Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2021/0048/З |
Дугаар | 110/ШШ2021/0060 |
Огноо | 2021-09-17 |
Маргааны төрөл | Тендер, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 110/ШШ2021/0060
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон БСШУСЯ/202001346 дугаартай, Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдэл, БСШУЯ/202001346 дугаартай, Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны “Л” ХХК-ийг уг тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулахаас татгалзсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Л” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Л” ХХК-ийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Х.А, нарийн бичгийн дарга Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Л” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани БСШУСЯ/202001346 дугаартай “Соёлын төвийн барилга, 300 суудалтай барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад оролцож байгаа ба тус тендер шалгаруулалтад “Л” ХХК, “К” ХХК-ийн түншлэлийн илгээсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр, аймгийн Засаг даргын мэдэгдлийг манай компанийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзээд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуульд зааснаар Сангийн яамд гомдол гаргасан билээ.
Тодруулбал, захиалагч тус тендер шалгаруулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлаж, 2021 оны 05 дугаар саарын 05-ны өдөр нээсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгч манай тендерийг “...компанийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер байхгүй, зөвхөн сантехникийн инженер санал болгосон, түншлэлийн “К” ХХК нь 80 хувь хүрээгүй дуусаагүй ажилтай” гэсэн үндэслэлээр татгалзсан байв.
Манай компанийн гомдлын дагуу Сангийн яамнаас гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн авсан мөртлөө тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулах нь зүйтэй байна хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Нэгэнт манай гомдол үндэслэлтэй байсан учраас дахин үнэлэх, эсхүл манай компанийг сонгон шалгаруулахыг даалгах шийдвэр гаргах ёстой байсан юм. Тухайн тендерийг дахин зарлавал манай компани нь тухайн тендерийг хийж гүйцэтгэх эрх ашгийг шууд хөндөх юм.
Сангийн яамнаас манай компанийн гомдолд дүгнэлт хийхдээ,
“Л” ХХК-ийн гомдолд дурдсаны дагуу “Л” ХХК болон “К” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд, сантехникийн инженер А.Кийг ус хангамж, ариутгах татуургын инженерт санал болгосон нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /в/-д “5. Ус хангамж, ариутгах татуургын инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер /сантехникийн инженер/ байх” гэж заалтад нийцсэн байтал зөвхөн сантехникийн инженер санал болгосон гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Түүнчлэн, түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд “Л” ХХК-аас ижил төстэй гэрээний туршлагад ирүүлсэн “Дэлүүн сумын Засан даргын Тамгын газрын конторын барилга” 785,800,800 төгрөгийн гэрээ, түншлэлийн гишүүн “К” ХХК-аас ирүүлсэн гэрээнүүд нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.4-т “...тендерт оролцогч түншлэлийн хувьд гишүүн тус бүр 5.3 /а/, /б/, /д/-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой. Түншлэл 5.3, /б/, /в/, /г/-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохдоо түншлэлийн гишүүн тус бүрийн нөөц бололцоог хамтад нь харгалзан үзнэ” гэж заасанд хамаарч байна.
Энэ заалтын дагуу ижил төстэй гэрээний туршлагын шаардлага болох тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 /б/-д “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх шаардлагатай. Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээ, хүлээлгэн өгсөн комиссын акт, ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолтын хуулбарыг тус тус ирүүлнэ. Дуусаагүй барилгын ажилтай бол гүйцэтгэлийн хувь, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолтыг заавал ирүүлнэ” гэж заасанд нийцсэн байна.
Харин түншлэлийн гишүүн “К” ХХК-аас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /и/-д “гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-д дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай” гэсэн заалтыг үндэслэн түншлэлийн гишүүн “К” ХХК-ийг 80 хувь хүрээгүй дуусаагүй ажилтай гэж татгалзсан нь тендерийн баримт бичгийн холбогдох заалтаас зөрүүтэй байна гэж үзээд захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэр нь үндэслэлгүй болохыг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, ТОӨЗ-д байгаагүй шаардлагыг тавьж тендерээс татгалзсан болохыг Сангийн яамнаас тогтоож өгсөн.
Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /в/-д “...хүснэгтэд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ, ус хангамж, ариутгах татуургын инженер 3 жил” гэж заасан. Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтдээ энэхүү заалтад холбогдуулан компанийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер байхгүй зөвхөн сантехникийн инженер санал болгосон гэж дүгнэсэн. Манай компани ТОӨЗ-ны 5.2 /в/-д өгсөн инженер техникийн ажилтнуудын жагсаалтын 4-т ус хангамж, ариутгах татуургын инженер /сантехникийн инженер/ 3 жилээс дээш ажлын туршлагатай гэж заасан ба манай компани ус хангамж, ариутгах татуургын инженерийн орон тоонд сантехникийн инженер мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ 17 жил ажилласан А.К томилон ажиллуулахаар туршаалдаа тусгасан болно.
Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т “...гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-нд дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай” гэж заасан. Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтдээ энэхүү заалтад холбогдуулан түншлэлийн “К” ХХК нь 80 хувь хүрээгүй дуусаагүй ажилтай гэж дүгнэсэн. Манай компани ТОӨЗ-ны 5.2 гэх тусгайлсан заалт ТШӨХ-д байхгүй. Харин ТОӨЗ буюу тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-ийн бүх шаардлагыг “Л” ХХК болон “К” ХХК тус тусдаа хангаж байгаа болно. Түншлэлийн компанийн одоогийн хийж байгаа ажил нь 80 хувьд хүрсэн байх гэсэн шаардлага ТОӨЗ аль алинд нь байхгүй.
Түншлэлийн гэрээний дагуу “Л” ХХК нь 85 хувь, “К” ХХК нь 15 хувь байхаар гэрээ хийсэн ба “К” ХХК нь 15 хувьтай дүйцэх ажлыг хийхийн зэрэгцээ тендер шалгаруулалтад санхүүгийн чадавхийн үзүүлэлтийг хангах зорилгоор оролцож байгаа болно. Харин ТШӨХ-д заасан үндсэн машин механизм, инженер техникийн ажилтан, тоног төхөөрөмжийн шаардлагыг үндсэн гүйцэтгэгч болох “Л” ХХК дангаараа хангаж байгаа ба голлох инженер, техникийн ажилтнуудыг тус компанийн ажиллах хүчний нөөцөөр хангахаар тушаал гарган хүргүүлсэн болно.
Түншлэгч компани болон “К” ХХК-ийн одоогийн хийж гүйцэтгэж байгаа ажил нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар бараа, ажил үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд ямарваа нэгэн сөрөг нөлөөгүй. 27.2.3-т зааснаар бусад тендерт оролцогч компаниудын эрх ашигт шударга бусаар нөлөөлөхгүй болно.
Захиалагч аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороо нь манай компанийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, компанийн дүрмийн зорилгын дагуу ажиллах ашиг олох эрхэд нь халдсан учраас захиргааны хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 онд тендер зарлаад дахиж хүчингүй болгож байна. Бүх ирүүлсэн тендерээс татгалзсанаар хугацаа дууссан гэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй хууль бус шийдвэр байсан гэсэн үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үнэлгээний хорооны шийдвэр, Засаг даргын тендерээс татгалзсан мэдэгдэл яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр үнэлгээний хорооны тендерийг шалгаруулахаас татгалзсан 2 үндэслэл бий.
Нэгдүгээрт, тендерт оролцогч “Л” ХХК ус хангамж, ариутгах татуургын инженер байхгүй, зөвхөн сантехникийн инженер санал болгосон гэсэн байгаа. Энэ талаар тайлбар хэлэхэд, 5.2-д заасан сантехникийн инженер гэсэн боловсон хүчинтэй байсан мөртлөө худлаа ямар ч үндэслэлгүйгээр баримт бичигт ирүүлсэн боловсон хүчний мэдээллийг байхгүй гэж хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж татгалзсан. “Л” ХХК-д сантехникийн мэргэжилтэй инженер байгаа. Энэ талаар шүүх шалгалтаа хийж тогтоосон. Үнэлгээний хороо илт хууль бусаар ажилласан нь тогтоогдож байна.
Хоёрдугаарт, өгөгдлийн хүснэгтийн 5.2 /и/-д заасан шаардлагыг түншлэгч “К” компани хангаагүй. Гүйцэтгэл 80 хувь хүрээгүй ажилтай байгаа гэж татгалзсан. 80 хувь хүрээгүй бол шаардлага хангахгүй гэсэн шаардлага байхгүй. Харин өгөгдлийн хүснэгтэд тендер оролцогчдод тавьсан шаардлагад 70 хувь хүрээгүй бол татгалзах шалтгаан болно, 70-аас дээш хувь бол захиалагчийн тодорхойлолтыг хүргүүлнэ гэсэн зүйл байгаа. Өгөгдлийн хүснэгт болон тендерийн оролцогчдод өгөх зааварчилгаа гэдэг нь тус тусдаа юм. Зааварчилгаа нь ерөнхий байдлаар зохицуулалт шаардлагыг тавьсан байдаг.
Өгөгдлийн хүснэгтийн 5.2 /и/ хэсэгт байгаа “...түншлэгч нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай” гэсэн. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6-д 6 төрлийн шаардлагыг тодорхой бичсэн байдаг. Энэ 6 төрлийн шаардлагын бүгдийн хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, түншлэгчидтэй хамтран ажиллах гэрээнд тавигдах шаардлагуудыг тодорхой дурдсан байгаа. Гэтэл үнэлгээний хорооноос өгөгдлийн хүснэгтийн 14.1 /ж/-ийн 10-д байгаа хэсгийг түншлэгч компани хангасан байхыг шаардана гэж байгаа нь үндэслэлгүй.
14.1 /ж/ хэсэг нь өөрөө тендерт оролцогч “Л”, “Хөх тас”, “Мурап” ХХК-иудад холбоотой. Эдгээр компаниудын аль нэгэн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангасан бол хангаснаар үзэх ёстой. 5.2 /и/ хэсгийг өгөгдлийн хүснэгтэд заасан гэж бичээгүй. ТОӨЗ буюу тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан. “Л” ХХК тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны бүх шаардлагыг хангасан. Өгөгдлийн хүснэгтэд заасан бүх шаардлагыг түншлэгч компани болон “Л” ХХК хоёулаа хангасан байх ёстой гэвэл энэ тендерийг шалгаруулах ямар ч боломжгүй болно. 10 инженертэй байх ёстой гэвэл “Л” ХХК ч 10 инженертэй, “К” ХХК ч 10 инженертэй байх ёстой гэсэн шаардлага тавиад байх юм бол зөндөө алдаа дутагдал гарна.
Өгөгдлийн хүснэгтэд заасан бүх шаардлагыг тулгаад явах ёстой. Жишээлбэл, 5.3 \в\ хэсэгт байгаа шаардлагыг нэг бүрчлэн үзэх ёстой. 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажлыг аль аль нь хийсэн байх ёстой гэж өгөгдлийн хүснэгтэд заасан. “Л” ч, “К” ХХК ч 60 хувиас багагүй ажил хийсэн байх ёстой гэвэл энэ ажлыг хангах ёсгүй. Өгөгдлийн хүснэгтийг яаж харж үзэх ёстой гэвэл түншлэгч болон толгой компанийн аль нэг нь хангаснаар дүгнэх ёстой. Тендерт “Л” ХХК оролцож байна. ”К ХХК зөвхөн түншлэлээр орсон. Мөн машин механизм болон боловсон хүчний 90-ээс дээш хувийг “Л” ХХК ганцаараа хангаж байгаа. “Л” ХХК энэхүү тендерийг ганцаараа хийж гүйцэтгэнэ. “К” ХХК зөвхөн 15 хувийн ажлыг хийж гүйцэтгэнэ. “К” ХХК-ийн гүйцэтгэнэ гэж байгаа ба 15 хувийн ажил энэхүү тендерийг “Л” ХХК гүйцэтгэхэд саад болохоор зүйл тогтоогдохгүй байна. Техник хэрэгсэл, боловсон хүчин, санхүүгийн чадавхын хувьд бүгдийг нь “Л” ХХК гаргаж байгаа. Үнэлгээний хорооны шалгаруулсан баримт бичгүүдэд “Л” ХХК бараг бүх шаардлагыг хангаж байгаа гэж “+” тэмдэг тавиад байсан мөртлөө сантехникийн мэргэжилтэн байхгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй. “Л” ХХК өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй гэж байгаа боловч ямар ч нотлох баримт байхгүй.
