Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0517

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0517

Улаанбаатар хот

 

 

 Иргэн О.Баярсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч О.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгоржав, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Сайнбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн О.Баярсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Дархан-Эрдэнэбүрэн “ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч гомдол гаргаж байна.

“Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

О.Баярсайхан “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгөгүй, зөгийн аж ахуйн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж анх компанийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зөгийн аж ахуй огт байгаагүй болох нь гэрч С.Баастын мэдүүлгээр нотлогддог, О.Баярсайхан өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Шаргаа гэдэг айлын өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарыг ашиглаж зөгийн аж ахуйн гэрчилгээ давхардуулж авсан учир 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар гэрчилгээг хүчингүй болгосон.

Сум дундын шүүх О.Сайнбаярыг “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч буюу 1753539 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоосон О.Баярсайхан гомдлыг гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн тогтоолоор О.Баярсайханы гомдлыг хангаагүй.

Тус хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй 395943 регистрийн дугаартай “Эрдэнэ бүрэн" ХЭАА-нь 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 176.3 мянган төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, Осор овогтой Сайнбаяр 1 үүсгэн байгуулагчтайгаар, Туслах аж ахуй, дэлгүүр худалдаа эрхлэхээр, Дархан сумын 10 дугаар баг, 26-38 тоот байранд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бөгөөд 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр О.Сайнбаяр, О.Баярсайхан нарын 2 үүсгэн байгуулагчтайгаар “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК болон өөрчлөгдсөн байна.

Тухайн үед аж ахуйн нэгжийн бүртгэлийг Татварын хэлтэс дээр бүртгэдэг байсан бөгөөд “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О.Баярсайханы компанийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, оруулсан хөрөнгийг өөрийн ахын компанид үлдээж байгаа 52 дугаартай нотариатч н.Алтанцэцэгийн баталсан өргөдөл, “Дархан-Эрдэнэбүрэн’’ ХХК-ийн тушаал, хурлын тэмдэглэл, албан тоотыг үндэслэн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдсэн бүртгэлд 1 үүсгэн байгуулагчтайгаар бүртгүүлсэн болно.

“Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэж өөрчлөлт оруулсан нь ямар ч хууль зөрчигдөөгүй хуулийн дагуу хийгдсэн тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч гомдол гаргаж байна.

1. О. Баярсайхан “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгөгүй, зөгийн аж ахуйн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж анх компани үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зөгийн аж ахуй огт байгаагүй болох нь гэрч С.Баастын мэдүүлгээр нотлогддог. О.Баярсайхан өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Шаргаа гэдэг айлын өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарыг ашиглаж зөгийн аж ахуйн гэрчилгээ давхардуулж авсан учир 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар гэрчилгээг хучингүй болгосон.

“Далайван-Аудит” ХХК-аар... “Үнэлэгдэж буй объект нь Дархан сумын 6 дугаар багийн нутаг Ноён хонгорт байрладаг бөгөөд ОБ-4 суурийн блокоор баригдсан, өндөр нь 2.2 м урт 12 м, өргөн нь 6 м нийт 72 м.кв талбай бүхий нэг давхар барилга юм. Уг барилга нь 2001 онд баригдаж ашиглалтад орсон. Дээвэр нь 59х12-ын нүхтэй хучилтын хавтангаар хучсан ердийн галлагаатай барилга болно” гэж хуурамч үнэлгээ гаргуулсан.

2. Сум дундын шүүх О.Сайнбаярыг “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч буюу 1753539 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоосон, О.Баярсайхан гомдлыг гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2016. Оны 04 дүгээр сарын14-ний өдрийн тогтоолоор О.Баярсайханы гомдлыг хангаагүй.

3. 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шинжилгээний дүгнэлт, 2014 оны 12 дугаар сарын 15-ны 5458 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад дахин 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Нотариатч Ш.Алтанцэцэг шүүхэд “Нотариатын тухай” хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн тухайгаа өөрөө гэрчээр мэдүүлжээ. Гэтэл анхан шатны шүүх хууль зөрчсөн нотариатын үйлдэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүй, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

5. Шүүх Компанийн тухай хуульд “гишүүн” гэж заасан үгийг “гишүүнчлэл” болгож өөрчилж бичжээ. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Осор овогтой Сайнбаяр нь 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 176.3 мянган төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, нэг үүсгэн байгуулагчтайгаар 395943 регистрийн дугаартай “Эрдэнэбүрэн” ХЭАА-г байгуулсан байна. Тус ХЭАА туслах аж ахуй, дэлгүүр худалдаа эрхлэх зорилгоор Дархан сумын 10 дугаар багийн 2-ын б-38 тоот байранд үйл ажиллагаа явуулахаар анх бүртгүүлж байжээ.

Улмаар О.Сайнбаяр нь өөрийн төрсөн дүү О.Баярсайханы хамтаар ХЭАА-н зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилж, “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийг 2 гишүүнтэй, 17,535.4 мянган төгрөгийн дүрмийн сантай, зөгийн аж ахуй, баар, гадаад, дотоод худалдаа, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2736624 регистр, 19/753 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ. Ингэхдээ огт байхгүй зоорийн барилга гэгчийг “Дархан-Уул  аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Ноён хонхор гэдэг газар байрлах Зоорийн барилга нь 8.800.000 /найман сая найман зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий” гэж “Далайван аудит” ХХК-аар гэж зоорийн барилга байдаг мэтээр хуурамчаар үнэлүүлж, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 2003009209 дугаарт бүртгэлтэй зөгийн аж ахуйн барилгыг 8.800.000 төгрөгөөр үнэлүүлж /үнэн хэрэгтээ энэ нь Ч.Шаргаа гэх хүний үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарыг давхардуулан гэрчилгээ бичиж бүртгүүлсэн болох нь тогтоогдсон/, өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг бүрдүүлж, компани байгуулж О.Баярсайханы нэрийг компанийн үүсгэн байгуулагчаар бүртгэлд оруулжээ. Ингэхдээ төрсөн дүү Осор овогтой Амартуяа нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн даргаар ажиллаж байсныг далимдуулан дээрх хуурамч бүртгэлийг хийсэн байна.

Дээрх компанийг үүсгэн байгуулахад бүртгүүлсэн хөрөнгүүд байхгүй гэдэг нь талуудын тайлбар болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Түүнчлэн О.Баярсайхан нь тухайн компанид хөрөнгө оруулаагүй болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 1268 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 25 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 370 дугаар тогтоолоор тогтоогдсон.

Захиргааны хэргийн шүүх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зорилго нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ...зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу... захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Энэхүү хэргийн тохиолдолд О.Баярсайханы зөрчигдсөн эрхийн талаар ямар нэгэн маргаан байхгүй байна. Тэрээр компанид ямар нэгэн хөрөнгө оруулаагүй болох нь тогтоогдсоноос гадна компанийн үүсгэн байгуулагчаар анхнаасаа хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн болох нь тогтоогдсон байх тул О.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Компанийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1, 17.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Баярсайханы гаргасан ““Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР