Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Б.А..............д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2208 0266 31603 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайжтан овогт Б.............гийн А..............д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, .................................. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ........................................ түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А..............д нь 2022 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............................ тоотод хамтран амьдрагч Ц.М............................айг “хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа цохиж зүүн бугалга, зүүн далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шуу, баруун тохой, баруун сарвууны цус хуралт, эрүү зүүн шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.А..............д нь 2022 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хадам эцгийн хамт ажлаа хийхээр гэрээсээ гарчээ. Энэ үед түүний эхнэр Ц.М............................ай нь Сонгинохайрхан дүүргийн ............................. тоот гэрээ цэвэрлэж байгаад “эмэгтэй хүний үс олдсон” гэх шалтгаанаар нөхөр Б.А..............дтой утсаар маргалдан, улмаар түүнийг орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд дээрх шалтгаанаар дахин маргалдсаны улмаас Б.А..............д нь  Ц.М............................айн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн бугалга, зүүн далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шуу, баруун тохой, баруун сарвууны цус хуралт, эрүү зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNН12687646 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн...98309833 Дуудлага хүлээн авсан...2022.08.15, 21:2:41 минут...Дуудлагын утга...нөхөртөө зодуулсан...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал)

- Хохирогч Ц.М............................айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн .................... хороо.................. хорооллын ............................. тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. ...2022 оны 8 дугаар сарын 14-ний өглөө манай нөхөр А..............д нь хадам аавтай хамт ажилтай гээд гараад явсан. Миний бие тухайн үед гэрээ цэвэрлээд үлдсэн бөгөөд гал тогооны өрөөгөө цэвэрлэж байхад тавиур, ...буйдан энэ тэр дээрээс 10-15 см орчим урттай шаргал өнгийн үс ...олдсон. ...Тухайн үсийг олсны дараа би А..............д руу залгаад “үс олсон гэртээ хүүхэн авчирсан” талаар хэлэхэд “чи юу яриад солиороод байгаа юм тийм зүйл байхгүй” гээд утсаа салгаад, ахиад залгасан ч утсаа авахгүй байсан. Маргаантай байж байгаад А..............д ирж байна гэхээр нь хүүхдүүдийн хажууд маргалдаад явах вэ гэж бодоод гэрээс гараад ...орцны гадна хүлээж байхад А..............д ирэхээр нь шаргал өнгийн үсний талаар болон тухайн хүүхнийх нь талаар ярьж маргалдсан. Тэр үед А..............дтой зууралдаж барьцалдаад байж байтал намайг түлхэхээр нь би буцаагаад түлхэхэд А..............д машин руугаа яваад өгсөн. Тэгтэл машинд бага хүүгийн маань угж явж байсан ба тухайн угжийг авмаар байна гэж утас руу залгаж хэлтэл А..............д “би хүүгийн угжийг аваад оръё” гэсэн ба шаардлагагүй би гараад авъя гээд орцны гадаа хүлээж байтал А..............д ирээд шууд намайг түлхээд гэр рүү орсон. Гэрт ороод А..............дыг гэрээс зайл гэж хэлтэл А..............д би зайлахгүй шүршүүрт орчхоод амарлаа гээд байсан бөгөөд чамайг зайлахгүй бол би зайлаад өгье гээд гэрээс гарах гэтэл намайг гаргахгүй гээд зууралдсан ба түлхүүр авчхаад өгөхгүй байхаар нь зууралдаж байх үедээ А..............дын толгой руу 2-3 улаа цохисон. Тэгтэл А..............д нь миний зүүн гарын мөрний ар тал шуу хэсэг рүү 3-4 удаа цохисон ба баруун гарын шуу руу хэд хэдэн удаа цохисон ноцолдож байх үедээ унаж босох гээд зулгаралтууд үүссэн байх би тухай үед их айгаад сүүлдээ дуугүй суугаад үлдсэн. А..............д нь усанд орох гээд 00 рүү орон ба усанд орж байх үед нь гэрийн түлхүүрээ аваад 00-н өрөөнөөс үүд рүү зугтаасан ба араас гарч ирээд миний зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь намайг гаргахгүй гээд байхаар нь ориллоо шүү гэж хэлтэл намайг унагаагаад миний толгой дээр өвдгөөрөө дараад миний ам хамрыг гараараа боосон ба энэ үед бага хүү сэрээд уйлаад тэгээд бид хоёр салсан... Маргалдсан үедээ миний зүүн гарын мөрний ар тал шуу хэсэг рүү 3-4 удаа цохисон, баруун гарын шуу руу хэд хэдэн удаа цохисон. Намайг дуугарахгүй гээд дарж унагаагаад толгой дээр өвдөглөөд миний ам хамрыг боосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч Б.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд М............................айг цохиж зодох болсон сурагтай байсан. А..............д анх удаагаа М............................айг зодоход нь А..............дтой уулзаж уг нь сайн сануулсан юм тэгтэл засраагүй ба сүүлд гэр бүлээс гадуурх харилцаатай болсон сурагтай байсан түүнээс болж гэр бүл нь маргалдах болсон гэж манай охин М............................ай ярих болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11319 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт...Зүүн бугалгын гадна дээд хэсэгт 3х3см, 7х8см, зүүн далны гадна доод хэсэгт 3х3см тод хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй, Зүүн бугалгын гадна дунд хэсэгт 4х3см, 2х2см, тод хөх өнгийн, баруун шууны гадна доод хэсэгт 1.5х1.7см, 1х1см, баруун тохойд 0.5х0.5см бүдэг хүрэн өнгийн, баруун сарвууны гадна гадаргуу эрхий, долоовор хурууны угт 2х2см маш бүдэг хүрэн, зүүн шууны гадна доод хэсэгт 2х2см бүдэг хүрэн өнгийн цус хуралттай. Эрүүний зүүн нуманд 2.2х0.3см, зүүн шууны гадна дунд хэсэгт 0.5х0.3см хүрэн бор өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Ц.М............................айн биед зүүн бугалга, зүүн далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шуу, баруун тохой, баруун сарвууны цус хуралт, эрүү, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

