| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0762/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/753 |
| Огноо | 2022-11-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтөлж
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгч П.********, түүний өмгөөлөгч Б.Очбадар, К.Бауиржан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандаг овогт Пүрэвийн ********од холбогдох ********** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
************************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.******** нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “би төмөр замын тендерт оролцох гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Я.********оос 300,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Голомт банкны И-март салбараас шилжүүлэн авч залилан Я.********д 300,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.******** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие 2020 оны 05 сард ********оос 300.000.000 төгрөг зээлсэн. Тэр зээлээ Таван толгой, Зүүнбаян чиглэлийн 420 км төмөр замын доод бүтэц барих ажлын бэлтгэлд зарцуулаад тэр ажлаа хийсэн. Тэгээд 5 сард гэрээ хийгээд 7 сард доод бүтцийнхээ хийж дуусгаад зохих газарт нь болох Монголын төмөр замд хүлээлгэж өгсөн. Тэгээд тухайн оныхоо 12 сарын сүүлээр акт үйлдээд тооцоо нийлсэн. Анх мөнгө зээлэхдээ төмөр замын ажлаа хийгээд буцаагаад энэ хүнд мөнгөө төлнө гэсэн бодолтой байсан. Гэтэл Монголын төмөр зам санхүүжилт байхгүй гэдэг үндэслэлээр ажлаа гүйцэтгээд өгсөн ч мөнгө нь олгогдоогүй жил гаран хугацаанд мөнгө нь цуварч, санхүүжилт байхгүй учраас мөнгө өгч чадахгүй байна гэж хэлсэн. Нийтдээ хийсэн ажлаа 20-30 хувийн ашигтай ажиллана гэж хийж, хүнээс зээлсэн мөнгөө буцааж өгнө гэсэн тооцоотой байсан, мөн манайх Содмонголд түлшний өглөгтэй байсан. Гэтэл 20-30 хувийн ашиг болох 300.000.000 төгрөгийг Содмонгол нь өөрөө надад хэлэлгүй, манай дансаар оруулалгүй Монголын төмөр замаас “өрөө суутгаад авчихлаа” гээд татаад авчихсан. Тэгээд үлдэгдэл мөнгө нь Монголын төмөр замаас цуваад одоог хүртэл дуусаагүй байна. 2 жилийн хугацаанд 1 сар, 2 сар болоод л орж ирдэг мөнгийг нь цалин, үйл ажиллагаагаа хийхэд зарцуулсан зүйлдээ хуваагаад өгөөд зарцуулсан. Миний бие хүнийг санаатайгаар хууран мэхэлж, мөнгийг нь авч шамшигдуулах зорилго байгаагүй...” гэв.
Эрүүгийн *********** дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Я.********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
Хохирогч Я.********ын мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/,
Хохирогч Я.********ын мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 219-221 дэх тал/,
Гэрч Б.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 24-26 дахь тал/,
Гэрч Э.********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,
Я.********ын Голомт банкны дансны хуулга, зарлагын падаан /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
Я.********ын Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
П.********ын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 87-96 дахь тал/,
П.********ын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-121 дэх тал/,
Э.********ын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 169-174 дэх тал/,
Э.********ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал/,
Гэрч Э.********ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
Яллагдагч П.********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Яллагдагч П.********ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/,
Яллагдагч П.********ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224-226 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тад/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
“********” ХХК-ийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /1 дүгээр хавтас хэргийн 244-246 дахь тал/
Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамны ирүүлсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/,
Зам, Тээврийн хөгжлийн яамнаас “********” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон тусгай зөвшөөрөл, мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “хатуу хучилттай зам барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл, бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний” ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтас хэргийн 233-234 дэх тал /
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар гаргаж өгсөн:
“********” ХХК нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх” гэрээ,
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дүгнэсэн акт,
Я.********, П.******** нарын бичгээр гаргасан төлбөр тооцоо дууссан тухай акт,
Я.********ын бичгээр гаргасан хүсэлт,
Ц.Төмөрийн өмчлөлийн 63-84 УБ улсын дугаартай САТ.160К маркийн механизмыг Х.********д худалдах, худалдан авах гэрээ,
Бэлэн мөнгө хүлээлцсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.********од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: П.********ыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Я.********оос “төмөр замын тендерт оролцох гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 300,000,000 төгрөг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч П.******** нь /багш лам/ Д.********эд “Төмөр замын тендерийн ажилд оролцох гэж байгаа. Мөнгө зээлээч” гэсэн хүсэлт тавьсан ба Д.******** нь өөрийн ээж Я.********д уг хүсэлтийг дамжуулж хэлснээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Я.******** нь П.********ын данс руу 300.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь:
Хохирогч Я.********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хүү маань хийдэд шавилан суудаг лам хүн. Би П.******** гэдэг хүнийг зүс танина. П.******** хүү дээр минь ирж засал ном хийлгэж багш шавийн барилдлагатай гэж хүү маань надад хэлж байсан. 2020 оны 05 дугаар сарын 02-03-ны өдөр П.******** нь хүүгээс “танд мөнгө байвал зээлээч, би авто замын тендерийн ажилд оролцох гэхээр мөнгө байхгүй байна. Танд мөнгө байвал өгөөч” гэж асуусан юм байна лээ. Хүү маань надаа юу байх вэ, чи ээжээс асууж үз” гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.******** миний гар утас руу *********** дугаараас залгаад “багштай ярьсан чинь танд мөнгө байгаа” гэж байна, би танаас мөнгө асуух гээд, би төмөр замын болон Өмнөговь аймагт авто замын тендерт оролцох гэж байгаа юм. Би Өмнөговь аймагт хил дээр тээвэр хийдэг удахгүй өгнө” гэж хэлж байсан болохоор нь би хүүгийн маань шавь юм байна гэж бодоод 300.000.000 төгрөгийг П.********ын Хаан банкны данс руу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март дэлгүүрийн Голомт банкны салбараас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. П.********оос мөнгөө авах гэж ********** дугаар руу удаа дараа залгаж асуух гэхэд утсаа авахгүй байсан. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхонд амьдардаг гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч байгаагүй. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-13, 165-166, 219-221 дэх тал/,
Гэрч Б.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.******** надаас “300.000.000 төгрөг зээлээч, би төмөр замын далангийн ажил хийж байгаа. Танд удаахгүй өгнө” гэж хэлэхээр нь би үнэхээр төмөр замын далангийн ажил хийх гэж байгаа юм байна гэж бодоод ээжийн хийдийн барилгын ажилд зарцуулах гэж байсан мөнгөнөөс “300.000.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлсэн чинь ээж маань 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр П.********ын Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,
Я.********ын Голомт банк дахь харилцах дансны хуулга “...П.******** руу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 200.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх дансны хуулга, зарлагын падаан /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
Я.********ын Голомт банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
П.********ын Хаан банк дахь дансны хуулга “...2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр орлого 200.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орлого 100.000.000 төгрөгийг Я.********оос шилжүүлсэн...” гэх дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 87-96 дахь тал/,
П.********ын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-121 дэх тал/,
Э.********ын Хаан банк дахь дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 169-174 дэх тал/,
Э.********ын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал/ зэрэг баримтуудаар батлагдаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Шүүгдэгч П.******** нь ““********” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг болох нь Улсын бүртгэлийн *********** дугаартай гэрчилгээ,”********” ХХК-ийн дүрэм зэрэг баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 247-250 дахь тал/
Зам, Тээврийн хөгжлийн яамнаас “********” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төмөр замын суурь бүтэц угсрах: доод бүтэц барих /далан, хоолой/ тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай, мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “хатуу хучилттай зам барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл, бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний” ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар тус тус олгосон байна. /1 дүгээр хавтас хэргийн 233-234 дэх тал /
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.
Шүүгдэгч П.******** нь өөрийн багш лам Д.********ээр дамжуулан түүний ээж Я.********оос 300.000.000 төгрөг авахдаа “төмөр замын тендерийн ажилд оролцох гэж байгаа” гэж мөнгө зээлсэн нөхцөл байдал нь хохирогч Я.********, гэрч Д.******** нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.********, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн “********” ХХК нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ дүгнэж ажлаа хүлээлгэж өгсөн байх ба “Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компаниас “********” ХХК-ийн данс руу ажлын хөлсийг шилжүүлж байсан нь баримтаар батлагдаж байна.
Дээрх баримтаас дүгнэхэд: П.******** нь хохирогч Я.********ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Я.********, П.******** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “Зээлийн гэрээ” амаар байгуулагджээ.Тухайн хэлцлийн хүрээнд үүрэг гүйцэтгэгч тал болох П.******** нь ажлын гүйцэтгэлийн үр дүн, удаашрал, захиалагч талаас ажлын хөлсийг нь бүрэн шилжүүлээгүй зэрэг бизнесийн эрсдэлээс улбаалан Я.********той байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд П.********ын хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүссэн гэрээний үүргээ биелүүлээгүй маргаан бүрийг гэмт хэрэг үзэхгүй үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч П.********ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч П.******** нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.******** нь хохирогч Я.********д 80.000.000 төгрөг бэлнээр, 243.000.000 төгрөг, нийт 323.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Я.********, П.******** нарын бичгээр гаргасан төлбөр тооцоо дууссан тухай акт, Я.********ын бичгээр гаргасан хүсэлт, Ц.Төмөрийн өмчлөлийн 63-84 УБ улсын дугаартай САТ.160К маркийн механизмыг Х.********д худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар батлагдаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт *********** ********од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр П.********ыг цагаатгасугай.
2. П.********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
4. Цагаатгагдсан этгээд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэйг дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР