| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1305/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1346 |
| Огноо | 2022-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга C.Цэрэндулам,
улсын яллагч Э.Оргилбат,
хохирогч Ө.Г................г,
шүүгдэгч Г.Н...................р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01579 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Бичээч овогт Г................вын Н...................р, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1962 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,............................ ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ......................................... байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Н...................р нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо замын цагдаагийн урд талын автомашины зогсоолд иргэн Ө.Г................гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж түүний эрүүл мэндэд үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний эмтрэл, уруулд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Г.Н...................р нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн урд, Өнөр хорооллын 12 дугаар байрны хойд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Ө.Г................гтэй “2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болсон зам тээврийн осол, зөрчилтэй” холбоотой асуудлаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 12 дугаар байрны хойно Замын цагдаагийн хэлтсийн урд талын машины зогсоол дээр үл таних хүнд зодуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 02 дахь тал),
- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөлд: “...Өсөхбаяр овогтой Г................г би... эргээд хартал тэр ах нь гээд хүн гэнэт цохиод авсан...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),
- Хохирогч Ө.Г................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол болсон. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаа дээр зам тээврийн осол гаргасан хүн болох Б................н гэх хүнтэй уулзаад зогсож байсан. Гэтэл Б................ний... ах нь гэж хүн ирээд надад “Б................ний аавтай нь яриадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “аавтай нь ярих шаардлага байхгүй. Энэ хүн чинь насанд хүрсэн хүн биз дээ” гэсэн. Тэгтэл ах нь гэх хүн гар утсаа чанга яригч дээр нь тавьчхаад миний нүүр рүү утсаа тулгасан. Энэ үед аав нь гэх хүн утасны цаанаас хараагаад байсан би гар утсыг нь тасалчихсан. Тэгсэн чинь Б................ний ах нь “чи муу арьс минь чамайг ална” гээд байсан. Тэгэхээр нь би гар утсаа харчхаад эргээд дээшээ харахад миний дээд уруулын хэсэгт нэг удаа цохисон. ...миний биед гэмтэл учирсанд би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- Гэрч Э.Б................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би RX-450 маркийн 38-38 УАХ улсын дугаартай машинтай замын хөдөлгөөнд оролцож явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Сутайн буянт захын ойролцоо Prius-30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осолд холбогдсон. Тухайн асуудал нь Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа дээр өргөдөл гомдол болж улмаар цагдаагаас 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр осолд холбогдсон Prius-30 маркийн машины жолооч болон бид хоёрыг ...дуудсан. ...Тухайн үед...би ...аавын ах Н...................рын хамт явж байсан бөгөөд... замын байцаагч бид гурвыг гараад хоорондоо ярилцаад... эргээд ороод ир гэж хэлсэн. ...Тэгээд манай ах Н...................р Г................гт хандан “чи аавтай нь яриад үз” гэхэд тэрээр “ярихгүй” гэж байснаа сүүлдээ чанга яригч дээр тавиад ярьж байснаа ...энэ хүүхэд чинь насанд хүрчихсэн хүрчихсэн юм байгаа биз дээ” гэж хэлээд ...Н...................р ахын утасны хавтсыг хаагаад ...утсаар ярьж яахын гэж хэлэхэд Н...................р ах тэр хүнээс утсаа авах гээд булаацалдсан. ...Г................г, Н...................р ах хоёр хоорондоо барьцалдаж авсан байхад нь би очиж салгасан. Миний харахад Г................г гэх залуугийн нүүрэнд ил харагдах гэмтэл шарх анзаарагдахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12257 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Үүдэн зүүн дээд 2 дугаар шүд суурин дээрээ 4 тийш хөдөлнө, өвчин эмзэглэлтэй, зүүн дээд 1-р шүдний хазах гадаргуугийн дотор ирмэг бага зэрэг ташуу эмтрэлтэй. Дээд уруулын баруун хэсэгт босоо байрлалтай 1х0.1см цайвар ягаан өнгийн гялгар, мөлгөр, бага зэрэг хонхор сорвитой.
2022.9.06-ны “Энхийн мишээл” шүдний эмчийн үзлэгт: 11 дүгээр шүд сувгийн эмчилгээнд орсон, ломбо унасан, хөдөлгөөн орсон. Эмчилгээ дахин хийх, 21 дүгээр шүд паалан эмтэрсэн, 22 дугаар шүд өмнө нь эмчилгээ хийлгээд гол суулгасан бүрээс хийлгэсэн шүд хөдөлгөөн орж хугарсан. Эмчилгээ хийж бүрээс хийх, эмчилгээ амжилгүй болбол шүдийг авах...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ө.Г................гийн биед үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний эмтрэл, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Нэг шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
- Шүүгдэгч Г.Н...................рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Замын цагдаагийн урд талд байх автомашины зогсоолд дээр очиход... манай дүүгийн хүү Б................н нь нэг хүнтэй хамт Замын цагдаагаас гарч ирсэн. ...Тэгээд байж байтал манай дүү Энхбаатар Хөвсгөлийн Мөрөн сумаас над руу залгаад “Б................нтэй хамт явж байгаа хүнтэй яриулаад өг” гэхээр нь би гар утсаа нөгөө хүнд өгөөд “манай дүү ярья” гэж байна гэхэд нөгөө ...залуу “Наад гөлөгтэй чинь юу ярьдаг юм” гээд миний утсыг булааж аваад утсыг салгасан, Тэгэхээр нь би “чи Б................ний аавтай нь ярьж мөнгө төгрөгийн асуудлаа шийдэхгүй өөр чи яаж асуудлыг шийдэх юм” гэхэд над руу “ална шүү” гээд газраас юм хайгаад байсан. Тэгэхээр нь би баруун гараараа савах маягтай нөгөө залуугийн дээр уруул руу нь нэг удаа цохисон гэтэл нөгөө залуу Замын хашлаганд тээглээд, суун тусаад замын цагдаа руу гүйгээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н...................р нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12257 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Н...................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны улмаас” хохирогч Ө.Г................гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Н...................рын цохисон үйлдлийн улмаас хохирогч Ө.Г................гийн биед үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний эмтрэл, уруулд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Н...................р нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Г.Н...................р нь шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Г................гийг цохиогүй гэж, хохирогч Ө.Г................г нь миний 3 шүд гэмтсэн гэж мэтгэлцсэн боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ө.Г................г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н...................рын үйлдлийн улмаас шүд хийлгэх шаардлагатай гэх мэдүүлгийг гаргах боловч тэрээр баримттай зардал нэхэмжлээгүй, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтгүй байна.
Тиймээс хохирогч нь шүд хийлгэх талаар баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н...................рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Н...................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Г.Н...................р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Н...................р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Н...................рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Н...................рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01579 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бичээч овогт Г................вын Н...................рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н...................рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н...................рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н...................р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