Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2019/1010/з/Н |
Дугаар | 221/МА2024/0607 |
Огноо | 2024-09-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0607
“М у а х”НҮТББ, “Д б ү э г”ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч “М у а х”ТББ-ын төлөөлөгч Ч.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд “Д б ү э г” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, өмгөөөлөгч Г.Х нар
Нэхэмжлэгч: “М у а х”НҮТББ /РД:*****/
Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд /”М у а х”НҮТББ-ын нэхэмжлэлийн хувьд/: “Д б ү э г”ТӨҮГ /РД:******/
Хариуцагч: Т ө б, з г
Нэхэмжлэлийн шаардлага: (а) нэхэмжлэгч “М у а х”НҮТББ-ын хувьд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”,
(б) нэхэмжлэгч “Д б ү э г”ТӨҮГ-ын хувьд “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2019/1010/з/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М у а х”ТББ болон “Д б ү э г”ТӨҮГ-аас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, ** дугаар байрны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар “Төрийн өмчийн хороо”/ -ын тогтоолуудтай маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 9-д заасныг баримтлан “М у а х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж бүхий 142 дугаар тогтоол хүчингүй болохыг тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9 дэх заалтыг баримтлан “Д б ү э г”ТӨҮГ-ын гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах гомдлын агуулга:
3. Нэхэмжлэгч “М у а х”НҮТББ-ын төлөөлөгч Ч.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай манай үндсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.2. Нэхэмжлэгч “М у а х”ТББ нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамжны 18 дугаар байрны хууль ёсны өмчлөгч мөн. Анх БНМАУ-ын (хуучин нэрээр) Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын 1989 оны Б/398/392 тоот тушаал, Соёлын яамны коллеги, “М У А Х Х”-ны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөний 1990 оны 12/16 тоот тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 09 тоот тушаал, бусад байр хүлээлцсэн акт баримтуудыг үндэслэн одоогийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамжны ** дугаар байрыг хүлээн авч 1991 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан билээ.
Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдаж мөрдөгдсөний дараа Төрийн өмчийн хороо байгуулагдаад 1997 оны 297 тоот тогтоолоороо нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсан дээрх байрыг ямар ч үндэслэлгүйгээр “төрийн өмч хөрөнгө болгосон” тухай шийдвэр гаргасан нь манай байгууллагын эрхийг зөрчсөн явдал болсон. Тиймээс энэ талаар Төрийн өмчийн хороонд өргөдөл, хүсэлтээ гаргаж өөрийн эзэмшлийн хөрөнгө болохоо зохих баримтаар баталж, ойлгуулсаар байсан болохоор 2001 оны 500 дугаартай тогтоолоороо манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрч, дээрх 297 дугаартай тогтоолоо хүчингүй болгосон.
3.3. Үүний дараа нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу байраа улсын бүртгэлд бүртгүүлж, эрхээ баталгаажуулаад өнөөдрийг болтол газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хураамжаа зохих ёсоор бүрэн төлж, үүргээ биелүүлсээр ирсэн. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагаар баталгаажигдсан зөвшөөрөл болон хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний дагуу эзэмшил газар дээрээ шинээр үл хөдлөх эд хөрөнгө барих төслийг хэрэгжүүлж, эхнээсээ хөрөнгөө гаргаад барилгаа бариад эхэлсэн байгааг эрхэм шүүгчид анхааралдаа авахыг хүсч байна.
Хариуцагчийн гаргасан дээрх тогтоол нь эрх зүйн онолоор захирамжилсан шинжтэй буюу төрийн захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн эрх ашгийг хориглож хөндсөн үр дагавартай, тодорхой тохиолдлыг шийдвэрлэсэн захиргааны акт мөн. Тиймээс бид Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолыг эсэргүүцэж захиргааны шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хамгаалуулахыг зорьж байгаа билээ.
