Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Г.Энхмөрөн    

Улсын яллагч                                                      С.Болорчулуун

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Д.Батбаяр, Н.Ууганцэцэг нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан сүмбэр овогт Мэнд-Амарын Цэндсугар, Сартуул овогт  Төмөрбаатарын Баярбаатар, Баргажин овогт Лувсандоржийн Отгонболд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт Мөнхбаатарын  Баярбаатар нарт холбогдох эрүүгийн 201610010169 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа, орон нутгийн менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн 1-9 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай Хайрхан сүмбэр овогт Мэнд-Амарын Цэндсугар /РД:EЭ91122818/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 64-56 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Төмөрбаатарын Баярбаатар /РД:УВ91072511/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 3 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Дорноговь аймгийн Зам-Үүд сумын Сүлд багийн 11-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баргажин овогт Лувсандоржийн Отгонболд /РД:EO93093016/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсгийн 97-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Булган овогт Мөнхбаатарын Баярбаатар /РД:EO92121011/

Прокурорын яллах дүгнэлтээр:  Яллагдагч Л.Отгонболд, Т.Баярбаатар, М.Цэндсугар, М.Баярбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн бусдад хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт,

Яллагдагч Л.Отгонболд, Т.Баярбаатар нар нь бүлэглэн П.Энхбат зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, яллагдагч М.Цэндсугар нь Х.Төгстогтохыг зодож, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Цэндсугар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай найз Т.Баярбаатарын төрсөн өдөр болоод караокед ороод үргэлжлүүлээд бааранд орсон. Бааранд ороод бүжгийн талбай дээр манай хэд хүмүүстэй муудсан гэсэн, би тэрийг нь мэдээгүй. Тэр хүмүүс бид нараас нэлээн өмнө гараад явсан байсан ба бид нарыг гараад ирэхэд тэр хүмүүс машиныхаа хажууд байж байсан.  Тэгээд машины хажууд зогсож байгаад гэнэт маргалдаад эхэлсэн. Миний өөдөөс Төгстогтох, Энхбат бас нэг залуу хараад зогсож байсан. Миний ард талд манай найзууд зодолдоод эхэлсэн. Төгстогтохын хажууд зогсож байсан Энхбатыг Отгонболд цохиод авсан. Тэгээд би Төгстогтохын араас нь тэвэрч аваад унагаж байгаад дээрээс нь 2, 3 цохиод өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Шүүгдэгч Т.Баярбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-нд миний төрсөн өдөр болоод бид хэд найзуудаараа караокед 1 цаг 30 минут дуулаад тэгээд үргэлжлүүлж бааранд нь ороод бид нартай муудалцсан залуучууд хаалганы тэнд суугаад бид хэд олуулаа болохоор цаана ширээн дээр нь суусан. Тэгээд бүжиглээд л наагуур цаагуур яваад байж байтал бүжгийн талбай дээр бид нартай хамт явж байсан охидуудыг өдөж бүжиглээд байсан. Тэгээд ширээн дээр суугаад баар хаах гээд тооцоо хийх гэж байхад хэрэлдсэн гэсэн. Тэрийг нь би маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд мэдсэн. Юунаас болж хэрэлдсэн бэ гэхээр зөөгч ирээд тооцоогоо хийх гэж байхад хажууд сууж байсан хохирогч нар өө 50,000 төгрөг юм уу гээд байсан гэсэн. Тэгээд баар хаах боллоо та нар гараарай гэж зөөгч хэлсэн. Эхлээд хохирогч нар гараад явсан байсан. Бид нар ширээн дээрх юмаа ууж дуусгаад 10-15 минутын дараа гарсан. Эхлээд манай найзууд гарсан байсан. Би эхнэр Номин-Эрдэнэтэй карт уншуулж тооцоо хийсэн. Тэгээд тооцоогоо хийгээд араас нь гарахад манай найзууд машиных нь хажууд хэрэлдээд зогсож байсан. Хохирогч нар ахын дүү нар тэгдэггүй юм. Миний хүүхдүүд та нартай адил гээд хэрэлдээд байсан. Ер нь намайг эхэлж цохиод зодоон эхэлсэн. Би байцаалтанд ч өгсөн. Батгэрэл гэдэг залуутай би зодолдоод зогсож байхад Отгонтөгс хажуугаар орж ирээд бид 3 зодолдож байхад цагдаа ирээд аваад явах гээд цагдаа машинаа асаахад гэрэлд нь Энхбат цусаа гоожуулаад доошоо хараад сууж байсан. Бид нарыг бүгдийг нь цагдаа руу авч яваад саатуулах байранд хийсэн. Араас М.Цэндсугарыг авч ирсэн. Төгстогтох, М.Цэндсугар, Отгонтөгс, Батгэрэл гээд саатуулах байранд 5-лаа хоносон. Тухайн үед доор саатуулах байранд оруулаад согтуурлын зэрэг шалгасан. Тэгэхэд хохирогч нарын согтуурлын зэрэг их гарсан. Бид нарын согтуурлын зэрэг бага гарсан. Доор байж байхдаа юунаас болоод зодолдсон талаараа ярилцаад учраа олоогүй. Тэгээд М.Цэндсугар та бөх сонирхдог уу гэхэд сонирхдог гээд та аль нутаг вэ гэхэд тэр ах өө нэг нутаг юм байна гээд байсан. Нутгийн ах гэдэг яриа доор саатуулах байранд гарсан асуудал, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Шүүгдэгч Л.Отгонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай найз Т.Баярбаатарын төрсөн өдөр болоод Булган плазагийн караокед 1 цаг 30 минут дуулж байгаад бааранд орсон. Бааранд юунаас болж муудалцсан талаар мэдээгүй. Тэр залуучууд нь ахын дүү нар ах нь та нар шиг хүүхдүүдтэй гээд доромжлоод байсан. Тэгээд Отгонтөгс тэр ах нар дээр очоод уучлалт гуйгаад чимээгүй болгосон. Тэгээд тэр ах нар биднээс түрүүлээд гараад явсан. Бид нар пивоо ууж дуусгаад гаръя гээд гарахад гадаа манай хэд тэр ах нартай хэрэлдээд зогсож байсан. Тэр үед би боль гээд салгаж байсан. Тэгээд гэнэт зодоон эхэлж миний урдаас Төгстогтох гээд залуу хараад зогсож байсан. Миний араас хэн түлхсэн нь мэдэхгүй түлхэхэд Төгстогтох намайг дайрч байна гэж бодсон юм уу мэдэхгүй над руу дайраад нүүр лүү цохьсон. Тэгээд би нүүрээ бариад холдсон чинь манай хэд зодолдоод эхэлсэн. Энхбат дээр нь очоод нааш цааш нь чангаасан. Эргээд харсан чинь Т.Баярбаатар нэг хүнтэй зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би салгах гээд татсан чинь салахгүй болохоор нь нуруу руу нь нэг удаа тохойлдсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд салгаад аваад явсан... гэв.

