Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б, Ө.О нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Б, Ө.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю ХХК-д  холбогдох  

 

Орон сууцны дутуу талбайн зөрүү 8 579 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Т.Батбаяр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Э.Мөнхдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б, Ө.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НРТ13В35 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг “Юу Би Эйч Проперти” ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Хаппи Таун/HAPPY TOWN/ орон сууцны ХУД-72 дугаар байр, 1 дүгээр орцны 11 давхар 54 тоот 56.64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1 880 000 төгрөгөөр буюу нийт 106 483 200 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан болно. Захиалагч Т.Б нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 2 дугаар зүйл, 4.1.6 дахь хэсэгт заасан үүрэг болон Иргэний хуулийн 343-345 дугаар зүйлд заасан үндсэн үүрэг болох орон сууцны төлбөрийг хугацаанд нь 100 хувь гүйцэтгэгчид төлж барагдуулсан болно.

Гэтэл гүйцэтгэгч болох Ю ХХК нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 4.2 дахь хэсэгт заасан үүргээ ноцтой зөрчиж, захиалагчид гэрээ ёсоор тохирсон хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зөрчиж, байрны м.кв дутуу, орон сууц шилжүүлсэн байна.

Учир нь нэхэмжпэгч нь байрны м.кв дутуу эсэхийг анх худалдан авахад нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй бөгөөд гүйцэтгэгч компанийг м.кв дутуу биш гэдэгт итгэж байсан билээ. Харамсалтай нь сүүлийн үед байрны оршин суугчдын дунд байрны м.кв дутуу, зөрүүтэй гэсэн мэдээлэл явагдаж байсан тул байрны м.кв-ыг хэмждэг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Тоонто Гранд” ХХК-иар хэмжүүлж үзтэл тус компаний дүгнэлтээр манай байрны м.кв дутуу, 54.42 м.кв болох нь тогтоогдсон.

Гэтэл бидний хийсэн гэрээнд заасан талбай бүхий байрыг худалдсан боловч мэргэжпийн байгууллагын дүгнэлтээр м.кв хэмжээ ийнхүү дутуу байгаа нь дээрх заалтыг илт зөрчиж, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий орон сууц биш, эд хөрөнгийн доголдолтой хөрөнгө шилжүүлж нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Батбаярт зөрүү 3.08 м.кв, илүү төлөлтийн төлбөр 5 790 4 00 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 80 000 төгрөг, хохирол 1 130 000, нийт 7 000 000 төгрөгийг Ю ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Ө.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тоонто Гранд” ХХК-ийн дүгнэлтээр манай байрны м.кв дутуу, 54.42 м.кв болох нь тогтоогдсон. Ийнхүү бид шүүхэд зөрүү 3.08 мкв-ын төлбөр болох 5 790 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч м.кв дээр маргаж байна, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, “Эм Эм Инженеринг” ХХК-иас шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр м.кв-ыг дахин хэмжиж үзэхэд 52.70 м.кв болох нь тогтоогдож, бид анх шүүхэд зөрүү төлбөр 3.08 мкв-ыг төлбөр шаардаж байсан бол харин шүүхээс дахин шинжээч томилоход 3.94 м кв дутуу болох нь тогтоогсон тул 0.84 мкв-ын төлбөр болох 1 579 200 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7 000 000 төгрөг дээр нэмж хариуцагчаас 8 579 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.О нарт олгуулж, хариуцагч Ю ХХК-иас нэхэмжилсэн 8 579 200 төгрөгөөс хэмжилт хийлгэсэн зардал, банкны хүүний зөрүү, өмгөөллийн хөлс нийт 1 239 600 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б, Ө.О нар нь 56.64 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны нийт төлбөр болох 106 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь Иргэний хууль болон гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн. “Тоонто гранд” ХХК нь мэргэжлийн тоног төхөөрөмжтэй компани дүгнэлт гаргасан. “Тоонто гранд” ХХК-иар шинжилгээ хийлгэсэн энэ тэмдэглэл дээр нийт 53.56 м.кв болох нь тогтоогдсон, “Эм эм инженеринг” ХХК нь дахин хэмжилт хийж 3.94 м.кв дутуу болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байрандаа орсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийг заасан. Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн. 56.64 м.кв орон сууц шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, орон сууцны доголдлыг нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байсан. Гэрээнд нэхэмжэгчийн эрх, үүргийг заасан. Хэмжилт хийлгэх тухай заалт байхгүй. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Альяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн богөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”Юу Би Эйч Проперти” ХХК-иас 7 339 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.О нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б хариуцагч ”Юу Би Эйч Проперти” ХХК-иас нэхэмжилсэн 8 579 200 төгрөгөөс 1 239 600 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч” Юу би эйч проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 132 383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.О нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн тухайн эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд тухайн орон сууцны төлбөрөөс хүү тооцох талаар огт тохиролцоогүй. Иймд талуудын хооронд гагцхүү Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчид нь тухайн орон сууцыг хүлээн авсанаас хойш одоог хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд энэ нь түүний хэрэгцээг хангаж байгаа нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 /Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй/-т зааснаар доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй.

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 /эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан/-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Учир нь талбайн орон сууцны м.кв-ын дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд орон сууцыг хүлээн авах үед илрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл заавал тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөлтэй этгээд илрүүлэх боломжтой доголдол биш бөгөөд энгийн иргэн ч хананаас хана хүртэл хэмжиж, талбайн хэмжээг олох боломжтой юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 /Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно/-т зааснаар тухайн эд хөрөнгийг буюу орон сууцыг хүлээн авсан болох нь 2014 оны 10-р сарын 21-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулсан гэрээг дүгнэж, орон сууцыг хүлээлцсэн акт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай.

 

            Нэхэмжлэгч Т.Б, Ө.О нар нь хариуцагч Ю ХХК-д  холбогдуулан 8 579 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцыг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас худалдан авсан, барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлтэй компаниудаар зураг төслийг хийж, гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон, барилгын ажил 2008 онд эхэлсэн байхад 2009 оны стандартыг барьж талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №HPT13В35 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах “Happy town” орон сууцны ХД-72 дугаар байрны 1 дүгээр орцны 54 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ /ажлын хөлс/ 106 483 200 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, захиалагч нь ажлын хөлсийг гэрээний хугацаанд бүрэн төлсөн, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгч, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ыг үйлдэн орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч нь орон сууцаа 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 7-8, 17, 34-35, 77, /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчийн шилжүүлэн өгсөн орон сууцны м.кв дутуу, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн” гэж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “...барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас худалдан авсан, эд хөрөнгийг хүлээж авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байсан, хуулийн хугацаанд гомдол, шаардлага гаргаагүй...” гэх зэрэг тайлбарыг харьцуулан үзэхэд талуудын хооронд ердийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол шаардсан, зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 56.64 м.кв-аас дутуу буюу 52.70 м.кв болох нь хэрэгт авагдсан барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Эм Эм инженеринг” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх 49-54/

 

Иймд нэхэмжлэгч тухайн орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс дутуу талбайд ногдох үнийн дүнг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ю ХХК-иас 7 339 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан агуулгад нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Б, Ө.О нар нь орон сууцны дутуу талбайн зөрүү 8 579 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7 339 600 төгрөг болгон багасгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх” гэж өөрчлөн,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” дахь заалт болгон дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                     Д.ЦОГТСАЙХАН