- Шүүгдэгч Б.А..............дын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр М............................ай нь манай гэрээс шаргал өнгийн урт үс олдлоо чи хэнийг авчирсан юм, гэр орон бузарлаад гээд өөдөөс уурлаад байхаар нь утсыг нь тасалсан...тэгээд байр руу орох гээд орцны үүдэнд иртэл М............................ай нь гадаа намайг хүлээж байсан тэгэхээр нь хувцсаа хажууд нь үлдээгээд буцаж машинаа байрлуулчхаад буцаж ирсэн. Гэрт орж ирээд усанд орох гэтэл М............................ай намайг зайл гээд хөөгөөд байсан ба би явахгүй гээд маргалдсан. Тэгээд удаан хугацаанд маргалдсан тул миний уур хүрээд М............................айн баруун болон зүүн гарын мөрний булчин хэсгэ рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн маргалдаан үргэлжилж байтал манай бага хүү уйлахаар нь бид хоёр маргалдахаа больсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А..............д нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А..............д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11319 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцогддог.

Шүүгдэгч Б.А..............д, хохирогч Ц.М............................ай нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэх нөхцөл байдлыг тогтоож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.А..............д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардалт, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Ц.М............................айн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.А..............д нь хохирогч Ц.М............................айн биед халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А..............дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

- Хохирогч Ц.М............................ай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон төлбөрийн баримт байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 55 дахь тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.А..............дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А..............дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А..............д нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А..............д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 55, 56 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 60 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 61 дэх тал),

Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 48, 49 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), Цахилган дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.А..............д, хохирогч Ц.М............................ай нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.А..............дыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.А..............дод торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0266 31603 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжтан овогт Б.............гийн А..............дыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А..............дыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А..............дыг оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А..............д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