Шүүгдэгч М.Баярбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган плазагийн караокед цуглараад жаахан сууж байгаад бааранд орсон. Хажуу талын залуучуудтай ширээн дээр байхад муудалцаад байсан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Төд удалгүй баарнаас гарахаар болж юмаа дуусгаад гаръя гээд ууж дуусгаад гарахад тэр залуучууд машиныхаа урд зогсож байсан. Би их согтсон байсан болохоор сайн санахгүй байгаа. Тэгээд зодоон ч болсон. Хэнтэй муудалцсан гэдгээ  би сайн санахгүй байгаа. Маргааш өглөө нь юу болсон талаар асуухад Батгэрэлтэй зууралдаад байсан гэсэн. Батгэрэлтэй зодолдож байхад манай найз Отгонтөгс салгаж аваад хашааны гадаа гаргасан гэсэн. Тэгээд цагдаа ирээд салгаад аваад явсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Хохирогч Х.Төгстогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: А.Цолмон машиныхаа жолооч талын суудал дээр суусан, П.Энхбат, Б.Батгэрэл 2 машинд суусан харин би араас нь дагаад машинд суух гээд машины урдуур тойртол миний араас бааранд сууж байсан нүдний шилтэй буржгардуу үстэй надаас намхан нуруутай, мөн насаар хэд дүү бололтой нэг залуу хүрч ирээд нутгийн таньдаг ах байна гэж хэлээд гарнаас татаад байхаар нь гараа тавиулаад машин руу орох гээд байж байтал надтай хамт явсан П.Энхбат машинаас бууж ирээд намайг салгаж, машинд суулгах гээд байж байтал тэр нөгөө нүдний шилтэй залуу гэнэт миний баруун талын нүд рүү цохисон. Яг тэгж цохиулах үед П.Энхбат хажууд байсан. Хэрэг болсноос хойш тэр залууг М.Цэндсугар гэдэг нэртэй залуу гэж мэдсэн. Би тэр залууд цохиулаад газар унасан. Би унахдаа баруун талынхаа тохойгоор газар дарж унаад миний тохой халцарч зулгарсан, намайг газар унасан хойно миний толгойн араас цохисон, тэгээд араас дахиж хүмүүс нэмэгдэж ирээд нийлж цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан, би тэр үед нүүрээ хамгаалаад 2 гараараа нүүрээ дарсан байсан учраас хэн цохиж зодоод байгааг хараагүй. Би цохиулаад унах үед миний хажууд зогсож байсан, П.Энхбат руу нөгөө залуучууд дайрч П.Энхбатыг зодсон, бөөн залуучууд тойрсон байсан бөгөөд миний толгой руу, нуруу руу цохиод байсан. Ямар ч байсан П.Энхбат намайг салгаж авах гээд хажууд зогсож байсан. Тэгтэл намайг нүдний шилтэй залуу /М.Цэндсугар/ цохисон, харин П.Энхбатыг баарнаас гарч ирсэн залуучууд цохиж зодсон. Би зодоон хэрэг болсны маргааш нь М.Цэндсугар гэдэг нүдний шилтэй залуутай уулзаад чи намайг яагаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь харин тийм ээ таныг цохисон гэж байсан. Надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14-16 тал/

Хохирогч П.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Булган плаза баарны гадаа үлдээсэн өөрсдийн машиндаа суух гэтэл Х.Төгстогтохыг М.Цэндсугар гээд залуу нутгийн ах хүү байна гээд барьж аваад машинд суулгахгүй байсан. Тэгсэн Б.Батгэрэл бид хэд машинаас буугаад салгах гэтэл М.Цэндсугартай хамт явж байсан үл таних 4-5 залуучууд баарнаас гарч ирээд Х.Төгстогтох, Б.Батгэрэл бид 3-г машины зүүн талд шахаж зогсоогоод үгийн зөрүүгүй нийлж зодсон. Тухайн үед тэнд байсан залуучууд бүгд М.Цэндсугарын найзууд гэж байсан бөгөөд нэг залуу нь миний нүүр рүү гараараа цохиж ухаан алдуулаад дээрээс өшиглөсөн. Миний хувьд хүнд зодуулсны улмаас толгойны зүүн тал болон ар дагз хэсэг хагарсан, зүүн шанаа зулгарсан, зүүн нүд хөхөрсөн, цээжний баруун талд хөндүүр орж 2 өвдөг, тохой зулгарч хавдсан ба эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан. Нүдний шилтэй залуу /М.Цэндсугар/ Х.Төгстогтохыг гараараа нүүр лүү нь цохиод газар унагаахаар нь хүүe гэхийн завдалгүй хөндлөн судалтай эрээн фyдволк өмссөн намхан дуу нуруутай сахалтай шар залуу /Т.Баярбаатар/ намайн цохиж унагаасан, тэгээд газар унатал тал талаас Х.Төгстогтох бид 2-г нөгөө залуучууд нийлээд зодсон. Тэгтэл гэнэт М.Цэндсугар Х.Төгстогтохыг гараараа цохиод унагаасан. Яг тэр үед ойролцоо нуруутай 2 шар залуу хажууд өөдөөс хараад зогсож байсан ба хөндлөн судалтай фудволк өмссөн сахалтай шар залуу /Т.Баярбаатар/ нь миний нүүрний зүүн тал руу нэг нь /Л.Отгонболд/ хөлөөрөө өшиглөсөн, тэгээд нэг сэрсэн чинь миний духны зүүн талаас цус гарсан шанаа зулгарч халцарсан би газар бөгсөөрөө сууж байсан. Огт хэрүүл маргаан болоогүй, бид нарыг гараад машинд суух гээд байж байтал залуучууд ирээд хоргоон нийлж зодсон. Би харвал сахалтай шар залуу Т.Баярбаатарыг танина, хажууд зогсож байсан Л.Отгонболдыг танина мөн М.Цэндсугарыг танина. Надад ямар нэг нэхэмжлэx зүйл гомдол санал байхгүй. Энэ залуучууд дотроос 4 гэсэн дугаартай залуу Т.Баярбаатар, 23 гэсэн дугаартай Л.Отгонболд нар намайг зодсон...  гэжээ. /хх-ийн 18-21, 160  тал/

