| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00249/И |
| Дугаар | 155/ШШ2019/00249 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2019/00249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ....... онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... тоотод оршин суух, ......... дугаар регистртэй, Хурмаст овогт Ц.Ж-ийн
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Н.Э-д холбогдох
Яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2019/00047/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын дарга С.Ч нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн Н-ийн Техник хангамжийн тасгийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Н-н дарга 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б/127 тоот /намайг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 12 дугаар сарын 01-ний өдрөөс миний хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн утга агуулга бүхий/ тушаалыг надад танилцуулж, мөн өдөр миний ажлыг хүлээлцсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надад танилцуулсан ажил олгогчийн Б/127 тоот тушаалын нэг хувийг гардаж авъя гэхэд 1 дэхь өдөр ирж ав, танд танилцуулсан байхад болно гэж тайлбарласан бөгөөд би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа авсан. Гэтэл уг тушаалын огноо, дугаар нь адилхан боловч тушаалын үндэслэл, утга агуулга өөрчлөгдсөн тушаалыг надад хүлээлгэж өгсөн. Би Хөвсгөл аймгийн Н-н даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаартай 2 өөр утга агуулга бүхий тушаалууд түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний хувьд улсад 20 жил ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Н-т 7 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Миний ажлын ажиллах нөхцөл 24 цагийн ээлжинд гараад 72 цаг амарч ажилладаг. Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н-н удирдах газраас зохион байгуулсан э тасаг нэгжийн дунд гар бөмбөг, теннисийн тэмцээнд тасгаа төлөөлж оролцсон. Тухайн тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр тасралтгүй үргэлжилсээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шөнийн 02 цагт аваргаа шалгаруулж шагнал гардуулж, тэмцээн дууссан. Би тухайн тэмцээнээс Нэгдсэн эмнэлгийн гар бөмбөгийн шилдэг тамирчнаар шалгарч алтан медаль, теннисийн төрлөөс мөнгөн медаль авч амжилттай оролцсон. Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 09 цагт ээлжийн ажилдаа гарахаар очсон боловч манай тасгийн эрхлэгч намайг та олон жил тасгийн нэрийг гаргаж тэмцээн уралдаанд нойр хоолгүй оролцож амжилт гаргалаа, өөрийнхөө мэдлийн нэг удаагийн шагналын чөлөө олгоё, та амар гээд надад чөлөөний хуудас бичиж өгсөн. Миний нойр дутуу, амарч чадаагүй, шөнө 02 цаг хүртэл тэмцээнд оролцсон байдлыг тасгийн эрхлэгч маань хүндэтгэн үзэх шалтгаантай, олон жил тасгийн нэрийг гарган амжилттай тэмцээнд оролцсон хөдөлмөрийг минь үнэлж надад шагналын чөлөө олгосон гэж ойлгосон. Гэвч ажил олгогч намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа согтуу ирсэн гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцож гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2012 онд цахилгаанчаар ажилд орж байсан. 2014 онд жолоочоор томилогдохдоо хөдөлмөрийн гэрээг өөрчлөн хугацаагүй байгуулж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн ерөнхий менежерийн санаачлагаар тасаг нэгжүүдийн дунд аварга шалгаруулах тэмцээн болоход би өөрийн ажиллаж байсан тасгийнхаа өмнөөс амжилттай оролцож, медаль авсан бөгөөд тус тэмцээн шөнийн 02 цагт дууссан. Баяраа тэмдэглэж бага зэргийн архи уусан боловч маргааш өглөө нь эрүүл болсон бөгөөд ажилдаа гарахаар ирсэн. Гэтэл тасгийн эрхлэгч намайг олон жил тасгийн нэрийг гаргаж тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шилдэг тоглогч болсон гэж 1 өдрийн чөлөө бичиж өгсөн. Миний оронд алсын дуудлагын жолооч Б ажилд гарсан, энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй. Миний ажил 24 цаг гараад 72 цаг амардаг тул энэ хугацаанд амарсан. Тэгтэл Удирдлагын багийн хуралд дуудаж, 3 өдрийн ажил тасалсан, ажилдаа согтуу ирсэн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2 өөр утгатай тушаал надад танилцуулсан. Бүх тасгийн эрхлэгч нар нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байдаг. Гэхдээ 24 цагийг 2 хоногт тооцон тасгийн эрхлэгч 1 өдрийг ажлын 8 цагаар бодон чөлөө өгч, байгууллагын удирдлагад мэдэгдэнэ гэх заалт хаана ч байхгүй, ингэж тохиролцоогүй. Хэрэв тасгийн эрхлэгч чөлөө өгөөгүй бол би ажил үүргээ гүйцэтгээд явах байсан. Намайг ажилдаа гарахаар ирэхдээ архи уусан, согтуу байснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх хуурамч баримт шүүхэд гаргаж өгсөн байсан. Тэр баримтыг огт хараагүй, яагаад миний гарын үсэг зурагдсаныг мэдэхгүй. Иймд намайг урьд ажиллаж байсан яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авна. Би 8 дугаар сард ээлжийн амралтын мөнгөө авч, 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд амарч байсан бөгөөд бусад сард бүтэн ажиллаж байсан. Миний үндсэн цалин 485.900 төгрөг бөгөөд ажилласан хоногоос шалтгаалан нэмэгдэл цалин авдаг байсан. Гэвч үндсэн цалин 485.900 төгрөгөөр тооцон ажилгүй байсан буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 сарын цалин нийт 1.954.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын дарга С.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:
1. Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, 3 хоног ажил тасалсан, ажлын байранд согтуу байсан.
2. Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны 01 албан даалгавар “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай”, 2018 оны 8 дугаар сарын 22-ны 258 дугаар тогтоол “Төрийн албаны сахилга, хариуцлага дэг журам” болон ЭМС-ын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 449 дүгээр тушаал “Сахилга хариуцлага, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2018 оны 8 дугаар сарын 15-ны 06 албан даалгавар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”, АЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 1/2474 албан даалгавар, ЭМГ-ын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний 836 тоот “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” чиглэлийн албан даалгаврыг уншиж танилцсан мөртлөө хариуцлага алдсан.
3. Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний А/03 тоот тушаалаар батлагдсан цаг ашиглалтын журмыг зөрчсөн. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурууны хээгээр цагаа бүртгүүлээгүй, тасгийн эрхлэгч нь өөрийн мэдлээ хэтрүүлэн чөлөө олгосон, чөлөө олгохдоо тушаалаар заасан хавсралтын дагуу тасгийн эрхлэгчийн чөлөөний хуудас олгоогүй, стандарт бус чөлөөний хуудсыг нөхөн бичилт хийж удирдлагын багийн хурал дээр баримт бүрдүүлэн авч орж ирсэн. Тухай үед Хүний нөөц сургалтын албаны дарга болон эмнэлгийн удирдлагад танилцуулаагүй, цалин олгох цагийн бүртгэлд чөлөө олгосон баримт байгаагүй нь хуурамчаар бүрдүүлснийг баталж байна. Хяналтаар 3 хоногийн ажил тасалсан нь нотлогдсон тул 3 өдрийн цалин хасагдаж олгогдсон.
4. Алсын дуудлагын жолооч Б-г оронд нь гаргаж бүртгэл хийсэн тухай, ахлах сувилагчийн болон тасгийн эрхлэгчийн бүртгэлд тэмдэглэгдсэн. Хүний нөөц сургалтын албаны дарга С.Б хяналт үнэлгээ хийхэд ажилдаа согтуу ирснээ өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
5. Удирдлагын багийн хурал дээр жолооч Ц.Ж нь ажилдаа согтуу ирснээ хүлээн зөвшөөрсөн. Тасгийн хурлаар хэлэлцэж өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь ажлын ноцтой зөрчил гаргасныг гэрчилж Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 болон дотоод журмын 19.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
6. Шүүгч өмгөөлөгч нарт: Жолооч Ж нь 1 удаагийн архи уусан биш, удаа дараа архи уух, дуудлагын автомашины бэлэн байдал, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байдаг. Байгууллагын даргын болон хувь хүний хувьд олон удаа хэлж сануулж байсан болно. Үүнийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас авсан лавлагаа нотлох болно. Энэ баримт нь согтуугаар машин жолоодож эрхээ хасуулсан жолоочийг ажиллуулж, би өөрөө хариуцлагыг нь үүрч ажиллуулж байсныг гэрчлэх болно. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, дуудлагын эмч нарт эрсдэл үүсгэж байгааг өөрт нь ойлгуулах шаардлагатай байна гэжээ.
Хариуцагч байгууллагын дарга С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Нэгдсэн эмнэлгийн даргаар 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр томилогдож байхад Ц.Ж нь цахилгаанчнаар ажиллаж байсан. Тухайн үед Ц.Ж цахилгаанаа янзалж чадахгүй байна гэхээр нь би дэмжээд жолооч болгосон. Тэгээд 2013 оны 8 дугаар сард архи ууж байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулж байсан. Нэгдсэн эмнэлэгт хамгийн сүүлд ирсэн шинэ машиныг Ц.Жд өгсөн. Гэтэл одоо хаалга нь онгойхгүй, шороо үнэртсэн байдалтай байдаг бөгөөд хувь хүний зүгээс удаа дараа шаардлага тавьж, машин тэргээ цэвэр эдлэж, үйлчилгээ хийж байхыг зөвлөж хэлдэг байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт жижүүртэй байсан бөгөөд байгууллагын машин унаад гарах гэтэл Ц.Ж ажилдаа гараагүй, машинаараа зам хаагаад зогссон байсныг мэдээд энэ талаар тодруулахад Ц.Ж согтуу ирээд тасгийн эрхлэгч нь аргалаад явуулсан гэж хэлсэн. Цагийн бүртгэл харахад Ц.Жийг ажил тасалсан гэж бүртгээгүй байхаар нь Удирдлагын багийн хурал дээр түүнийг дуудаж асуудлыг хэлэлцэхэд согтуу байсан, ажил тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрч, баримтад гарын үсгээ зурсан. Гэтэл одоо хуурамч баримт бүрдүүлсэн, би мэдэхгүй гэж байгаад гайхаж байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох 2 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, согтуугаар ирсэн гэх 2 заалтыг зөрчсөн. Тасгийн эрхлэгч ар гэрт нь асуудал гарсан, зайлшгүй шаардлагатай байгаа хүнд өдрийн 8 цагийн чөлөө олгох эрхтэй байдаг. Гэхдээ хүнийг тэмцээн уралдаанд амжилттай оролцоод ажилдаа согтуу ирэхээр чөлөө олгодог асуудал байхгүй. Удирдлагын багийн хурал дээр тасгийн эрхлэгч нь би чөлөө олгосон гэж шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн. Үнэхээр согтуу байсан нь нотлогдохгүй байгаа бол тэрээр 2 ба түүнээс дээш өдөр хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэл байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас санаачилсан байгууллагын аварга шалгаруулах тэмцээн болсон боловч тэмцээнд оролцож байгааг ажил албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохгүй. Хөдөлмөрийн дотоод журам болон Нэгдсэн эмнэлгийн даргын цаг ашиглалтын журамд ажлын цагийг 8 цагаар тооцно гэж заасан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулахад 7 хоногийг 40 цагаар, 1 өдрийг 8 цагаар тооцно гэж тохирсон бөгөөд тухайн үед ажилчдыг төлөөлөн Ц.Ж оролцож байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд заасан утга агуулга өөрчлөгдөөгүй. Архи ууж хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэх үг нэмэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Ц.Ж-ийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, 3 хоног ажил тасалсан, ажлын байранд согтуу байсан тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Ж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2014 оноос эхлэн Техник хангамжийн тасгийн яаралтай түргэн тусламжийн жолоочоор томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ...1.1. Ажлын байрны буюу албан тушаалын нэр: ЯТТ-ийн жолооч, 1.2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг: Жолооч, 1.3. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ: ТҮЭМ-3-3-аар, 1.4. Ажлын байрны нөхцөл: Хэвийн, 1.5. Хөдөлмөрийн гэрээний хугацаа: Хугацаагүй, 1.6: Нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу олгоно...” гэх бичилттэй хөдөлмөрийн гэрээ, 2009 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 063754 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Ц.Ж-ийг ажиллаж байх хугацаандаа ажилдаа согтуу ирж, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 12.4 дэхь заалт, Удирдлагын багийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/127 тоот тушаал, зохигчийн тайлбар зэргээр нотлогдов.
Ажилтан нэг өдрийн чөлөө авах талаар Нэгдсэн эмнэлгийн ажиллагсдын ажлын цаг ашиглалтын журмын 6 дугаар зүйлийн 6.5-д “Албан хаагч чөлөө авах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд 1-8 хүртэлх цаг буюу ажлын нэг өдрийн чөлөөг харьяа тасгийн эрхлэгчээс авах ба батлагдсан чөлөөний хуудсыг авч бөглөн тасгийн эрхлэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулан, хүний нөөцийн мэргэжилтэнд өөрөө өгнө...” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Ц.Ж-д олгосон тасгийн эрхлэгчийн чөлөөний хуудас дээрх цаг ашиглалтын журамд заасан шаардлагыг хангахгүй байх тул түүнд чөлөө олгосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил тасалсан болох нь Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн ажлын цагийн тооцоо, цагийн бүртгэл зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Гэвч ажилтан Ц.Ж-ийг ажлаас халсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/127 тоот тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заажээ.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.Ж-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил”-ийн заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн заалтыг заавал бичнэ.
2. Тус тушаалд баримтласан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.4-т “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан дотоод журмын 9.1.17-9.1.26-д 4.6.2.е, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 дахь заалтуудад дурьдагдсан “ноцтой зөрчил” гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халж, ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж, хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэсэн бөгөөд дээрх зүйлд заасан зөрчлөөс ямар зөрчил гаргасан талаар тодорхойгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д “....ноцтой зөрчил гэж дараахь зөрчлийг ойлгоно. Үүнд: ...” гэж заасан 9 төрлийн зөрчлөөс ямар заалт зөрчсөн тухай ойлгомжгүй байна.
Ажил олгогч нь ажилтныг ажилдаа согтуу ирж, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Ц.Ж-ийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоов.
Хариуцагч нь Ц.Ж-ийг согтуугаар ажилд ирсэн гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.954.000 /нэг сая есөн тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бүтэн ажилласан 2018 оны 6 дугаар сард 683.323 төгрөг, 7 дугаар сард 890.132 төгрөг, 11 дүгээр сард 512.193 төгрөг авч байсан нь түүний 063754 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул бүтэн ажилласан сүүлийн 3 сарын цалин 2.085.648 төгрөг : нэг сард 695.216 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 32.336 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 82 хоногийн цалин 2.651.522 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 1.954.000 /нэг сая есөн тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 1.954.000 /нэг сая есөн тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.954.000 /нэг сая есөн тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 46.214 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 23.986 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.214 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн утга агуулга нь өөрчлөгдсөн гэх Хөвсгөл аймгийн Н.Э-ийн даргын “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/127 дугаар тушаалын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй, ЯТТ-ийн жолооч нарын жижүүрт гарах хуваарь, цалингийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй, Нэгдсэн эмнэлгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний удирдамжийн хуулбар, гэрэл зургууд хэрэгт ач холбогдолгүй,
2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 50/7-128 тоот тодорхойлолт тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, “Ц.Ж жолооч” гэх бичвэртэй баримт эргэлзээтэй,
3. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хурмаст овогт Ц.Ж-ийг Хөвсгөл аймгийн Н.э-н Техник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Н.Э-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.954.000 /нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ж-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Н.Э-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 23.986 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.214 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА