Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0603

 

 

 

 

 

 

“М э в” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э

 

Нэхэмжлэгч: “М э в” ХХК /РД:******/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, П.О

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422000**** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагч Б.С, П.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0497/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М э в” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарт холбогдуулан “... татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422000**** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргасан.

   2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 41 дүгээр зүйлийн 41.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М э в” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарт холбогдуулан гаргасан “... тус татварын улсын байцаагчдын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-242200**** дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлөөр тогтоосон хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гаргана. Үүнд:

3.1. Татварын улсын байцаагчид Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан “нөхцөл байдлыг тогтоох”, “нотлох баримт цуглуулах” ажиллагааг огт хийлгүй хууль бусаар татварын хяналт шалгалт явуулсан байхад анхан шатны шүүх хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль бусаар явагдсан энэ нөхцөлд дүгнэлт хийгээгүй, татвар төлөгчийн маргаагүй үндэслэл буюу “татвараас чөлөөлөгдөх” тухай ойлголтыг үндэслэлдээ заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус татварын хэлтсээс шүүхэд хяналт шалгалтын үндэслэл болгосон баримтаа буюу тус компанийн цахим тайланг нотлох баримтаар ирүүлсэн нь татвар төлөгчийн гомдолд байгаачлан татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хуульд заасан журмаар, анхан шатны баримтад үндэслэн явуулаагүй, зөвхөн татвар төлөгчийн тайлагнасан цахин баримтын зөрүүнд тулгуурлан, татвар төлөгчийг төөрөгдүүлж “НӨАТ-аас чөлөөлөгдөх баримтаа аваад ир” гэсэн урьдчилсан дүгнэлт хийх замаар акт тавьсныг нотолно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны барим” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр талсан баримт болон бусад нотолгоог” гэж заасан бөгөөд татварын алба нь татварын акт тавихдаа талуудын хооронд үүссэн тухайн эрх зүйн харилцаа буюу төсөл хэрэгжүүлсэн гурван талт гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ, хэлцлийг огт судлаагүй, эрх бүхий шинжлэн судлах ажиллагаа хийгээгүй нь нотлогдоно. Татвар төлөгч нь уг ажиллагаанд бусдын өмчийн мэдээллийг цуглуулах гаргаж өгөх боломжгүй юм.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.4-т “татвар төлөгч энэ журмын 4.2.3-т заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг “Хүлээн авсан баримтын бичгийн бүртгэл”-ээр хүлээн авна. Шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авна” гэж заасан бөгөөд татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн “татвараас чөлөөлөгдсөн баримтаа аваад ир” гэсний дагуу төсөл хэрэгжүүлсэн төрийн эрх бүхий байгууллагуудаар хөөцөлдөөн буруу ажиллагаа хийж хугацаа алдсан байдаг. Мөн татварын улсын байцаагч нь дээрх журмын дагуу татвар төлөгчийн өөрт байгаа санхүүгийн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч шалгах шаардлага байхгүй мэтээр хүлээн авахаас шууд татгалзсан акт тавьсан байдаг.

Анхан шатны шүүх хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль бусаар явагдсан энэ нөхцөлд дүгнэлт хийгээгүй, татвар төлөгчийн маргаагүй үндэслэл буюу “татвараас чөлөөлөгдөх” тухай ойлголтыг үндэслэлдээ заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т “... борлуулсан орон сууцаа иргэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэний дараа “борлуулалт хийгдсэн” гэж үзэж, ... тогтоосон нь үндэслэлтэй. Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх цогцолбор үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг албан татвараас чөлөөлөх хуулийг тусгайлан хууль тогтоогчоос батлаагүй, хариуцагч нь татвар зайлшгүй байх зарчмыг баримталж ажилласан” гэжээ.

Нотлох баримтад үндэслэн акт тавиагүй татван улсын байцаагчид ямар зөрчилд аль хэсэг дэх хариуцлагыг хүлээлгэж буй тухай татвар төлөгчид огт тайлбарлаагүй, “77 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлсэн” тул татварын ногдуулах борлуулалт гэж үзэн акт тавьсан. Тус компани нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 16 дугаар барилгыг буулган, орчин үеийн дэвшилтэт технологиор, чанар, стандартын шаардлагад нийцсэн орон сууцны барилга барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах, орон сууцны нөхцөл сайжруулах” төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь төрийн чиг үүргийн хүрээнд, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг хангах зорилго зорилтын хүрээнд хэрэгжсэн бөгөөд дахин төлөвлөлтөд хамрагдсан, хуучнаар сүүний 16 дугаар байрны 16 иргэний 18 айлын орон сууц нь нийслэлийн Засаг даргын хот, байгуулалт хөрөнгө оруулалтын газар, орон сууц өмчлөгчид, “М э в” ХХК-ийн хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 2.2, 2.3-т заасан нөхцөлийн дагуу хуучин орон сууцыг шинэ орон сууцаар үнэ төлбөргүй солих харилцааг зохицуулсан юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.1-т “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.3-т “ажил” гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан “ажил гүйцэтгэх” гэснийг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул төрийн эрх бүхий байгууллагын тавьсан шалгуур, болзол, нехцел, гэрээний өөрчилж үл болох хатуу стандарт нөхцөлийн үндсэн дээр харилцаанд оролцсон тус компани нь гэрээний энэ хэсэгт “үнэ төлбөр авах, эс авах, ихэсгэх, багасгах” эрх эдлээгүй буюу иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчим хэрэгжсэн энэ гэрээний зохицуулалт хэрэгжсэн борлуулалт хийгээгүй. Татварын улсын байцаагчид актын үндэслэлээ өөр өөрөөр тайлбарладаг нь тухайн акт баримтад үндэслээгүйг нотлохын зэрэгцээ түүний нэг үндэслэл нь "газраар бартердсан тул борлуулалт гэсэн үндэслэл юм.

