Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/1457/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1473 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1473
2022 11 30 2022/ШЦТ/1473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч И.Б-,
шүүгдэгч Т.Б-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-ид холбогдох 22800001638 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 31-р хороо ............. тоотод оршин суух хаягтай, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 150,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Боржигон овогт Т-ийн Б (регистрийн дугаар:чп5309................).
Холбогдсон хэргийн утга: Т.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны замын хойд талын зам дагуух гражуудын орчимд И.Б-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний хугарал, баруун доод 2-р шүдний эмтрэ л, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 1263 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б- нь хохирогч М.Б-ийншүд рүү би цохиогүй, утсаа өөр лүүгээ татахдаа шүдээ гэмтээсэн гэх байдлаар маргаж оролцсон.
5. Шүүгдэгч Т.Б- нь И.Б-ийг машины цонхоор толгойгоо гаргасан түүнтэй маргалдаж байхад амны хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойд талд иргэн И.Б-нь бусдад цохиулж гэмтсэн...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 хуудас),
5.2. Хохирогч М.Б-ийн“...Би “Шадар ...............” ХХК-ний захирал бөгөөд манай байгууллага Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүрэг 1-р хороололд байрлах гражуудын газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгээд явж байгаа юм. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойд талын гражуудыг чөлөөлөх ажил хийж байсан юм. Тэгтэл нэг гражийн эзэн гэх үл таних хөгшин эрэгтэй хүн над дээр ирэхээр нь би уг хүнд хандаж та гражийнхаа дээврийг аваач ээ одоо буулгаж цэвэрлэх гэж байна гэж хэлж шаардлага тавьсан.Тэр үед тэр хөгшин эрэгтэй хүн гражаа буулгахгүй гэж хэлээд намайг машинд сууж байхад миний машины цонхон дээр ойртож ирсэн ба энэ үед миний машины цонх онгорхой байсан бөгөөд би машиныхаа цонхоор уг хөгшин ахтай юм яриад толгой хэсгээ бага зэрэг цонхоор гаргасан байхад тэр хөгшин ах баруун гараараа миний амны хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний хажууд манай байгууллагын зохицуулагч Д байсан.Тэр хөгшин ганцаараа явж байсан.Ингээд би тэр хөгшин ахыг хөгшин хүн байсан болохоор нь за төвөг гэж бодоод зөрүүлж цохиж зодоогүй цагдаа дуудъя гэж бодоод цагдаа дуудаад цагдаа удалгүй ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас),
5.3. Гэрч Б.Д-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байх үед манай компани ажлаа хийгээд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны чанх ар талын гражуудыг буулгаж байсан юм.Тэгтэл нэг хөгшин эрэгтэй ах буулгаж байгаа гражуудын хажууд ирээд манай захирал М.Б-ийн хандан чи чаддаг юм бол гражыг буулгаж эвдээрэй чамайг ална шүү гээд орилоод байсан ба энэ үед манай захирал өөрийнхөө машин дотор суучихсан өөрийнхөө талын цонхыг онгойлгосон байдалтай сууж байсан.Тэгээд манай захирал тэр эрэгтэй хүнд хандаж танд гражыг буулгах мэдэгдлийг 3, 4 хоногийн өмнө өгсөн гэхэд нөгөө эрэгтэй ах чи чаддаг юм бол гражыг буулгаарай гэж хэлээд захирал руу дайраад ойртоод очсон. Захирлын ам хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 хуудас),
5.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12520 дугаартай “...М.Б-ийнбиед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун доод 2-р шүдний эмтрэл, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.
6. Шүүгдэгч Т.Б-ийн “би уруул хэсэгт нь цохиогүй, өөрийн гар утсаараа бичлэг хийж байгаад буцааж татахдаа уруул руугаа цохисон ...” гэх тайлбар нь Хохирогчийн “... уг хөгшин ахтай юм яриад толгой хэсгээ бага зэрэг цонхоор гаргасан байхад тэр хөгшин ах баруун гараараа миний амны хэсэг рүү нэг удаа цохисон.Тухайн үед миний хажууд манай байгууллагын зохицуулагч Д байсан ...” (хавтаст хэргийн 15-16 хуудас),
гэрч Б.Д-ийн “... захирал тэр эрэгтэй хүнд хандаж танд гражыг буулгах мэдэгдлийг 3, 4 хоногийн өмнө өгсөн гэхэд нөгөө эрэгтэй ах чи чаддаг юм бол гражыг буулгаарай гэж хэлээд захирал руу дайраад ойртоод очсон. Захирлын ам хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 хуудас), шүүх эмнэлгийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 хуудас) зэргээр няцаагдаж байгаа, шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.
7. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
8. Хохирогч И.Б-нь хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, цаашид 2 шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)-ээр шүүхээс хохирогчид учирсан хохирлын тооцоог энэ шүүх хурлаар гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
9. Хохирогч И.Б-нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох баруун дээд 1-р шүдний хугарал, баруун доод 2-р шүдний эмтрэлтэй холбоотой эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх.
10. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
11. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ял дээр хэлэх зүйл байхгүй гэв.
12. Шүүгдэгч Т.Б-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд 69 настай, өндөр настны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ажил, үүргээ гүйцэтгэж байсан хүний биед үл ялих зүйлээр шалтаглан халдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Т-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.Б-ид үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Б-ид мэдэгдсүгэй.
5. Хохирогч И.Б-нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох 2 шүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