Түншлэлийн гэрээний талаар тайлбар хэлэхэд, түншлэлийн гэрээнд 15 хувь, хойд талд нь 25-40 гэж бичсэн гэж ярьж байна. Өгөгдлийн хүснэгтийн 6.1-д зааснаар түншлэгч нь хамгийн багадаа 25 хувийн ажлыг гүйцэтгэх ёстой гэж үнэлгээний хорооны даргын тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл, 5.2 \и\ хэсэгт гэрээгээр гүйцэтгэх ажлын 10-аас дээш хувийн ажлыг гүйцэтгэхээр байгаа бол түншлэлийн гэрээгээ хийнэ гэж заасан байгаа. 15 хувийн ажлыг түншлэгч компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн нь буруу, туслан гүйцэтгэгчийн гэрээ хийх ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 15-аас дээш хувийн ажилтай байсан учраас мэдээж түншлэлийн гэрээ хийх ёстой. Тиймээс 5.2 \и\-д заасан шаардлагыг хангаж байгаа.
Харин хариуцагч нарын тайлбарлаж байгаа 6.1 гэдэг нь өөр заалт. 6.1 \е\ хэсэгт 5.3 \а\, \в\, \д\ хэсгийг ярьж байгаа. Энд тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа гэсэн зүйл бичээгүй. 5.3 \а\, \в\ хэсэг нь санал болгож буй үнийн дүнгээс борлуулалтын хэмжээ нь 60 хувиас багагүй байна гэсэн. “Л” ХХК 40 хувиас багагүй борлуулалт хийсэн байхыг шаардсан, төлөөлөх эрх бүхий компани “Л” ХХК нь 40 хувиас багагүй борлуулалт хийсэн байх гэсэн шаардлагыг хангасан. Түншлэгч “К” ХХК санал болгож буй үнийн дүнгийн 25 хувийг борлуулалтаар, 5.3 \а\ хэсэгт заасан шаардлагыг “Л” ХХК хангаж байна. Энэ нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал сүүлийн 3 жилд санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагатай гэсэн . Тэгэхлээр, “Л” ХХК барилга угсралтын ижил төстэй 60 хувийн ажлыг “К” ХХК хоёр тус тусдаа хийж гүйцэтгэсэнтэй холбоотой материалыг хүргүүлсэн. 6.1 \е\ хэсэгт заасан 40, 25 хувь гэдэг нь ийм учиртай. Түүнээс биш энэ гүйцэтгэлийн хувь биш.
Мөн Ш.Саулетхан гэдэг хүн агаар, сэлгэлт халаалтын инженер мэргэжилтэй биш, тэр хүн агаар сэлгэлт халаалтын инженер мэргэжилтэй гэж “К” ХХК өөрийн орчуулгын товчоогоор орчуулж, тамга даруулаад хуурамч баримт бичиг ирүүлсэн гэсэн зүйл ярьж байна. Тэр орчуулга нь хуурамч биш. Тэр орчуулгыг үнэн зөв орчуулсан нь шүүхийн албан ёсны орчуулагч А.Еркегүлийн орчуулгатай таарч байгаа. Халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй гэж мэргэжлийн тодорхой заагаад өгсөн. Агаар сэлгэлтийн инженер байхгүй гэж тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр, “Л” ХХК эксковаторыг тендерт оролцсоны дараа шүүхэд маргаантай байгаа хугацаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бусдад худалдсан. Одоо “Л” ХХК экскаватор байхгүй гэж ярьж байна. “Л” ХХК одоо экскаватор байхгүй гэдгийг та нар яаж нотолж байгаа вэ. Тухайн тендер шалгаруулах үед экскаватор байсан. Тухайн экскаваторыг худалдсаны дараа өөр экскаватор худалдаж авсан уу гэж тодруулж асуусан уу. Ямар ч байсан “Л” ХХК экскаватор байгаа. “Л” ХХК хэд хэдэн экскаватортой байж энэ экскаваторын материалыг тендерт ирүүлсэн байж магадгүй.
Өнөөдөр хийсвэрээр “Л” ХХК экскаваторгүй болчихлоо гэж ярьж байгаа нь хэр үндэслэлтэй юм. Шүүх өнөөдөр та нарын тайлбарлаж байгаагаар биш тухайн үед та нарын гаргасан шийдвэр хуульд нийцсэн, нийцээгүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Маргаан бүхий акт гарснаас хойших асуудал өнөөдөр энэ хэрэгт хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаанаас болж дахин дахин Баян-Өлгий аймагт хийгдэх ёстой 300 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажил 2 жилийн хугацаанд хийгдээгүй явж байна.
Энэ ажлыг “Л” ХХК хийснээр хэн нэгний эрх ашиг зөрчигдөхгүй. Уг тендерийн ажлыг “Л” ХХК хийх бүрэн боломжтой. “Л” ХХК-д техник тоног төхөөрөмж, санхүүгийн чадавх хангалттай байсан. “Л” ХХК тендерт оролцсон бусад компаниудаас хамгийн бага үнийн санал оруулсан. Бусад компаниудыг бодвол 200 сая төгрөгийн үнийн зөрүүтэй хөнгөлөлт үзүүлж оруулж ирсэн. Олон жилийн туршлагатай, ижил төстэй ажил хийж байсан, бүх шаардлагыг хангаж байгаа “Л” ХХК энэхүү тендерийг өгөх нь зүйтэй гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус аймагт 2020-2022 онд хэрэгжих соёлын сайдын багцын хөрөнгө оруулалтаас санхүүжилттэй, 1 683 200 000 төгрөгийн төсөвт өртөгтэй Баян-Өлгий аймгийн Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилгын БСШУСЯ/202001346 дугаар тендер шалгаруулалтын ажиллагаанд гаргасан “Л” ХХК-ийн нэхэмжлэлд аймгийн Засаг даргаас дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тухайн төсөл, арга хэмжээний тендер нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдаж 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээгдэж, тендерт оролцогчдыг үнэлэхэд шаардлага хангасан тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.1-т бүх тендерээс татгалзах гэж заасны дагуу бүх тендерээс татгалзсан байна. Тендерт оролцогч “Л” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргах явцад тендерийн хүчинтэй хугацаа дуусаж дахин тендер зарлагдах нөхцөл үүссэн боловч тухайн компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа түр хойшлогдсон.
Иймд уг төсөл, арга хэмжээний талаар “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох хуулийн дагуу тендерт шалгарсан компанитай хууль, журмын дагуу гэрээ хийж ажиллана гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Захиалагч Засаг даргын хувьд үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд шийдвэр гаргадаг учраас аймгийн Засаг дарга хуулийн хүрээнд гаргах ёстой шийдвэрийг гаргаж, мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэж байна гэв.
Хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооноос ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/297 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо соёлын төвийн барилга, 300 суудал //Баян-Өлгий, Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий ажил 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдаж 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлт хийхэд нийт 3 компани тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж шаардлага хангасан нэг ч компани байхгүй тул бүх тендерээс татгалзаж дахин зарлах тухай дүгнэлт гаргасан болно. Үнэлгээний хороо тухайн үед “Л” ХХК-ийн тендерээс тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2 /в/-д заасан “дараах хүснэгтэд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ, халаалт агаар сэлгэлтийн инженер жил” гэсэн шалгуур болон түншлэгч “К” ХХК ТОӨЗ-ны 5.2-д “гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-д дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай” ТОӨЗ 14.1 /ж/-д тендерт оролцогч нь олон багцын ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. 70 хувь буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт иргүүлнэ гэх шалгуурыг тус тус хангаагүй гэх үндэслэлээр “Л” ХХК-ийн тендерээс татгалзсан.
“Л” ХХК дээрх шалгаруудыг хангахгүй байгаа шалтгаан нь,
Халаалт агаар сэлгэлтийн инженер гэж сантехникийн инженер мэргэжилтэн Хуатханы Болатбекийг санал болгосон. Мөн түншлэгч компани болон “К” ХХК-ийн агаар сэлгэлтийн инженер болон Шарив овогтой Саулетхан нь Казахстан улсад төгссөн мэргэжлийн индекс нь /050729/ барилгын инженер мэргэжилтэй буюу мэргэжлийн индекс нь “Л” ХХК-ийн санал болгосон барилгын инженер С.Ержаны мэргэжилтэй адилхан байна.
Гэвч орчуулга хийхдээ зориуд хуурамчаар халаалт агаар сэлгэлтийн инженер гэж орчуулж ирүүлсэн. Энэ нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг нотолж байна.
ТОӨЗ 5.2-д гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-нд дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай, ТОӨЗ 14.1 /ж/-д тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. К ХХК нь тендер нээлт хийсэн өдрийн байдлаар цэцэрлэгийн барилга, 120 ор /Баян-Өлгий, Өлгий сум, /Кутты мекен хотхон/-ны ажлын гүйцэтгэх 70 хувь буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй тухай захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлээгүй. Тухайн тендерийн нарийн бичгийн дарга алдаатай 70 хувь байсныг 80 хувь гэж бичсэнийг мэдсээр байж ашиглан зориуд гомдол гаргасан байж болзошгүй байна.
Үнэлгээний хороо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т заасны дагуу тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгасан ба тендерийн хүчинтэй байх хугацаа гомдол гарсны дараа дууссан болно.
Тус тендер хүчингүй болж дахин зарлагдсан тохиолдолд “Л” ХХК дахин оролцох боломжтой ба компанийн эрх ашиг хөндөгдөөгүй болно. Харин шаардлага хангахгүй байгаа “Л” ХХК-ийг шалгаруулж гэрээ хийсэн тохиолдолд тендерт оролцогч бусад компаниудын эрх ашиг хөндөгдөх тул тус компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, оролцогч компаниудаас гомдол гаргаснаар оны эцэст Төсвийн тухай хуулиар тодотгол хийхэд төсөв нь татагдаж, 2020 онд баригдаагүй байсан. Тухайн үед тендерийг Боловсролын яамнаас зарласан байсан. Энэ жил тендерийг аймгаас зарлаад тендер шалгаруулалтад 3 компани оролцсон.
Тендерээс татгалзсан үндэслэл нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1-д “Тендерт оролцогч түншлэлийн компани доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийн шаардлагыг хангасан байх” гэсэн шаардлага тавьсан. Дээрх шаардлагыг түншлэлийн гэрээнд тусгаагүй тохиолдолд түншлэлийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тодорхой заасан байхад түншлэлийн гэрээг хамтран ажиллах түншлэлийн гэрээ гэж ирүүлсэн байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.3-д “Л” ХХК 85%, “К” ХХК 15% хувийг гүйцэтгэнэ гэж өөрсдийн тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй гэрээ ирүүлсэн.
Мөн сантехник халаалт агаар, сэлгэлтийн инженер дээр сантехник инженер санал болгосон. Дээр нь түншлэлийн аль нэг гишүүн 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилтай байвал татгалзана гэсэн шаардлага тавьсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр, манай аймгийн барилгын компаниуд 3-4 ажлыг давхар авдаг мөртлөө ажлаа дуусгадаггүй. “К” ХХК-д Цагааннуур тосгонд 1 ажил, аймгийн төвд 640 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг одоо хүртэл гүйцэтгээгүй, 70 хувиас бага гүйцэтгэлтэй явж байгаа. 70 хувиас дээш гүйцэтгэлтэй байвал Сангийн яаманд хүргүүлж, санхүүжилт авсан маягтыг ирүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэхдээ санхүүжилт авсан маягтыг ирүүлээгүй. Аймгийн төвд байгаа 75 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль 70 хувь байтугай, 30 хувийн гүйцэтгэлд хүрээгүй байгаа.
Тиймээс бид нар Толбо сумын ард иргэдийн эрх ашгийг бодож, аймгийн хөрөнгө оруулалтын ажил явах ёстой учраас “К” ХХК шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан байгаа. Гэрээний 1.2, 1.3, 1.4-д тодорхой заасан байгаа. Түншлэлийн гишүүн доод тал нь 25 хувийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлага тавьсан байхад 15 хувийн ажил хийнэ гэж гэрээ ирүүлсэн учраас тендерээс татгалзсан гэв.
Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үнэлгээний хороо дүгнэлт гаргахдаа сантехник биш тухайн компанийн халаалт, агаар сэлгэлтийн инженер байхгүй гэж татгалзсан. Түншлэгч “К” ХХК нь 70 хувь гүйцэтгэлд хүрээгүй ажилтай гэж татгалзсан байгаа. Түншлэгч компанитай тендерт хамт орохдоо нэгнийхээ дутуу материалыг нэг нь нөхнө гэж ирүүлсэн байна. Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн оронд “К” ХХК барилгын инженерийг санал болгосон. Дипломыг орчуулахдаа барилгын инженерийг халаалт, агаар сэлгэлтийн инженер гэж худлаа орчуулсан байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Л” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон БСШУСЯ/202001346 дугаартай, Толбо сумд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдэл[1], БСШУЯ/202001346 дугаартай Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны “Л” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахаас татгалзсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг[2] тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Л” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Орон нутгийн төсвийн 1,683,200,000 /нэг тэрбум зургаан зуун наян гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр санхүүжих Толбо сумд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/297 дугаартай захирамжаар[3] байгуулж, үнэлгээний хороо нь тендерийн урилгыг[4] болон тендерийн баримт бичгийг боловсруулж, захиалагч нь тендерийн урилгыг нийтэд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан байна.
Уг тендер шалгаруулалтад “Хөхтас” ХХК нь 1.533.000.000 төгрөгийн үнийн саналаар, “Мурап” ХХК нь 1.580.134.679 төгрөгийн үнийн саналаар, “Л” ХХК нь 1.450.000.000 төгрөгийн үнийн саналаар тус тус тендер ирүүлсэн байх ба үнэлгээний хороо нь тендерийг нээж, ирүүлсэн тендерүүдийг хянаж үзээд, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасны дагуу бүх тендерээс татгалзах шийдвэрийг гаргажээ.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамж, тендерийн урилга, тендерийн баримт бичиг, тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээр[5] тус тус батлагдаж байна.
Хариуцагч тендерийн үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийг тухайн ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулаагүй үндэслэлээ “...тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2 (в)-д заасан инженер, техникийн ажилтан буюу ус хангамж, ариутгах татуургын инженер байх шаардлагыг хангахгүйгээр зөвхөн сантехникийн инженерийг санал болгосон, түншлэгч “К” ХХК-аас халаалт, агаар сэлгэлтийн инженер гэж санал ирүүлсэн Шарив овогтой Саулетхан нь барилгын инженер бөгөөд түүний дипломын орчуулгыг зориуд худал орчуулсан, мөн ТОӨЗ 5.2-д заасан гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОАЗ-д заасан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай, гэтэл түншлэгч “К” ХХК нь 70 хувь хүрээгүй дуусаагүй ажилтай, ТОӨЗ 5.3 (в)-д заасан зайлшгүй шаардлагатай машин механизм болох эксковаторыг тендер шалгаруулалт дууссаны дараа өөр хүний эзэмшилд шилжүүлсэн, хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхэд ашиглах эксковатор байхгүй тул ажилд сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарлажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийх тул хэргийн оролцогчдоос гаргасан тайлбарын үндэслэлийг хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад тулгуурлан дараах байдлаар дүгнэлээ.
1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2. (в)-д заасан инженер, техникийн ажилтнууд хэсгийн[6] 4-д “ус хангамж, ариутгах татуургын инженер” гэх албан тушаалын мэргэжлийн шаардлагад “ус хангамж, ариутгах татуургын инженерээс гадна сантехникийн инженер гэж давхар тусгасан байх ба энэхүү шаардлагыг нэхэмжлэгч “Л” ХХК хангасан болох нь тендерт ирүүлсэн инженер техникийн ажилчдын судалгаагаар[7], Хуантханы Болатбек нь сантехник, инженерийн байгууламжийн мэргэжилтэй болох нь түүнд олгосон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D 201530527 дугаартай бакалаврын дипломын хуулбараар[8], А.Кд Гэгээрлийн яамнаас олгосон С 199825 дугаартай барилын сантехникийн инженерийн дипломын хуулбараар[9], мөн түншлэгч “К” ХХК-аас “халаалт, агаар сэлгэлтийн инженер”-т санал болгож ирүүлсэн Шаривын Саулетхан нь “халаалтыг газаар хангах ба агаар сэлгэлт”-ийн мэргэшил эзэмшсэн нь Л.Н.Гумиловын нэрэмжит Евразийн улсын их сургуулийн ЖБ-Б № 0417301 дугаартай дипломын хавсралтын хуулбараар[10] тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн “...нэхэмжлэгчээс тендерт санал болгож ирүүлсэн инженер, техникийн ажилтнууд нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх заалтаар үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд тендерт оролцогчдоос захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, тендерийн урилгад заасан хугацаанд ирүүлсэн саналыг нээж, хянан үзэж, уг ирүүлсэн санал нь /тендер/ шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэхээр байна.
