Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2019/00251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 5-3 тоот хаягт түр оршин суух, М овогт Б-ын Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ү-ийн Г-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны                      01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2019/00187/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ү.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Нямцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний   бие Б.Н нь Ү.Г-тай 2010 онд танилцан үерхэж байгаад улмаар 2010 оны 09 дүгээр сард нэг гэртээ орсон. Г бид хоёр дундаасаа 01 нас 03 сартайгаас 07 насны хоёр хүүхэдтэй юм. Охин Г.Х 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү Г.Х 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Ү.Г бид хоёр тусдаа гарч амьдарч  байсан ч гэсэн албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй өдийг хүрсэн. Ү.Г хамтран амьдарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байгаад сүүлийн  жилүүдэд байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Г архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ надад агсам согтуу тавих, намайг зодох асуудал гаргадаг байсан ба би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй, тэвчээд өнгөрөөдөг байсан. Би урьд өмнө нэг удаа амьдралд алдсан, намайг дагаж ирсэн нэг хүүтэй юм. Амьдралд дахиж алдаад яахав, нөхрийнхөө үйлдлийг тэвчээд аргыг нь олж байвал амьдрал тэгж байгаад учир нь олдох байх гээд нөхрийн асуудлыг өнгөрөөдөг байсан юм. 2017 оны 03 дугаар сараас Г гадуур олон хоногоор яваад байдаг байсан ба явж ирээд намайг хөөдөг болсон байсан. Би эхлээд Г-ыг гадуур архи уучхаад олон хоногоор яваад байдаг юм байх гэж бодоод ач холбогдол өгдөггүй байсан. Гэтэл Ү.Г нь Улаанбаатар хотоос ирсэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харьцаа үүсгээд намайг хөөдөг байсныг мэдсэн. Би Ү.Г-ын хамт Ар булаг суманд айлын мал малладаг байсан ба Ү.Г олон хоногоор тэнээд явсан хойгуур нь би айлын малыг дутаачихгүй юм сан гэж малыг нь маллаад хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг байсан юм. Ү.Г намайг хөөх болон зодох асуудал удаа дараа гаргаж, сүүлдээ ална гээд хоолой боодог болсон. Би энэ хүний гарт үхэж магад гэж бодоод хоёр хүүхдээ авч явах гэхэд Ү.Г чамд хүүхэд өгч явуулахгүй.  Чи өөрийнхөө дагуулж ирсэн хүүхдээ аваад зайл гэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ хөөгдөж явсан. Одоо том охин маань Арбулаг суманд миний ээж У дээр, бага хүү маань хадам аавынд байгаа. Би Г-д 2 хүүхдээ  үлдээхгүй,  яагаад гэвэл Г байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болон хүүхдүүдийн маань эрүүл мэнд, амь насанд ч хохирол учруулж болзошгүй хүн байгаа юм. Мөн би 2 хүүхдээ  хойд эхийн гар харуулахыг хүсэхгүй байна. Иймд би эх хүний хувьд охин Х, хүү Х нарыг өөрийнхөө асрамжинд авч, эцэг Ү.Г-аас нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж  байна гэжээ.

         Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Ү.Г-тай 2010 оны 7 дугаар сард танилцан, 2010 оны 9 дүгээр сард хуримаа хийж, тусдаа гарч амьдарсан. Бидний дундаас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр том охин Г.Х, 2017 оны 11 дүгээр 02-ны өдөр хүү Г.Х нарыг төрүүлсэн. Бид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа байх энэ хугацаанд хоёр хүүхэд маань аавынхаа асрамжид байсан. Учир нь миний хоёр хүүхдийг надад өгч явуулахгүй гээд авч үлдсэн. Ү.Г гэртээ өөр эмэгтэй аваачсан. Харин би Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Гэвч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нийгмийн халамжийн байцаагч Лхамсүрэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр над руу утсаар ярьж хүүхдүүдийн чинь ахуй амьдралтай танилцлаа, хүүхдүүдээ ирж ав гэж хэлсэн. Ингээд ажлаасаа гараад 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт ирж, хүүхдүүдээ авах гэсэн боловч Ү.Г өгөөгүй. Харин хүүхдүүдийг маань авчирч надтай уулзуулчихаад буцаагаад аваад явсан. Тухайн үед би өөрийн гэсэн орох оронгүй байсан учраас хүүхдүүдтэйгээ айлд байсан. Надад орох орон байхгүй учраас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хөлсний байранд амьдарсан. Ү.Г-ыг хүүхдүүдээ гудамжинд хөөж гаргасан юм чинь гэрээ өгөх байх гэж бодсон. Ү.Г их архи уудаг байсан. Намайг хадмын гэрт очиход Ү.Г охиныхоо хувцсыг бэлдчихсэн байсан бөгөөд охиноо ээжийгээ дагаад яв гэж хөөсөн. Би охиноо дагуулаад уйлаад гарч байсан юм. Ү.Г охиныхоо сэтгэл, зүрхийг шархлуулсан. Бид хоёр гэр, хоёр хашаа 400 гаруй нарийн малтай байсан. Би 400 гаруй толгой малаас өөрийн хуваарьт өмч болох 150 толгой мал аваад салсан. Намар хүйтэн орсон байхад хүүхэд маань ноосон цамцтай, гутал байхгүй, оймстой над дээр ирж байсан. Би ажил хийсэн мөнгөөрөө хүүхдүүдээ хувцаслачихаад буцаад Улаанбаатар хот руу явж байсан. Би Ү.Г-аас нэгэнт салчихсан учраас шүүхийн байгууллагаар орохгүй гэж боддог байсан. Хадам ээж маань Ү.Г-ыг гэртээ хүүхэн авчраад байнга архи уугаад, хүүхдүүдээ ч харахгүй байна. Би хүүхдүүдээ харж байна гэж над руу байнга хэлдэг байсан. Мөн цагаан сарын үеэр Ү.Г-ыг мал, хашаагаа зараад Улаанбаатар хот явах гэж байгаа тухай сураг сонсогдсон. Одоо миний хүүхдүүд юу ч үгүй үлдэж байна. Ү.Г эхнэртэйгээ нийлээд хамаг хөрөнгөө бараад дууслаа. Иймд хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Намайг хадмынд очиход бага хүү маань хадмын гэрт шалдан хойморт нь сууж байсан. Харин хадмууд архи ууж байсан. Миний охин дүүгээ тэврээд уйлаад хонож байсан ч үе байдаг гэв.