Хохирогч Б.Батгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Баарнаас гараад машиндаа суух гээд явж байтал Х.Төгстогтохыг нүдний шилтэй М.Цэндсугар гэдэг залуу баарнаас гарч ирээд нутгийн ах байна гэж хэлээд зууралдаад зогсоод байхаар нь бид нар Х.Төгстогтохыг салгаж авч явах гээд очтол миний санаж байгаагаар 7-8 залуучууд гарч ирээд бид нарыг зодсон. Би тэр залуучуудтай огт хэрүүл маргаан хийгээгүй, зүгээр байж байгаад зодуулсан. Юунаас болоод яагаад бид нарыг тэр залуучууд зодох болсон гэдгийг мэдэхгүй байна. Надад нэхэмжлэx зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /хx-ийн 23-р хуудас/

Гэрч Ю.Отгонтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид нар бааранд хэсэг сууж байгаад бөөнөөрөө гарсан, баарнаас гартал манай ширээний хажуу талын ширээнд сууж байсан залуучууд машиныхаа хажууд зогсож байсан, тэгээд л юу юугүй л хоорондоо маргаад муудалцаад манай найзууд машины хажууд зогсож байсан залуучуудтай зодолдсон. Улаан өнгийн фудволктой өндөр залууг /Х.Төгстогтох/ М.Цэндсугар цохиж зодсон харин Т.Баярбаатар, М.Баярбаатар 2 фудболк нь урагдсан залууг /Б.Батгэрэл/ зодож байхад нь би М.Баярбаатарыг салгаж хашаанаас гаргаж явуулсан, Т.Баярбаатарыг эхнэр Номин-Эрдэнэ салгаж хорьсон. Би буцаад ирэхэд машинтай цагдаа нар ирээд Л.Отгонболд, Т.Баярбаатар, М.Цэндсугар мөн зодуулсан 3 залууг аваад цагдаа руу явцгаасан. Ямар учраас муудаж маргаан хийж, тэр залуучуудыг цохиж зодох болсон гэдгийг мэдэхгүй байна. Ер нь хоорондоо муудаж маргах зодолдох ноцтой шалтгаан байгаагүй. М.Цэндсугар өндөр нуруутай улаан өнгийн фудволк өмссөн залууг /Х.Төгстогтох/ зодсон түүнийг Эрдэнэ очиж салгасан. Харин фyдволк нь урагдсан арай жижигхэн биетэй залуу /Б.Батгэрэл/ руу М.Баярбаатар, Л.Отгонболд 2 дайрч зодож байхаар нь би очиж салгаад М.Баярбаатарыг хашаанаас гаргаж явуулсан. Тэр үед газар завилаад суучихсан толгойноос нь духны хажуу талаас нь цус гарчихсан нэг залуу /П.Энхбат/ сууж байсан , тэр залууг хүн цохиж зодсоныг хараагүй. Тэр үед Эрдэнэ, Ундрах, Номин-Эрдэнэ бид 4 салгах гээд нааш цааш яваад одоо больцгоо сал яв гээд байж байсан. Уранхай улаан фудболктой байсан залууг /Б.Батгэрэл/ Т.Баярбаатар, М.Баярбаатар нийлж зодсон. М.Цэндсугар өндөр нуруутай залуутай /Х.Төгстогтох/ зууралдаад цохиж зодсон, Л.Отгонболд мөн тэр хавиар яваад зодоонд оролцоод яваад байсан гэхдээ хэнийг яаж цохиж зодсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. М.Цэндсугар, Л.Отгонболд, М.Баярбаатар, Т.Баярбаатар нийлээд хүн зодоод байхаар нь манай найз Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Ундрах бид 4 дунд нь явж наашаа цаашаа явж, орилж бахирч байж, болиулж салгасан, тэгээд цагдаа ирсэн...” гэжээ. /хx-ийн 35-36-р тал/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 340 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн дүгнэлтэнд: “...Х.Төгстогтохын биед духны баруун хэсэгт зулгаралт, баруун тохой, баруун өгзөгний дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алминд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна, учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаатай тохирч байна, учирсан гэмтлүүд нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хx-ийн 47-р тал/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн дүгнэлтэнд: “...Б.Батгэрэлийн биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи болон зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаатай тохирч байна, учирсан гэмтлүүд нь нийлээд болон дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэжээ.  /хx-ийн 50-р тал/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 339 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн дүгнэлтэнд: “...П.Энхбатын биед хуйханд баруун чамархай хэсэгт язарсан шарх, духны зүүн талд үстэй хэсгийн заагт шарх, зүүн талын шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганы доод хэсэг, зүүн шууны дээд хэсгийг хамарсан олон тооны жижиг, жижиг зулгаралт, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн тойг яс орчим зөөлөн эдийн гэмтэл гарын 1-р хурууны 2-р үений ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, учирсан гэмтлүүд нь хэрэг болон цаг хугацаатай тохирч байна, учирсан гэмтлүүдийн хуйханд баруун чамархай хэсэгт язарсан шарх, духны зүүн талд үстэй хэсгийн заагт шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хx-ийн 52-р тал/

