| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/1490/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1502 |
| Огноо | 2022-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1502
2022 12 07 2022/ШЦТ/1502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-холбогдох 2208028831719 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. 1982 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 97 дугаар гудамжны ............ тоотод оршин суудаг, урьд
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Боржигон овогт Ц-ын А (регистрийн дугаар: МЮ8210..................).
Холбогдсон хэргийн утга:
Шүүгдэгч Ц.А-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 97 дугаар гудамжны 37 тоот хашааны гадна гудамжинд байсан иргэн Ц.Б-өмчлөлийн Toyota Prius маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил, толь, тааз зэрэг эд зүйлийг тоосгоор цохих болон хөлөөрөө дэвслэх зэргээр устгаж, гэмтээж 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 1222 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Шүүгдэгч Ц.А-нь архидан согтуурсан үедээ гудамжинд байсан Ц.Б-өмчлөлийн “Toyota Prius” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн “салхины шил, хаалганы шил, толь, тааз” эвдэлж, бусдад 960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
5.1. Иргэн Ц.Б-цагдаагийн байгууллагад 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “найз Д-гийн нөхөр миний машиныг эвдэлж сүйтгэсэн” гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
5.2. Хохирогч Ц.Б-“...би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...найз А-г 10 дугаар хорооллоос очиж аваад Нарангийн голд байх гэрт нь ирсэн. .. бид хоёр хоол идээд сууж байтал гадаа юм дуугараад хүн орилоод байсан тэгэхээр нь би гараад харсан чинь миний машин дээр хүн ирчихсэн дээр нь гараад дэвсээд байж байсан тэгээд очих гэтэл тухайн залуу нэлээн согтуу галзуурчихсан юм байдалтай гартаа тоосго барьчихсан миний машин дээр дэвсээд тоосгоороо хажуу тал руу нь цохиод байсан тэгэхээр нь би айгаад очиж чадаагүй хараад зогсож байсан тэгээд удалгүй яваад өгсөн тэр хооронд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан удалгүй цагдаа иртэл нөгөө залуу зугтаагаад яваад өгсөн. Тэгээд машин дээрээ очтол миний машины урд талын салхины шил хагарсан, дээвэр хэсэг дотогш цөмрөөд орчихсон, жолооч талын толь тэр чигтээ хугараад уначихсан, буруу талын хаалга хэсгийг тоосгоор цохиод хонхойлгоод хаясан байдалтай байсан. ...улсын дугаартай автомашиныг 2019 онд худалдан авсан байсан. Тэгээд миний машины буруу талын толь хугарч унасан, буруу талын хаалга цөмөрсөн, урд талын салхины шил хагарсан, дээд талын дээвэр хэсэг дотор тал руугаа цөмөрч орсон. Би тухайн залууг огт танихгүй харин Ц.Б- нөхөр гэдгээр нь мэднэ уулзаж үзээгүй... Миний машины буруу талын хаалганы толь хугарсан, урд копуд цөмөрсөн, дээд тааз цөмөрч орсон, буруу талын крыло хонхойж цөмөрсөн, хоёр талын салхины шил зурагдсан, урд том салхины шил хагарсан байдалтай байна. Би тухайн машиныг 2019 оны 11 сарын сүүлээр Да-хүрээ захаас 8,800,000 төгрөгөөр авч байсан юм. Миний үнэлж байгаагаар буруу талын хаалганы толь 200,000 төгрөг, урд том салхины шил 250,000 төгрөг, хоёр талын жижиг салхины шил 200,000 төгрөгөөр үнэлж үлдсэн эд зүйлсийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
5.3. Гэрч Б.Ц.Б- “...Би 2022 оны 8 дугаар сарын 14-ны орой 23 цагийн үед гэртээ ирсэн юм. Тухайн үед гэр лүүгээ яваад ороход манай нөхөр Ц.