Татвар төлөгч нь төрийн эрх бүхий байгууллагын төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо “төсөл шалгаруулагчийн тогтоосон болзол, нөхцөлийг дагасан бөгөөд тухайн орон сууцны газрын эзэмших эрхийг төлбөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж ашиг олох харилцаа явагдаагүй буюу тухайн газар дээр нь барилга барьж төслийг дуусгасан нь газар эзэмшигч нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар байгаагаар нотлогдоно.

Татварын алба дээрх баримтыг цуглуулан шинжлээгүй атлаа, таамгаар дүгнэлт гаргасан нь “хяналт шалгалт хийх” чиг үүргээ зохих ёсоор, хуульд үндэслэж, нотлох баримтын хүрээнд, бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, хяналт шалгалтын журам зөрчин, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд дур мэдэн халдсан нь нотлогдоно.

Шийдвэрийн үндэслэлд заасанчлан татвар төлөгч нь “татвараас чөлөөлөгдөх” тухай маргаагүй бөгөөд хуулийн зарчим, үзэл санаа, холбогдох зохицуулалтаар “нэмэгдсэн өртгийн албан татван ногдох борлуулалт биш” гэж маргасан. "Татвар зайлшгүй байх" зарчим нь татвар төлөгч татвар ногдох орлого олсон, борлуулалт хийсэн нөхцөлд үйлчлэх зарчим бөгөөд зориудаар хэлцлийн үнэ бууруулах, харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд гүйлгээ хийх, татвараас зайлсхийх зорилгоор үнэ төлбөргүй гүйлгээг хийх гэх мэт нөхцөлд үйлчлэх юм. Татвар төлөгчийн энэ үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох зохицуулалтад үл хамаарна.

3.3. Шийдвэрийн үндэслэлийн бусад хэсэг буюу үлдсэн орон сууцнуудад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу тооцсон гэх үндэслэлийн тухайд, уг 77 айлын орон сууцны барилгыг улсын комисс 2019 оны 06 дугаар сард хүлээн авсан буюу тус компани нь 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт хийгээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу орон сууц захиалан бариулсан иргэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн буюу “борлуулалт хийгдсэн” гэж үзэх тул 2018 онд тус компани төслийг эхлүүлж, газар шорооны ажил хийж байсан үед нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт (зөрчлийн 4) хийсэн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь хууль бус юм.

Барилгын компанийн үйл ажиллагаа он дамжиж явагддаг онцлогтой үйл ажиллагаа тул ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд орлогоо тайлагнахдаа гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар буюу төсөвт өртгийн хэрэгжсэн хувиар тооцон тайлагнадаг. Тиймээс ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хүлээн зөвшөөрөгдсөн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тодорхойлогдсон “борлуулалтын орлого” хоёр нь зөрүүтэй байдаг. Энэ нь орлого дутуу тайлагнасан гэсэн үндэслэл биш бөгөөд тухайн компани 2019 оны 3 дугаар улирлаас эхлээд иргэдэд өмчлөх эрх үүссэн тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаа тайлагнах зохицуулалттай, энэ үүргээ хуульд заасан журмаар бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн, зөрчил гаргаагүй. Татварын онолын үндсэн зарчим нь орлого болгон борлуулалт биш, борлуулалт болгон орлого юм. Орон сууц худалдан авсан иргэд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээр буюу 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаар хүлээн зөвшөөрөхөөр хуульчилсан байдаг атал татварын улсын байцаагчид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэлгүйгээр ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүгээр төлбөр ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компани нь борлуулалтаа ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хуульд заасан журмын дагуу тайлагнасан бөгөөд зөрчил гаргаагүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “М э в” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-иж бүрэн шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гүйцэтгэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422000**** дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 238,912,648.74 төгрөгийн нөхөн татвар, 36,722,190.47 төгрөгийг торгууль, 24,833,210.99 төгрөгийн алданги, нийт 300,468,050.2 төгрөгийн төлбөр ногдуулахдаа дараах зөрчил тогтоогдсон гэж дүгнэжээ. Үүнд:

2.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1, үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;” гэж заасныг зөрчиж 2019 онд 1,003,049,593.99 төгрөгийн татвар ногдуулах орлого, 969,299,093.98 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй.