Хариуцагч нь 142 дугаар тогтоолоо гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, заалтуудыг шууд зөрчсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 тоот тогтоол нь 2001 оны 500 дугаартай тогтоолоо хүчингүй болгосон бол 500 дугаартай тогтоол нь 1997 оны 294 дугаартай тогтоолоо хүчингүй болгосон. Тэгэхээр энэ захиргааны хэргийн үйл явдлын эхлэл буюу суурь нь юу вэ гэхээр 1997 оны 294 дугаартай тогтоол гэсэн үг. Энэ тогтоолоороо төр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө” гэсэн заалтыг зөрчиж тухайн үеийн эрх бүхий "улсын байгууллага"-уудын албан бичиг, баримтаар нэхэмжлэгч талд шилжигдсэн байсан үл хөдлөх хөрөнгийг “өөрийн өмчлөлд байсан” мэтээр үзэж, баримт нотолгоонд үндэслэхгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн. Анхнаасаа ийнхүү нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байсан асуудлыг болон үл хөдлөх хөрөнгийн хувьд хэзээ хэрхэн бий болсон болох, дээрх хууль батлагдах үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө мөн эсэхийг судалж тогтоолгүйгээр дахин нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж 142 дугаартай тогтоол гаргасан нь хууль бус захиргааны акт болсон.
Харин 2001 оны 500 дугаар тогтоол нь тухайн үеийн эрх бүхий “улсын байгууллага”-уудын албан бичиг, баримтаар үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч талд шилжигдсэн байсан болон энэ хөрөнгө хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байгаагүй хөрөнгө болохыг нотолгоо, судалгаа, үндэслэлтэйгээр дүгнээд өмнө гаргасан 294 дүгээр тогтоолоо хүчингүй болгон шийдвэрлэсэн нь зөв байсан. 2001 оны 500 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн өмнө үүссэн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн болохоос төрийн өмчийг худалдаагүй, бэлэглээгүй, шилжүүлээгүй.
3.4. Хариуцагч захиргааны байгууллагын гаргасан актын үр дагавар нь нэхэмжлэгч талын эрхийн зөрчсөн. Гэтэл шүүх үндэслэх хэсгийнхээ 5.2.18-д “Шүүх урьд төрийн өмч байсан, одоо хувийн өмчид бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн эрх зүйн маргаантай хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, асуудлыг нэг мөр шийдвэрлэхээсээ илүүтэй маргаантай асуудлыг даамжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь хариуцагч төрийн захиргааны байгууллагын гаргасан тогтоолын агуулга, түүнээс үүдэж бий болох үр дагавар нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаж байгаа нь захиргааны хэргийн шүүхэд хамааралгүй мэтээр тайлбарлах ёсгүй. Захиргааны шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй эсэх, бусдын эрх хөндөгдөж байгаа эсэх, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн эсэх нөхцөл шаардлагад үнэлэлт дүгнэлт өгөх ёстой бөгөөд хэрэв дээрх хуулийг зөрчсөн нөхцөл байгаа бол нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдэх ёстой болов уу. Бид өмчлөх эрхийн маргааны асуудлаар нэхэмжлэл гаргаагүй, харин захиргааны байгууллагын гаргасан акт хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа.
3.5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5.2.22-т “...захиргааны актаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй талуудад харилцан тэнцвэртэй байдлын харгалзан дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийгөө 34 жилийн өмнөөс одоогийн “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамжны ** дугаар байр” үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх анх бий болсон гэж үзэж, харин гуравдагч этгээдийг болон төрийг өмчлөх эрхтэй гэж үзэхгүй байхад “эрх ашиг нь хөндөгдөж байгаа талууд” гэж шүүх дүгнэснийг үгүйсгэж байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгээр болон цугларсан байгаа баримтаар бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдож, эцэслэн шийдвэрлэх хангалттай боломж байхад шүүх “холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэх нь эрх нь зөрчигдөөд шүүхэд хандсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг улам дордуулсан, төрийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг дэмжсэн, өмөөрсөн, “нэхэмжлэгчийн эрхийг баттай үгүйсгээд ир” гэж байгаа мэт шийдэл гаргаж байгаад дургүйцэж, эсэргүүцэж байна. Тэр бүү хэл, шүүхийн ажиллагаа нь өнөөдөр 5 жил гаруй хугацаанд өрнөж, 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байхад нэмээд 6 сараар хугацааг хойшлуулж байгаа нь захиргааны байгууллагын хууль болон хүний эрхийг зөрчсөн үйлдэл дээр нэмж нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх, шударгаар шийдүүлэх эрх, эрхээ сэргээлгэх зорилгыг няцаасан явдал болж байгаад харамсаж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 тоот тогтоолыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШШ2024/0442 дугаартай шийдвэрт оруулахыг хүсч давж заалдаж байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. Маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, харин “Д б ү э г”ТӨҮГ-аас гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн 10-11 дүгээр хуудсанд, ... Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “Д б ү э г”ТӨҮГ-ын маргаж буй хариуцагчийн шийдвэрийг утга агууллагын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй байхаас гадна 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэх ... хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, бүрэн эрхээ хэтрүүлэх, мөн зүйлийн 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” хэн ч харсан эрх зүйн илт алдаатай гэх, 2016 оны Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын “захиргааны акт гаргах эрх зүйг үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах ... хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй акт гаргасан гэж үзэх боломжгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч “Д б ү э г”ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үгүйсгэх үндэслэл байхгүй болно. Учир нь маргаан бүхий Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, М у а х, Монгол Улсын Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байсан барилгыг Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн газарт Элчин сайдын яам байгуулах зориулалтаар эзэмшихийг даалгасан боловч хожим Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор “... барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны өмч болох нь нотлогдож байна... гэж дүгнээд Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхээс “М у а х”ТББ болон Гадаад хэргийн яамыг төлөөлж Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд захирал нарын хооронд байгуулагдсан хэлцлийг бодит байдлаас эсрэгээр тайлбарлан маргаан бүхий байрны талаар маргаагүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.3. Шүүхийн шийдвэрийн 13 дугаар хуудсанд, ... Түүнчлэн Гадаад хэргийн яамыг төлөөлж Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дэд захирал болон “М у а х”НҮТББ, барилгын “А-Ө г” ХХК-тай маргаанд хамаарах 18 дугаар байрыг буулгаж дахин барилгаажуулах төслийг хэрэгжүүлэхээр, ингэхдээ Гадаад хэргийн яам болон Монголын урлагийн ажилтны холбоо шинээр баригдах барилгаас тус бүр 500 м.кв талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байх бөгөөд энэ хугаацааг хүртэл талуудын хооронд тухай үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй явсан гэж үзэхээр байна. Товчхондоо Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоол гарсан цагаас хойш 18 жилийн хугацаанд төр захиргааны байгууллагаас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Нэгдсэн үндэстний гудамжинд байрлах 7915 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцны зориулалттай 18 дугаар байрны өмчлөлийн асуудлаар шийдвэр гаргаагүй, “М у а х”ТББ-тай өмчлөлийн маргаангүй явж ирсэн” гэжээ.
Гэтэл бодит байдал дээр уг барилгын хувьд маргаантай байсан учраас 18 дугаар барилгыг буулгахад Дипломат албыг хариуцдаг Гадаад хэргийн яамны зөвшөөрөл хэрэгтэй болсон, хууль бус шийдвэр гаргуулж авсан гэдгээ мэдэж байсан учраас дахин баригдах барилгаас Гадаад хэргийн яаманд 500 м.кв талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өгөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Энэ үйлдлээрээ 18 дугаар байрыг Монголын урлагийн ажилтны холбоо хууль бусаар өмчлөлдөө авснаа цайруулж, Гадаад хэргийн яамыг хохиролгүй байлгах гэж барилгаас Гадаад хэргийн яам өөрийн харьяа дипломат албанд ашиглагддаг байр нь ашиглагдах боломжгүй болсон тул Монголын урлагийн ажилтны холбоог дахин барилгажуулахыг зөвшөөрч, тодорхой хөрөнгүүдийг эзэмшилдээ авснаар, Төрийн өмчийн хорооны 500 дугаар тогтоолоор хууль бусаар төрийн өмчөөс гараад явчихсан эд хөрөнгийг буцаан авах тохиролцоо хийгдсэн байдаг. Ийм тов тодорхой хэлцэл байхад яагаад шүүх уг барилгын талаар маргаангүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна.