А-нь архи уучихсан бололтой согтуу агсам тавих гээд байгаа бололтой сууж байсан. Тэгэхэд нь би нөхрийн дүү ирчихсэн байсан болохоор дуудах гээд гараад явсан юм. Тэгээд дүүтэй нь хамт эргээд гэрийн гадаа ирэхэд нөхөр маань хөрш айлын гадаа байсан цагаан өнгийн машин дээр гарчихсан эвдэж байсан. Тухайн үед машиных нь эзэн Бороо хажуу айлаас гарч ирээд машин эвдчихлээ цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд нь би нөхөр лүүгээ яваад очиход тасарчихсан бололтой биеэ хянах чадваргүй байсан. Тэгээд би нөхрийгөө татаад машин дээрээс нь буулгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай нөхөр сардаа 2-3 удаа уучихдаг. Архи уучихсан үедээ ухаанаа алдаад агсам согтуу тавьчхаад байдаг. Тухайн үед согтуу байхдаа Бортой намайг хардаад байгаа бололтой орилж хашхираад байсан... Манай нөхөр эрүүл үедээ гэрийнхээ бүх ажил болон хувиараа цагийн ажил хийчихдэг хүн. Зан байдлын хувьд аливаа зүйлийг сэтгэлээсээ хийчихдэг, хүнд тусархаг, хүнтэй муудалцаад байдаггүй, даруу төлөв хүн. Манай нөхөр сардаа 2-3 удаа уучихдаг. Архи уучихсан үедээ ухаанаа алдаад агсам согтуу тавьчхаад байдаг. Тухайн үед согтуу байхдаа Бортой намайг хардаад байгаа бололтой орилж хашхираад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
5.4. Гэрч Б.А-“...Ариун-чандага бол миний төрсөн эгч Б.Ц.Б- нөхөр хүргэн ах маань байгаа юм. Ц.А-ах болон манай эгч нар нь хүүхдүүдийн хамт манай хамар хашаанд амьдардаг хөрш айлууд байгаа юм. Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой 16 цагийн үед ажил тараад харих гээд явж байсан юм. Тухайн үед Ц.Б-гэх манай нутгийн ах над руу залгаад ахын дүү өнөөдөр манай гэрийнхэн гэртээ ирдэггүй танайд ах нь ганц удаа очиж хонож болох уу? гэж асуухад нь би тэгээ ах маргааш өглөө эрт ажилдаа явах юм бол өөрөө мэд дээ гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд Ц.Б-ахтай уулзаж машинд нь суугаад манай гэрт 19 цагийн үед бид хоёр хамт ирээд хоол унд идэх гээд сууж байтал манай найз дуудаад гэр лүү нь орсон. Тухайн үед гэрийнх нь гадаа шил хагарч байгаа чимээ сонсогдохоор нь гайхаад юу болов гээд Ц.Б-ахын хамт хашааны гадаа гараад ирэхэд манай хүргэн ах Ц.А-машин дээр нь гарчихсан урд салхины шил, дээвэр, толь зэрэг эд ангийг нь эвдчихсэн архи уучихсан бололтой орилж хашхираад агсраад байгаа бололтой зогсож байсан. Тэгээд Ц.Б-ах цагдаагийн байгууллагад өгсөн. Тухайн үед яагаад устгаж гэмтээсэн талаар сайн мэдэхгүй байна. Харин Б.Д-эгч өөрийн ажилладаг Гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хамт олон нь сайн ажилласан гээд байрны урьдчилгаагаар шагнаж хоногоор амралтад явчхаад ирсэн чинь ийм асуудал болчихлоо Ц.Б-машиныг намайг хүргэж ирсэн хүний машин гэж ойлгоод хардаад ийм асуудал болчих шиг боллоо гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
5.5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “хохирлын дүн нь: нийт 960.000 төгрөгөөр тогтоож байна” тайлан (хавтаст хэргийн 19 дугаар тал),
5.6. Ц.А-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “...Надад сонсгож буй 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн яллагдагчаар татсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
6. Шүүгдэгч Ц.А-нь тоосгоор цохих болон хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлээр бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил, толь зэргийг хагалах, тааз, капот, крылог гэмтээсэн үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
7. Хохирогч Ц.Б-гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...хаалганы шил 60,000 төгрөг, салхины шил 250,000 төгрөг, буруу талын толь 200,000 төгрөг, дээд тааз 250,000 төгрөг, урд талын капот 80,000 төгрөг, буруу талын крыло 120,000 төгрөг нийт 960,000 төгрөг...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)-аар тогтоогдсон. Шүүгдэгч Ц.А-нь 960,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй талаар баримт (хавтаст хэргийн 97 хуудас) байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
8. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
9. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
10. Шүүгдэгч Ц.А-нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Ц.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэв.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ц-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.А-үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.А-мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 960,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