2.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:  8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;” гэж заасныг зөрчиж 2020 онд 147,933,636.36 төгрөгийн татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй.

2.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.1. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэж заасныг зөрчиж 2018 онд 166,363,636.00 төгрөгийн суудлын автомашин худалдан авахад төлсөн татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын хасалтаар тайлагнаж төлөх татвараа бууруулсан.

2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасныг зөрчиж 2018 онд 925,498,327.27 төгрөгийн, 2019 онд 969,299,093.98 төгрөгийн, 2020 онд 147,933,636.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй. 

3. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарын үйлдсэн дээрх НА-2422000**** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа, шаардлагын үндэслэлээ “... татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад судалгаа шинжилгээ хийлгүй акт тавьсан; манай хэрэгжүүлсэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон 16 дугаар байрыг буулгаж, шинэ орон сууц барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангаж, орон сууцны нөхцөл сайжруулах төсөл нь үнэ төлбөргүй, зөвхөн борлуулалтын зардлаар гүйцэтгэсэн тул төсөлд хамрагдсан 18 айлын орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1, 5.2.1-д заасан борлуулалтад хамаарахгүй;  ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүгээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэх зэргээр тодорхойлох бол,

хариуцагчаас түүнийг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ “… татварын хяналт шалгалтын явцад зөрчилд холбогдох тайлбар, баримт гаргуулах хугацааг татвар төлөгчид хангалттай олгосон ч ирүүлээгүй; дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд Нийслэлийн орон сууцны газраас байр олгосонтой холбоотой холбогдох баримт бичгийг ирүүлээгүй тул зөрчилд тооцсон; Татварын ерөнхий хуулийн 43.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.6-д заасны дагуу баталгаажсан санхүү, татварын тайланг үндэслэн зөрчлийг тодорхойлсон” гэж тайлбарлана.

4. Анхан шатны шүүхээс энэ хэсгийн 2.1, 2.2 болон 2.4-д заасан “… 2020 онд 147,933,636.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй” гэх зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч маргааны үйл баримтад холбогдуулан “… 2006 болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хариуцагч зөв хэрэгжүүлсэн; 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 925,498,327.27 төгрөгөөр дутуу тайлагнасан талаар татварын улсын байцаагчид зөв тооцоолсон; хот суурин газрыг дахин хөгжүүлэх цогцолбор үйл ажиллагаа хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй, 2019 онд дахин төлөвлөлтийн 18 айлд өгсөн гэх 969,299,093.98 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх зэргээр дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1.үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.1.үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна: 5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1.үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; 4.1.3. “ажил” гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан “ажил гүйцэтгэх” гэснийг;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж,

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг; 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр дараах аргаар шилжүүлж авна”, 25.1.4-д “25.1.4.орон сууцыг орон сууцаар солих;” гэж тус тус заасан.

6. Маргааны үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон 16 дугаар байрыг буулгаж, шинэ орон сууц барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангаж, орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, нэр бүхий 18 иргэн болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ”-г байгуулж, хуучин орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлж авах боломжтой нөхцлөөр шинэ орон сууц өгөх нөхцлийг тохиролцсон ба 19 дүгээр хаяг дугаар бүхий шинээр баригдсан байрыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/180 дугаар дүгнэлтээр Улсын комисс хүлээн авч, түүний хойш иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

7. Гэтэл хариуцагчийн зүгээс ... 2018 онд 925,498,327.27 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 92,549,832.73 төгрөгийн нөхөн татвар, 2019 онд дахин төлөвлөлтийн 18 айлд өгсөн байрны 969,299,093.98 төгрөгийн орлогыг борлуулалтаар тооцож тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй гэх зөрчил 96,929,909.40 төгрөгийн нөхөн татвар, 25,420,414.64 төгрөгийн торгууль, 16,946,943.09 төгрөгийн алданги тогтоосон нь үндэслэлгүй.  

8. Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд нэр бүхий тэдгээр иргэд хуучин орон сууцаа шинээр сольсон буюу хөрөнгөө сайжруулсан, энэ тохиолдолд хуулийн этгээд тухайн тохиолдолд бодитоор мөнгөн орлого олоогүй нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татван ногдох борлуулалтад хамаарахгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй ажил учраас хариуцагч нарын гаргасан “… нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт байхгүй” гэх тайлбарыг хүлээн авсангүй.

9. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь өөр өөр татварын төрөл бөгөөд нэг тайлангаар төлөгдөхгүй, татвар төлөх үндэслэл, татвар төлөгчөөр бүртгүүлэх зохицуулалт ялгаатай бөгөөд “М э в” ХХК-ийн хувьд 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “М э в” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарын үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2422000**** дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 231,847,099.33 төгрөгөөр хасч багасгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