Харин цаг хугацааны хувьд тендер шалгаруулалт дуусаж, тендерийн хорооноос зохих шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн машин механизм болох эксковаторыг өөр хүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг хариуцагчаас тендер шалгаруулалттай холбож тайлбарласан нь үндэслэлгүй, тодруулбал, нэхэмжлэгч нь тус шүүхэд тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Л” ХХК-аас ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцээгүй тендер” гэж шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэл гаргасан, шүүх нь тендерийн үнэлгээний хорооны тухайн өдрийн сонгон шалгаруулалтаар “Л” ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх тул сонгон шалгаруулалтын дараах үйл баримт нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй, энэхүү үндэслэлээр “Л”ХХК нь машин механизмын хувьд шаардлага хангаагүй байжээ гэж дүгнэх боломжгүй байна.
3. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (и)-д “Гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж, тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-д дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай”, ТОӨЗ 14.1 (ж)-ийн 10-т “Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. /70% буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ/ гэж заажээ.
Нэхэмжлэгч компани нь ажил гүйцэтгэхэд санал болгосон нийт үнийн дүнгийн 15 хувийн ажлыг гүйцэтгүүлэхээр “К” ХХК-тай түншлэлийн чиглэлээр тохиролцож, 2021оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 01/2021 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх ба түншлэгч компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б-д зааснаар тендерт оролцогчийн хувьд захиалагчаас тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу тендерээ үнэлгээний хороонд ирүүлжээ.
Уг тендерт 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын жагсаалт гэж нийт 9 ажлыг[11] нэрлэсэн, үүнээс захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргатай 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 120 ортой цэцэрлэгийн /Кутты мекен хотхон/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /XII.1.1.280/-г[12] ирүүлсэн боловч уг ажил нь дууссан, дуусаагүй эсэхийг тогтоосон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгасан шаардлагыг буюу мэдээлэл, холбогдох баримтуудыг хавсаргаагүй байна.
Хэрэв уг барилгын ажил нь дуусаагүй тохиолдолд дээрх шаардлагад заасан 70% буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлийн хэмжээг тогтоож, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын 7 дугаар хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга угсралтын ажлын санхүүжилтийн хүсэлтийн маягт”, 8 дугаар хавсралтаар баталсан “Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №” маягтуудыг тус тус ирүүлэх шаардлагатай байсан ба уг шаардлагад заасан холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул “... түншлэгч компани нь 70 % -аас бага гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын ажилтай, барилгын компаниуд 3-4 ажлыг давхар авдаг мөртлөө ажлаа дуусгадаггүй” гэсэн тайлбар, үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан.
Хуулийн дээрх заалтуудаар захиалагчаас тогтоосон тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх ба “Л” ХХК-аас БСШУЯ/202001346 дугаартай, Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн тендерийг дээрх байдлаар шаардлагад нийцээгүй гэж үзсэн тендерийн хорооны шийдвэрийг үндэслэж захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь уг тендерээс татгалзсан нь хуульд нийцжээ.
Иймд тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, захиалагч аймгийн Засаг даргын мэдэгдэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдэл, БСШУЯ/202001346 дугаартай Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны “Л” ХХК-ийг уг тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулахаас татгалзсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Л” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” шаардлагыг хангах боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4 -т заасныг тус тус баримтлан “Л” ХХК- аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон БСШУСЯ/202001346 дугаартай, Толбо сумд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдэл, БСШУЯ/202001346 дугаартай Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны уг тендерийн гүйцэтгэгчээр “Л” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Л” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 9 дүгээр хуудас
[2] Хэргийн 54-55 дугаар хуудас
[3] Хэргийн 30 дугаар хуудас
[4] Хэргийн 40 дүгээр хуудас
[5] Хэргийн 54 дүгээр хуудас
[6] Хэргийн 45 дугаар хуудас
[7] Хэргийн 73 дугаар хуудас
[8] Хэргийн 77 дугаар хуудас
[9] Хэргийн 87 дугаар хуудас
[10] Хэргийн 130-131 дүгээр хуудас
[11] Хэргийн 119-121 дүгээр хуудас
[12] Хэргийн 122-123 дугаар хуудас