Хариуцагч Ү.Г шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь намайг архи, согтууруулах ундааг байнга хэрэглэдэг, энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргах үндэслэл болно  гэжээ. Энэ нь үндэслэл муутай дүгнэлт бөгөөд миний бие архи, согтууруулах ундааг хэрэглэсэн нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөөгүй, нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байхгүй, өдийг хүртэл миний асрамжид эрүүл саруул сургуульд хүмүүжиж байна. Миний бие өөрий гэсэн өрхийн орлоготой, энэ нь байнгын гэр оронтой, эдийн засгийн зохих чадамжтай. Эдгээр байдал нь хоёр хүүхдээ хэний ч гар харуулахгүйгээр авч явах чадвартайг харуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ү.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид танилцаад 2009 оны                      9 дүгээр сард хуримаа хийж, бидний дундаас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр том охин Г.Х, 2017 оны 11 дүгээр 02-ны өдөр хүү Г.Х нар төрсөн.Бид хоёр айлын мал малладаг байсан. Би 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа улсын баяр үзэхээр сумын төв яваад, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирсэн. Гэтэл  Б.Н миний нагац ахтай хоносон байсан. Би түүнийг нь мэдээд сумын төв дээр байсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Б.Н охин Г.Х, Г.Х хоёрыг гэртээ үлдээгээд, нөгөө залуугаа дагуулаад ээжийнхээ гэр лүү яваад, 7 хоногийн дараа 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ буцаж ирсэн. Ингээд хамт амьдарч байгаад 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр надтай маргалдаад, ээжтэйгээ, эгчтэйгээ, бас нэг залуутай, дөрвүүлээ ирж, хүүхдүүдийнхээ болоод өөрт ногдох 300 толгой малыг томоос нь шилж аваад, надад 100 толгой мал үлдээж байсан. Тухайн үед бага хүүхэд хүү маань 8 сартай байсан ба дагавар хүү маань дүүгээ өлгийдөж, соосгийг нь хөхүүлж орхиод, малаа аваад явсан байсан. Намайг хонио ялгачихаад гэртээ ирэхэд охин маань дүүгээ орхихгүй гээд уйлаад сууж байсан. Би хэсэг хугацаанд 2 хүүхдээ харж байсан. Нэг өдөр бага хүүгийн минь гэдэс гүйлгэж, хүүхдээ Мөрөн суманд авчирч, Б.Н рүү энэ талаар хэлж, хүүхдээ асраач гэхэд, өөрсдөө харж чадна гэсэн биз дээ хохино, надад үр хүүхэд хэрэггүй, би гаргаад авчихаж чадна гэж хэлсэн. Одоо би хамтран амьдрагч эмэгтэйтэй болсон. Ганцаараа мал маллаж чадахгүй юм билээ. Охин маань намар сургуульд орж, Б.Н-ийг дуудсан боловч ирээгүй. Би хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг бэлдэж, сургуульд оруулж, охиноо айлд байлгаж, хэд хоног зөөж байгаад аавынхыгаа нүүлгэж Мөрөн суманд авчирч том охиноо аавындаа суулгасан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр бага хүү маань халуун савтай цай тэврээд гуяаа түлчихсэн. Би тухайн үед Б.Н-т энэ талаар хэлэхэд “та нар шиг юмнууд тэгнэ шүү дээ” гэж хэлж байсан. Ингээд Б.Н 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөнд ирсэн.  Б.Н-ийг хүүхдээ түлэгдчихээд байхад ирж уулздаггүй юм уу гэхэд “дуртай юм бол чи өөрөө авчирч ирж уулзуулахгүй юу” гэж байсан. Ингээд би Б.Н дээр хүүхдүүдээ аваачиж, нэг хонуулаад, Б.Н буцаад Улаанбаатар хот руу явсан юм. Бага хүү маань түлэгдэхэд аав, ээж, бид гурав л эдгээсэн юм. Өнөөдрийг хүртэл том охин маань миний аав, ээж дээр байж, сургуульдаа явж байна. Бага хүүгээ би завтай үедээ өөрөө аваад хөдөө явдаг. Бусад үед эцэг, эх маань харж асардаг. Одоо бага хүү Г.Х хөлд орж байгаа. Хүүхдүүдээ хаяад явсан учраас хүүхдүүдээ эхийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ү.Г-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ү.Г нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас   2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Х, 2017 оны 11 дүгээр сарын  27-нд хүү Г.Х нар төрсөн болох нь

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн “Б овогт Ү-ийн Г, М овогт Б-ын Н нарын гэр бүлд 2011 оны 07 дугаар сарын 20-нд төрүүлсэн охин Г-ын Х-ыг 2011 оны 08 дугаар сарын 01-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 64-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/005235 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн “Б овогт Ү-ийн Г, М овогт Б-ын Н нарын гэр бүлд 2017 оны 11 дүгээр сарын 02-нд төрүүлсэн хүү Г-ын Х-ыг 2017 оны 11 дүгээр сарын 27-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6707000079-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/005234 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Х аймгийн М сумын Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн “ Г овогтой Х нь 1 нас, 1 сартай, хүйс-эр, өсөлт, бойжилт хэвийн байгааг тодорхойлов. “ гэх Эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Зохигчид хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүүхдийн асрамжлах талаар тохиролцож чадаагүй тул  шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7.-д зааснаар эцэг Ү.Г-ын ёс суртахууны байдал, хүүхдүүдээ хандуулах халамж, амьдрах орчин нөхцөл, бололцоо, хүүхдүүдийн нас зэргийг харгалзан үзэж эх Б.Н-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Учир: Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Ү.Г-тай хамтран амьдарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Г архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ надад агсам согтуу тавих, намайг хөөх болон зодох асуудал удаа дараа гаргаж, сүүлдээ ална гээд хоолой боодог болсон.  Би энэ хүний гарт үхэж магад гэж бодоод хоёр хүүхдээ авч явах гэхэд Ү.Г чамд хүүхэд өгч явуулахгүй. Чи өөрийнхөө дагуулж ирсэн хүүхдээ аваад зайл гэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ хөөгдөж явсан ...  2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хөлсний байранд амьдарсан. Одоо том охин маань Арбулаг суманд миний ээж Урнаа дээр, бага хүү маань хадам аавынд байгаа. Би Г-д 2 хүүхдээ үлдээхгүй, яагаад гэвэл Гантулга байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болон хүүхдүүдийн маань мэнд, амь насанд ч хохирол учруулж болзошгүй хүн байгаа юм. Мөн би 2 хүүхдээ  хойд эхийн гар харуулахыг хүсэхгүй байна. ...” гэх,

Хариуцагч Ү.Г-ын  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Би хэсэг хугацаанд 2 хүүхдээ харж байсан. ... Одоо би хамтран амьдрагч эмэгтэйтэй болсон. ... Өнөөдрийг хүртэл том охин маань миний аав, ээж дээр байж, сургуульдаа явж байна. Бага хүүгээ би завтай үедээ өөрөө аваад хөдөө явдаг. Бусад үед эцэг, эх маань асардаг. Одоо бага хүү Г.Х хөлд орж байгаа. Хүүхдүүдээ хаяад явсан учраас хүүхдүүдээ эхийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрөхгүй байна. ...” гэх  тайлбар,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын  Засаг даргын дэргэдэх Хамтарсан багийн                        2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  хурлын тэмдэглэл  хэрэгт авагдсан байна.

Иймд охин Г.Х, Г.Х нарыг эхийн асрамжинд үлдээж, эцэг Ү.Г-аас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Г.Х, хүү Г.Х нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ү.Г-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Х, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Х нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Н-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Г-аас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Х нь  7 нас 8 сартай, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Х нь 1 нас 4 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 194.300 төгрөгийн тал хувь 97.150 төгрөгийг сар бүр хариуцагч Ү.Г нь хүүхэд тус бүрт төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.Х, хүү Г.Х нарт сар бүр төлөх 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.331.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 52.255 төгрөгийг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 67.954 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б овогт Г.Х ,  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б овогт Г.Х  нарыг эх М овогт Б.Н -ийн асрамжинд үлдээсүгэй.

           2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Х, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ү.Г-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Г-с 52.255 /тавин хоёр мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг, улсын орлогоос 67.954  /жаран долоон мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БЯМБАСҮРЭН