4.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ маргаан нь өмчлөлийн маргаан гэдэгтэй санал нэгдсэн. Тиймдээ ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг маргаан бүхий хөрөнгийн өмчлөлийн асуудлыг дахин нягталж захиргааны акт гаргаж шийдвэрлэж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас маргаан бүхий хөрөнгө нь төрийн өмчийн хөрөнгө гэдгийг нотлоод, 500 дугаар тогтоолоо хүчингүй болгоод 142 дугаар тогтоолыг гаргасан тул дахин өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагүй юм. Маргаан бүхий хөрөнгө төрийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг 142 дугаар тогтоол гарахын өмнө хийгдсэн судалгаа, танилцуулга, хорооны хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа.
4.5. Шүүхээс 142 дугаар захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинээр захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн хэрнээ 500 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй хэмээн үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилдөөнтэй байгааг харуулж байна. Хэрэв өмчийн асуудлыг дахин нягталж захиргааны шийдвэр гаргуулах гэж байгаа тохиолдолд энэ өмчтэй холбоотой 500 дугаар тогтоолын талаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар шийдвжрийг хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд “Д б ү э г”ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, өмгөөлөгч Г.Х нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
5.1. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар эд хөрөнгө өмчлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг эзэмших ашиглах эрх сэргэх байдлаар нэхэмжлэл гаргасан байхад хуулиар олгогдоогүй буюу өмчлөх эрх сэргэх байдлаар нэхэмжлэл гаргасан гэж худал дүгнэлт хийж, шийдвэрээ гаргажээ.
Төрийн өмчийн хороо, өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр, хуульд зааснаас бусад арга хэлбэрээр, төрийн бус байгууллагад өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлж, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын эзэмшил ашиглалтад байсан үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн бус байгууллагад шилжүүлэх замаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын эзэмшилд байсан маргаан бүхий байрны эзэмшлийг өөрчилснийг илт хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо нь тухайн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл Засгийн газрын шийдвэр, тогтоолгүйгээр төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн бус байгууллагын өмч болохыг тогтоох байгууллага биш болно. Нөгөө талаас төрийн бус байгууллага нь маргаан бүхий байрыг өөрийн өмч гэж үзэж байгаа бол яагаад заавал төрийн захиргааны байгууллага болох Төрийн өмчийн хороогоор шийдвэр гаргуулж, маргаан бүхий байрыг өөрийн өмчлөл болгохоор шийдвэр гаргуулах ойлгомжгүй юм.
Эндээс Төрийн өмчийн хороо нь төрийн бус байгууллагын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэдэг байгууллага болж хувиран, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын эзэмшил ашиглалтад байсан маргаан бүхий байрыг хуулиар олгогдоогүй төрийн бус байгууллагын өмчийн асуудлаар дүгнэлт хийж, 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргасан, нөгөө талаас хувийн байгууллагын өмчийн асуудлыг шийдвэрлэдэг эрхийг Төрийн өмчийн хороо эдэлж, маргаан бүхий байрыг шилжүүлсэн байхад энэ талаарх шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүйд гомдолтой.
Шүүх энэ үндэслэлээ тайлбарлахдаа холбогдох хуулийн заалтыг огт хэрэглээгүй гэсэн үндэслэлээр Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын шийдвэр, тогтоолгүйгээр үнэ төлбөргүйгээр, төрийн өмчийн эд хөрөнгийг бусад этгээдийн өмч болохыг тогтоож, хуульд заасан эрх үүргээ хэтрүүлж 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргасан байдалд шүүх дүгнэлт хийхээс үндэслэлгүйгээр зайлсхийсэн.
5.2. Шүүх шийдвэрийнхээ 5.2.4-т “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн өмчлөлийн асуудлаар захиргааны акт гаргахдаа дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээр Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын шийдвэр тогтоолгүйгээр өмчлөлийн асуудлыг шийдвэрлэдэг этгээд гэж үзсэн төдийгүй, төрийн бус байгууллагын өмчийн асуудлаар буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг асуудлаас хэтрүүлж, иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг асуудалд дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой.
Шүүх нэг бол талуудын маргаж буй үндэслэлийг иргэний шүүхийн маргаан гэж үзэх атлаа нэг бол Төрийн өмчийн хороо өмчлөлийн асуудлаар буруу шийдвэр гаргасан гэж утга агуулгын алдаатай, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн.
Хэрвээ шүүх талуудын маргаж буй үндэслэлийг иргэний эрх зүйн маргаанд хамаарна гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч “М у а х”ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснааар хүлээн авахаас татгалзах байжээ.
5.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлийг зааж, “Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх нь иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно”, 2 дугаар зүйлд “Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ” гэж тус тус заасан.
Гэтэл “М у а х”ТББ-д Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр маргаан бүхий байрны өмлөх эрх үүсээгүй бөгөөд гагцхүү Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор өмчлөх эрх үүссэнийг 2001 онд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, маргаан бүхий байранд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, М д О у х б ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг нэхэмжлэгч болох Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ эрхлэх, аж ахуй газарт Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж, шийдвэрлэсэн тогтоолоор нэхэмжлэгчид үүссэн байсан төрийн өмчийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу дуусгавар болгож, Монголын урлагийн ажилтны холбоонд олгоогүй болно.
Тухайн үеийн Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг удирдлага болгоогүй төдийгүй Монголын урлагийн ажилтны холбоонд Иргэний хуульд заасны дагуу өмлөх эрх үүсээгүй байхад хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмших эрхийг дуусгавар болгохгүйгээр, Монголын урлагийн ажилтны холбоонд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олгох тухай шийдвэр тогтоол гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн зохицуулалтаас харахад Төрийн өмчийн хороо нь Засгийн газраас шилжүүлэх, худалдах тухай шийдвэр гаргасан тохиолдолд л үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй байхад Засгийн газраас ийм шийдвэр гаргаагүй байхад Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргах эрхгүй байжээ. Гэтэл Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолоор өмчлөх эрхийг Урлагийн ажилтны холбоонд шилжүүлсэн, уг тогтоолыг үндэслэж, гуравдагч этгээд маргаан бүхий байрны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүсч бүртгүүлсэн нь хуульд заасны дагуу өмчлөх эрх нь Монглдын урлагийн ажилтны холбоонд шилжүүлээгүй нь илт хууль бус болсон юм.
Маргаан бүхий байранд өнөөдрийн байдлаар Засгийн газрын шийдвэрийн дагуу Жендерийн үндэсний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон “Д б ү э г”ТӨҮГ нарын гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.
5.4. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор баталсан Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтын **-т “Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны байшин дахь орон сууцууд, Монгол Улсы Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 4-т “Монгол Улс дахь гадаад улсын дипломат байгууллагуудын болон олон улсын байгууллагуудын ажилтнуудын ажиллаж амьдарч байгаа, байр орон сууц” гэж тус тус заасан бөгөөд төрийн өмчийн хөрөнгийг Засгийн газрын шийдвэргүйгээр төрийн бус хуулийн этгээдэд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн нь илт хууль бус. Монгол Улсын Засгийн газрын хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад маргаан бүхий байр орсон.
5.5. Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар БНК улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц усын Элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед терийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна гэж заасан байдаг бөгөөд энэ хууль 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг.
Үүний дараа Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын урлагийн ажилтны холбоо болон Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт зэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн уг тогтоолын 2 дахь заалтаар “Уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтаар “Дээрх барилгыг Гадаад харилцаны яамны дэргэдэх Дипломат байгуулагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт хулээлгэж өгөхийг Төрийн өмчийн агентлагын Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газарт даалгаж” тус тус шийдвэрлэсэн байдаг.
Мөн дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж, манай байгууллага энэхүү байрыг тайлан тэнцэлдээ тусгасан бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй манай байгууллагын тайлан тэцэлд бүртгэлтэй байдаг төдийгүй энэ талаар Төрийн өмчийн хорооны тогтоолын танилцуулгад “… 2001 оны төрийн өмчийн тооллогоор Дипломат байгууллагуудын үйлчилгээ аж ахуйн газрын балансад 44,004,321 төгрөгийн үнээр бүртгэгдсэн ...”, Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яамны барилга байгууламжийн хийц хэмжээсийн 2015 оны бүртгэлд “... Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газар, 13-р байр, Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 6-р хороо НҮБ” гэж бүртгэгдсэн байдгаас энэхүү байр нь манай байгууллагын эзэмшилд бүртгэлтэй болохыг нотолдог.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Д б ү э г”ТӨҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, “М у а х”НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Д б ү э г”ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“М у а х”НҮТББ-ын гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд;
3. Анхан шатны шүүх, “... хэргийн оролцогчдын хүсэл зориг, маргаж буй үндэслэл нь нийтийн эрх зүйн гэхээс илүүтэй хувийн эрх зүйн маргаанд хамаарна; Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаар захиргааны акт гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг хэрэглээгүй; энэ байрны өмчлөлийн асуудлыг тодруулаагүй, маргаан бүхий 2019 оны 142 дугаар тогтоолоор эд хөрөнгийг төрийн болон хувийн өмчийн алинд нь хамаарах асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан; гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох эрх зүйн суурь зарчимд нийцээгүй” гэж дүгнэсний зэрэгцээ “... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамжны ** дугаартай, * давхар тоосгон хийцлэлтэй * айлын орон сууцны зориулалттай байрны өмчлөлийн асуудалд холбогдох 1988-2019 он хүртэлх бүхий л баримтыг судалж, эрх зүйн асуудал болон бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж, төрийн өмчийн талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт, шийдвэр гаргуулах, талуудын оролцоог хангах замаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах шаардлагатай” гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.
5. Энэ тохиолдолд, нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх тул шийдвэрт заасан эдгээр асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу цаашид тодруулах шаардлагатай хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.
6. Учир нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд,
6.1. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлбол, БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1970 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар тушаалаар Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн зохион байгуулах хороог анх байгуулж, МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1975 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаар тогтоолоор тов тогтоосны дагуу анхдугаар их хурлаа хийж, дүрмээ батлан байгуулагджээ.
Нийгэмд үйлчилдэг энэхүү хуулийн этгээд нь улсын бүртгэлд 1994 онд Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбоо нэрээр, ****** регистрийн дугаартайгаар бүртгүүлсэн ба 1997 онд шинэчилсэн бүртгэлд ****** регистрийн дугаараар бүртгэгдэж, “М у а х”ТББ болгож нэрээ өөрчилсөн бол регистрийн дугаар нь ****** болж өөрчлөгдсөн.
Тодруулбал, 1970 онд байгуулсан Монголын урлагийн ажилтны нийгэмлэг нь тухайн хуулийн этгээдийн оноосон нэр, регистрын дугаарлалтад өөрчлөлт оруулснаас үл хамааран үйл ажиллагаагаа явуулж байгаа буюу нэг байгууллага болох нь хэрэгт цуглуулсан улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6.2. Маргааны үйл баримтад хамаарах, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 тоот хаягт байрлах, 2 давхар тоосгон хийцлэлтэй, 8 айлын орон сууцны зориулалттай байр нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд БНКУ-ын Элчин сайдын яам нь 1968-1986 оны хооронд, дараа нь 1990 оноос хойш тус тус байрлаж үйл ажиллагаа явуулсан ба Төрийн өмчийн хорооны 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор энэ байрыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газар /тухайн үеийн нэршлээр/-ын тайлан тэнцэлд бүртгэн, эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
6.3. Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор дээрх 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгохдоо, М у а н х хорооны эзэмшиж байгаа /маргаан бүхий/ барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдсэн /тус/ хорооны өмч болох нь нотлогдож байгаа гэх үндэслэлийг тодорхойлно.
Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байр /1 дүгээр сургуулийн баруун талд байрлах/-ыг БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/3** дугаар тушаалаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, улмаар Соёлын яамны коллеги, Монголын урлагийн ажилтны холбооны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор Монголын урлагийн ажилтны холбооны хороонд шилжүүлсэн.
6.4. Дараа нь Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалаар[1] дэд ерөнхийлөгчийн шинээр орох өвлийн сууц, хуучин амьдарч байсан байрыг хүлээлцэх комисс томилогдож, мөн Монголын урлагийн ажилтны холбооны хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр Урлагийн ажилтны “Ө” байрыг дэд ерөнхийлөгчийн байр болгох, түүний байрлаж байгаа барилгыг Урлагийн ажилтны байр болгохоор Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэх комисс томилогдож, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 тоот актаар Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн мэдэлд байсан энэ маргаанд хамаарах Нэгдсэн Үндэстний гудамж дахь 8 айлын сууцны барилгыг М у а х-д хүлээлгэн өгч, мөн өдрийн 2 тоот актаар У а х х-ны мэдэлд байсан байрыг данснаас дансанд болон нэхэмжлэлээр шилжүүлсэн санхүүгийн бусад баримт материалд тулгуурлан Их тэнгэр цогцолборт хүлээлгэн өгчээ.
6.5. Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаартай уг тогтоолыг хавсарган гаргасан ”М у а х”ТББ-ын хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2002 оны 101 дүгээр захирамжаар маргаанд хамаарах байрны доорх хийгээд орчны газрыг нэгж талбарын 186433111424866 дугаартай 3944 кв.м хэмжээгээр тус хуулийн этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2010 оны 415 дугаар захирамжаар талбайн хэмжээг 3770 кв.м болгон конторын зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны А/548 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар зориулалтыг өөрчлөн орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 3767 кв.м хэмжээгээр, нэгж талбарын 1461200029 дугаараар эзэмшүүлсэн бол “Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбоо” /РД:******/ нэртэй байх үедээ 2002 онд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулжээ.
6.6. Дээр дурдсан, байрыг захиран зарцуулахтай холбоотой 1989, 1991 оны шийдвэрүүдээр байрыг хүлээж авсан байгууллага болон Төрийн өмчийн хорооны 1997, 2001, 2019 оны тогтоолуудад дурдагдсан байгууллага нь нэг бөгөөд эрхийн улсын бүртгэлд уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн газар эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн уг барилгыг ашиглах боломжгүй талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргасан барилгыг буулгаж дахин барилгажуулахаар ГБМ3Х2019/10-013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, дээр дурдсанчлан газрын эзэмших зориулалтыг өөрчлүүлэн эзэмшиж, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлийг авснаар эзэмшил газрын зарим хэсэгт барилгын ажлыг эхлүүлсэн ба Гадаад хэргийн яам болон “М у а х”ТББ ны шинээр баригдах барилгаас тус бүр 500 кв.м талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулж байжээ.
7. Дээрх үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч “М у а х”НҮТББ нь БНМАУ-ын Соёлын яамны шийдвэрээр балансад нь шилжүүлсэн байраар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр сольж авсан байрыг Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор эзэмшилд нь шилжүүлсний дагуу эрх бүхий этгээдэд зохих хүсэлт гарган газрыг нь эзэмшиж, эрхийн улсын бүртгэлд байрны өмчлөх эрхээ бүртгүүлэн баталгаажуулж, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж ирснээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг өмч эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Энэ үйл баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:” гээд 1/-д “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;” гэж заасантай харьцуулан үзэхэд, 1996 онд батлагдсан тус хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө дээрх байрыг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд “М у а х”ТББ-ын мэдэлд шилжүүлсэн нь холбогдох эрх зүйн актад нийцсэн талаар Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолд дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ … энэ байрыг М у а х нь хууль бусаар өмчлөлдөө авсан”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “…Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд л үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргахаар байхад Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргах эрхгүй байсан” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авсангүй.
9. Маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1/-д заасан “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах;”, 2/-т заасан “төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;” гэх зохицуулалтууд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах, дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлсон хэм хэмжээ биш юм.
Төрийн өмчийн хорооны 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоол гарах хүртэл энэ байрыг төрийн аль нэг байгууллагын үндсэн хөрөнгө, балансад бүртгэлтэй байсан эсэх үйл баримт тогтоогдоогүй учир төрийн өмчийн эд хөрөнгө байсан гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзэх тул дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэх зохицуулалт үйлчлэхгүй.
“Д б ү э г”ТӨҮГ-ын гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд;
10. “Д б ү э г”ТӨҮГ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2019/0079 дүгээр захирамжаар, “М у а х”НҮТББ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох, 128/2019/****/з индекс дугаартай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд гуравдагч этгээдээр оролцсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар “Төрийн өмчийн хороо”/-т холбогдуулан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор бие даасан шаардлага гаргахдаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтыг үндэслэл болгожээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар уг бие даасан шаардлагыг хэлэлцээд 128/ШТ2022/0134 дүгээр тогтоол гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 846 дугаар тогтоолоор өмгөөлөгч Г.Х-ийн гомдлоор дээрх шүүхийн тогтоолыг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.
Тухайн тохиолдолд, анхан болон давж заалдах шатны шүүхээс “гуравдагч этгээдийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн зүйл болох маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон” гэж дүгнэжээ.
11. “Д б ү э г” ТӨҮГ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар “Төрийн өмчийн хороо”/-т холбогдуулан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл[2] гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/0146 дугаар шүүгчийн захирамжаар 128/2023/0020/з индекс дугаартай захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2023/5301 дүгээр захирамжаар, “Д б ү э г” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг, “М у а х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 128/2019/1010/з индекстэй захиргааны хэрэгт нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлжээ. (Хэргийн I хавтасны 22-23, V хавтасны 174-178, 185-191, 205-209, VI хавтасны 115, 120-124, 131-132, 197-199 дэх талд)
12. “Д б ү э г” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох /нэгтгэгдсэн/ захиргааны хэргийн хувьд, нэхэмжлэгчээс “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 134 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 846 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн тул бие даан нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлахаас гадна Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоол нь мөн адил Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.6.нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд, нэхэмжлэл /бие даасан шаардлага/- ийн үндэслэл, маргаан бүхий захиргааны актын талаар өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэнэ гэж тайлбарлах бөгөөд энэ нь нэхэмжлэл, эсхүл бие даасан шаардлага зэрэг шүүхэд мэдүүлж буй хэлбэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн статусаас үл хамаарна.
Нэр бүхий этгээдийн хооронд үүссэн буюу захиргааны байгууллага, албан тушаалтны тодорхой захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлийн талаарх тухайлсан маргааныг шүүх нэг удаа шийдвэрлэх зарчим, зохицуулалттай тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд илэрсэн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл /бие даасан шаардлага/-ыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх уг маргаан бүхий актын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
14. Энэ тохиолдолд “Д б ү э г” ТӨҮГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн 128/2023/0020/з индекс дугаартай /нэгтгэгдсэн/ захиргааны хэргийн нэхэмжлэлд тодорхойлсон захиргааны акт нь “М у а х”НҮТББ-ын нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 128/2019/****/з индекс дугаартай захиргааны хэрэгт “Д б ү э г”ТӨҮГ-аас гаргаж байсан бие даасан шаардлагатай харьцуулахад, захиргааны хэрг(үүд)-ийн оролцогч, тухайлсан маргааны асуудлын хууль зүйн үндэслэл өөрчлөгдөөгүй, маргааны үйл баримттай холбогдуулж шинэ захиргааны акт гараагүй учраас уг захиргааны актад холбогдуулж захиргааны хэрэг үүсгэхээс татгалзсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд “Д б ү э г”ТӨҮГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
15. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “М у а х”ТББ-ын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд “Д б ү э г”ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М у а х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Д б ү э г” ТӨҮГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан ““Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М у а х”ТББ-ын төлөөлөгч Ч.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд “Д б ү э г”ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, өмгөөөлөгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