  • Хохирогч Х.Төгстогтохын тайлбар /хх-ийн 8 тал/
  • Гэрч Л.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  • Гэрч В.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 34 тал/
  • 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 тал/
  • Л.Отгонболдын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 тал/
  • Т.Баярбаатарын  ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/
  • М.Цэндсугарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 тал/
  • М.Баярбаатарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 тал/
  • Хохирогч П.Энхбатын хохирлын мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт /хх-ийн 173 тал/
  • 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 187-189 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч М.Цэндсугар, Т.Баярбаатар, Л.Отгонболд,  М.Баярбаатар нар нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 00 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза баарны хашаанд согтуурсан үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Л.Отгонболд, Т.Баярбаатар нар нь бүлэглэн хохирогч П.Энхбатыг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл, шүүгдэгч М.Цэндсугар нь хохирогч Х.Төгстогтохыг зодож, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Баярбаатарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан тогтоолоос үзэхэд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Т.Баярбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан  ялтай байдал арилаагүй байгаа боловч уг хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

Шүүгдэгч М М.Цэндсугар нь 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан  ялтай байдал арилсан байх тул шүүгдэгч М.Цэндсугар, Т.Баярбаатар нарыг  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хайрхан сүмбэр овогт Мэнд-Амарын Цэндсугар, Сартуул овогт Төмөрбаатарын Баярбаатар, Баргажин овогт Лувсандоржийн Отгонболд нарыг  бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт, Булган овогт Мөнхбаатарын Баярбаатарыг  бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч М.Цэндсугар, Т.Баярбаатар, Л.Отгонболд нарыг тус бүр 3 /гурав/  жил  10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч М.Баярбаатарыг 3 /гурав/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цэндсугар, Т.Баярбаатар, Л.Отгонболд нарт оногдуулсан 3 жил 10 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Баярбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Цэндсугар, Т.Баярбаатар, Л.Отгонболд нарт оногдуулсан  3 жил  10 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Баярбаатар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг  тэнсэж, 1 / нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Л.Отгонболд, Т.Баярбаатар, М.Цэндсугар, М.Баярбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Отгонболд, Т.Баярбаатар, М.Цэндсугар, М.Баярбаатар  нарт  авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