Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д-ын  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/04077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Д-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А, Г.Г нарт холбогдох  

Гэр бүлийн хэрэгцээний газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ууганзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.А, Г.Г нар нь Э ББСБ ХХК-иас  зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00737 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй. Санал болгох хурлаар зээлдэгчид нь үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Н.Д нь Э ББСБ ХХК-иас  холбогдох зөвшөөрлийг авч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг 86 дугаар гудамж, 2678 тоот хаягтай газрын өмчлөгч болсон. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш С.А, Г.Г нар нь гэр бүлийн гишүүдийн хамтаар өнөөдрийг хүртэл тус газар дээр байгаа бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд амьдарч, миний өмчлөлийн газрыг суллаж өгөлгүй амьдарсаар байна. Бидний удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн авалгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж 2678 тоот хаягтай 18655311600771 нэгж талбарын дугаартай 583 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь ББСБ-иас зээл авсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж зөвшөөрөл баталсан. Шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гараад эд хөрөнгийг санал болгох хурлаар ороод байшинг ББСБ-д, газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Газрын гэрчилгээ гарсанаас хойш тодорхой хугацаанд мөнгөө төлөөд эд хөрөнгөө авах талаар хүлээсэн боловч төлөөгүй, хөрөнгөө суллаж өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлд бичсэн газраас хариуцагчийг албадан нүүлгэж өгнө үү. Зээл авах үед газрын өмчлөгч нь Г.Г байсан. 11 өмчлөгч байдаг гэсэн байгаа боловч энэ талаар зээл авах үед мэдэгдээгүй гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан өмч бол миний нэр дээр байдаг. Манай гэр бүлийн 11 гишүүний өмч. Энд ганц миний бие амьдардаггүй болохоор бусад 10 гишүүний өмнөөс дангаараа хариулт өгөх боломжгүй. Уг өмч бий болж бүртгүүлэхэд миний бие насанд хүрээгүй байсан. Энэ нь нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг эзэмшдэггүй тул надаас юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Бас Н.Д-ын  эрх ашгийг миний бие хэрхэн хөндөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гэрэлмаа, С.А нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Г-2204023639 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваажаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээг/ хуурамч нотлох баримт хэмээн үзэж түүнийг шалгуулах тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч шүүх ямар нэгэн шалтгаангүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн энэ үйлдлийг хэргийн оролцогч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа болно. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Гарьд манлай” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба шүүх хуралдаанд хүрэлцэн очиж чадахгүй, хүндэтгэн үзвэл зохих шалтгаанаа нотолсон байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан хууль бус ажиллагаа болсон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч С.А, Г.Г нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь “уг маргаж буй Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар миний өмчлөлийн эд хөрөнгө, мөн гэр бүлийн 11 гишүүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Ямар журмаар Н.Д-ын  өмчлөлд шилжсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулж өгнө үү” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр “Г.Гэрэлмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн Н.Д-ын  өмчлөлд шилжсэн нөхцөл байдал тодорхой бус байх тул Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оноос хойшхи шилжилт хөдөлгөөн хийсэн тухай баримтуудыг гаргуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргажээ. /хх 27, 31, 32, 35, 36/

Хэрэгт төлбөр төлөгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зөвшөөрөл олгосон, ямар журмаар нэхэмжлэгчид өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй байхад шүүх дээрх хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тухай журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хэргийн 33 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж техникийн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/04077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН