| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0743/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/765 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нандинэрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************* **********т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*******************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.********** нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нисэхийн 7-03 тоотод согтуугаар хохирогч Ч.**********тай маргалдсаны улмаас сандлаас түлхэж унагаан цохисны улмаас биед нь “хоёр нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, мөр, нуруу, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.********** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
-Хохирогч Ч.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
-Гэрч О.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Яллагдагч Б.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
-Оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дахь тал/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,
-Б.**********ийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/,
-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.**********ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.********** нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нисэхийн 7-03 тоотод согтуугаар хохирогч Ч.**********тай маргалдаж улмаар цохиж, ноцолдож газар унагаасны улмаас хохирогчийн биед “хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөр, нуруу, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ч.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад манай найз ********** фейсбүүкээр залгаад “гараад ир, гол оръё” гэсэн. Удалгүй манай гэрийн гадаа **********, **********, түүний найз охин ********** гурав ирсэн байсан. Бид дөрөв Биокомбинатын тийшээ гол дээр сууж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байр тоотын мэдэхгүй **********ын гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цагаас 2-3 шил архи, 2,5 литрийн 2 сав пиво **********, **********, ********** бид дөрөв хувааж уусан. Орой цагийг нь санахгүй байна гадаа харанхуй болсон байсан. ********** тасраад унтсан байсан **********, Ундрал бид гурав юм яриад уугаад сууж байсан. Тэгтэл **********тэй маргалдсан. Яг юунаас болж **********тэй маргалдсанаа мэдэхгүй байна. ********** намайг сандлаас түлхэж арагш унагаагаад миний дээр гарч суугаад баруун, зүүн талын шанаа, хацар хэсэг хоёр гараараа ээлжлэн цохиод байсан. Мөн баруун талын нүд хэсэгт цохисон, хоёр гараараа үсдэж байгаад толгойны баруун талаар шал мөргүүлсэн. Тухайн үед ********** зүгээр хараад сууж байсан ********** надтай ноцолдож байгаад миний дээрээс босохоор нь “би явлаа” гэж хэлэхэд ********** явуулахгүй байсан. Миний цүнх, гар утас зэргийг нуучихсан байсан болохоор тэр үед цагдаа дуудаж чадаагүй. Тэгээд тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Отгонхуяг намайг ирж аваад гэртээ харьсан. Тэр үед миний толгой их өвдөж байсан, хөдлөхөд гар хөл, нуруу хөндүүрлэж өвдөж байсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: 2 нүдний дээд, доод зовхи болон зүүн бугалгын урд дунд хэсэгт 3x1.5 см, урд доод хэсэгт 3x3 см, зүүн мөрөнд 8x4 см, нуруунд баруун далны дотор дээд хэсэгт 2.5x2 см, зүүн далны харалдаа 2x2 см, зүүн өвдөгт 1.5x1 см, баруун шилбэний урд дунд хэсэгт 2x2 см, 1.5x1 см, дотор дунд хэсэгт 1.5x1 см, 1x1 см, баруун гуяны урд дунд хэсэгт 2x2 см, 1.5x1 см, 1.5x1.5 см хэмжээтэй хөхөлбөр шаргал өнгийн бүдэг цус хуралтуудтай. 2022.07.19-ны “СТ сеntеr” эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээнд: гавал тархинд цусан хураа ба цус хомсролын шинжүүд үгүй. Их, бага тархины эдэд эзлэхүүнт өөрчлөлтгүй. Хамрын таславч мурийлт 4 мм хэмжээтэй, баруун тал руу С хэлбэрээр үүссэн.
Дүгнэлт: 1. Ч.**********гийн биед хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөр, нуруу, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Гэрч О.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз **********, найз охин ********** нартай уулзсан юм. Тэгээд найз **********гийнд очиж аваад бид дөрөв Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокамбинатын гол орсон юм. **********, ********** бид гурав Соёрхол нэртэй 0,75 литрийн 1 шил архи хувааж уучхаад 18 цагийн үед **********гийн гэрт нь очоод Соёрхол нэртэй 0,75 литрийн 1 шил архи **********, **********, ********** бид дөрөв хувааж уусан. ********** ариун цэврийн өрөө ороод гарч ирээд шууд **********ийг “чи яагаад байгаа гичий вэ, түрүүнээс хойш муухай хараад байх юм” гэж хэлээд үснээс нь татаад урагш дарж ширээн дээр **********, ********** хоёр унасан. ********** **********ийн нүүр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиод, зүүн талын гарын булчин хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би салгаад **********ийг **********гийнхоос аваад гарахад араас ********** гарч ирээд хэрүүл хийгээд байсан. Би **********ийг аваад шууд харьсан. **********, ********** хоёр тэндээ хоносон. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед ********** над руу залгаад “хүрээд ирээч” гээд байхаар нь би яваад очсон. Өчигдрийн болсон үйл явдлыг **********д хэлэхэд “харин өчигдөр нэг тиймэрхүү юм болоод байсан юмаа нэлээн согтсон байсан. **********ээс уучлалт гуйчхаарай” гэж хэлэхээр нь би “чи өөрөө гуй” гэж хэлэхэд ********** “**********ийг аваад ирээч” гэж хэлэхээр нь би гэртээ хариад **********ийг дагуулж ирэхэд ********** **********ээс уучлалт гуйгаад байсан. Тэгээд 13 цагийн үед **********, ********** бид гурав манайд очсон. **********, ********** бид гурав Экс нэртэй 0,75 литрийн 1 шил архи хувааж ууж байхад 14 цагийн үед ********** над руу залгаад “ирээд аваач” гэж ярихаар нь би очоод үүрээд авчирсан юм. ********** зүүн талын хөлөө хугалаад гипстэй байсан юм. **********, **********, ********** бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Тэгээд ********** тасраад унтаад өгсөн. **********, **********, бид гурав нэлээн согтсон байсан. ********** **********ийг “гичий минь, янхан минь” гэж хэлээд байхаар нь ********** “одоо битгий давраад байгаарай” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад **********гийн зүүн талын хацар хэсэгт нь 1 удаа цохиод хоорондоо барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод шалан дээр өнхрөөд байхаар нь би очиж салгаад **********ийг гал тогооны өрөө рүү авч ороод тайвшруулаад унтаж амарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Яллагдагч Б.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй Ч.**********гийн биед учирсан гэмтлийг би учруулсан... Би хохирлыг барагдуулна... Миний буруу би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Б.********** нь Ч.**********, О.********** нартай нийлж 2022 оны 07 дугаар сарын 12-13-ны хооронд архидан согтуурсан байна.
Хохирогч Ч.********** согтуурсан байхдаа Б.**********ийг “янхан, гичий” гэж хэлснээр тэдний хооронд маргаан үүсэж, Б.********** нь Ч.**********гийн нүүр рүү гараараа цохиж, ноцолдож газар унагаасны улмаас хохирогчийн биед “хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөр, нуруу, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.**********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.**********т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж торгох ялаа биелүүлээгүй байгаа, тэрээр хувиараа маникюр хийдэг гэх боловч тогтмол орлоготой талаарх баримт хэрэгт авагдаагүй, Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тайнь 1 дүгээр гудамжны 26 тоотод ам бүл 4, гурван хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож хязгаарлалтын бүсийг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********т мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.**********гийн эрүүл мэндэд “хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөр, нуруу, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь гэм хорын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.**********ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Ч.********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.**********ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *********** овогт ******** **********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.**********ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР