт, агаар сэлгэлтийн  инженерээр  Ө.Баасанжав,холбоо дохиоллын инженерээр   Б.С нарыг томилжээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Ө.Баасанжав  нь 2017 онд “дулааны станц” мэргэжлээр, механик инженерийн бакалавр зэргээр, Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийг Б.С нь 2011 онд “радио электроник” мэргэжлээр,техникийн ухааны бакалавр зэргээр төгссөн болох нь  нотариатчаар гэрчлүүлсэн бакалаврын дипломын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Үнэлгээний хорооны “”Т” ХХК-ийн  радио электроник мэргэжилтэй  Б. С, “А” ХХК-ийн  мэдээлэл хэмжлийн электроник мэргэжилтэй  Т.А нарыг  тус тус холбоо дохиолол, мэдээллийн инженер гэж үзэж  материал ирүүлсэн тул дээрх инженерүүд адилхан гэж үзээд хоёуланг үнэлсэн болно. ...Халаалт, агаар сэлгэлтийн инженер болон дулааны станц мэргэжилтэй механик инженер нь нэг төрлийн инженер гэж үзсэн” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Харин “А” ХХК-ийн захирлын тушаалаар   “Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын  ажил”-ыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд  ерөнхий инженерээр томилогдсон “авто замын барилга” мэргэжилтэй Ж.Ж нь  мэргэжлийн шаардлага хангахгүй гэх  хариуцагч Үнэлгээний хорооны тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “А“ ХХК-ийн талбайн инженер К.Ж  нь  “ажлын туршлага 2-оос дээш жил байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж маргасан.

“А” ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2021/01 дүгээр тушаалаар  Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, Б аймгийн Ө сумын  сургуулийн барилга, спорт заал, 940 суудлын ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд барилгын инженерээр С.Х,цахилгааны инженерээр  С.Х, халаалт, агаар сэлгэлтийн инженерээр  Б.У,  холбоо дохиолол, мэдээллийн инженерээр Т.А,хөдөлмөрийн аюулгүй байдал  хариуцсан ажилтнаар  Х.Х, талбайн инженерээр  Д.Т, А.К, К.Ж  нарыг  тус тус томилжээ.

Талбайн инженерээр томилогдсон  К.Жын хувьд 2021 оны 4 дүгээр сарын, Д.Т, А.К нарын хувьд 2020 оны 1-12 дугаар сар,2021 оны 1-4 дүгээр сар, мөн барилгын инженерээр  томилогдсон С.Хы хувьд 2020 оны 5 -12 дугаар сар, 2021 оны 1-4 дүгээр сар, цахилгааны инженерээр томилогдсон   С.Хын хувьд 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-4 дүгээр сар, холбоо дохиолол, мэдээллийн инженерээр томилогдсон Т.Аийн хувьд 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-4 дүгээр сар, хөдөлмөрийн аюулгүй байдал  хариуцсан ажилтнаар томилогдсон   Х.Хын хувьд  2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-4 дүгээр сарын  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолтыг ирүүлсэн байх тул  эдгээр инженер, техникийн ажилтнууд нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в)-д заасан  ажлын туршлагын талаарх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна. 

8. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж) гэсэн хэсэгт “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг  өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 7. Тендерт оролцогч өгөгдсөн техникийн тодорхойлолтыг мөрдөнө. 17.Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ /зураг төсөв боловсруулах даалгаварын дагуу зураг төсөв боловсруулж ирүүлээгүй бол тендерээс шууд татгалзана/” гэж тусгажээ. 

Нэхэмжлэгчээс “Б аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгавар, Баян- Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн  даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/2021 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар тус тус шаардсан гадна зам талбайн тохижилтыг төсөвт тусгаж тооцоо хийгээгүй байгаа нь ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17-д заасны дагуу тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Мөн “Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 7 дахь заалтад шаардсан ямар техникийн тодорхойлолтыг мөрдөж ажиллахыг гаргаж ирүүлээгүй байна” гэж маргасан.

Хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 дугаартай  “Б аймгийн Ө сумын 10 дугаар багт баригдах 940 сурагчийн суудалтай сургууль,спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгавар”-ын[5] “10.Онцгой нөхцөл” гэсэн хэсэгт  “Гадна талбай: Ногоон байгууламж ба  амрах,  биеийн тамирын талбай төлөвлөн, зам талбайд гэрэлтүүлэг хийж гадна талбайн тохижилтыг норм дүрмийн дагуу төлөвлөх” гэж , 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/2021 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[6]-ын “Ногоон байгууламж, гадна тохижилт” гэсэн  хэсэгт “Барилгажих талбайн 30 хувиас доошгүй цэцэрлэг, ногоон байгууламж байх, хүрээлэн буй орчинтой уялдуулж зам талбай, гарц,  авто зогсоол, хашаа хайс норм нормативын дагуу  төлөвлөх” гэж тус тус  заажээ.

 “Т” ХХК-ийн ирүүлсэн “Б аймаг, Ө сум, 940 хүүхдийн  сургуулийн барилгын  ажлын төсөв”-ийн “Төсөвт өртгийн нэгдсэн товчоо” гэсэн хэсэгт “Гадна зам талбай, биеийн тамирын талбайд 411.281.257 төгрөг” гэж тусгасан байх тул гадна  талбайн тохижилтыг төсөвт тусгаж тооцоо хийгээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерт оролцогч өгөгдсөн техникийн тодорхойлолтыг мөрдөхөөр заасан  байгаа болохоос энэ талаар тусгайлан баримт бичиг ирүүлэхийг шаардаагүй  байх тул  нэхэмжлэгчийн энэ  талаарх тайлбар үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдээс  2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/75 дугаартай албан мэдэгдлээр “Уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан зураг, төсөв, ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх”   баталгаа гаргасан  байгааг дурдах нь зүйтэй.

9.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 33.1-д Дотоодын давуу эрхийн зөрүү: “тооцно”. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа, материалыг хамгийн их ашигласан тендерт оролцогч этгээдэд дотоодын давуу эрх олгоно. Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлнэ. Албан хүсэлтэд: Уг ажилд ашиглах бараа материалын нэрсийн жагсаалт, тоо ширхэг, нэг бүрийн үнэ, нийт үнийг тусгаж өгнө. Нотлох баримтад: Тухайн бараа материалын тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ /эх хувиар/-г ирүүлнэ. Жич: Тендерт оролцогч албан хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй буюу дутуу ирүүлсэн бол давуу эрх тооцохгүй” гэж тусгажээ.

Нэхэмжлэгчээс ““Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 33.1 заалтаар шаардсан дотоодын давуу эрхийн зөрүү тооцоход шаардагдах нотлох баримт болох холбогдох материалуудын тохирлын гэрчилгээг огт ирүүлээгүй ба хугацаа дууссан 2 гэрчилгээг хавсарган ирүүлсэн нь ТОӨЗ 33.1-д заасны дагуу давуу эрх тооцох боломжгүй болсон байна” гэж маргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1-д зааснаар  давуу эрх олгох асуудал нь  тендерийн үнэлгээ хийх үед хэрэглэгдэх бөгөөд хариуцагч Үнэлгээний хорооноос ““Т” ХХК-д дотоодын давуу эрх олгоогүй” гэсэн хариу тайлбар ирүүлсэн тул  давуу эрхийн зөрүү тооцоход шаардагдах нотлох баримт болох холбогдох материалуудын тохирлын гэрчилгээг  ирүүлээгүй гэх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээс гадна  нэхэмжлэгчээс ““Т” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17 дахь заалтаар шаардсан захиалагчийн баталсан зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу зураг төсөв боловсруулж ирүүлээгүй байна. Үүнд:Хоёр хувилбарын зураг төсөл санал болгосон боловч ажлын нэг төсөв, нэг ажил гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график ирүүлсэн нь чухам аль барилгын зураг төсөв, график гэдэг нь тодорхой бус байна. “А” ХХК болон “Алтайн газрын хүч” ХХК-ийн ирүүлсэн хоёр хувилбарын зураг төслүүдэд Б аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот зургийн даалгавраар шаардсан шувуу нуруу дээврийг төлөвлөгөөгүй байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17-д заасны дагуу тендерээс шууд татгалзах үндэслэл болно” гэж маргасан.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1(ж) гэсэн хэсэгт “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг  өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 4.Ажлыг гүйцэтгэх нарийвчилсан хугацааны график гарган баталгаажуулж ирүүлнэ. 17.Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ” гэсэн ба  2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 дугаартай  “Б аймгийн Ө сумын 10 дугаар багт баригдах 940 сурагчийн суудалтай сургууль,спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгавар”-ын “4.Барилгын  үндсэн бүтээц, материал“ гэсэн хэсэгт “Хийцлэлийг төслөөр /Суурийн  төрөл газар дээрх барилгын даацын бүтээцээс хамааруулж сонгох, өрөгт бүтээц, төмөр бетон хавтан,төмөр бетон бүтээц,  төмөр бетон цутгамал хучилт,  шувуу нуруу дээвэр/” гэж тусгасан байна[7].

Хариуцагч Үнэлгээний хорооноос зураг төсөл боловсруулах даалгаварт “дээврийг сонгох”-оор тусгасан байсан гэж тайлбарласан боловч  зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулсан болон хянасан этгээдүүдийн  гэрчийн мэдүүлгээр[8] Ө сумын  940 сурагчийн суудалтай сургууль,спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт “шувуу нуруу дээвэртэй байх” -аар тусгасан нь  тогтоогдсон болно.  

Гуравдагч этгээд “Т” ХХК нь “А” ХХК болон “Алтайн газрын хүч” ХХК-ийн  боловсруулсан  “940 сурагчийн суудалтай сургууль, спорт заалны  барилга”-ын  2 загвар зураг, мөн тэргүүлэх төсөвчин Д.Оийн гүйцэтгэсэн “Ө сум 940 хүүхдийн сургуулийн барилгын ажлын төсөв”, “Сургуулийн барилга, спорт заал  940 суудал /Б аймаг, Ө сум/ ажил гүйцэтгэх календарчилсан график”-ийг  тус тус ирүүлсэн бөгөөд  тухайн  загвар зургуудад уг  барилга байгууламжийн дээврийг хавтгай байхаар тусгасан буюу шувуу нуруу дээвэртэй байхаар тусгаагүй, барилгын ажлын төсөвт мөн адил шувуу нуруу дээврийн ажлыг тусгаагүй боловч барилгын ажлын томсгосон нормоор боловсруулсан төсөв нь загвар зургууд дахь барилгын хэмжээтэй уялдсан, норм, нормативын дагуу хийгдсэн.

Харин нэхэмжлэгч “А” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ байгуулсан “Сивил дизайн” ХХК-ийн боловсруулсан “940 сурагчийн суудалтай сургууль, спорт заалны  барилга”-ын  загвар зурагт шувуу нуруу дээвэртэй байхаар тусгасан боловч “А” ХХК-ийн ирүүлсэн  мэргэшсэн төсөвчин Ш.Ганцэцэгийн гүйцэтгэсэн барилгын ажлын төсөвт шувуу нуруу дээврийн ажлыг тусгаагүй бөгөөд  барилгын ажлын томсгосон нормоор боловсруулсан төсөв нь  загвар зурагт заасан хэмжээтэй уялдаагүй, норм, нормативыг зөрчсөн болох нь тус тус  нотлогдсон[9].

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д “гүйцэтгэлийн зураг” гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг; 4.1.27-д “загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг; 23 дугаар зүйлийн 23.1-д “Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ”, 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д”Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална: 24.1.1.батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх; 24.1.3.барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх” гэж тус тус заажээ.

Уг тендер шалгаруулалт нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зарлагдсан ба тендер шалгаруулалтад оролцсон 2 компаниас  “940 сурагчийн суудалтай сургууль, спорт заалны  барилга”-ын загвар зургууд ирүүлсэн, өөрөөр хэлбэл эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулагдаж баталгаажаагүй,мөн барилга байгууламжийн ажлын төсөв нь батлагдсан зурагт төсөлд үндэслэсэн төсөв биш  томсгосон нормыг үндэслэн боловсруулагдсан болох нь дээрх байдлаар нотлогдсон, мөн  гэрч нарын мэдүүлгээр[10] ажлын зургийг боловсруулж баталгаажуулах үед  шувуу нуруу дээврийг оруулаад тусгах боломжтой ба шувуу нуруу дээвэр болон хавтгай дээврийн  ажил нь  зардлын  хувьд ойролцоо  болох нь  тогтоогдсон болно.

Иймээс захиалагчийн баталсан  барилгын зураг төсөл боловсруулах даалгавраар шаардсан  шувуу нуруу дээврийг ажлын зургийг боловсруулах үед тусгах боломжтой, зардал төсвийн хувьд хавтгай дээвэртэй ойролцоо  болох нь тогтоогдож байх тул  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ”Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно: 27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж зааснаар “Т” ХХК  нь барилгын загвар зурагт шувуу нуруу дээврийг тусгаагүй нь тухайн ажлын чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс ”Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар тендерийн баримт бичиг боловсруулах талаар авч хэлэлцээд сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тус Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар энэ асуудлыг дахин авч хэлэлцээд тус тендерийн ажилд хэд хэдэн компаниуд гомдол хэлж байгаа учраас тодруулга оруулах саналтай байна гээд үнийн дүнгийн 20 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан байна. Дээрх тендерт оролцохоор 2 компани санал ирүүлсэн.Манай компанийн зүгээс Үнэлгээний хороонд ямар нэгэн гомдол гаргаагүй.Нөхцөл байдал ийм байхад Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт дур мэдэн өөрчлөлт оруулж “Т” ХХК-д давуу байдал олгосон байдал харагдаж байна” гэж маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11] Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  тендерийн баримт бичгийг боловсруулах хурлаар “Сүүлийн 3 жилийн /2018,2019,2020/ борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн  50 хувиас багагүй байх” гэсэн шаардлагыг тендерийн баримт бичигт тусгахаар шийдвэрлэж, тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлсэн. “Т” ХХК-аас 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21/22  дугаар албан бичгээр  тухайн шаардлага нь олон компанийн эрх ашгийг хөндөж, өрсөлдөөнийг хязгаарлаж  байгаа тул өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаснаар  Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  хурлаар уг асуудлыг хэлэлцээд  тендерийн баримт бичигт “Сүүлийн 3 жилийн /2018,2019,2020 он/ борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь  санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна” гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, уг өөрчлөлтийг худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэсэн болох нь тус тус тогтоогдсон ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.3, 22.4-т заасантай тус тус нийцжээ.

Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар  тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч уг гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул тендерийн баримт бичигтэй танилцаж, тендер шалгаруулалтын  нөхцөл, шаардлагыг  зөвшөөрч тендерээ ирүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” , 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”  гэж тус тус зохицуулсан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн тендерийн хувьд 2018,2019 оны  аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл буюу захиалагчийн тодорхойлолт,  тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизм болох экскаваторын талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагааг тус тус ирүүлээгүй, ерөнхий инженер нь  боловсрол,мэргэжлийн ур чадварын шаардлагыг, бусад инженерүүд болон техникийн ажилтан нь  туршлагын талаарх шаардлагыг хангаагүй буюу захиалагчийн тогтоосон чадавхийн  шаардлага болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зарим шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул уг тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны  шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Мөн гуравдагч этгээд “Т” ХХК–ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14-16 дугаар  зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн  Үнэлгээний хорооны  дүгнэлтийг хууль бус гэж үзэх  үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул   Үнэлгээний хорооноос “А” ХХК-ийн тендерийг  шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, “Т” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр  сонгон шалгаруулсан үнэлгээний дүгнэлт гаргасан нь, уг дүгнэлтийн дагуу захиалагчаас тус компанитай  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тус тус  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.2.1, 27.3, 27.4,  28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1,29.2 дах  хэсэгтэй тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн уг заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд  бага үнийн санал гаргаж, шаардлага хангасан тендер ирүүлсэн, гуравдагч этгээд нь шаардлага хангахгүй тендер ирүүлсэн гэсэн үндэслэлээр “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажил”-ын гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт,захиалагчаас “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БШУЯ/202102055 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус  даалгахаар маргасан.

Гэтэл гуравдагч этгээд “Т” ХХК-ийг захиалагчийн тогтоосон чадавхийн  шаардлагыг хангасан гэж үзэж, уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгаагаас гадна  нэхэмжлэгч “А” ХХК нь  бага үнийн санал гаргасан  хэдий ч захиалагчийн тогтоосон чадавхийн  шаардлагыг хангахгүй болох  нь тогтоогдсон тул   тус компанийн тендер нь  “хамгийн сайн” гэж үнэлэгдэх боломжгүй, улмаар сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл  шаардлагад нийцсэн гэж үзсэн нөхцөлд л тендерт үнэлгээ хийх бөгөөд  улмаар “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тохиолдолд бараа ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохоор зохицуулсан тул захиалагчийн тогтоосон чадавхийн  шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээд “Т” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас  зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй,  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй  байх тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажил”-ын гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт,захиалагчаас “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БШУЯ/202102055 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус  даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд   нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1,27.1.3, 27.2.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1,29.2 дахь хэсгийг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн ““Түлхүүр гардуулах нөхцөлтэй Б аймгийн Ө сумын сургуулийн барилга,  спорт заалны 940 суудлын ажил”-ын гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт,захиалагчаас “Т” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БШУЯ/202102055 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус  даалгах“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ЕРКЕШ

 

[1] Хэргийн 26,80-105,138-139-р хуудас

[2] Хэргийн 15-22-р хуудас

[3] Хэргийн 216-226,229-236-р хуудас

[4] Хэргийн 206-209,216-226,229-236-р хуудас

[5] Хэргийн 110-113-р хуудас

[6] Хэргийн 107-109-р хуудас

[7] Хэргийн 110-113-р хуудас

[8] Хэргийн 145-146,150-151-р хуудас

[9] Хэргийн 101-102,127-128-р хуудас/2-р хавтас/

[10] Хэргийн 101-102,127-128-р хуудас/2-р хавтас/

 

[11] Хэргийн 1-6,15-22,90-92,93,171-172-р хуудас

10-р хуудас/2-р хавтас/