Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00607

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Харгачууд овогт Ч  Ө /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох, 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.                                                                                                                                                                                     

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0748 дугаар захирамжийн дагуу төлбөр авагч “Н ” ББСБ, төлбөр төлөгч Ч.Ө надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч Ч.Ө миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт орших 1 өрөө байр маань төлбөрт хураагдсан, уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/8 дугаар тоот тогтоол гарсан.

Уг тогтоолд дээрх миний өмчлөлийн орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлж, мөн үнэлсэн үнийн дүнгийн 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоосон байна. Төлбөр төлөгч Ч.Ө миний бие төлбөр авагч “Н ” ББСБ-тай 40 201 265 төгрөгийн төлөх төлбөртэй ба надад уг орон сууцнаас өөр “Н ” ББСБ-ын өр төлбөрийг барагдуулах хөрөнгө мөнгө байхгүй юм.

Түүнчлэн дээрх миний өмчлөлийн орон сууцыг тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулахаар хураагдсан юм. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилон миний өмчлөлийн орон сууцыг үнэлүүлсэн ба хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 51 640 000 төгрөг гэж үнэлсэн байна.

Гэтэл үүнээс хойш 1 жил 3 сар гаруй хугацаа өнгөрч 2018 оны эдийн засгийн өсөлт, барилгын салбарын эрчимжүүлэлтээс шалтгаалан байрны үнэ өссөн билээ. Өнөөдөр миний өмчлөлийн орон сууцны зэргэлдээ ижил төрлийн орон сууцны 1 өрөө байрны үнэ 67 000 000 төгрөгөөс 75 000 000 төгрөгийн ханштай байгаа нь Үндэсний статистикийн газрын судалгаа, үнэгүй.мн зэрэг сайтуудад тодорхой байна.

Угтаа бол миний бие хөрөнгөө зах зээлийн бодит ханшаар үнэлүүлж, уг хөрөнгийн дуудлага худалдааны төлбөрөөс өр төлбөрөө барагдуулах хүсэлтэй тул хөрөнгөө дахин үнэлүүлэх хүсэлтээ тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ч.Өнөрцэцэгээс 40 201 265 төгрөгийг гаргуулж, “Н ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 дугаар тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.

Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээтэй, холбоотойгоор нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэр, Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ 2018/01637 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул 2017 оны 260 дугаар тогтоолоор тогтоолгосон үнэлгээ хүчинтэй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан. Гэтэл төлбөр авагчаас дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт ирүүлээгүй, төлбөр төлөгч хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээд үнэлгээг тогтоосон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор санаатайгаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдах, борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Н газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, 2018 оны эдийн засгийн өсөлт, барилгын салбарын эрчимжүүлэлтээс шалтгаалан байрны үнэ өссөн, зэргэлдээ ижил төрлийн орон сууцны 1 өрөө байрны үнэ 67 000 000 төгрөгөөс 75 000 000 төгрөгийн ханштай байгаа нь Үндэсний статистикийн газрын судалгаа, үнэгүй.мн зэрэг сайтуудад тодорхой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

           Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдах, борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

           “Н  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Өнөрцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 915 941 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч тал 8 915 941 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Өнөрцэцэгээс 40 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н  ББСБ ХХК-д олгож, хариуцагч Ч.Өнөрцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №183/ШЗ2017/07367 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгүүлэх тухай” захирамж, 677 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Н албанд хүргүүлснээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 22-24 талын хуудас/

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

        Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь мөн эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож саналаа шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 32-34 хуудас/

       Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Ө нь эд хөрөнгийн үнийг 85 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд төлбөр авагч “Н  ББСБ” ХХК үнийн саналыг зөвшөөрөөгүй, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н албанд хөндлөнгийн үнэлгээчин томилж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Баян модот” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 36 хуудас/

         Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Баян модот” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө, эрхийн бүртгэлийн Ү-2206001700 дугаартай  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 51 646 440 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 37-44-р  хуудас/

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “Баян модот” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагчид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. /хэргийн 45-47 хуудас/

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зажээ.

        Нэхэмжлэгч Ч.Ө нь хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг хариуцагчид  ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон талаарх баримтыг хүсэлтэнд хавсаргаж ирүүлээгүй, үнэлгээнд өөрчлөлт орсон нь баримтаар тогтоогдоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг барьцаа хөрөнгө болох “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зах зээлийн ханш өссөн эсэх, анх тогтоосон үнэлгээнд өөрчлөлт орсон эсэхийг баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн үнээс  доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

        Иймд нэхэмжлэгч Ч.Өнөрцэцэгийн Н газарт холбогдох “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

        Тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №183/ШЗ2019/01735 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н газарт холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39  дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Өнөрцэцэгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №183/ШЗ2019/01735 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